Нийгэм

Ц.Хадаан: Монголын төр засаг “27 толгойтой мангасанд” үнэхээр идэгдэж байна

МУИС-ийн Шашин судлалын аспирант Ц.Хадаантай улс оронд өрнөсөн МАНАН дэглэмийг төрөөс устгахын тулд юу саад болж байгаа талаар ярилцлаа.

-МАНАН дэглэмийг төрөөс холдуулахын төлөө тэмцэж байна. Сүүлийн 20 жилд ард түмэн чадан ядан амьдарч ирцгээсэн. Одоо төрд эрс өөрчлөлт хийхгүй бол ард түмэн цөхөрч байна. Төрд тохирохгүй хүмүүсийг ямар арга замаар жагсагчдын хэлснээр ор үндэсгүй холдуулах вэ?

-Ардын хувьсгалын 100 жил, Тусгаар тогтнолын 100 жилийн түүхийг энэхүү жагсаал болж буй талбайгаас харах гэж би оролцож байна. Энэ газарт тэмцлийн үндэс суурь тавигдсан байна. Бид жагсаалын үеэр олон аймгаас ирсэн олон хүмүүстэй, мөн зургаадай таяг тулсан настантай хамт зогсож сайхан яриа хөөрлөө. Тэр сайхан хөгшин “Монгол хүний сэтгэлийн доторхи гэмийг эхлээд цэвэрлээрэй. М.Энхболдыг чулуу шиг авч хаялаа ч гэсэн адилхан гэмтэй хүн дахиад төрийн толгойд гарч, дахин хэлмэгдэлт болох вий гэдэгт санаа зовж байна” гэж хэлж байсан.

Тэгэхээр би бодохдоо МАНАН бүлэглэл урагшаа харах нүдгүй, сохор болжээ. Ерөөсөө ийм хүмүүс хөл доорхи алт мөнгөндөө тээглэж үхэж, тамын хар нүх рүү сорогдож байна. Ийм шуналтнуудад жим гаргах, өвөг дээдсийн чимх ухаан ч алга. Бид ядаж 2024 онд хос бичигтэн болж, монгол бичгээ дээдэлье гэж зорьж байгаа. Монгол бичгээр нарны туяаны цацраг шиг өөрийнхөө нэрийг сийлсэн шар нар, бор хоногтоо эрчмээ авдаг өвгөд дээдсийн үр сад бид энэ өдөр од эрхэстэйгээ, онгод тэнгэртэйгээ энэхүү жагсаалыг зохион байгуулж байна гэж харагдлаа.

Тэнгэрийн хутагт хувилгаад гэдэг өөрийн нар, сар, одны тохиол, учралтай байдаг

-Хүн бүр тайван сайхан, тэгш эрхтэй амьдрахыг их хүсэж байна. Гэтэл Монголын төрийн толгойг “хавхлагчдыг” яаж задлах ёстой гэж судлаачийн хувьд боддог вэ?

-Тиймээ, Монголчуудын төр засаг “27 толгойтой мангасанд” (зүйрлүүлсэн үг хэллэг)  үнэхээр идэгдэж байна. Би монгол үндэсний түүхтэй холбогдуулж хэлэхэд, 1990 онд анх МУИС-д Угсаатны зүйн тэнхимтэй болсон. Үндэсний үнэрийг ханхалуулсан их гоё тэнхимийг төр, засгийн эрхтэн дархтан, тушаалтнууд татан буулгасан. Тиймээс бид эрдэмтэн Г.Сүхбаатарын хэлснээр түүх амьд хүн дээрээ давтагдаж, энэ тэнхим сэргэх цагийг хүлээж байна. Манай эрдэмтэн Х.Далхжав, Х.Нямбуу багш нар гэгээнтэн хүний дүрээр “явсан” эгэл хүмүүс гэж яригддаг. Тэр хүмүүс бидэнтэй Монголын үндэстэн, угсаатныг сэргээхэд нэг нарны дор хамт байна гэж би боддог.

Харин нэг зүйлийг хэлэхэд, жагсаалын үеэр сонссон ярианд 10 дугаар Богдыг тодруулах тухай асуудал М.Энхболдын болон нэр нөлөө бүхий хэдэн хүний зээ хүү нар холбогдож байна. Энэ бол тэдний ээлжит луйвар болж магадгүй гэдгийг ард олонд сонордуулъя.

Жишээ нь, Нэр нөлөө бүхий хүмүүс ач зээгээ Богдын хувилгаан болгож арын хаалгадах гэсэн хүсэл, мөн шашин, төрөөр хутгалдан, луйвардах муу санаа ч байж болох юм гэж хүмүүс ярьж байна. Энэ бол тэгж бүтэх ямар ч боломжгүй юм. Тэнгэрийн хутагт хувилгаад гэдэг өөрийн нар, сар, одны тохиол, учралтай байдаг.

-Монгол улсын төрийн суудлыг наймаалцддаг аргаар хэн ч хутагт хувилгаад болох ёсгүй?

