НийгэмФото сурвалжлага

Х.Нямдаваа: Монгол хүн сайхан амьдрах боломж байсан

Монголын ард түмэн уйтгартай, сүүдэртэй амьдралаа таслан хаяж, сэрлээ. Учир нь Монголын төрийн толгойд МАНАН дэглэм тогтож, улс төрчид ард түмний нэрийг ашиглаж, хувьдаа баяжсаар, луйвардсаар 28 жилийг өнгөрөөлөө. Ард түмний амьдрал цэцэглэн хөгжиж чадсангүй ээ. Ард түмэн тэгш эрхээ эдэлж чадаагүй ээ.

Монголчууд энэ бүхэнд тэвчээр алдан цөхөрч, залхсны эцэст сэрж, ухааран МАНАН дэглэмийг Монголын төрөөс холдуулахын төлөө “жанжин шиг” нэгэн зэрэг босон тэмцлээ.

Өнгөрсөн оны 12 дугаар сарын 27-ны өдөр монголчуудын МАНАН дэглэмийг устгах анхны жагсаал болсон. Харин Монгол улсын бүх ард түмний хоёрдахь жагсаал 2019 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр Сүхбаатарын талбайд Монголын тусгаар тогтнолыг баталсан туг далбаа, эцэг тэнгэр, наран эхийнхээ дор нэгэн зүгт цуглаж, нэгдэн М.Энхболд тэргүүтэй нөхдийг хурдан огцрохыг шаардаж, эсэргүүцлээ.

Жанжин шиг босгоцоон тэмцэж буй монголчуудын өмнө УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан, Л.Оюун-Эрдэнэ,Х.Нямбаатар, Т.Аюурсайхан нар  үгээ хэлж байлаа.

….МАНАН-г зайлуулсны дараа шинэ, шударга, нээлттэй, ард түмний хяналттай дэглэмийн нөхцлүүдийг ард түмний эрх ашигт нийцүүлэн тогтоох болно. Бид тэмцлийнхээ төлөө зогсохгүй, үр дүнд заавал хүрнэ. Тайван замаар бид амжилтанд хүрнэ. Эх орны өнцөг бүрээс хүрэлцэн ирсэн та бүхэн баярлалаа гэж мэдэгдэж байлаа.

Монголчууд гэрээ барьсан үед л, монголчууд гэртээ байсан үед л, монголчууд эвтэй байсан үед л Монгол ялдаг

Ж.Батзандан “МУ-ын Их хурлын даргын өрөөнд орлоо. Их хурлын даргын гар барихад чичирч байна. ..МАНАН-ийн толгойлогч та, 60 тэрбумын гэмт хэрэгтэн та, Монгол улсын олон хууль тогтоомжийг зөрчдөг этгээд та одоо нэн даруй огцор гэдэг шаардлагаа бид хэллээ. Гэтэл М.Энхболд нь удахгүй огцорно. Гэхдээ энэ хуулийн дагуу огцормоор байна гэж бүдэг бадаг юм сөөнгө хоолойгоор хэлж байна.

Монголын ард түмэн тэдний хийсэн, хийгээгүй ажлыг нь мэднэ. Бид тайлбар авахгүй гэж хэлээд Монгол улсын Ерөнхийлөгчтэй уулзсан. Ерөнхийлөгч нэг зүйлийг хэллээ. Наад хүн чинь барьцаанд орсон хүн байна. Өөрийгөө мэдэхгүй болсон байна гэж хэлж байна. М.Энхболд үнэхээр толгойгүй болсон хүн юм байна. Огцрох л юм бол шоронд явах нь тодорхой болсон гэдгээ мэдэж байна….

Бид 200 гэр барих зөвшөөрлийг Цагдаагийн байгууллагаас авсан. Монголчуудаа бид гэрээ барьж, гал голомтоо асааж, хийморио дээдэлдэг ёс жаягтай. Монголчууд гэрээ барьсан үед л, монголчууд гэртээ байсан үед л, монголчууд эвтэй байсан үед л Монгол ялдаг юм. Одоо тэмцлийнхээ дараагийн үе шат руу орж, тэмцлээ үргэлжлүүлье. Та бүхэнд баярлалаа.” гэж цоглог, чин зоригт дуугаар хэлж байлаа.

