Байгаль орчинНийгэм7 хоногОрон нутагФото сурвалжлага

Аврагчид хөрсний нуралт дахин үүсэх аюултай нөхцөлд эрэн хайх ажлыг хийж байна

Төв аймгийн Заамар сумын төвөөс баруун хойд зүгт 20 км-т орших Баянголын амны Ууцар гэдэг газарт өнгөрөгч II дугаар сарын 28 ны өдөр “Эко-Алтан Заамар” ХХК-ийн ашигт малтмалын олборлолтын 100 метр өргөн, 80 метрийн гүнтэй ил уурхайд нуралт болж зургаан хүн, КАТ-374 загварын экскаватор, КАТ-D-8-Т загварын бульдозер дарагдсан осол гарсан. Уг осол болсон даруйд хоёр иргэнийг эсэнд мэнд гаргасан бөгөөд ослын дуудлагыг Онцгой байдлын байгууллагад мөн өдрийн 16:50 цагт ирүүлсэн байдаг.

Уг дуудлагын дагуу Онцгой байдлын газрын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр, ОБЕГ-ын ГШУГ-ын дарга, хурандаа Б.Мандахгэрэл нараар ахлуулсан Үндэсний аврах бригад, Уул уурхайн аврах ангийн 20 алба хаагч Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн Ми-171Е загварын нисдэг тэргээр ослын газарт очин шороонд дарагдсан дөрвөн иргэнийг эрэн хайх, аврах ажиллагааг явуулж байна. Одоогоор хоёр иргэний цогцсыг олоод байгаа ба эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.

Өчигдөр буюу III сарын 04 –ний өдөр ОБЕГ-аас ослын газарт хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөллийг оруулж, мэдээлэл өгсөн. Биднийг очиход Онцгой байдлын аврагчид үлдсэн хоёр иргэн болон КАТ-374 загварын экскаватор, КАТ-D-8-Т загварын бульдозерыг нуранги дороос гаргахаар эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлж байсан юм. Осол болсон уурхайн карьер нурангийн талбайд хөрсний усны ундрага ихтэй, уурхайн хананаас ус урсаад байгаа учир дахин нуранги болох эрсдэлтэй, аврах ажиллагаа явуулах хүндрэлтэй байгаа талаар албаныхан хэлж байлаа.

Б.Ууганбаяр: Аврах ажиллагаа явуулж буй хүмүүс

аюултай нөхцөл байдалд ажиллаж байна

/Онцгой байдлын газрын дэд дарга, хурандаа/

“Осол болсноос хойш дөрвөн өдөр өнгөрч байна. Одоогийн байдлаар хоёр хүний цогцсыг олсон. Үлдсэн хоёр хүнийг хайх ажиллагаа явагдаж байна. Хананаас их хэмжээний ус гоожиж байгаа. Уснаас болж эрлийг зохион байгуулахад их хүндрэл гарч байна. Дээрээс нь давчуу орон зайтай тул бид эхлээд 50-60 орчим метр урттай далан байгуулж усыг тусгаарлалаа. Тусгаарлаад дотор нь байгаа усыг соруулах ажиллагаа явуулсан. 1,200 метр орчим урттай зургаан хоолойг ажиллуулж усыг гадагшлуулж байна.

Эрлийн ажиллагааг усан орчин дотор явуулж байна. Ус татарснаар бульдозерын булан гарч ирсэн. Троссоор татсан боловч тасраад байна. Усны доор 2 метр орчим лаг шавар байна. Дээр нь нэг метр ус байна. Тасралтгүй соруулж байна. Тиймээс одоо усан доор болон лаг шавран доор нэг экскаватор, осолдсон хүмүүс маань байгаа. Өнөөдөртөө багтаад яаралтай хоёр хүнээ гаргаж авах зорилттой ажиллаж байна. Мөн одоо хүртэл аюултай нөхцөл байдал байна. Учир нь хажуугийн хананд хөлдсөн мөс байна.

Хэрвээ энэ бас нурвал аврах ажиллагаа явуулж буй хүмүүсийн дээрээс унах аюултай нөхцөл байдалтай байна. Нийт талбайгаа дөрвөн хэсэгт хуваагаад аль болох боломжит тооцооллоо хараад, олон хувилбар бодоод ажиллаж байна. Аврах ажиллагаанд онцгой байдлаас 36, цагдаа, прокурор, шүүх, мэргэжлийн хяналт, “Эко Алтан Заамар” компани зэрэг газруудаас ойролцоогоор 200 гаруй хүмүүс ажиллаж байна” гэлээ.

