Нийгэм

“МОНГОЛ ЦЭРГИЙН НЭГДСЭН ХОЛБОО”-ны анхдугаар чуулганд оролцлоо

Өнөөдөр төрийн ордонд “МОНГОЛ ЦЭРГИЙН НЭГДСЭН ХОЛБОО”-ны анхдугаар чуулган зохион байгуулагдлаа. Уг арга хэмжээнд МЭХ-ны Ерөнхийлөгч Б.Оюунгэрэл уригдан үг хэлснийг бүрэн эхээр нь нийтлэж байна.

“ЭРХЭМ ХҮНДЭТ ЭРЧҮҮД ЭЭ, ЭРХЭМ ХҮНДЭТ ААВ, АХ НАР АА, ХҮНДЭТ НОЁД, ХАТАГТАЙ НАР АА!!!

Туурга тусгаар Монгол улсын эрх чөлөө тусгаар тогтнолыг мөрдөстэйгөө хамт үүрч, бүтэн заяаг нь тэгшитгэж яваа цэрэг армийн бие бүрэлдэхүүн, цагдаа, хүчний байгууллагын хүндэт төлөөлөл та бүхэнтэйгээ Монголын эмэгтэйчүүдийн холбооны мянган мянган гишүүд дэмжигчдийн нэрийн өмнөөс амрыг тань айлтган мэндчилье!

95 жилийн түүхтэй Монголын эмэгтэйчүүдийн холбоо Азийн хамгийн анхны эмэгтэйчүүдийн байгууллага төдийгүй, түүхийн бүхий л цаг үеүдэд хүн ардынхаа сурч боловсрох, хөгжих дэвших, бүх нийтээрээ бичиг үсэгт боловсрох, ахуйд соёлын хувьсгал хийх үйл хэргүүдэд үеийн үед Монголын хамгийн шилдэг сэхээтэн, эрэлхэг зоригт эрчүүдийнхээ хангай шиг түшиг, уул шиг нөмөрт бараалан олон олон үйл хэргүүдийг хамтдаа бүтээснийг түүх гэрчилдэг ээ.

Тухайлбал: Шинэ үеийн утга зохиолыг үндэслэгч Их зохиолч Д.Нацагдоржийн гэргий Д.Пагмадулам, Монгол төрийн их жанжин Д.Сүхбаатарын гэргий Н.Янжмаа зэрэг МЭХ-ны үе үеийн тэргүүнүүд энэхүү түүхэн үүргийг хань нөхрүүдийн хамт гүйцэтгэж 21-р зууны, хөгжил дэвшилд тэмүүлсэн амины үнэтэй эх орноо та бидэнд өвлүүлсэн юм.

Монгол эр хүн бүр эрт цагаас хөвгүүддээ аав хүн, эр хүн ямар байх ёстойг өөрөөрөө үлгэрлэн харуулдаг байсан бол, охиддоо эр хүнээс юуг хүсэх, ямар хайр, хүндэтгэлийг авах ёстойг ээж бүхэн үг үйлдлээрээ үзүүлдэг байв. Энэ бүхэн, хүүхэд зөвхөн үгээр хүмүүждэггүй, эцэг эхийн үйлдлийг харж өсч хөгждөгийн жишээ юм. Тиймдээ ч таны голомтод өсч буй энхрий үрсдээ аав та бүгдийг чадагч, бүх дэлхий нь болж харагддаг. Энэ дэлхий ертөнцийн хүчийг хүүхэд ааваараа төсөөлдөг бол, эв нэгдэл амар амгаланг ээжээрээ төсөөлдөг гэлцдэг ээ.

Герман улсын эрдэмтдийн хийсэн нэгэн судалгаагаар эцэг хүний хүүхдэдээ нөлөөлөх нөлөөлөл эмэгтэй хүнийхээс 50 дахин илүү байдаг гэжээ. Тиймээс эрхэм хүндэт аавууд та бүхэн үрс бүхэндээ гэр бүлийн үнэ цэнэ, эв нэгдэл, бие биесээ гэх сэтгэл, хайр халамж, урваж хувиршгүй сэтгэлийн үнэлж баршгүй үлгэрлэл нь юм.

Өнөө цагт энэ бүхнийг та бид үрс хойчисдоо багаас нь ойлгуулах асуудал манай нийгэмд хамгийн их дутагдаж байна. Бидний өвөг дээдэс эзэн богд Чингис хаан “Биеэ засаад, гэрээ зас, гэрээ засаад төрөө зас” хэмээн сургасан байдагчлан эр хүн бүр өөрийгөө хөгжүүлж, төлөвшүүлэх, тэр, хөгжил төлөвшил нь зөвхөн тухайн хүний нэг насаар хэмжигдэхгүй, үр удмын тань хэн болж өсч өндийхөөр тодорхойлогддог тул эрхэм та бүхнийг залуу хойчдоо энэхүү уламжлалыг өвлүүлэхэд үнэт хувь нэмрийг оруулна гэдэгт итгэлтэй байна.

Эрхэм эр хүн таны үгийн цалам урт, ухааны цалам далай мэт өргөн, үйлийн цараа тэнгис мэт гүн, үгийн цараа цуурай мэт хүчтэй байдаг аа.

Ингээд өнөөдрийн хуран чуулсан арга хэмжээнд нь амжилт хүсээд, дүүрэн жаргалтай, түвшин сайхан амьдрахын эх үндэс болсон өрх бүрт амгаланг, ээж бүхэнд зол жаргалыг, аав бүрт тэгш дүүрнийг, үрс бүхэнд инээд хөөр, итгэл найдварыг хүсэн ерөөгөөд Төрийн сүлдээ тэргүүндээ залсан төгөлдөр сайхан эрчүүд та бүхэндээ, Монгол төрийн тулах багана, тусгаар улсын үнэт эрдэнэ ЭРИЙН ХИЙМОРЬ ТАНЬ өөдөө явахын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье!” гэлээ.

0 0 votes
Article Rating
Таг

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх
guest

0 Comments
Inline Feedbacks
View all comments
Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
Close