Урлаг спортФото сурвалжлагаFocus

Б.Намуун: Камер атгах нь гартаа бийр бариад зурахаас ялгаагүй

Швейцарийн Холбооны улсын Элчин сайд Монгол, Швейцар хоёр улсын урлаг соёлын солилцоог хөгжүүлэх, залуу уран бүтээлчдийг дэмжих зорилгоор өөрийн нэрэмжит шагналыг бий болгосон билээ.

Энэхүү шагналын анхны эзэн, зураач, гэрэл зурагчин, “Занбазарын нэрэмжит дүрслэх урлагийн музей”-н тайлбарлагч Б.Намуунтай хийсэн ярилцлагыг уншигчдадаа хүргэж байна. Тэрээр Швейцарын Женев хотын “Урлаг дизайны сургууль”-д гурван сар тэтгэлэгээр суралцсан бөгөөд эх орондоо ирсний дараа “ME-WE”нэртэй бие даасан үзэсгэлэнгээ гаргасан билээ.

Өмнө нь тэрээр  2016 онд өөрийн анхны бие даасан “OIR-RIO” үзэсгэлэнгээ “Занабазарын нэрэмжит Дүрслэх Урлагийн Музейд” толилуулж байсан бөгөөд  2017 онд Эрдэнэт хотын “Хүүхэд Залуучдын теат”-рт “Цөөрч буй уугуул иргэд”, 2018 онд “Дуурь Бүжгийн Эрдмийн Театр”-т “Хязгаараас ангид”, мөн “Урчуудын Эвлийн Хороон”-д эмэгтэй уран бүтээлчдийн хамтарсан үзэсгэлэнд оролцож байв. Түүнчлэн Болгар, Швейцар зэрэг улсад Монголын биет бус өвийн тухай гэрэл зургийн үзэсгэлэнгээ гаргасан юм.

-МОДЕРН БҮЖГИЙН ТАВАН НАСТАЙ БҮЖИГЧИН-

-Швейцарын Женев хотын “Урлаг дизайны сургууль”-ийг хэрхэн зорих болсон бэ?

-Уран бүтээлч хүн үргэлж эрэл хайгуул хийж өөрийгөө боловсруулах ёстой. Тийм ч учраас Европын урлаг соёлын нэгэн идеал болох тус хотод богино хугацаагаар ч болов очиж суралцах болсон нь миний хувьд том боломж байсан.

Швейцарын Элчин сайдын өөрийнх нь санаачилгаар энэхүү нэрэмжит шагналыг бий болгосон юм билээ. Үүгээрээ Монгол, Швейцар хоорондын соёлын харилцааг хөгжүүлэх, монголын залуу уран бүтээлчдийг дэмжих зорилготой. Өнгөрсөн жил энэхүү тэмцээнийг тэмцээнийг олон нийтэд сошиал медиагаар дамжуулан “Монголын орчин үеийн урлагийг дэмжих холбоо”-ноос нээлттэйгээр зарласан. Ингээд анх материалаа бэлдэж өгөөд явуулж байсан даа.

-Оролцож буй залууст маань ямар, ямар шалгуур тавьсан бэ?

-Энд мэдээж дан ганц гэрэл зурагчин гэлтгүй уран зураг, видео арт, өрөг урлаг, sound art зэрэг аль ч төрлөөр бүтээл туурвидаг хүмүүс хамрагдах боломжтой. Хамгийн гол нь хувь уран бүтээлчийн ур чадвар, өөрийнх нь дотоод ертөнцийн илэрхийлэл болсон 10 шилдэг бүтээлийг ирүүлэхийг шаардсан. Мөн англи хэлний дунд болон дундаас дээш түвшний мэдлэгтэй байх хэрэгтэй. Өнгөрсөнд онд 20 гаруй уран бүтээлч залуус оролцож байсан. Цаашид энэ тоо нэмэгдэх байх.

-Чамайг уран зураач мэргэжилтэй гэж сонссон юм байна?

-Тийм ээ, би СУИС-ийн харьяа “Дүрслэх дизайн урлагийн сургууль”-ийн “Уран зургийн анги”-ийг төгссөн. Манай их дээд сургуулиудад мэргэжлийн гэрэл зурагчин бэлтгэдэг анги байгаагүй. Харин энэ жилээс л “Дүрслэх дизайн урлагийн сургууль”-д гэрэл зургийн бакалаврын анги нээгдсэн. Би үүнд их баяртай байгаа.

-Аливаа хүний уран бүтээл, хүсэл сонирхолд эхэлсэн цэг гэж бий. Яагаад гэрэл зэрэг сонирхох болсон бэ?

