Орон нутагОрон нутагОрон нутагОрон нутагтНийгэмХууль эрх зүйЭнэ сардОрон нутагЭх сурвалж

С.Лхагвадорж: Хөнгөлөлттэй нөхцөлөөр 60-120 сарын өмнө тэтгэврээ тогтоолгох боломжтой

Нийгмийн даатгалын сангаас 30 төрлийн үйлчилгээ үзүүлдэг бөгөөд тэтгэврийн даатгалын асуудлаар Нийгмийн даатгалын ерөнхий газрын Бодлогын хэрэгжилт, судалгааны газрын ахлах мэргэжилтэн С.Лхагвадоржтой ярилцсаныг хүргэж байна.

Тэтгэврийн даатгалын үйлчилгээ гэж юу вэ? Хүмүүсийн нийтлэг мэддэг нь өндөр насны тэтгэвэр л байна шүү дээ.

Тэтгэврийн даатгал нь даатгуулагчийн насан туршийн амьдралын баталгаа болдог хамгийн өргөн хүрээтэй, удаан хугацааны санхүүгийн эрсдэлийг даатгуулагчтай хуваалцдаг нийгмийн даатгалын нэг төрөл юм. Өөрөөр хэлбэл даатгуулагч орлоготой, ажилтай, залуу, хөдөлмөрийн чадвартай байх үедээ тодорхой хугацаагаар тэтгэврийн даатгалд даатгуулаад хэрэгцээ шаардлага тулгарах үедээ буюу өндөр насалсан, хөдөлмөрийн чадвараа алдсан үед нь өөрт нь, даатгуулагч нас барсан тохиолдолд гэр бүлд нь олон жилийн хугацаанд, олон удаагийн давтамжтайгаар сар бүр нөхөн олгож байгаа мөнгөн төлбөрийг тэтгэвэр гэж нэрлээд байгаа юм. Тэтгэвэр нь дотроо өндөр насны, тахир дутуугийн, тэжээгчээ алдсаны гэсэн 3 төрөлтэй.

Өндөр насны тэтгэврийг ямар нөхцөлд тогтоох вэ?

Өндөр насны бүрэн тэтгэвэр, хувь тэнцүүлсэн тэтгэвэр гэж байдаг. Даатгуулагч 20-иос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлж, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заасан өндөр насны тэтгэвэр тогтоох насанд хүрээд өөрөө хүссэн тохиолдолд бүрэн тэтгэвэр тогтоолгоно. Өндөр насны бүрэн тэтгэвэр тогтоох хэвийн болон хөнгөлөлттэй гэсэн олон төрлийн болзол, нөхцөл байдаг. Харин 20 жил хүрээгүй боловч 10-аас дээш жил шимтгэл төлсөн даатгуулагчид хувь тэнцүүлсэн тэтгэвэр тогтоон олгож болно.

Хөнгөлөлттэй нөхцөлөөр тэтгэвэр тогтоодог гэсэн, ямар ямар нөхцөлүүд байдаг вэ?

Олон хүүхэд төрүүлсэн эхийн, газрын доорх, хөдөлмөрийн хортой, халуун, хүнд, урлагийн, төмөр замын цэрэгжүүлсэн хамгаалалтын зэрэг өндөр насны тэтгэвэр тогтоох хөнгөлөлттэй нөхцөлүүд байна. Ийм нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгож байгаа даатгуулагч нар 5-10 жилийн өмнө тэтгэвэрт гардаг. Өөрөөр хэлбэл ердийн нөхцөлөөр эмэгтэй даатгуулагч 55 настай тогтоолгож байхад 4 буюу түүнээс дээш хүүхэд төрүүлсэн эх болон хөдөлмөрийн хүнд нөхцөлд ажилласан эмэгтэй 50 насандаа, халуун, хортой нөхцөлт ажилласан бол 45 насандаа өөрөө хүсвэл тэтгэврээ тогтоолгоно гэсэн үг юм. Энэ нь ердийн тэтгэвэр тогтоолгож байгаа хүнээс 60-120 сарын өмнө тэтгэврээ тогтоолгон сар бүр авна гэж ойлгоно. Эрэгтэй даатгуулагчийн хувьд мөн олон төрлийн хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлийн тэтгэврийг мөн 5-10 жилийн өмнө тогтоолгож байгаа.