Ж.Батзанданг энэ үгийг хэлэхэд тэмцэж байгаа монголчууд М.Энхболдыг шоронд нь явуул гэж дуу хоолойгоо нийлүүлэн хашгирч, дараа нь огцор, огцор огцор хэмээн нэгэн зэрэг дуугаар  хашгирсан билээ.

Бидэнд УИХ-ын гишүүд зам тавьж өгөх хэмжээнд айдаст автсан байна. Энэ бол ард түмний хүч юм

Дараа нь Л.Оюун-Эрдэнэ “Эх орны ирээдүй болсон олон сайхан залуучууд, Монголын Оюутны холбооныхон, оюутан залуучууд маань өөрсдийн ирээдүйг худалдахгүй байх үнэ цэнийн төлөө хамтдаа цуглаж уулзлаа. Өчигдөр бидэнтэй МОХ-ны удирдлагууд уулзаж,… 60 000 тэрбумаар төрийн ордноо үнэлэх юм бол энэ нь бидэнд хамаатай асуудал учир бид тэмцэнэ гэж хэллээ. Залуучууд маань ухаалаг болсоор байна. Эх орны ирээдүй болсон залуучууддаа алга ташин, баяр хүргэе.

Гадаадад байгаа монголчууддаа бас маш их баярлалаа. Тэд бас урам авсан гэж мэдэгдсэн. Бидэнтэй улам олуулаа нэгдээрэй. Зохион байгуулалтанд илүү их орьё. Гадаад, дотоодын жагсаалд олон олон бүсгүйчүүд оролцож байна. Эх дэлхийг эх гэдэг, эх оронг эх гэдэг, ээж хүнийг бид эхлэл гэж үздэг юм. Дүн өвлийн хүйтэнд энэ жагсаалд хүрэлцэн ирсэн хатан сүйхтэй бүсгүйчүүддээ баярлалаа гэж хэлэхийг хүсч байна.

Орон нутагт энэхүү жагсаалыг хийсэн олон олон залуучууд, хүмүүс байгаа. Орон даяар энэхүү жагсаалыг зохион байгуулахад бидэнтэй яг энэ мөчид махан биеэрээ хамт байгаагүй ч сэтгэл зүрх, оюун санаагаараа хамт байсан Монголын өнцөг булан бүрт байгаа нийт эх орончиддоо баярлалаа гэж хэлэхийг хүсч байна. …Одоо бид жагсаалынхаа гурав дахь тэмцэл суулт руу орно. Монголчууд маань маргаашнаас эхэлж гарын үсэг зурж нэгдээрэй. Үг хэлж чадаагүй хүмүүст энэ индрийг нээлттэй үлдээх болно.

Төрийн ордонд биднийг ороход дажигнан чичирсэн байна. Бидэнд УИХ-ын гишүүд зам тавьж өгөх хэмжээнд айдаст автсан байна. Энэ бол ард түмний хүч юм… Бидэнтэй жагсаалыг хамтран зохион байгуулсан 120 ТББ, гишүүд, ахмад настнуудад баярлалаа гэж хэлье.

Чин залуу насныхаа гал дөлөөр бадарч, Сэтгэл зүрх хоёртоо шатаж явах үедээ Чин үнэнч амрагтаа хэлж үзээгүй мөртлөө Чинийхээ төлөө үхье гэж бид эх орондоо хэлж чадсан. Бид ялж чадсан. Баярлалаа та бүхэндээ. Монгол улс мандтугай.” гэж тэмцэж буй монголчуудын сэтгэлийг хөдөлтөл хэлсэн юм. Түүний үгийг сонссон монголчууд бид гурвантаа уухайлцгаалаа.

