Нийгэм7 хоног

Зохион байгуулах хорооны хурал боллоо

Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг хамт олонд түшиглэн хамруулан хөгжүүлэх Ази, Номхон далайн бүсийн IV конгресс 2019 оны долдугаар сарын 1-3-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болно. Конгресст Ази, Номхон далайн  бүсийн 30 гаруй улсын төлөөлөгч оролцох юм.

Монгол Улсын Ерөнхий сайдын 2018 оны 107 дугаар захирамжаар Конгрессыг зохион байгуулах хорооны даргаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзоригийг томилж, бүрэлдэхүүнд яамдын дэргэдэх Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах дэд зөвлөлийн дарга буюу  Төрийн нарийн бичгийн дарга нар, нийслэлийн болон холбогдох агентлагийн удирдлагууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн чиглэлээр ажилладаг иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл оржээ.

Ази, Номхон далайн бүсийн IV конгрессыг зохион байгуулах хорооны ээлжит хурал 2019 оны дөрөвдүгээр сарын 5-ны өдөр Блью Скай зочид буудалд боллоо. Хурлыг Зохион байгуулах хорооны дарга, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг даргалж, конгрессын бэлтгэл ажлын талаар хэлэлцлээ.

Конгрессын бэлтгэл ажлын явц болон тулгамдаж буй асуудлын талаар ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр, Конгрессын бэлтгэл ажлын хүрээнд Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй хүртээмжтэй орчинг бүрдүүлэх талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, шийдвэрлэх асуудлын талаар Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын дарга Ц.Ганчимэг нар танилцуулж, Зохион байгуулах хорооны гишүүд хариуцсан ажлынхаа талаар мэдээлэл солилцож, санал бодлоо ярилцлаа.

Зохион байгуулах хорооны дарга, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг Конгресс хүртэл хугацаа бага үлдсэн байгааг харгалзан үйл ажиллагаагаа нарийн төлөвлөн, чанартай түргэн гүйцэтгэхэд бүхий л талууд анхаарч ажиллах шаардлагатайг онцлоод тодорхой үүрэг даалгавар өглөө. Тухайлбал, Зам, тээврийн хөгжлийн яам, Барилга, хот байгуулалтын яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар хамтран Конгресс болох газрын ойр орчимд  Зам, явган хүний зорчих хэсгийн хүртээмжийг сайжруулах төлөвлөгөө гарган, холбогдох зардлыг шийдвэрлэн ажиллах, хөгжлийн бэрхшээлийн хэлбэр бүрт хүртээмжтэй байдлаар яаж зохицуулалт хийх талаар энэ чиглэлээр мэргэшсэн төр болон төрийн бус байгууллагатай хамтран ажиллах, хил гаалиар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хүндрэл, саадгүй нэвтрүүлэх, тэдгээр иргэдийн туслах хэрэгсэл, зайлшгүй биедээ авч явах шаардлага бүхий зүйлсийг  зөв зохистой шалгах зэргийг анхааралдаа авч, шаардлагатай сургалт, мэдээлэл солилцох ажлыг зохион байгуулахыг үүрэг болголоо.

Түүнчлэн Конгрессын үеэр  гадаад дотоодын өндөр албан тушаалтнуудын аюулгүй байдлыг ханган ажиллах, ерөнхий хамгаалалт зэргийг одооноос төлөвлөгөөндөө тусган хүн хүчний асуудлаа анхаарч ажиллахыг Цагдаагийн байгууллагад чиглэл болгов. Мөн Конгрессын үеэр эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, гал, усны эрсдэл зэрэгт шуурхай баг гарган ажиллахыг Онцгой байдлын ерөнхий газар, Эрүүл мэндийн яам бусад холбогдох байгууллагуудад тодорхой үүрэг өглөө.

Дашрамд дурдахад Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хамт олонд түшиглэн сэргээн засах сүлжээ болон Ази, Номхон далайн бүсийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн төв тухайн улсын Засгийн газар бусад олон улсын байгууллагуудтай дөрвөн жил тутамд Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хамт олонд түшиглэн сэргээн засах конгрессыг зохион байгуулдаг.  Анхдугаар конгрессыг 2008 онд Тайландын нийслэл Бангкокт зохион байгуулахад  53 орны  630 төлөөлөгч оролцсон. Хоёрдугаар  конгресс “Хүн бүрийг хамт олонтой болгоно” сэдвийн дор 2011 онд Филиппиний Манилад,  гуравдугаар конгресс “Ядуурлыг бууруулж, хамт олонд хамруулан хөгжүүлэх ба тогтвортой хөгжлийн зорилтууд” сэдвийн дор 2015 онд Япон улсын Токиод тус тус болсон. Токиогийн конгрессоос дараагийн  ээлжит конгрессыг 2019 онд Монгол Улсад зохион байгуулахаар шийдвэрлэсэн юм.

Энэ удаагийн конгрессийн сэдэв нь “Хамт олонд түшиглэн хамруулан хөгжүүлэх хандлагаар дамжуулан тогтвортой нийгмийн хөгжил, эдийн засгийн өсөлтийг дэмжих нь” нэртэй байхаар тогтсон юм. Мөн конгрессээр Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг эдийн засгийн хувьд эрх мэдэлжүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг сайжруулах, нийгмийн оролцоог өргөжүүлэх, тэдний эрүүл мэндийн асуудлаар Засгийн газрын бодлого, төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагааг сайжруулж хөгжлийн бэрхшээлийн талаарх статистик мэдээлэл, судалгаа, амьжиргааны асуудал зэрэг зургаан дэд сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлэх юм.

Конгресст  Ази, Номхон далайн бүсийн орнуудаас 200 орчим, Монгол Улсын 300-400 хүнийг оролцуулан зохион байгуулахаар төлөвлөж байгаа бөгөөд төлөөлөгчдийн хувьд 40-өөс доошгүй хувь нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд байх тул тэдэнд зориулсан хүртээмжтэй орчинг зайлшгүй бүрдүүлсэн байх шаардлагатай байгаа юм.

0 0 votes
Article Rating

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх
guest

0 Comments
Inline Feedbacks
View all comments
Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
Close