-Дөрвөн жилийн өмнө сургуулиа төгссөний дараа надад Бразил явах боломж олдсон. Би тэнд 7 сарын хугацаанд суралцаж, эрэл хайгуул хийж, аялаж байсан. Энэ явцад тухайн орны зан заншил, уугуул иргэдийн ахуйн соёл нь анхаарлыг минь ихэд татаж байлаа. Би өөрийн гэсэн гэрэл зургийн аппараттай явсан учир анх судалгааны зорилгоор зураг авах боломж ийнхүү нээгдсэн.

Эх орондоо ирсний дараа “OIR-RIO” нэртэй анхны үзэсгэлэнгээ толилуулсан. Үүний дараа надад зургийн аппаратны дуран нь зураачийн бийр шиг мэдрэмж төрүүлсэн. Энэ мэдрэмж минь хөглөгдсөөр гэрэл зургийг улам бүр сонирхох болсон доо.

-Тэгвэл асуултаа бүр эхний цэг рүү аваачиад үзье л дээ. Чи зураач, гэрэл зурагчнаас гадна инстоляци бас хийдэг. Ер нь урлагт татагдах болсон нь юунаас үүдэлтэй вэ?

-Би ч бас эхнээс нь яръя л даа. Манай ээж балетчин хүн байсан. Тиймээс ч би дуурийн театрт өссөн гэхэд болно. Надад театрын тайзны зураглал, бүжигчдийн хөдөлгөөн, хувцас гээд л бүх зүйл нь шидлэг мэдрэмж төрүүлдэг, намайг өөртөө татдаг байсан. Би анх таван настайдаа модерн бүжигт бүжиглэхээр болж дуурийн театрын тайзан дээр анх гарч байсан. Дараа нь урлагийн зөвлөлийн нэг арга хэмжээн дээр хоёр дахь удаагаа бүжиглэж билээ. Багын энэхүү мэдрэмж, хүсэл мөрөөдөл минь намайг урлагт хайртай, уран бүтээлч хүн болоход нөлөөлсөн.

-ЖЕНЕВ ХОТЫН ИРГЭД ХААНА ЦУГЛАДАГ ВЭ?-

-Женевт сурч байхдаа үзэсгэлэн, арга хэмжээнд оролцож өөрийн уран бүтээлээ таниулсан уу?

-Женев хотод монгол соёлын биет бус өвийн тухай үзэсгэлэн гаргасан. Мөннамайг суралцаж байх хугацаанд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга тус улсад айлчлал хийж Швейцарт байгаа монгол иргэдтэйгээ уулзах арга хэмжээ зохион байгуулсан юм. Тус арга хэмжээ болох танхимд нь соёлын биет бус өвийн үзэсгэлэнгээ дахин дэлгэж олон нийтэд толилуулсан.

Энэ жил Монгол болон Швейцар улс дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ой тохиож байгаа. Тиймээс тус үзэсгэлэнгийн зургуудаа Швейцарь улсад буй Монголын элчин сайдын яамд дурсгасан.

-Женев хотод хөл тавьсан хойноо юуг хамгийн ихээр харахыг хүссэн бэ?

-Би аливаа улсад очихоороо музейг нь үзэхийг л хүсдэг. Үйл ажиллагаа нь хэрхэн явагддаг вэ гэдгийг анзаарч харахаас гадна, түүх соёлыг нь судлахыг чухалчилдаг.

-Женев өөрөө их урлаглаг хот шүү дээ. Анх очоод юуны зураг авахыг хамгийн их хүссэн бэ?

-Анх очоод нэлээдгүй биширч бахадсан, гайхсан байдалтай байлаа. Мэдээж тэс өөр орчинд очсон хүн олон зүйлийг эргэцүүлэн боддог. Би зүгээр л булан болгоныг нь тойрч зураг аваад явахаас илүү ямар нэг том зүйл хийхийг хүссэн. Эцэст нь энэ хотын хүмүүс хаана хамгийн ихээр цуглардаг вэ гэж өөрөөсөө асуусан. Би энэ том хотын төвлөрлийг олж харахыг хүссэн юм л даа. Харин тэр газар нь Женевийн нуур байсан. Хүмүүс тэнд цайны цагаараа очдог, хосууд зугаалж алхдаг, ганцаардсан нэгэн ирж нуурын мандал ширтэн суудаг. Би тэр газраас маш олон дүр төрх, сэтгэл хөдлөлүүдийг олж харсан. Тиймдээ ч үзэсгэлэнгийнхээ концепцийг эндээс гаргаж ирсэн.