Монгол эх орондоо шударга ёсны шинэ цагийг бүтээн байгуулах жагсаалд олон байгууллага, хувь хүмүүс чин зоригт хүмүүсийн зураг, хөрөг, уриаг барин жагссан. Түүнчлэн Чингис хааны академийн хамт олон сүлд, тугаа намируулан, бамбараа цохих нь сүрлэг бөгөөд Чингис хааны монголчууд энэ цагт сэрж, сэргэхийн дохиог ард түмний сэтгэл зүрх, оюун бодолд өгч байв аа.  

Туурга тусгаар бүрэн эрхт эх орныхоо язгуур эрх ашгийг хамгаалж, МАНАН мафийн саврыг хугалж, Шударга бусын хонгилд шударга ёс, тэгш эрхийн гэрэл, гэгээ цацруулахын төлөө тэмцэн босох гурав дахь тэмцэл эхлээд байна. Бүх ард түмний жагсаал Сүхбаатар жанжны талбайд монгол үндэсний эсгий гэрээ барьж, байршуулан суулт хийх замаар үргэлжилж байна.

Энэ үеэр МАНАН-ийн дарангуйллыг сөхрүүлэн, огцруулах жагсаалд оролцсон иргэдтэй уулзлаа.

Монгол даяар бүх ард түмэн МАНАН дэглэмийг устгахын төлөө хоёр дахь удаагаа тэмцэн жагслаа. Ард түмний амьдрал маш хэцүү байна. Монгол улсын төр засагт нүүрлээд байгаа их авилагч М.Энхболд болон бусад нөхдийн хамт огцрохгүй, монголчуудыг үлхүндэтгэн хандаж байгааг хэрхэн үзэж байна вэ. Монголын улс төр, нийгмийг яаж өөрчлөх вэ? гэж асуулаа.

Тэднийг төрийн ордноос сандалтай нь чирч ард түмний өмнө  гаргаж, ирвэл яасан юм бэ

БЗД-ийн иргэн Ц.Сосорбарам: Манай монголчууд бүгдээрээ энэ асуудалд доривтой арга хэмжээ авахын тулд нэгдэж, тэмцэх хэрэгтэй. МАНАН гэдгийг бүх монголчууд, залуучууд, мөн сургууль, цэцэрлэгийн хүүхдүүд хүртэл сайн ойлгочихлоо. “МАНАН уствал утаа арилах уу ааваа, тийм үү”  гэж бага насны хүүхэд асууж байна. МАНАН-ийн дэглэм гэдэг ямар аймшигтай бүлэг байгааг захын жирийн монголчууд ойлгожээ.

Тиймээс бид зоригтой нэгдээд, доривтой шийдвэр гаргахгүй бол үнэнийг хэлэхэд тэд биднээр даажигнаж байна. Тэднийг төрийн ордноос сандалтай нь чирч ард түмний өмнө  гаргаж, ирвэл яасан юм бэ. М.Энхболд тэргүүтэй нөхөд огцрохгүй байгааг нь харахад тэр сандал их учиртай юм байна.

МАНАН бүлэглэлийг төрөөс унагаахгүй бол монголчууд сөнөхөд бэлэн байна шүү

Баянгол дүүргийн иргэн: Миний хувьд МАНАН дэглэмийг огцруулах жагсаалыг дэмжиж, оролцож байна. Монголчуудын ардчилсан чөлөөт нийгэмд хүний эрхийг их зөрчиж байна. Хамгийн наад зах нь фээсбүүкийг жагсаалын үеэр хаасан гэж мэдээллэхийг сонслоо. М.Энхболд гэх хүн үнэхээр даварчээ. Тиймээс МАНАН бүлэглэлийг төрөөс унагаахгүй бол монголчууд сөнөхөд бэлэн байна шүү гэдгийг анхааруулъя.

