Зургаа дахь мэдрэхүйн бүтээлийг дэмжсэн Үндэстэн баг

н.Лувсандорж, н.Даваадорж нар

“Үндэстэн баг” компани нь Career.house буюу Өөрийгөө олборло, Creative Mongolia буюу Бүтээлч үйлсийг дэмжих суваг, Багийн тоглолт буюу багаа эрчилж, багийн ажиллагааны сургалт зэрэг үйл ажиллагааг эрхэлж,  энэ хүрээнд бодлогоо тодорхойлж, шинийг эрэлхийлж, идэвхи  санаачилгатай ажиллаж байна. Өнгөрсөн 7 хоногт тус багийн гүйцэтгэх захирал Ж.Лувсандорж  олон чиглэлийн арга хэмжээ зохион байгуулах зорилготой “Creative Gallery” буюу  “Зургаа дахь мэдрэхүйн урлан” нэртэй төвөө нээв.

Түүнээс “Зургаа дахь мэдрэхүйн урлан”-г яагаад нээх болсон зорилго, ач холбогдол, онцлогийн талаар асуулаа. Ж.Лувсандорж  нь хүний нөөцийн мэргэжилтэйгээс гадна урлагийн менежмент болон маркетингийн чиглэлээр олон жил ажиллаж яваа шинийг санаачилдаг, бусдын хийсэн бүтээл, хөдөлмөрийг хүндэтгэж, дэмждэг залуу юм байна.

Тэрээр ярихдаа “Монгол үндэсний ач холбогдолтой бүтээгдэхүүний чиглэлээр ажиллаж явахад хүмүүс надаас Монголын нэгдсэн брэнд бүтээгдэхүүнийг нэг дороос авч, сонирхдог юм уу, үйлдвэрлэгчид нэг дор цуглан уулзаж, мэдлэг, туршлагаа солилцдог, бүтээгдэхүүнээ борлуулдаг газар байдаг уу гэж их асуудаг байсан. Тиймээс би энэ хүсэлтэд үндэслэж, бүтээлч сэтгэлгээтэй залуус, хүмүүсийг дэмжсэн төвөө галерей хэлбэрээр үүсгэн байгуулж, нээлээ.

Энэхүү төвөө яваандаа Үндэсний паркийн хэмжээнд болгох зорилготой. Манай “Үндэстэн баг” үндэсний брэндийг дэмжих чиглэрээр 9 жил ажиллаж байна. Creative Mongolia нэртэй пэйжтэй. Энэ пэйж нь 171 000 гаруй лайктай. Онлайн орчинд бидний үйл ажиллагааг иргэд дэмжсээр байдаг юм.

“Creative Gallery” төвд эхлээд гурван чиглэлээр үйл ажиллагаа явагдана. Нэгд, сургалт, хөгжил буюу бүтээлч хүмүүс хоорондоо мэдлэг, туршлагаа солилцон сургалт явуулна. Хоёрт, тэдний бүтээгдэхүүний худалдааны маркетингийг энэ төвд хийж, борлуулна. Гуравт, бүтээлч хүмүүс цуглаж, сэдэвчилсэн чиглэлээр уулзалт хийж, ямар нэгэн арга хэмжээг байнга зохион байгуулна.” гэж онцлож байсан.

Ж.Лувсандоржид баяр хүргээд, цаашид монгол хүний бүтээлч сэтгэлгээний бүтээл, бүтээгдэхүүнийг Монголдоо төдийгүй дэлхийд, танин мэдүүлж, гайхуулаарай гэж хүсье гэж түүнд сэтгүүлчийн хувьд хэлэхэд, их баярлалаа, бид гол нь дэлхийд монголчуудын бүтээгдэхүүнийг таниулахын төлөө зорьж байна. Бид чадна хэмээн итгэлтэй хариулсан билээ.