-“MЕ- WЕ”үзэсгэлэнгийн зургуудад чинь Женевийн нуурын мандал болоод давалгааны түмэн өнгө үзэгддэг шүү дээ. Үзэсгэлэнгийнхээ тухай яриач?

-Тус үзэсгэлэнд маань нийт 48 гэрэл зураг багтсан. Бүгд л нуурын сэдэвтэй. Женевийн нуурын өнгө бол миний зогсож байсан газар л болохоос энэ бүх агшин дэлхийн ямарч нуур, гол усыг илэрхийлж болно. Урлаг бидэнд өөрөө тийм эрх чөлөөг олгодог шүү дээ. Үзэсгэлэнд зочилсон зарим хүмүүс эффэкт ашигласан эсэхийг асууж байсан. Үнэндээ аль ч зурган дээрээ би ашиглаагүй.

-Үзэсгэлэнгээ яагаад “MЕ- WЕ”гэж нэрлэсэн бэ?

-Энэхүү  үзэсгэлэнгийн санааг Швейцар орны үзэсгэлэнт байгаль, уран бүтээлчид болон иргэдийн аж төрөхүйн хэв маягаас сэдэл авч туурвисан гэсэн үг. Нөгөөтэйгүүр хүмүүс гадна талаасаа харагдах дүрх төрх нь нэг л янз байдаг. Харин дотор нь оршиж буй “би” хүн нь олон янз. Тийм л учраас “MЕ- WЕ” гэж нэрлэсэн.

-Ирээд үзэсгэлэнгээ гаргасны уран бүтээлч хүн ямар мэдрэмж төрдөг юм бол оо?

-Гурван сарын хугацаа их богинохон байсан ч надад олдсон том боломжуудын нэг юм. Ирээд үзэсгэлэнгээ гаргах гэж нэг сарын хугацаанд бэлтгэл хийсэн. Оюун бодолдоо төсөөлж байсан санаагаа үзэсгэлэнгийн танхимд бодитойгоор оршиж байхийг сүүлд хараад их догдолж билээ. Нэг ёсондоо үзэсгэлэнгээ дэглэсний дараах мэдрэмж хамгийн гоё юм билээ.

Үзэсгэлэнд маань зочилсон хүн бүхэнтэй ярилцаж, сэтгэгдлийг сонсч байлаа. Бүр “сэтгэлийн дэвтэр” хүртэл үүсгэсэн. Зарим нь надтай ярилцаж, санал бодлоо хэлж байсан бол бусад нь тэрхүү дэвтэр дээр өөрийн мэдрэмжээ бичиж үлдээгээд гарч байсан.

-Хүмүүсийн сэтгэгдэл ямар байсан бэ?

-“Шинэлэг байна” гэж хэлсэн. Зарим нь “Гэрэл зураг үнэхээр урлагийн төрөл” юм байна гэсэн.

-Чи зураач мэргэжилтэй шүү дээ. Уран зургийн үзэсгэлэнгээ гаргах уу?

-Мэдээж тэгэлгүй яахав. Одоохондоо нууц байсан нь дээр.

-Женев хотоос хамгийн сэтгэлд чинь торж үлдсэн хамгийн сайхан зүйл нь юу байв даа?

-Миний амьдарч байсан байшин их гоё түүхтэй. Учир нь 50 гаруй жилийн өмнө нэгэн архитекторч залуу өөртөө зориулж барьсан юм билээ. Харин тухайн хүн нас барахынхаа өмнө уг байшингаа нэгэн санд дурсгасан байдаг. Тэрхүү сан нь уг байшинг Женевт урлагийн төрөлөөр суралцаж буй залууст хямд үнээр түрээслэдэг. Би тэнд олон олон уран бүтээлчидтэй танилцаж, хамт амьдарч, нэгнийхээ уран бүтээлийн талаар ярилцдаг байсан.

Байшин нь эргэн тойрон ургамалаар дүүрэн, маш цэлгэр талбайтай. Хотын төвд мөртлөө яг зуслангийн байшиндаа ирээд амарч буй мэт сэтгэгдэл төрүүлдэг.

-ИТАЛИ ЯВАХ ХҮСЭЛ БА УРАН БҮТЭЭЛЧ-

-Бидний түүх соёлын үнэт дурсгалыг хадгалдаг газрын нэг нь “Занбазарын нэрэмжит дүрслэх урлагийн музей”. Энэ музейд ажиллахаар болсон нь чиний эзэмшсэн мэргэжилтэй шууд холбоотой юу?