Ерөнхийлөгч байсан Н.Энхбаярыг өргөөд гаргадаг шиг М.Энхболдыг чирээд гаргах уу

СУИС-ийн оюутан, залуучуудын төлөөлөл: Огцруулахын төлөө залуучууд бид жагсаалд тэмцэж байна. Монголын ард түмэн М.Энхболд тэргүүтэй хүмүүсийг огцрооч гэж шаардаж хоёр дахь удаагаа жагсаж байхад үлтоож байна.Тиймээс ерөнхийлөгч байсан Н.Энхбаярыг өргөөд гаргадаг шиг М.Энхболдыг чирээд гаргах уу. Эсвэл М.Энхболд болон МАНАН бүлэглэл ийм шийдвэрийг хүсээд байгаа юм уу.

Шүүх, цагдаагийн байгууллагын зарим хүмүүс хүртэл МАНАН-ийн бүлэглэлийн хамсаатан гэсэн

Улаанбаатар хотын унаган хүн. Хан-Уул дүүргийн иргэн: Ийм хүнд амьдралд хүрсэн нь Монголын ард түмний өөрдсийнх нь буруу байх. 28 жил төрийн толгойд ийм хүмүүсийг өөгшүүлсээр өдийг хүрээд байна. Монголын ард түмэн тэднийг огцрохыг шаардаж байхад огцрохгүй байна гэдэг маш бат бөх, ард түмнээс айхаа байсан бүлэглэл байна гэж бодож байгаа.

Маш их монголчууд энэ талбайд ирж, хүчээ үзэн тэмцэхгүй бол ард түмнийг доромжилж, дарлаад сурсан байна. Сонин, сайт, фээсбүүк, ТВ-ээр тэдний буруутайг харуулсан баримттай нотлогоог мэдээллэж байхад дийлдэхгүй суух юм. Тиймээс монголын ард түмэн энэ жагсаалаас хүчээ илүү их нэгтгэж тэмцэж байж л тэднийг төрөөс буулгана. Шүүх, цагдаагийн байгууллагын зарим хүмүүс хүртэл МАНАН-ийн бүлэглэлийн хамсаатан гэсэн. Монгол улсад “Шударга бусын хонгил” үүсээд байгааг хүмүүс шүүмжилж, сонин, сайт, тв-ээр яриад л байгаа. Тиймээс МАНАН бүлэглэлийг унагааж, шударга тэгш, эрхтэй нийгмийг байгуулъя.

Ард түмэн ялна. Олигархийн бүлэглэл унана

Хан-Уул дүүргийн 11- р хорооны иргэн н.Хишигжаргал:

-Монголын төрд хорт могой шиг үүрлэсэн М.Энхболд тэргүүтэй МАНАН-ийн дарангуйллыг огцруулж, Монгол улсаа яаж аварч, монголчуудын амьдралыг яаж сайхан болгох арга ухаан байна вэ?

-Би 40-ээд насандаа Ардчилсан хувьсгалд энэ талбайд жагсаж явсан. 1990-ээд оноос хойш улс орноо гайхамшигтай сайхан амьдралтай орон болно гэж мөрөөдөж байсан. Гэтэл тэр мөрөөдөл талаар болж, хэдхэн хүн баяжсан олигархийн нийгэм болсон. Бидний үр хүүхэд, ач зээ нарын ирээдүйн амьдрал дэндүү бүрхэг болоод байна. Тиймээс би 70 нас хэдий өнгөрсөн ч ард түмний М.Энхболдыг огцруулж, МАНАН бүлэглэлийг унагаахын төлөө тэмцэлд оролцож байна.

Хүн бүр хойч үеийнхээ сайн сайхны төлөө тэмцэх ёстой. МАНАН-гийн бүлэглэлийн эсрэг сөрөн тэмцэж байгаа Л.Оюунэрдэнэ, Лу.Болд, Ж.Батзандан зэрэг шинэ үеийн хэдэн залуустаа баярлаж байна. Монголын сайхан залуус хүний нутагт боолын хөдөлмөр эрхэлж, ядарч зүдэрч явна. Мөн их, дээд сургуулиа төгсөөд эх оронд нь ажил олдохгүй, гудамжинд явж байгаа залуус олон байгаад харамсаж байна. Энэ бүхнийг өөрчлөхийн төлөө энэ тэмцлийг хийж байгаа хүн бүхэнд баярлаж байна. Ард түмэн ялна. Олигархийн бүлэглэл унана. Энэ цагт Монголын ард түмэнд гэгээн сайхан ирээдүй хүлээж байгаа.