-Луйвраар хэн ч хэзээ ч хутагт хувилгаад болохгүй. Гуравдагч мэлмий нь нээгдсэн гэгээрсэн хүнд хутагт хувилгаад харагддаг юм. Миний бодлоор 2024 онд монголчууд тусгаар тогтнолын 100 жилээр, 10-р Богдоо харах азтай үе тохионо гэж бодож байна. Энэ бол Майдар бурханы залрах учралтай давхцах юм. Тодруулбал, дэлхийн нэгэн дээвэр дор нэгдэх учрал билээ.

Би сүүлийн 10 гаруй жилд Ордос нутгийн өвөрмонголчуудтай хамтарч од, эрхэсийн зурхай эрхлээд ажиллаж байна. Төр засагтаа үнэлэгдээгүй ч гэсэн энэ ажил тэнгэрт ч, газарт ч үргэлжлээд явж байдаг. Тэгэхээр бумбын цаг ирсэн. Жагсаал болсон өдрийн нарыг харж байхад Огтор тархи хонгор мориор давхцал (жагсаал болсон хоёр өдөр Пүрэв гаригт тохиосныг хэлж байна.) хийж байна. Монголын нууц товчоонд гардаг Огтор тархи хонгор морь бол Пүрэв гаригийн үйл хийдэг морь юм. Тиймээс бид энэ өдрийн наранд залбирахдаа Огтор тархи хонгор морьтой Бөртэ чоно тэнгэр эцэг минь гурий гурий гурий, ир ир, за (Онгодоо дууддаг бөөгийн зан үйлд гурав, хоёр, нэг гэсэн тоогоор дууддаг байна.) гэж онгодоо буулгадаг байсан түүх сэргэлээ. Энэхүү есөн тэнгэр эцгийн дуудлага удахгүй монгол туурагтнуудад сэргэх болно. Есөн тэнгэр эцгийн маань эхний тэнгэр эцэг Бөртэ чоноо, дараах нь Батцагаан, Тамачи, Хоричар мэргэн, Уужим буурал, Салхачу, Их нүдэн, Сэмсочи, Харчу гэсэн монгол  нэрээрээ ивгээл, өршөөл, тэтгэмж уламжлагдах болно.

Зөвхөн М.Энхболд гэхгүй түүний хамсаатан нөхөд хөл дороо байгаа

алт, мөнгөн дээрээ эргэлдээд байгаа хүмүүс

-Төрийн гал голомтонд монголын тэр олон эрдэмтэн судлаачид, ард түмэн маань залихай, шуналт луйварчин гэгдэж буй хүмүүс залрах боломжийг яагаад олгочихов оо. Од, эрхэсийн зурхайч та юу хэлмээр байна вэ?

-Хотын дарга байсан Э.Бат-Үүлийн хэлсэн нэг үгтэй санал нийлж байна. Тэр Ардчилсан хувьсгал болоход сэхээтэн, гэр хорооллын болон хороо, дүүрэг, хот айлаараа оролцоогүй гэж ТВ-ээр ярьсан. Одоо хот айлын ч, хот дүүргийн болон сэхээтнүүдийн сэрэх цаг нь иржээ. Энд ганцхан М.Энхболдоос бүх зүйл болоод байгаа биш. Үүнийг шашныхны хэлдгээр тэмцэл, цөвүүн цаг гэж тодорхойлдог. Тийм учраас шаазгай шиг хар, цагаанаараа ялгараад байна. Тамын таглаасын соруулд сорогдоод, олон хүний үйл лайг өөртөө эдлээд авч байгаа М.Энхболдод би их харамсаж байна. Тэр хүнд хөх тамгатай монголын үнэр ч үнэртэхгүй байна. Зөвхөн М.Энхболд гэхгүй түүний хамсаатан нөхөд хөл дороо байгаа алт, мөнгөн дээрээ эргэлдээд байгаа хүмүүс юм.

-Таны хэлдэг үнэн. Тэд тэр их мөнгө, алттай суудалдаа хөл, толгой нь хүлэгдэж, ороогдоод суугаад байгаа шүү?

-Тийм, М.Энхболд болон хамсаатан нөхөд нь үйл лайндаа хүлэгдэж, тамын таглаас болоод суугаад байна. Тэрийгээ тэд мэдэж, ойлгох хэрэгтэй. Тэгэхдээ тэдний мэлмий нээгдэхийг хүлээх цаг бидэнд байхгүй. Одоогийн энэ үе бол мэдэх гэгээрлийн цаг шүү дээ. Энэхүү дэнжигнүүр жинлүүрийн хооронд хүмүүсийн амны жигтэйхэн их булай үг, үйл лайг эдлээд М.Энхболд айгаад л суугаад  байх юм. Ер нь манай цэнхэр тэнгэрт “манан” тогтдоггүй шүү дээ.

-МАНАН дэглэмийг устгаж, шинэ цагийн Монгол улсыг байгуулахын төлөө жагсаж байгаа монголчуудад хандаж хэлэх таны үг?

-Монголчууд есөн тэнгэр эцгээ Жанрайсиг, Очирваань бурханыг дууддаг шигээ удахгүй амны уншлага болгоно гэдэгт итгэл төгс байна. Хурай хурай хурай.

Б.БАЯРМАА

 

0 0 votes
Article Rating

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх
guest

0 Comments
Inline Feedbacks
View all comments
Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
Close