-“Занабазарын музей”-тэй 2016 оноос холбогдсон байдаг. Учир нь би дээр ярьж байсан “OIR-RIO” үзэсгэлэнгээ энд гаргаж байсан. Үзэсгэлэнгээ нээсэн цагаас яг л тус музейн ажилтан шиг өглөө ирээд орой ажил тартал нь суудаг байлаа. Ийм байдалтай 16 хоног өнгөрсний дараа өөрийн гэсэн хамт олонтой ч болсон. Тэр хугацаанд ер нь музейгээ үзье гэж шийдсэн. Надад дүрслэх урлагийн музей маань гайхалтай сэтгэгдэл төрүүлсэн.

Тэр хугацаанд манай захирал намайг ажиглаж харсан юм шиг билээ. Хүмүүстэй хэрхэн харилцаж, зургуудаа яаж тайлбарлаж ойлгуулж байна зэргийг маань анзаарч харсан шиг санагддаг. Тэгээд надад музейд ажиллах санал тавьж би зөвшөөрсөн. Ер нь түүх соёлоо судлах нь зөв гэж бодсоны зэрэгцээ музейн тайлбарлагч хийхэд дотоод гадаадын олон хүнтэй танилцах боломжтой байдаг. Мөн би уран бүтээлээ туурвих, музейн арга хэмжээ байгуулах гээд ажил мэргэжлээ хослуулж болдог давуу талтай.

-Мэдээж хүмүүс өөр өөрийн мэдрэмжийг үнэлдэг. Гэрэл зураг ч бас дотроо олон төрөлд хуваагддаг шүү дээ. Харин чиний хувьд…

-Ихэнх хүмүүс гэрэл зургийг баримтжуулалт болгож хардаг. Энэ нь мэдээж сэтгүүл зүйн томоохон төрөл зүйлийн нэг. Угаас баримтат гэрэл зураг гэсэн төрөл бий. Харин миний хувьд өөрийгөө илэрхийлэх арга хэрэгсэл. Би гэрэл зургийг урлагийн нэгэн төрөл зүйл гэж хардаг. Би тухайн нэг обьектыг өнгө будаг нийлүүлж зурвал ямар дүр төрхтэй буух тухай боддог. Тэрхүү мэдрэмжээ гэрэл зурагт хувиргадаг. Дүрслэл яг юунаас эхлэлтэй вэ гэж өөрөөсөө асуух тусам хариултаа гэрэл зургаар төлөөлүүлж өгмөөр санагддаг. Камераа аваад дуранг нь гартаа атгах нь бийр бариад зураг зурахаас ялгаагүй мэт санагддаг.

-Уран бүтээлч хүн ер нь ямар байх ёстой вэ, өөрөө залуу уран бүтээлчийн хувьд юунд хамгийн их анхаардаг вэ?

-Нэгдүгээрт хүн секунд болгон өөрийгөө хөгжүүлэх хэрэгтэй. Женевт суралцаж байхад уран бүтээлч залуус нь үргэлж эрэл хайгуул хийдэг, өөрсдийгөө ямагт хөгжүүлдэг гэдгийг сайн анзаарсан. Тэд гаднах төрх, хувцас хунарт бус оюун ухаандаа мөнгийг зарцуулдаг. Хаана ямар боломж буйг үргэлж анзаарч хардаг. Тиймээс залуус маань ч гэсэн аливаа тэтгэлэг, уралдаан тэмцээнд “тэнцэхгүй” ч бай хамаагүй материалаа өгч байгаасай гэж хүсдэг. Чи материалаа бэлдэх, тухайн тэмцээнд оролцох тэр л үйл явцдаа үргэлж боловсорч хөгжсөөр л байна. Тэгээд л нэг өдөр хүссэн газар луугаа явна. Бидний эргэн тойронд боломж дүүрэн байна.

-Яг одоо аялмаар байгаа газар бий юу?

-Итали.

-Монголын орныхоо хувьд…

-Уудам сайхан говь нутгаар л аялахын хүсдэг дээ. Говь өөрөө нэг тийм нууцлаг газар шүү дээ. Ой тайга шиг бус бүх зүйл нь нүдэнд илхэн харагддаг боловч үлэмж гоо сайхнаа өөртөө нууцлан далд оршдог юм шиг санагддаг. Харин Хөвсгөлд өвөл очихыг хүсдэг дээ.

Б.Алтанхуяг

0 0 votes
Article Rating
Таг

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх
guest

0 Comments
Inline Feedbacks
View all comments
Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
Close