НийгэмЭх сурвалжFocus

Кубаныч Тагаев: Бэлчээрээ сайжруулах гол хөшүүрэг нь бэлчээр ашигласны төлбөр байсан

Монгол улсын эдийн засгийн нэгэн чухал хөшүүрэг бол мал аж ахуйн салбар. Мал аж ахуйн салбарын үндэс бол мэдээж бэлчээр. Тиймээс бэлчээр нутгаа зөв зохистой ашиглаж, хайрлаж хамгаалах нь дан ганц малчин хүн төдийгүй монгол хүн бүрийн журамт үүрэг гэж болно. Хэдийгээр Монгол Улс 1996 онд “Бэлчээрийн тухай хууль”-тай болно гэж ярьж эхэлсэн ч өнөөдрийг хүртэл уг хууль батлагдахгүй 5 парламент дамнаад явж байна. Тэгвэл 2005 онд Киргизстан улсын төлөөлөл манай улсад ирж, Бэлчээрийн тухай хуулийн төслөөс туршлага судалж байсан түүхтэй. Тэд манай хуулиас санаа аваад 2009 онд өөрийн улсын онцлогт тохирсон хууль батлаж, маш сайн үр дүнд хүрсэн талаар ярьж байна.

Тодруулбал, Швейцарийн хөгжлийн агентлаг Ногоон алт малын эрүүл мэнд төслийн хэрэгжүүлэгч Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоо болон Жасыл холбооны олон улсын хамтын ажиллагааны хүрээнд Киргизстан улсын бэлчээрийн чиглэлийн үйл ажиллагааг хариуцан ажилладаг байгууллагуудын төлөөлөл өнгөрсөн 2018 оны 12 дугаар сард манай улсад айлчилсан юм. Айлчлалын бүрэлдэхүүнд Киргизстаны Үндэсний Бэлчээр ашиглагчдын нийгэмлэгийн тэргүүн Тимербек Акматов, Киргизстаны Үндэсний Бэлчээр ашиглагчдын нийгэмлэгийн мэргэжилтэн Кубаныч Тагаев, Бель Альденский районы Бэлчээр ашиглагчдын холбооны дарга Уран Маралбаев, Ысык-Колуской район Липинский Бэлчээр ашиглагчдын холбооны дарга Урмат Докоев, Нарийнский район Жерге –Талского Бэлчээр ашиглагчдын хорооны дарга Шекер Жумабекова нар багтсан юм. Айлчлалын үеэр Киргизстан Улсын Үндэсний бэлчээр Ашиглагчдын нийгэмлэгийн мэргэжилтэй Кубаныч Тагаевтай ярилцсанаа хүргэж байна.

-Киргизстан улсаас манай улсад айлчилж байгаа та бүхэндээ юуны өмнө талархал илэрхийлье. Киргизстан улсын бэлчээрийн онцлог, мал сүргийн бүтэц ямар байдаг вэ?

-Киргизстан улс нь область буюу 7 аймагтай, 42 район буюу сумтай, 448 бэлчээрийн холбоотой. Байгаль  экологийн хувьд өндөрлөг, уул нурууд ихтэй. Нийт газар нутгийн 93 хувь нь өндөр уул эзэлдэг. Нутаг дэвсгэрийн 40 орчим хувь нь далайн түвшнээс дээш 2000 метрээс дээш байдаг. Нийт газар нутгийн 40 хувь нь бэлчээр нутаг, Монголтой адил таван хошуу малтай. Манай улсад бэлчээр төрийн өмч. Бид бэлчээрээ өвлийнх, хаврынх, зуных, намрынх гэж ангилдаг. Нийт 10 сая малтай.

-Киргизстан улс Бэлчээрийн тухай хууль гаргахаас өмнө  ямар байсан бэ?

-1990 онд ЗХУ задарсны дараа тусгаар улсууд болж, сангийн аж ахуйнууд үйл ажиллагаагаа зогсож, 20 орчим жил бэлчээр ямар ч эзэнгүй болсон. Хуулийн өөрчлөлт шинэчлэл  хийгдэхээс өмнө малын тоо яг хэд байсныг сайн мэдэхгүй байна. Гэхдээ одоогийн түвшинд байсан гэж бодож байна. Хамгийн гол нь өөрчлөлт хийснээр малчдад хүндрэл учруулж байсан олон асуудлууд шийдэгдсэн. Жишээлбэл, малчид бэлчээрээ ашиглаж, эзэмшихийн тулд гэрээ хийнэ. Ингэхдээ эхлээд багийн түвшинд даргатайгаа ярина, дараа нь сумын түвшинд гээд явна. Хэрэв алсын бэлчээр, уулын бэлчээрийг ашиглах бол аймгийн даргатай уулзах ёстой гэх зэргээр чирэгдэл их үүсдэг байсан. Одоо харин энэ хууль гарсанаас хойш олон давхар чирэгдэл нь багасгасан.

