Шинэ мэдээ

H1N1 гарсан тул олон нийтийн бүхий л үйл ажиллагааг цуцалжээ

Өмнөговь аймгийн хэмжээнд томуу, томуу төст өвчлөл газар авч байгаа бөгөөд БОЭТ-д хэвтэн эмчлүүлж байгаа эмчлүүлэгчдээс өнөөдрийн байдлаар 1 хүн нас барсан эмгэнэлт явдал тохиолдлоо. Мөн хүүхдийн тасагт хэвтэн эмчлүүлж байгаа хүүхдүүдийн 2 нь маш хүнд, 7 хүүхэд хүнд байгаа бөгөөд өвчлөл даамжирч хатгалгаа, менингит, H1N1 вирусын халдвар авч байна.

Хэвтэн эмчлүүлэгчдээс ХӨСҮТ-д 18 сорьц шинжилгээнд явуулснаас 10 хүний сорьц шинжилгээгээр томуугийн H1N1 вирус илэрсэн нь аймгийн хэмжээнд олон нийтийн арга хэмжээг зохион байгуулахыг хориглосон шийдвэрийг Онцгой комиссын хурлаас гаргалаа. Уг хурлаар эмнэлэгийн байгууллагад хэрэгцээтэй эм, тариа, багаж тоног төхөөрөмж, хүний нөөц, эмнэлгийн ажилчдын илүү цагийн ажлын хөлс мөнгийг аймгийн Засаг даргын нөөцөөс шийдвэрлэхээр боллоо.

Иргэдийн дундах тархалт өндөр байгаа учраас дараахь асуудалд зайлшгүй анхаарах шаардлагатай байна.
• Амны хаалт /маск/ хэрэглэж хэвших
• Халуурсан, томуугийн шинж тэмдэг илэрсэн тохиолдолд яаралтай эмнэлэгт хандах
• Халуун аарц, буцалгаа, амин дэмээр баялаг хоол хүнс хэрэглэх
• Олон нийтийн газруудаар явахгүй байх
• Ажлын байрны болон гэрийн агааржуулалт, халдваргүйжүүлэлтэд онцгой анхаарах
• Ариутгалын бодис хэрэглэх зэрэгт анхаарч томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэхийг аймгийн Онцгой комиссоос анхааруулж байна.

Мөн энэ сарын 24-26-ны өдрүүдэд тус аймагт зохиогдохоор товлоод байсан “Хүнс хөдөө аж ахуйн үйлдвэрлэлтийн жил”-ийн нээлт, “Малчдын зөвлөгөөн”, “Ингэний айрагны баяр”, аймгийн аварга шалгаруулах хурдан тэмээний уралдаан зэрэг олон арга хэмжээг тодорхойгүй хугацаагаар хойшлуулах шийдвэр гаргажээ.

Дашрамд дуулгахад, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл томуу, томуу төст өвчний өвчлөлийн талаар мэдээлэл өгөхдөө Улаанбаатар болон Говь-Алтай, Дундговь аймагт тус бүр нэг иргэн H1N1 вирусийн халдварын улмаас нас барсан гэдгийг хэлсэн бөгөөд тус аймгийн хэмжээнд томуу, томуу төст өвчлөл ихсэж, H1N1 вирусын халдвар гарсантай холбогдуулан ийнхүү олон нийтийн үйл ажиллагаа зохион байгуулахгүй байхаар шийдвэрлэсэн байна.

0 0 votes
Article Rating
Таг

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх
guest

0 Comments
Inline Feedbacks
View all comments

Танд таалагдах

Close
Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
Close