М.Энхболд тэргүүтэй хүмүүсийг төрөөс ор үндэсгүй огцруулаад, дахин шинэ, эрүүл нийгмийг байгуулна

МУИС төгсөөд, Нисэхийн салбарт ажилладаг Баянгол дүүргийн иргэн

-Залуучууд төдийгүй настан буурлууд, ер нь хүн бүхэн шинэ цаг үеийг хүлээж, тайван сайхан, дарамтгүй амьдрахыг маш их хүсч байна. Монголын төрийн бүх үйл ажиллагааг шударга болгохын тулд ямар арга ухаанаар өөрчлөх вэ. Залуу хүний хувьд бодлоо хуваалцна уу?

-Монголчуудыг ингэж нэг тэмцлийн дор цуглуулж чадаж байгаад баяртай байна. Монголын залуучууд бид шинэ цагийн хүмүүс. Залуучууд бид алийн болгон хэн нэгнийг харж, өөрийн гэсэн бодолгүй, дуугай явах юм бэ. Бид өөрсдийгөө илэрхийлэх цаг болсон. Миний хувьд ганц М.Энхболдыг огцруулахын төлөө жагсаж байгаа биш.

Улс төржихгүйгээр ард түмний амьдрал ямар их хэцүү байгааг залуучууд бид их мэдэрч байгаа. Залуучууд бид сайн дурын хүмүүнлэгийн ажил их хийж, ядуу, эмзэг бүлгийн хүмүүс болон зарим бүлгийн хүмүүст тус хүргэж явдаг юм. Сүүлийн хоёр жил хотын захын айлуудын амьдрал, байгаа байдал үнэхээр хэцүү байна. Гэхдээ Монгол улсыг сайн цаг руу орууллаа ч гэсэн бидэнд ард түмнээ соён гэгээрүүлэхэд доод тал нь 20-30 жил хангалттай юм шиг санагддаг.

Хамгийн түрүүнд 60 тэрбумаар наймаалцдаг М.Энхболд тэргүүтэй хүмүүсийг төрөөс ор үндэсгүй огцруулаад, дахин шинэ, эрүүл нийгмийг байгуулна гэдэгт найдаж байна. Залуу хүний хувьд залуусаа төлөөлж энэ үзэл бодлоо хэлэхгүй бол болохгүй болсон гэдгийг ойлгож байна.

Тэдэнд ард түмэн, эх орноо гэсэн сэтгэл байсан бол

монгол хүн сайхан амьдрах боломж байсан

Төв аймгийн Баянхангай сумын иргэн, малчин Х.Нямдаваа:

-Хөдөө нутагт амьдрал ямар байна вэ. Монголын төрд бүгсэн дэглэмийг унагаахын төлөө монголчууд нэгдэж, тэмцэж чадлаа. Сэтгэгдлээ хэлнэ үү?

-Би ард иргэдтэйгээ нэгэн адил бурангуй үйл ажиллагаа хийдэг, төр түшсэн хүмүүс ард түмнийхээ төлөө ажиллаж чадахгүй байгаа М.Энхболд тэргүүтэй хүмүүсийг эсэргүүцэж, сумдын малчин иргэдээ төлөөлөн жагсаж байна. Цаашид энэхүү жагсаалын бүх үйл ажиллагаанд нэгдэж, оролцоно. Монголын ард түмний амьдрал хөдөө, хот суурин газар  гэлтгүй хэцүү байна. Ард түмний итгэлийг авч, сонгуульд ялж, төрийг удирдаж байгаа хүмүүс хувийн болон хэсэг бүлэг хүмүүсийн эрх ашгаа бодож, ажиллаж байгаад харамсаж байна. Тэдэнд ард түмэн, эх орноо гэсэн сэтгэл байсан бол монгол хүн сайхан амьдрах боломж байсан. Мөн тэд хувиа бодож, довоо шарлуулж явсан учраас ард түмэн гомдон эсэргүүцэж, босч байгааг нутгийн олноо төлөөлөн би дэмжиж, баяртай байна.