Мөн малчин тодорхой нэг нутаг дэвсгэрт удаан хугацаагаар байж, алс холын бэлчээрт явах эрх зүйн үндэслэл нь байдаггүй. Ингэснээр ойролцоох бэлчээр буюу өвөлжөө хаваржааны бэлчээр их хэмжээгээр доройтдог, талхлагддаг, ургамлын бүрэлдэхүүний өөрчлөлт мэдрэгдэж эхэлсэн. Эрх зүйн орчны дутагдалтай талууд буюу гурван шатлалтай удирдлагын систем байсныг арилгасан. Энэ бол хуучин удирдлагын систем юм. 4 улирлаараа хуваагдсан өөр өөр түвшний зохион байгуулалтыг хийдэг байсан.

Тухайлбал, өвлийн бэлчээрийг сум зохион байгуулдаг. Намрын бэлчээрийг район буюу  аймаг хариуцдаг. Бэлчээр нутаг багатай учраас сум сумынхаа засаг захиргаанд өвлийн улирлыг хариуцаад бусад улиралдаа бүсээр хувааж дундаа эзэмшдэг байсан. Шинэ хууль гарсанаар дээрх асуудлыг бүрэн зохицуулж чадсан. Бүх бэлчээрийн талаарх эрх мэдлийг сумын мэдэлд өгсөн. Бэлчээр ашиглагчдын нэгдэл буюу бүлэг үүсгэсэн. Энэ бүлэг нь бэлчээр ашиглах хүсэл зорилгоороо нэгдсэн хүмүүс байна. Тэд бэлчээрийн хороо байгуулдаг. Хороо нь район буюу сумын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг бол аймгийн хэмжээнд ассоциаци буюу холбоо ажилладаг. Холбооны хувьд үйл ажилллагааныхаа зардлыг төр засгаас авдаггүй. Олон улсын төсөл хөтөлбөр, гишүүн байгууллагуудаас мөнгө авдаг. Бүх хороонууд өөрийн төсвөөс холбоондоо гишүүний татвар төлдөг.

-Хороонд хэдэн хүн ажилладаг юм бэ?

–Бэлчээрийн хороонд сумын төлөөлөл болсон янз бүрийн ажил мэргэжлийн гэхдээ тухайн нутагтаа нэр хүнд бүхий хүмүүс багтдаг. Тухайлбал, Сангийн аж ахуй эрхэлдэг хүмүүс, газрын мэргэжилтнүүд, малчдын төлөөлөл болсон орж ажлын хэсэг байгуулдаг. Дарга, нягтлан, байцаагч гэсэн үндсэн 3 хүн нь албан ёсоор төрөөс цалин авдаг, бусад 5-6 хүн нь хурлаар сонгогдож, сайн дурын үндсэн дээр ажиллана. Энэ хүмүүс хуулинд заасан дүрэм журмын дагуу тухайн бэлчээрээ ашиглах 5 жилийн төлөвлөгөөг боловсруулдаг. Түүнийг нь Орон нутгийн хурал дээр баталдаг.

Манай улсын хэмжээнд 454 бэлчээр ашиглагчдын хороо ажилладаг. Тэд улсаас ямар нэгэн тусламж дэмжлэг авдаггүй. Өөрсдийнхөө мөнгөөр гүүр тавьж, зам засч, худаг гаргаж, бэлчээрээ сайжруулж, таримал тэжээл тарьж байна. Малчид зохион байгуулалтад ороод энэ бүхнээ хийдэг. Гол нь малчдын нийгмийн асуудал шийдэгдэж, эдийн засаг, соёл,   экологийн үр дүн гарч байна. Бүлгүүд өөрийн ашиг сонирхолоороо сэтгэлгээ, оюуны потенциалыг дээшлүүлэх ажлууд хийдэг. Гишүүдийн саналыг үндэслэж, тухай жилдээ ямар ажил хийхээ шийдээд явдаг.