Одоо хичнээн хүн өндөр насны тэтгэвэр авч байна? Тэтгэврийн хэмжээ ямар байгаа вэ?

2019 оны 02 дугаар сарын байдлаар улсын хэмжээнд нийт 412,0 мянган иргэн тэтгэвэр авч байгаагийн 317,5 нь өндөр насны тэтгэвэр авч байна. 2018 онд тэтгэвэрт нийт 1,6 их наяд төгрөг зарцуулсны 1,3 их наяд төгрөгийг зөвхөн өндөр насны тэтгэвэрт зарцуулсан. Өнөөдрийн байдлаар дундаж тэтгэвэр 374,6 төгрөг байна.

Тэтгэврээ тогтоолгохдоо ямар материал бүрдүүлж хаана хандах вэ?

Даатгуулагчийн нийт тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн хугацаанд 1995 оноос өмнө улс, хувийн байгууллагад ажилласан хугацаа орж тооцогддог тул тухай үед ажиллаж байсныг нотлох хөдөлмөрийн дэвтэр шаардлагатай. Хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсэн, засвартай, сүүлд нөхөн бичсэн зэрэг тохиолдолд ажилд авсан, чөлөөлсөн тушаалын архивын лавлагаа хэрэгтэй.

Хэрэв тухайн иргэний ажиллаж байсан тушаал шийдвэр олдохгүй бол ажилласан байдлыг тогтоолгосон шүүхийн шийдвэр гаргуулж болно. 1995 оноос өмнөх цалингийн дунджаас тэтгэвэр тогтоолгох бол холбогдох архивын байгууллагаас цалингийн лавлагаа авна. Мөн нийгмийн даатгалын дэвтэр, иргэний үнэмлэх, 2 хувь зураг, тэтгэвэр тогтоолгохыг хүссэн өргөдөл зэргийг бүрдүүлнэ.

Тэтгэвэр тогтоох нас, тэтгэвэр тогтоох цалингийн дундаж хугацааг нэмэгдүүлээд байгаа. Энэ нь даатгуулагчид хохиролтой юу? 

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд 2017, 2018 онуудад оруулсан өөрчлөлтөөр өндөр насны тэтгэвэр тогтооход тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн байх доод хугацаа болох 20 жилийг жил тутам 3 сараар нэмэгдүүлсэн. Хэрэв тухайн жилийн шимтгэл төлсөн байвал зохих доод хугацаанд хүрээгүй бол нас нь 3 сараар нэмэгдэж байгаа. Жишээлбэл 2019 онд даатгуулагч 20 жил 6 сараас доошгүй шимтгэл төлсөн бол эрэгтэй 60, эмэгтэй 55 насандаа л тэтгэврээ тогтоолгоно.

Харин энэ онд 20 жил 6 сар төлөөгүй хүмүүсийн даатгуулагчийн хувьд нас нь эрэгтэй 60 нас 6 сар, эмэгтэй 55 нас 6 сар хүрээд тэтгэвэр тогтоолгож байна. 2018 онд нийт 29,0 мянган хүн өндөр насны тэтгэвэр тогтоолгосноос 11 хувь нь л 20 жил 3 сараас бага хугацаагаар шимтгэл төлсөн байсан учраас 3 сарын дараа тэтгэврээ тогтоолгосон. Тэгэхээр  өндөр насны тэтгэвэр тогтоолгож байгаа хүн бүрийн нас нэмэгдсэн гэсэн үг биш юм. 2019 онд даатгуулагчийн 6 жилийн буюу 72 сарын цалингийн дунджаас өндөр насны тэтгэвэр тогтоолгох цалингийн хэмжээг тооцож байгаа.