Би тэднийг огцруулахын төлөө өлсгөлөнд оролцох өргөдлөө өгсөн

Орхон аймагт 32 жил багшлаад тэтгэвэртээ өнгөрсөн жилийн хавар гарсан, багш Г.Наранцэцэг:

-Монголын ард түмэн цөхөрч байна. Шинэ Монгол, шинэ хөгжлийг хүсч байна. Та энэхүү тэмцлийн талаар бодлоо хэлнэ үү?

-Монголын багш нар цалинга нэмүүлэх гэж тэмцсэн. Тэр тэмцэлд Мөнхтуяа багшийг би дэмжээд жил гаруй тэмцсээр өдийг хүрч байна. БСШСЯ ажиллаж чадахгүй байна, Цогзолмаа сайд огцор гэж шаардсан ч амжилтанд хүрээгүй. Тиймээс шатыг дээрээс нь цэвэрлэдэг гэдэг шиг энэ төрийг дээрээс нь М.Энхболдыг огцруулж байж, дараагийн шатны албан тушаалтнуудыг огцруулахыг шаардаж байна. БСШУҮХолбоо Монголын багш нарын төлөө явдаггүй учир. Тиймээс бид өөрсдийн эрх ашгаа хамгаалж, Монголын Багш нарын Үйлдвэрчний Холбоог байгуулж, төрийг дээрээс нь цэвэрлэх тэмцэлд нэгдээд байна. Бид хаана хзрээд зорилгодоо хүрдэг юм, хаана хүрээд хана мөргөдөг юм тэр хүртэл тууштай тэмцнэ. М.Энхболд огцрохгүй гэж байна. Тиймээс би тэднийг огцруулахын төлөө өлсгөлөнд оролцох өргөдлөө өгсөн.

Хулгайч хулгайчаа шалгахгүй учраас ард түмний төлөөллийг 

ажлын хэсэгт ажиллуулах хэрэгтэй

Иргэний зориг намын Амартүвшин: Газрын лиценз олгосон асуудал, замбараагүй малтаад байгаа газрыг шалган тогтоох ард түмний шалгалтын ажлын хэгийг зохион байгуулаач гэж шаардлагыг хүргүүлсэн боловч одоо долоон сар өнгөрч байна. Бид цаашид Монгол улсын бүрэн байдлыг авч үлдэхийн тулд энэ бүхнийг таслан зогсоох хэрэгтэй. 2018 оны 11 –р сарын 15-ны өдөр төрийн өмчит аж ахуйн 93 нэгжүүд болох Эрдэнэт, МИАТ, Шивээ овоо, Бага нуур, Төмөр зам зэрэг компаниуд үйл ажиллагаа явуулж байна. Аж ахуйн нэгжүүд нийлээд 2016 оны байдлаар 10 их наяд 800 тэрбум төгрөгний өр зээлтэй гэсэн дүн гарсан.

Мөн одоо ЖДҮС-аас 40-өөд тэрбум төгрөг идэж, уусан гэж хөл, толгой нь олдохгүй зодоон болж байна. Төрийн өмчит аж ахуйн нэгжүүд 10 их наяд 800 тэрбум төгрөгний алдагдалтай ажилласан байдаг. Гэтэл үүний шалтгаан нь жишээ нь, бидэнд мэдэгдэж байгаагаар Эрдэнэт үйлдвэрт усан онгоцны мотор, бэлгэвч, таарахгүй билязны дугуй, ажлын бээлий шахсан байна. Энэ алдагдлыг монголчуудын худалдан авалт болгоноос өгч байгаа татвраар дарахыг оролдож байна. Энэ их мөнгө хаачсан юм бэ гэхээр оффшор дансанд хадгалагддаг. Үүнийг шалгах ажлын хэсэг зохион байгуулаач гэж Монголын төрийн гурван өндөрлөг ерөнхийлөгч Баттулга, Хүрэлсүх, М.Энхболд нарт шаардлага хүргүүлсэн боловч нэг ч хариу алга. Ерөнхийлөгчийн Тамгын газраас биднийг хүлээж авч уулзсан. Энэхүү ажлын хэсэг зохион байгуулах талаар ярилцсан.

