ЭМЯЭрүүл мэнд

Улаанбурхан өвчин гадаадаас зөөвөрлөгдөж ирсэн анхны тохиолдол бүртгэгдлээ

Улаанбурхан өвчин гадаад улсаас зөөвөрлөгдөж ирсэн анхны тохиолдол бүртгэгдсэн талаар Эрүүл мэндийн яамнаас  өнөөдөр мэдээлэл хийлээ. Хэвлэлийн бага хуралд Эрүүл мэндийн яамны НЭМГ-ын дарга Т.Энхзаяа, ОНХТШУХ-ийн дарга Д.Нарангэрэл, ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү нар оролцов.

2018 оны жилийн эцсийн байдлаар дэлхийн хэмжээнд улаанбурхан өвчний 229,068 тохиолдол бүртгэгдсэн байна. Одоогоор Зүүн өмнөд Азийн бүсийн Энэтхэг, Тайланд, Бангладеш, Номхон далайн баруун бүсийн Филиппин, Малайз, БНХАУ, Европын бүсэд Украин, Гүрж, Серб, Итали, ОХУ-д улаанбурханы дэгдэлт гарч байгаа тул уг өвчин манай улсад зөөвөрлөгдөн орж ирэх эрсдэл байсаар байгаа юм. Тиймээс эрүүл мэндийн байгууллагуудад уг өвчнөөс урьдчилан сэргийлэх мэдээлэл сурталчилгааг эрчимжүүлж, халдвар тархах эрсдлээс хамгаалж ажиллахыг Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл үүрэг болгожээ.

Энэ талаар ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү “Өмнөговь аймгийн Ханбогд суманд байрлах Оюутолгой компанид гадаад улсаас ирж ажиллаж буй инженер халуурч тууралт гарсан шинж тэмдэг илэрч, манайд хандсан. Уг иргэнд шинжилгээ хийсэн. Шинжилгээний хариу лабораториар батлагдаж Монгол Улсад улаан бурхан өвчин гаднаас зөөвөрлөгдөн орж ирсэн нь тогтоогдоод байна. Бид Ханбогд сумын болон Өмнөговь аймгийн Эрүүл мэндийн газартай онлайнаар шуурхай хуралдаан хийж заавар зөвлөгөө өгч өнөөдөр өглөө 07.40 минутын онгоцоор ХӨСҮТ-ийн таван хүний бүрэлдэхүүнтэй мэргэжлийн багийг илгээгээд байна. Одоогоор өвчтөнийг тусгаарлаж, голомтыг дэлгэрүүлэхгүй байх ажлыг эхлүүлсэн” гэв.

НЭМГ-ын Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга О.Энхзаяа “ДЭМБ-аас улаанбурхан өвчин дэлхий дахинд дэгдэлт өндөртэй байгаатай холбогдуулан олон зөвлөгөө, санамж, сэрэмжлүүлгийг авч байсан. Улмаар ЭМЯ, ХӨСҮТ, НЭМГ-аасцаг тухай бүрт нь ард иргэдэд зөвлөгөө сэрэмжлүүлгийг хүргэх зохион байгуулалттай ажлыг хийсэн.

Улаанбурхан өвчин нь вирусын гаралтай, амьсгалын замаар дамжин халдварладаг бөгөөд тууралт эхлэхээс өмнө болон тууралтын дараах 4-5 хоногт халдвар тархах өндөр эрсдэлтэй юм. Улаанбурхан өвчин халдвар өндөртэй бөгөөд дархлаа султай, архаг хууч өвчтэй, тэжээлийн доройтолтой, тураалтай, хөхөөр хооллодоггүй 0-4 насны хүүхдүүд өвчлөх өндөр магадлалтай байдаг аж. Иймд ХӨСҮТ-ийн сайн дурын дархлаажуулалтын кабинетад очиж улаанбурханы хоёр тун вакциныг есөн сартай хүүхдээс дээш бүх хүн хийлгэж болох юм байна. Ялангуяа улаанбурхан өвчний эсрэг дархлаажуулалтанд хамрагдаагүй хүмүүст вирус халдварлаж, өвчлөл үүсгэх эрсдэлтэй тул Эрүүл мэндийн яамнаас  урьдчилан сэргийлэх арга хэмжээг шуурхай авч, өвчний голомтыг хумих чиглэлээр тодорхой ажлуудыг зохион байгуулж байна.

Тухайлбал, Эрүүл мэндийн сайдын албан даалгаврын хүрээнд улаанбурхан өвчний эсрэг бэлэн байдлыг ханган, эмч мэргэжилтнүүдийг давтан сургалтанд хамруулж буй  бөгөөд дархлалын түвшин бага гэгддэг 08-17 насны хүүхдүүдийг дархлаажуулах зорилгоор 510 мянган хүн тун вакциныг холбогдох байгууллагуудад захиалсан аж.

Мөн бага насны хүүхдийг хөхөөр хооллох, дархлааг нь дэмжих үүднээс амин дэм ихтэй илчлэг хоол хүнс хэрэглэх, сайн дурын дархлаажуулалтанд хамрагдах, олон нийтийн газраар хүүхдээ дагуулж явахгүй байх, гэрийн эрүүл ахуйн дэглэмийг сайтар баримтлахыг Нийслэлийн Эрүүл мэндийн газраас зөвлөж байна. Уг өвчний шинж тэмдэг илэрсэн тохиолдолд дур мэдэн эмчлэхгүйгээр, ХӨСҮТ-ийн мэргэжлийн эмчид хандах нь чухал юм.

Улаанбурхан өвчний онцгой шинж тэмдэг:      
-Хүүхэд өндөр халуурч, хүүхдийн нүд нуухтаж, тууралт өгөх
-Хоолой боогдож амьсгалын дутагдалд амархан орох
-Цаашид хүндэрвэл хараагүй болох, дүлийрэх, тагнай цоорох зэрэг эрсдэлтэй.
 Иймд Эрүүл мэндийн яамнаас:
-Товлолын вакциныг заавал хийлгэх, хоцорсон эсвэл огт хийлгээгүй бол нөхөн хийлгэх!
– Вакцины насанд хүрээгүй хүүхдийг олон нийтийн  газар авч явахгүй байх
– Шинж тэмдэг илэрвэл дур мэдэн эмчлэхгүйгээр, яаралтай эмчид хандахыг зөвлөж байна.

5 1 vote
Article Rating

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх
guest

0 Comments
Inline Feedbacks
View all comments
Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
Close