6 дахь мэдрэхүй төвийг хамтран үүсгэн байгуулагч, тус багийн зохион байгуулагч И.Урангоо нь  “Миний хувьд тал бүрээр өөрийгөө сорих сонирхолтой. Хүн хорвоод мэндлэснээсээ хойш олон зүйлийг сонирхож, бүтээж амьдардаг. Брэнд болон бусад төрлийн бүтээгдэхүүнүүд үйлдвэрлэдэг хүмүүс нэгдэж, бие биетэйгээ мэддэг, чаддаг бүхнээ хуваалцан, чаддаг зүйлсээ нэгэндээ зааж өгөх зэрэг хүрээнд багаар ажиллах зорилготой энэхүү галерейн төвийг нээлээ. Бид зах зээлд янз бүрийн брэнд бүтээлүүдийг нийлүүлэх нь чухал биш. Харин хамгийн гол нь үндэсний бүтээгдэхүүний хэв шинжийг онцлон харуулж, ажиллахаар зорьж байгаа талаар бид ярилцсан. Жишээ нь,  Монгол хүний ур ухаан шингээсэн сандал, ширээ, хувцас, гоёл зэргийг энд тавьсан.” хэмээн ярьсан юм.

Монголын өв соёлыг тээж яваа мастер болон монгол хүүхдийг уламжлалт соёл, хүмүүжлээр хөгжүүлэхийн төлөө ажиллаж яваа идэвхи, зүтгэлтэй олон хүмүүс энэхүү арга хэмжээнд хүрэлцэн ирсэн байлаа.

Тэдний нэг нь “Сүбээдэй” нум, сумны үйлдвэрийн захирал Н.Даваадоржоос зургаа дахь мэдрэхүйг илэрхийлсэн төвийн үйл ажиллагааны талаар та сэтгэгдлээ хуваалцна уу хэмээн асууваас “Энэхүү арга хэмжээнд бүтээлч монголчууд оролцож байгаад сайхан байна. Олон сайхан бүтээлч залуус орчин үеийн техник, технологид үндэслэж, шинээр сэтгэн гар урлал, чулуугаар гоёлын эд зүйлс зэрэг сайхан бүтээгдэхүүнийг хийжээ. Залуучууд шинэ сэтгэлгээгээр бүтээлч зүйлс  хийхийг тэмүүлж байгаа нь хийсэн бүтээгдэхүүнээс харагдлаа. Залуусын бүтээлч хандлага, сэтгэлгээнд их баяртай байна.” гэж  хэлсэн.

Хоёр гараараа зэрэг бичих нь 5-50 насныханд холбоотой процесс юм

Мөн Сургуулийн өмнөх боловсролын шинэчлэл ТББ-ын тэргүүн Ж.Хорлоо олон түмэнд хандаж гэгээлэг үг хэлж байв. Тэрээр Миний бие 2005 оноос хувь хүний хөгжил, 2007 оноос эхлэн хүүхдийн хөгжлийн чиглэлээр ажиллаж байна. Манай ТББ нь хүүхдийн хөгжлийн чиглэлээр 10-аад тооны ном гаргасан. Бидний гол зорин ажиллаж байгаа сайн үйлс бол хүүхдэд багаас нь зөв дадал хэвшил олгох болон цэгээр наадъя  буюу хүүхдэд багаас нь бүтээлч сэтгэхүйг хөгжүүлэх зорилготой юм. Зургаа дахь мэдрэхүйн урлангийн төвийн нээлттэй зэрэгцээд бид цэгээр наадъя буюу хоёр гараараа зэрэг бичдэг, баруун, зүүн тархины дэд хөгжлийг дэмжсэн номыг бичсэн тул Хэвлэх үйлдвэрээс дөнгөж сая авчирч та бүхэнд үзүүлж байгаадаа баяртай байна.

Хоёр гараараа зэрэг бичих нь 5-50 насныханд холбоотой процесс юм. Хүн 50 нас өнгөрөөд ирэхээр ой тогтоолт муудаж, мартамхай болдог. Хүний хоёр тархийг зэрэг ажиллуулснаар мэдээллийн солилцоо хурдсаж, ой тогтоолт сайжирч, сэтгэх чадвар хөгждөг давуу талтай.

Монголын 3000 багш нарт хүүхдийн сэтгэхүйг хөгжүүлэх технологийг нэвтрүүлснээр 60 000 хүүхэд хамрагдсан юм. Энэ бол чамлахаар тоо биш. Тийм учраас дашрамд хэлэхэд, хүүхдийн хөгжил, хүмүүжлийн төлөө ажиллаж яваа энэхэн биеийг минь төрүүлж өсгөсөн хайрт ээжийгээ урьж, танилцуулъя.