Хулгайч хулгайчаа шалгахгүй учраас ард түмний төлөөллийг хүссэн хэмжээгээр нь ажлын хэсэгт ажиллуулах хэрэгтэй гэж хэлсэн. Энэ шаардлагыг бид тавиад юуг батлах вэ. 28 жилийн хугацаанд төрийн өмчит 93 аж ахуйн нэгжүүд эрх мэдлээ урвуулан ашиглаж, төрийн өмч, хөрөнгөөс яаж идэж ууж, хувьдаа завшсан юм бэ гэдгийг ард түмэн тодорхойлно. Үндсэн хуулийн гурвын нэгд Монгол улсад Засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна гэсэн заалт бий. Ард түмэн төр засгаа удирдан чиглүүлж, шалгах эрхтэй юм бол төлөөллийн байгууллага нь төрийн өмчөөс идэж уусныг нь тодорхой илрүүлэх ёстой.  Хэрэв илрүүлвэл бид хуулийн дагуу огцорно гэж хэлээд байгаа М.Энхболд болон идэж уусан бүх авилгач албан тушаалтнуудыг ард түмэн хуулиар олгогдсон эрхийнхээ дагуу төрийн сандлаас чирч гаргах эрхтэй болно.

Б.МӨНХЖАРГАЛ: МАНАН дэглэмийн эсрэг тэмцлийгзогсооход хэцүү

 

МАНАН дэглэмийн эсрэг Монгол түмний нэгдлийн Ажлын албаны гишүүн, жагсаалын зохион байгуулагч, эдийн засагч Б.Мөнхжаргалтай жагсаал, суултын үеэр ямар зохицуулалт хийж байгаа талаар ярилцлаа.

-МАНАН дэглэмийг төрөөс холдуулах тэмцэл нь бүх ард түмэнд тэгш эрхтэй амьдрал авчрахын төлөөх жагсаал гэж ойлгож байгаа. Ард түмний суулт Монгол эсгий гэртээ эхэллээ. МАНАН болон М.Энхболд ард түмнийг яагаад ийм байдалд хүргэв ээ?

-1–р сарын 10 ны өдөр МАНАН дэглэмийн эсрэг хоёр дахь удаагийн тайван жагсаалд ард иргэд өмнөх жагсаалд ирсэн тооноос 3 дахин их хэмжээний хүмүүс оролцлоо. Өндөр албан тушаалтнууд энэ жагсаалыг саармагжуулсан, үлтоомсорлон хэвлэл мэдээллийн олон хэрэгслээр ярьж харагдсан. Энэ бол тэдний ярьснаар тийм биш гэдгийг хоёр дахь удаагийн жагсаал хангалттай нотлож харуулсан. МАНАН дэглэмийг огцруулах шаардлагыг УИХ, төрийн дээд эрх барих ҮАБЗ хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэх, энэ хуулийг батлах тухай зөвлөмжийг гаргасан гэж ойлгосон. М.Энхболдыг огцор гэсэн шаардлагыг ард түмэн тавьж, тэмцсэн. Гэтэл М.Энхболд хоёр дахь удаагаа сайн дураараа огцрохгүй гэсэн хариултыг өгсөн.

-Монгол улс М.Энхболд ба хамсаатнуудын өмч хөрөнгө биш шүү дээ. Ямар том толгойтой хүмүүс вэ. Тэдний дээр ард түмэн, Монголын тусгаар тогтнол оршиж байна. Ард түмэн жагсаалын үеэр сэтгүүлч миний асуултанд үзэл бодлоо их чанга, хатуу хэлсэн?