2018 онд 5 жилийн цалингийн дунджаас тэтгэвэр тогтооход 2013 оны цалингаас эхлэн тооцож байсан, 2019 онд 6 жилийн цалингаас тогтооход мөн 2013 оны цалингаас, 2020 онд 7 жилийн цалингаас тогтооход мөн л 2013 оны цалингаас л эхлэн тооцох учир даатгуулагчид хохиролтой зүйл байхгүй. Ер нь бол даатгуулагч жигд, тасралтгүйгээр шимтгэлээ төлөөд л явахад өөрчлөгдөх зүйл байхгүй гэсэн үг.

Өмнө нь танайхаас нийгмийн даатгалын үйлчилгээний талаар ярилцлага авч байхад даатгуулагч төлсөн шимтгэлээ хэдхэн жилд буцаагаад авчихдаг гэж байсан. Үүнийг жишээн дээр тайлбарлаж өгөөч.

Энэ асуултад би өөрийнхөө жишээн дээр тайлбарлаж хариулъя.  Би 1995 онд дээд сургууль төгсөөд сумын нийгмийн даатгалын байцаагчаас эхлэн 24 жил төрийн албанд ажиллаж байна. Анх ажилд ороход миний цалин 11700 төгрөгөөс эхэлж байсан бөгөөд шимтгэл төлсөн хугацааны цалингийн хувьд нийт даатгуулагчдын дундаж цалингийн хэмжээтэй ойролцоо байгаа юм. Миний хувьд 24 жилийн хугацаанд нийгмийн даатгалын 5 төрлийн даатгалын санд ажил олгогчтойгоо нийлээд 24,3 сая төгрөгийн шимтгэл төлсөн байна.

Гэтэл би яг одоо тэтгэвэр тогтоолголоо гэж бодоход надад 600,0 мянга орчим төгрөгийн тэтгэвэр тогтоогдоно. Уг нь би тэтгэврийн санд төлсөн мөнгөө л буцаагаад тэтгэврээрээ авах ёстой. Гэтэл нийт 5 санд төлсөн 24,3 сая төгрөгийг би 40 сарын буюу 3 жил 4 сарын тэтгэврээрээ л буцаагаад авна. Зөвхөн тэтгэврийн санд ажил олгогчтойгоо нийлээд 16,8 сая төгрөгийн шимтгэл  төлсөн байдаг, тэгвэл энэ санд төлсөн мөнгийг 28 сарын тэтгэвэрт буюу 2 жил 4 сард, харин би зөвхөн өөрийнхөө цалингаас төлсөн 7,2 сая төгрөгийг 12 сарын буюу ганцхан жилийн тэтгэврээрээ буцаагаад авчих боломжтой.

Тэтгэвэр авах дундаж хугацаа 22 жил болохыг Үндэсний статистикийн хорооноос тооцоолсон. Тэгэхээр тэтгэврийн даатгалд даатгуулсан нь хүндээ асар их хэрэгтэй, ач холбогдолтой юм. Тэтгэвэр тогтоолгох хамгийн өндөр нас нь 60, 55 болохоос хөнгөлөлттэй нөхцөлөөр эрт тогтоолгоод олон жил авах тохиолдол нь харьцангуй их байдаг.

Үргэлжлүүлээд тахир дутуугийн тэтгэврийн талаар ярилцъя. Уг тэтгэврийг ямар тохиолдолд олгодог, хичнээн хүн авч байна вэ?

Тэтгэврийн даатгалын шимтгэлийг 3 жилээс дээш төлсөн даатгуулагч ердийн өвчин ахуйн ослын улмаас хөдөлмөрийн чадвараа 50-иас дээш хувиар 6 сараас доошгүй хугацаагаар алдсан тохиолдолд тахир дутуугийн тэтгэвэр тогтооно. Мөн 1 сар нийгмийн даатгалын шимтгэл төлсөн даатгуулагч үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа удаан хугацаагаар буюу байнга алдсан тохиолдолд тахир дутуугийн тэтгэвэр тогтоодог. Энэ шалтгаанаар хөдөлмөрийн чадвараа 10 хувиас дээшээ алдсан тохиодолд тэтгэвэр тогтооно. Одоогоор 72,7 мянган хүн тахир дутуугийн тэтгэвэр авч байна.

Нийгмийн даатгалд хамрагдаагүй хүн тахир дутуу болвол яах вэ?