Д.Энхсайхан: Осол гарах болсон үндсэн шалтгаануудыг

нэгтгэсний дараа дүгнэлт гарна

/Мэргэжлийн ханалтын газрын дэд дарга МХЕГ-ын дэд дарга/


“Карьерын хойд хананаас нуралт үүссэн байна. Хөрсний нуралт 75 метр өндөр, 125 метр өргөн газарт хөрс нурсан байгаа. Уг ил уурхайн ойролцоо зургаан нуур тогтсон байгаагаас гурав нь устай байна. Энэ ус нь хөрсний нуралт үүсэх нэг шалтгаан болсон. Осол гарах болсон үндсэн шалтгаануудыг нэгтгээд маргааш лабораторийн шинжилгээний хариу гарсны дараа дүгнэлтийг бүрэн гаргаж дуусгана.

Тухайн аж ахуйн нэгж нь өөрөө тусгай зөвшөөрөлтэй ба байх ёстой зохих бичиг баримтын дийлэнх нь байна. Зарим нэг бичиг баримт дутуу зүйл бол байгаа.Осолдсон ажилчдын хувьд хөдөлмөрийн хуулийн 97 дугаар зүйл заалтын дагуу тэжээгчээ алдсаны тэтгэмж болгож дөрвөн айлд нийт 193 сая төгрөгийг компаниар гаргуулахаар ажиллаж байна.

Уурхайн ойролцоо айх нуурын ус нэвчсэнээс осол гарсан байж болзошгүй байна. Мөн энд байгаа зургаан том нуурнаас гурав нь устай байна. Эдгээр нь 7, 8, 11 метрийн гүнтэй нуур юм. Нуур гэдэг нь урдны олборлож байсан уурхайн үүссэн ус байгаа. Уг нь компани усыг цааш нь зайлуулж байж үйл ажиллагаа явуулах ёстой байсан гэвч гүйцэд зайлуулаагүйгээс болж нуралт үүссэн байж болзошгүй” гэв.

С.Эрдэнэжаргал: Амиа алдсан ажилчдынхаа үр хүүхдүүдийг

бүх насаар нь тэтгэнэ

/”Эко алтан Заамар” компанийн дэд захирал/

“Осол гарсан шалтгааныг тайлбарлахад эрт байна. Мэдээж манай дөрвөн ажилчид амь насаа алдсанд харамсаж байна. Компанийн зүгээс осол болсон даруйд холбогдох байгууллагуудад хандаж, нисдэг тэрэг захиалан онцгой байдлын аврагчдыг авчирсан. Мөн манай 30 гаруй ажилтан яаралтай ажиллаж хоёр хүнийг гаргаж авсан.

Аврах ажиллагаанд манай компанийн 180 гаруй, онцгой байдлын 40 гаруй аврагч байгаа. Компанийн зүгээс ослын шалтгааныг нар ээдэг талын мөс хайлж шороогоо идээд нурсан байх магадлалтай гэж үзэж байгаа. Мөн Одон орон геофизикийн хүрээлэнгээс манай уурхайн энэ байршилд хоёрдугаар сарын 27-ны өдрийн 10:45 цагт 4 баллын хүчтэй газар хөдлөлт болсон талаар мэдээллийг өнөөдөр албан бичгээр ирүүлээд байна. Нуралт үүссэн шалтгааныг мэргэжлийн байгууллагууд эцсийн байдлаар тогтоох байх.

Манай компанийн үндсэн дөрвөн ажилтан осолдсон. Бид маш их харамсаж байна. Хуулийн дагуу олгох бүх тэтгэмжийг олгож, ажилчдынхаа үр хүүхдүүдийг бүх насаар нь тэтгэнэ. Уурхайн аюулгүй байдлыг шалгах мэргэжилтнүүд өдөр шөнөгүй ээлжээр ажиллаж байдаг. Уг ослыг зайлшгүй байгалийн давагдашгүй хүчин зүйлээс үүдэлтэй гэж харж байгаа” гэлээ.

П.Нарандэлгэр

0 0 votes
Article Rating
Таг

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх
guest

0 Comments
Inline Feedbacks
View all comments
Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
Close