7 хоногЭрүүл мэндНийслэл

“Сүрьеэгүй Улаанбаатар” өдөрлөг болов

Сүрьеэтэй тэмцэх дэлхийн өдөрт зориулсан “Сүрьеэгүй Улаанбаатар” өдөрлөг энэ сарын 25-нд Монголын хүүхдийн ордонд амжилттай зохион байгуулагдлаа. Энэ хүрээнд ЕБС-ийн сурагчдын дунд зарласан “Сүрьеэ өвчин миний нүдээр” гар зургийн уралдаан, “Сүрьеэгүй нийгмийг бүтээхэд иргэдийн оролцоо” зохион бичлэгийн уралдаанд нийт 300-гаад бүтээл ирсэн бөгөөд шилдэг 50 бүтээлээр үзэсгэлэн дэлгэжээ.

Мөн шалгарсан бүтээлийн эздэд Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газрын дарга Ө.Ган-Өлзий, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга О.Энхзаяа, Монголын хүүхдийн ордны дарга Б.Цэнгэлмаа, “Глобал лаб” ХХК-ийн захирал С.Ананд, “Монголын эрүүл мэндийн үүсгэл” байгууллагын гадаад харилцаа, олон нийт хариуцсан захирал Ц.Энхжаргал нар гардуулж өглөө.

Энэ үеэр ХӨСҮТ-ийн тэргүүлэх зэргийн их эмч П.Янжиндулам үрьеэ өвчнөөс өөрийгөө болон гэр бүлээ хэрхэн хамгаалах, энэ өвчний талаар иргэн хүний зайлшгүй мэдэх ёстой зүйлсийн талаар мэдээлэл өгчээ.

“Эрүүл амьдралын үндэс нь урьдчилан сэргийлэлт” гэж үздэг XXI зуунд ч урьдчилан сэргийлж, эдгэрэх боломжтой сүрьеэ өвчнөөр хүмүүс нас барсаар байгаа аж. Угтаа бол иргэн бүр энэ өвчнөөс өөрийгөө болоод хайртай дотны хүмүүсээ хамгаалж чадна. Иймээс энэ жилийн сүрьеэтэй тэмцэх өдрийг дэлхий даяар “Цаг нь болсон!” уриатайгаар тэмдэглэн өнгөрүүлж байгаа төдийгүй сүрьеэ өвчнийг устгах амлалтаа биелүүлж, урьдчилан сэргийлэх ажлаа эрчимжүүлж хамтдаа тэмцэх цаг нь болсон гэдгийг илэрхийлж байна.

Идэвхитэй илрүүлэг, эмчилгээ, үйл ажиллагааны үр дүнд 2000-2015 оны байдлаар нас баралт 22 хувиар буурсан боловч цаашид энэ тоог 2020 онд 35 хувь, 2035 онд 95 хувиар, шинэ тохиолдлыг 90 хувиар бууруулах зорилтыг дэвшүүлсэн юм.

Дашрамд дуулгахад, сүрьеэгээр өвдсөн хойно нь биш өвдөхөөс өмнө урьдчилан сэргийлэх нь эдийн засаг, эрүүл мэндийн хувьд чухал ач холбогдолтой болохыг дэлхий нийтээрээ ойлгон хэрэгжүүлж байна. Үүний нэг жишээ нь Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Харвардын их сургуулийн судалгааны нэгж болох “Монголын эрүүл мэндийн үүсгэл” ТББ-аас хамтран санаачилсан “Сүрьеэгүй Улаанбаатар” хөтөлбөр юм.

Манай улсын нийслэлд нийт сүрьеэгийн бүртгэгдэж байгаа тохиолдлын 50 гаруй хувь, улсын хэмжээнд бүртгэгдсэн тохиолдлын 30 хувийг Сонгинохайрхан, Баянзүрх дүүргийн өвчлөл эзэлж байна. Мөн төвийн 6 дүүрэг Нийслэлийн өвчлөлийн  95 хувь, улсын өвчлөлийн 57 хувийг бүрдүүлж байгаа тул эдгээр дүүргийн өвчлөлд онцгой анхаарал хандуулж, арга хэмжээ авч чадвал Монгол Улсын хэмжээнд сүрьеэг хазаарлахад тодорхой амжилт олох боломжтой юм.

Гуравхан сая хүн амтай, хүн амын талаас илүү нь нийслэл хотдоо оршин суудаг, эрүүл мэндийн харьцангуй сайн тогтолцоотой манай улсын хувьд “Сүрьеэгүй Улаанбаатар” цаашлаад “Сүрьеэгүй Монгол” улсыг бий болгох бүрэн боломжтой. Хүн төрөлхтөн үүссэн цагаас бидэнтэй хамт байсаар ирсэн, хөгжлийг хойш нь татагч цагаан тахал гэгддэг энэ өвчинтэй бага балчир гэлтгүй хүн нэг бүр тэмцэх цаг нь болсныг зохион байгуулагчид онцолж байв.

 

НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР

0 0 votes
Article Rating
Таг

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх
guest

0 Comments
Хуучин
Шинэ Top
Inline Feedbacks
View all comments
Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
Close