-Ард түмний уур бухимдалтай энэ нөхцлийг тайван замын хэлбэр рүү шилжүүлэхгүй бол аюултай. Ийм ичгүүр, сонжуургүй, ёс зүйгүй хариуг М.Энхболд хоёр дахь удаагаа өгч байна. Ийм тохиолдолд иргэдийн дунд маш хүндрэлтэй байдал үүссэн. УИХ-ын гишүүдэд энэ бүх нөхцөл байдлыг зөвөөр ойлгуулж, гэр барьж суулт хийн үргэлжлүүлэн тэмцэнэ гэдгээ мэдэгдсэн. Бид ийм нөхцөл байдал үүснэ гэдгийг тооцсон учраас аж ахуйн нэгжүүд, ард иргэдээс эсгий гэрээ түр хандивлаач гэсэн зарыг явуулснаар гэрээ өгч, тусаллаа.

Түүнчлэн ТББ-ууд гэрээ өөрсдөө барьсан. Бидний тэмцэл зогсохгүй. 1-р сарын 10, 11-ны байдлаар зөвшөөрөгдсөн тайлбайн хэмжээнд 40 гаран эсгий гэр барина гэдэг тийм амар ажил биш. Ард түмэн өөрсдөө гэрээ авчирч, барьсан. Бид нэгдсэн том зорилготой жагсаал цуглааны үргэлжлэл.

МАНАН дэглэмийн эсрэг ард түмний үндсэн эрх ашигт нийцсэн таван зорилгын хүрээнд уриа лоозонг суултын гэрүүдэд тавьж байгаа. Хүний эрхийн зөрчилтэй, хэт их өдөөн хатгасан, хүний хувийн амьдрал руу хэт их орж, олон нийтэд дэлгэсэн, үймээн самуунд турхирсан, ер нь ёс зүйн хэм хэмжээнээс хэтэрсэн тэмцэл, хандлагыг зохион байгуулагчид бид цензурдаж байгаа.Суулт хийж, өлсгөлөн зарлах иргэд яаж тэмцэх зохион байгуулалтаа сайн мэдэхгүй байгаа учраас зөвлөмжөө хүргүүлж байна.

-Жагсаалд тэмцэгчдийн зарим нь суулт хийхдээ хүний эрхийг зөрчсөн хандлага, уриануудыг нь цэгцэлж, зөвлөмж хүргүүлнэ гэдэг маш зөв бодлого, зохион байгуулалт байна. Би бас иргэний хувьд, мөн сэтгүүлчийн зүгээс жагсаалыг дэмжиж байгаа?

-Бид тайван замаар Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн дагуу, Монгол улсын Үндсэн хуулийг хангах эрхийн хүрээнд жагсаалын тэмцлээ үргэлжлүүлнэ. Биднийг өчүүхэн төдий алдаа гаргахад л нөгөө талд бидний энэ том зорилготой жагсаалыг унагахын төлөө маш том зохион байгуулалттай баг ажиллаж байгаа талаар мэдээлэл ирээд байна.

-Ямар баг юм бэ. Тэднийг илрүүлэх хэрэгтэй биш үү?

-Нам дамжсан, маш том санхүүжилттэй баг байна гэсэн мэдээлэл ирсэн.

-Тэгвэл эсгий гэрүүд дэхь ард түмний суулт хэдэн өдөр үргэлжлэх юм бэ?

-Ард түмний хүсэл зорилгоор болж байгаа жагсаал, суулт учир бид эхний тавьсан зорилгоо үр дүнд нь хүргэж дуусгана.

-Эхлээд огцрохыг л хүлээх үү?

-Тийм. Энэ тэмцлийн ард нь ард түмэн байгаа учраас ямагт ялдаг. Тиймээс МАНАН дэглэмийн эсрэг тэмцлийг ямар ч хүн зогсооход хэцүү.

Б.БАЯРМАА

0 0 votes
Article Rating
Таг

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх
guest

0 Comments
Inline Feedbacks
View all comments
Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
Close