Нийгмийн даатгалын сангаас тодорхой хугацаанд шимтгэл төлсөн даатгуулагчид тэтгэвэр тогтоож олгодог. Харин тахир дутуу болхоос өмнө нийгмийн даатгалын шимтгэл огт төлөөгүй эсвэл 3-с доош жил төлсөн бол тэтгэврийн даатгалын сангаас тэтгэвэр тогтоохгүй. Энэ тохиолдолд нийгмийн халамжийн байгууллагад хандах хэрэгтэй.

Тахир дутуугийн тэтгэвэр тогтоолгоход бүрдүүлэх материал нь юу байх вэ?

Даатгуулагчийн ажилласан хугацааг нотлох хөдөлмөрийн дэвтэр,  тэтгэврийн даатгалын шимтгэл төлснийг нотлох нийгмийн даатгалын дэвтэр, хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтоосон эмнэлэг хөдөлмөрийн магадлагаа, өргөдөл, иргэний үнэмлэх, 2 хувь зураг зэрэг шаардлагатай.

Тэжээгчээ алдсаны тэтгэвэр, бага насны хүүхдүүдтэйгээ өнчирч үлдсэн өрх толгойлсон эцэг эхчүүдэд их дэм болдог гэж сонсож байсан. Үүнийг ямар нөхцөлөөр олгодог юм бол?

-Даатгуулагчийн нас барахад түүний асрамжид байсан гэр бүлийнх нь хөдөлмөрийн чадваргүй гишүүдэд хөдөлмөрийн чадвартай болтол нь хэрэв өндөр настай эсвэл хөдөлмөрийн чадвар нь сэргээгдэхээргүй бол насан туршид нь тэтгэврийн даатгалын сангаас сар бүр олгож байгаа мөнгөн төлбөрийг тэжээгчээ алдсаны тэтгэвэр гэдэг. Даатгуулагч нас барахаас өмнө 3-20 жил эсвэл нийтдээ 5-с доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн тохиолдолд энэ төрлийн тэтгэврийг олгоно.

Гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй гишүүн гэдэгт төрүүлсэн болон үрчлэн авсан 19 хүртэлх насны хүүхэд мөн төрсөн эцэг эхээсээ шүүхийн шийдвэрээр тэтгэвэр авдаггүй дагавар хүүхэд, хамт амьдарч байсан өндөр насны эцэг, эх, түүний асрамжид байсан төрөлхийн болон хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан төрсөн ах, эгч, дүү, 8 хүртэлх насны хүүхдээ хараад гэртээ ажилгүй байдаг эхнэр, нөхөр зэрэг багтана.

Гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй гишүүдийн дунд тэтгэвэрт гарсан хүн байвал тэжээгчээ алдсаны тэтгэвэр, өндөр насны тэтгэвэр 2-ыг давхар авч болох уу?

Хамт амьдарч байсан өндөр настай эцэг, эх нь төрсөн болон дагавар хүүхдээ  нас бархад түүний цалингаас тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгоход өөрийнх нь авч байсан өндөр насны тэтгэврээс их байгаа тохиолдолд тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгож болно. Харин өндөр насны болон тэжээгчээ алдсаны тэтгэврийг давхардуулан олгохгүй.

Тэжээгчээ алдсаны тэтгэврийг хэр олон хүн авч байна, хаана хандаж, юу бүрдүүлэн тогтоолгох вэ?

Одоогоор 21,8 мянган иргэн, гэр бүл тэжээгчээ алдсаны тэтгэвэр авч байна. Энэ тэтгэврийг тогтоолгоход нас барсан даатгуулагчийн хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын дэвтэр, нас барсаны гэрчилгээ, хүүхдүүдийн төрсний гэрчилгээ, гэр бүлийн баталгаа, эсвэл асран хамгаалагч, харгалзан дэмжигчийг тогтоолгосон захирамж, өргөдөл, иргэний үнэмлэх, 2 хувь зураг зэрэг баримт бичгийг бүрдүүлнэ.

-Ярилцсанд баярлалаа.

Эх сурвалж: НДЕГ

0 0 votes
Article Rating
Таг

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх
guest

0 Comments
Inline Feedbacks
View all comments
Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
Close