Удирдлага гурван жил тутамдаа гишүүдийн саналаар солигддог. Ардчиллын зарчмаар ажилладаг биеэ даасан байгууллага. Гол үзүүлэлт нь бэлчээрээ сайжруулсан байдал. Хууль гарч ирсэнээр бэлчээрийн үзүүлэлт 70 гаруй хувиар сайжирсан. Өөрсдөө төлөвлөгөөгөө гаргаж, таримал ургамлын үрээр тэжээл тарьж, бэлчээрээ сайжруулдаг. Бид “Киргизстан улсынхаа бэлчээрийг хамгаалж хойч үедээ үлдээе” гэсэн гол уриатай ажилладаг. Бэлчээрийн асуудлыг малчдад өөрсдөд нь хариуцуулаад өгчихсөн, улс оролцож саад болдоггүй нь манай хуулийн гол онцлог.

Засгийн газар, яам энэ асуудал оролцохгүй. Гол эрх аймгийн зөвлөлд бий. Бэлчээрийн хороонд бүх эрхийг шилжүүлснээр тэд өөрийн хөрөнгөтэй, машин техниктэй, хүчтэй байгууллага болж төлөвшсөн. Зарим өндөр уулын бэлчээрт очиход зориулан зам харгуй гаргаж, гүүр хүртэл барьж өгдөг. Бэлчээрийн асуудлыг яах вэ гэдэгт сумын удирдлага санаа зовдоггүй ганцхан хорооныхон энэ бүхнийг хийгээд явчихдаг. Сум засаг захиргааныхаа зүгээс харин хяналтаа тавиад явчихна. Тэд бэлчээр талхлагдаж байна уу, үгүй юу гэдэгт оролцохоос бусад зүйлд ордоггүй. Хэрэв буруу ашигласан байвал улсаас торгууль тавьдаг.

-Бэлчээрийн хууль батлагдаж, хэрэгжих энэ хугацаанд ямар ямар хүндрэл бэрхшээл гарч байв. Гарч байсан бол ямар арга замаар шийдэж байсан бэ?

-Хуулийг сайн ойлгоогүйгээс эхэндээ хүндрэл бэрхшээл гарч байсан. Малчдын бүлэг байгуулна гэхэд малчид ойлгохгүй нилээн дургүйцсэн, мөн бэлчээр ашигласны төлбөр авна гэхэд эсэргүүцэж байсан. Хамгийн хүндрэлтэй асуудал нь бүлэг байгуулах байсан. Бүлэг байгуулаад бэлчээрийг эзэнтэй болгоод түүний ахлагчыг нь сонгоод, эдгээр хүмүүс нь ажиллаад хуулиа сурталчилаад явсан. Тэдний үйл ажиллагаа хүмүүсийн нүдэн дээр ил.

Малын тооноос хамаараад жил болгон малчдад бэлчээрийг хуваарилж өгдөг. Тухайлбал, 100 үхэртэй бол 100 га газар хуваарилдаг. Манай улсын хувьд малчид болон мал бүхий иргэд гэж байдаг. Тодруулбал, айл бүр малтай. Мал бүхий иргэд нь цөөн тооны буюу 1 үнээ, 5 хоньтой гэх мэтээр байдаг. Тэднийг малчин гэх боломжгүй ч төлбөрийг малынх нь тоонд тааруулаад авчихна. Цөөхөн малтай өрхийн малыг зун, намартаа малчин өрхүүд өөрийнхтэйгээ нийлүүлж, алсын булчээр буюу өндөр ууланд идээшлүүлдэг. Өвөлжөөний бэлчээрийг харин малчинд эзэмшүүлдэг. Хаврын бэлчээр нь далайн түвшнээс дээш 2000 метрийн өндөрт, зундаа 3000-5000 метрийн өндөрт байрладаг. Тэгэхдээ нүүдэл нь 80-150 км  хооронд  байдаг. Намар нам дор газарт буугаад ирдэг. Буугаад ирэхээрээ маршрут гаргаж өгөөд энд 10 хононо, тэнд 20 хононо, Тэнд 30 хононо гээд ашиглах замыг нь заагаад өгчихдөг.

Бэлчээр ашигласны төлбөрт цугласан мөнгөнөөс тодорхой хэсгийг нь бэлчээр сайжруулахад ашиглаж, зам тавиад, гүүр засаад эхлэхээр хүмүүс аяндаа хэрэгтэй, зөв юм байна гэдгийг нь ойлгож, хүлээж аван биднийг дэмжиж ажилласан.

-Малчдаас авах  хураамж нь эсэргүүцэлтэй тулгарч байсан гэлээ. Асуудлыг хэрхэн шийдсэн бэ?

-Хамгийн гол асуудал нь олон шат дамжлагийг багасгах, тэрнээс гадна бүх эрх мэдлийг Бэлчээр ашиглагчдад буюу танайхаар бол багийн мэдэлд шилжүүлсэн. Баг нь Бэлчээр ашиглагчдын бүлэгтэйгээ гэрээ хэлэлцээрээ хийгээд, бүлэг нь ардчиллын зарчмаар ажиллана. Тодруулбал, бэлчээр ашигладаг иргэн бүр саналаа өгөх эрхтэй, сонгох сонгогдох эрхтэй. Үүнийхээ дагуу суманд байгаа бэлчээрийн хорооны үйл ажиллагаанд хяналт тавина, хороо нь багаараа дамжуулаад малчдад жил болгон тодорхой хугацаанд  тайлангаа тавьдаг.

Хичнээн хэмжээний орлогыг бид хураамжаасаа хуримтлуулсан болон юу юунд зарцуулсан гэх мэт тайлангаа тавьж тэрийг нь бүгд мэддэг болсон сайн талтай. Дараагийн сайн тал нь бол өмнө бидэнд юу юу хэрэгтэй болон хичнээн орлого хуримтлагдах, түүнийг юу юунд зарцуулах ёстойг ганцхан дарга мэдээд шийдвэр гаргадаг байсан бол одоо малчид өөрсдөө саналаараа мэдэж шийддэг болсоноор хяналт нь сайжирсан.

-Хэдий хугацаанд эхний үр дүн гарсан бэ?

-Эхний нааштай үр дүн нь 3-4 жилийн хугацаанд гарч эхэлсэн. Гэхдээ харилцан адилгүй, эхний жилээсээ үр дүн нь гарсан газрууд ч байдаг. Уг хууль хэрэгжиж эхэлснээр сахилга бат сайжирсан, хариуцлагатай болсон. Нэгдүгээрт бэлчээр ашиглах гэрээ хийдэг болсон, хоёрдугаарт малчиддаа карт өгдөг болсон. Уг картанд малчдын бүх мэдээлэл буюу тухайн малчны малын тоо толгой, малаа хэдийд ямар вакцинд хамруулсан, бэлчээрийн төлбөрөө хэдийд хэдийг төлсөн, хэзээ хаана ямар бэлчээрт буусан гэх мэт бүх мэдээлэл нь тэр картанд бичигдсэн байдаг. Түүгээр нь хяналтыг тавьдаг боллоо. Малчин уг картаа жил бүрийн эхэнд шинэчлэн авдаг. Одоо бол 100 хувь буюу бүх малчид төлбөрөө төлдөг болсон.

-Хэрэв тухайн малчин карт авахгүй тохиолдолд торгодог уу? Ямар арга хэмжээ авдаг вэ?

-Малчин болгонтой Бэлчээр ашиглах гэрээ хийдэг. Газрын хэмжээг тогтоохдоо малынх нь тоогоор өгдөг. 100 үхэртэй бол 100 үхэрт тохирсон газар, 50 үхэртэй бол 50 үхэрт тохирсон газар л өгнө. Ашиглах гэрээний хугацаа 1 жил. Жилийн эцэст дүгнээд картаа сунгаад явдаг. Карт авахгүй бол хууль зөрчиж байна гэж үзэн тухайн малчны малын тоо толгойноос хамааран доод тал нь 100 доллар, дээд тал нь 500 долларын мөнгөн торгуулиар торгох арга хэмжээ авдаг. Мөн хүлээсэн үүргээ биелүүлээгүй бол картыг нь хураан авч хариуцлага тооцдог. Картаа хураалгавал малаа бэлчээх газаргүй болох тул тийм асуудал ер нь л үүсдэггүй.

-Бэлчээрийн даац хэтэрсэн бол ямар торгууль байх вэ. Ямар үндэслэлээр яаж гаргадаг юм бэ?

-Малаа тоолох ажлыг хороо хийнэ. Хороо тооллогын ажлаа дуусаад малынхаа тоонд тохируулаад төлбөрийг авчихдаг. Бэлчээрийн талхлалтыг тооцохдоо энэ хэмжээний газарт тийм тооны малтай байна гээд хязгаарыг тогтоогоод өгчихдөг. Дээд хязгаараас хэтэрсэн бол малчин хуулийн дагуу төлбөрөө төлдөг. Илүү малаа нядлах юм уу гэж эсэргүүцдэггүй. Учир нь өөрт нь бэлчээр хариуцуулчихаад байхад малынхаа тоог нэмээд хоёр жилийн дотор талхалчих юм бол тухайн газар нь ашиглах аргагүй болчихно. Тиймээс төлбөрөө төлж, зохистой харьцааг барихыг хичээдэг.

-Улсын тусгай хамгаалалттай газар гэж байдаг уу. Тэр доторх бэлчээрийг яаж ашигладаг юм бэ?

-Бүх шатандаа газрын асуудал хариуцсан байгууллагууд байдаг. Тэд хотын газар, тариалангийн газар гэх зэргийг хариуцаж, ерөнхий бодлогын хувьд тусалдаг ч бэлчээрийн асуудалд оролцдоггүй. Тодорхой хэмжээний тусгай хамгаалалттай газрууд байдаг тэнд мал оруулдаггүй. Харин байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг тусгай байгууллагууд ан агнах зөвшөөрлийг өгдөг. Ан агнах зөвшөөрлийн 25 хувь нь автоматаар хорооны дансанд орж, 75 хувь улсын төсөвт ордог. Аялал жуулчлалын байгууллага, гар утасны байгууллага төлбөрөө улсад биш хороонд өгдөг. Учир нь бэлчээрт аялал жуулчлалын үйл ажиллагаагаа эрхэлж, антенн босгосон гэж хураамжаа өгч байгаа хэрэг.

-Ан амьтан агнавал татвар хураамжаа хороонд өгдөг гэж байна. Байгаль орчны байцаагчийн ажлыг давхар хийчихэж байгаа юм байна, тийм үү. Энэ талаар тодруулж өгөөч?

-Байгаль орчноо хамгаалах нь цогц ажлын үр дүнд бий болдог. Зэрлэг амьтад ч гэсэн бэлчээрээс идэш тэжээлээ олж иддэг шүү дээ.

-Та бүхэн Монгол Улсын “Бэлчээрийн тухай хууль”–ийн төсөлтэй танилцсан. Хуулийн төсөлтэй холбоотой санал зөвлөмж юу байна?

-Хамгийн гол нь бэлчээрийн төлбөрийн асуудал юм. Эндээс л бүх сахилга бат, хариуцлага эхлэнэ. Дараа нь бэлчээрээ сайжруулах, сэлгээ хийх асуудал яригдана. Тэгээд бэлчээрийнхээ даацад тохирсон ашиглалтыг зөв зохистой байлгах хэрэгтэй юм. Гол нь бэлчээрийг ашиглах эрх мэдлийг малчдын бүлэгт нь буюу малчдад  өгөх хэрэгтэй.  Үүнтэйгээ зэрэгцүүлээд тухайн бүлэгт эрх, үүргийг нь өгөөд хариуцлагийг нь тодорхой болгоод ирэхээр асуудлууд аяндаа шийдэгдээд ирнэ. Энэ маш чухал.
Манай улсын Бэлчээрийн хууль гол санаа нь яг үүн дээр л тогтож байдаг. Дараа нь малчид бие биенээ сургаад, бие биендээ хариуцлагатай хандаад  ирдэг. Төр засгаас бодлогоо зөв гаргаад, хяналтаа сайн тавиад  явахад л болно.

Бидний хувьд бэлчээрээ сайжруулах гол хөшүүрэг нь бэлчээр ашигласны төлбөр байсан. Энэ төлбөр нь тусгай хөрөнгө бүрдүүлж ажиллах боломжийг олгосон. Бэлчээрийн хуулиараа нэг хонин толгой тутамд 0,20 цент, нэг үхэрт 1 ам.долларын төлбөр тогтоосон. Гэхдээ тухайн жилийн өвсний гарц ийм байна, тиймээс нэг хонин толгойгоосоо тэдэн төгрөг авья гэдгээ хуралдаж шийддэг. Өнгөрсөн хугацаанд хуулиндаа шаардлагатай шинэ заалт нэмж, хасаж байна. Бэлчээр ашиглагчдын хороо дотоод дүрэмтэй дүрмийн дагуу ажилладаг. Ямар ч байсан амжилттай үр дүнгүүд гарч байна. Бэлчээр сайжирч байна. Цаашдаа улам сайхан болно гэж итгэж байна. Монголчууд та бүхнийг хэдэн зуун жилээр малчид тэжээж ирсэн. Ирээдүйд ч малчид тэжээнэ. Та бүхэн эрүүл энх өнөр өтгөн аз жаргал дүүрэн байх болтугай.

-Баярлалаа. Та бүхний ажил, үйлст амжилт хүсье.

П.Нарандэлгэр

 

0 0 votes
Article Rating
Таг

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх
guest

0 Comments
Inline Feedbacks
View all comments
Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
Close