Түүнчлэн миний гарыг минь ганзганд, хөлийг минь дөрөөнд хүргэсэн хайрт багш Дашмаагаа хүндэтгэн урьж байна. Нэг нь номын их багш, нөгөө нь биеийг минь өсгөсөн хайртай хоёр ээж юм. Бидний учирсан бүхэн ерөөлтэй байдаг. Энэхүү зургаа дахь мэдрэхүйн урлангийн нээлтэнд ирсэн хүн бүхэн ямар нэгэн ерөөлөөр ирсэн байж таарна. Тиймээс учрал, ерөөлийг бэлгэдээд хэлэхэд, миний хайртай хоёр ээжийн төрсөн өдөр нь нэг сарын нэг өдөр  болдог. Хоёулангынх нь төрсөн өдөр нэгдүгээр сарын 5-ны өдөр. Тиймээс талархаж явдагаа илэрхийлж, та бүхний өмнө хоёр хайртай багш, ээж хоёртоо цэцэг өргөн баръя.” гэж сэтгэгдлээ хуваалцаж, ярьсан билээ.

Ийнхүү “Creative Gallery” төвд залуучууд бүтээлч сэтгэлгээгээр урлаж, хийсэн олон сайхан, чамин бүтээгдэхүүнүүдээ дэлгэсэн байлаа.

Kalavinka” нэртэй бүтээл хийдэг зураач Б.Батцэцэг:  Би Момуенталь уран зураач мэргэжилтэй. Өөрийнхөө сонирхлоор торгон дээр зураг зурж, бүтээлээ хийдэг. 100 хувийн силкэн даавуун дээр зургаа зурдаг. Жишээ нь, силкэн алчууран дээрх зургийг хийдэг.

Wonder jewelry үүсгэн байгуулагч, эрдэнийн чулууны дархан Ч.Энхболдоос  эмэгтэйчүүдэд зориулсан чамин, нандин гоёл чимэглэлийг хэрхэн бэлтгэдэг вэ. Эрдэнийн чулуу зэрэг түүхий эдээ хаанаас олж авдаг талаар сонирхуулж хэлнэ үү? хэмээн тодруулахад “Бид гоёл, чимэглэлийн зүйлсийг бэлтгэхдээ 50 хувийг монгол эх орноос, 50 хувийг нь гадаад орноос түүхий эдээ авчирч, хийдэг. Жишээ нь, ямар чулуугаар юу хийхээс шалтгаалж, гадаадын орнуудаас худалдаж авдаг. Номин чулуугаар эд зүйлс хиймээр байвал Афгинстан улсаас, папаль чулуугаар гоёл, чимэглэл хийхээр болвол Австрали улсаас авчирч байгаа.

Ер нь улс орон бүхэн чулууны онцгой нөөцтэй байдаг. Гэхдээ монголынхоо газар нутгаас дийлэнх чулуугаа авч байна. Тухайлбал, болор чулуу бүх аймгуудад байдаг. Одоогийн байдлаар  Горхи, Тэрэлж, Төв, Хөвсгөл аймгаас авч, гоёл, чимэглэлийн зүйлсээ хийдэг. Хамгийн доод тал нь өсвөр насны хүүхдэд зориулсан гоёлыг урлан хийж, 15 000 төгрөгөөр зардаг бол хамгийн дээд тал нь сая төгрөгний гоёлын эд зүйлс ч бий..” гэж яриад, гоёл, чимэглэлийн зүйлсээ хэрхэн, яаж урладаг багаж, техникээ сонирхуулав.

Тэд бүтээлч сэтгэлгээг зургаа дахь мэдрэхүй хэмээн нэрлэсэн нь шинэ нээгдсэн төвд дэлгэн тавьсан бүтээгдэхүүнээс ойлгомжтой байсанЭнэ бүхнээс харахад зарим монголчууд маань зах зээлийн нийгэмд амьдрал ахуйгаа хөгжүүлэн, амьдрах арга барилд суралцаж, бүтээлч сэтгэлгээний бүтээгдэхүүнээ хүний хэрэгцээнд нийцүүлэн хийж чадаж байна. Хамгийн чухал нь тогтмол орлогогүй, ажил олж чадахгүй яваа, суурь мөнгөгүй нэгэндээ, мөн аль нэгэн хувийн байгууллага, компанид ажил хөдөлмөр эрхлэдэг ч хөдөлмөрөө шударгаар үнэлүүлж чадахгүй, мөлжүүлж ажиллаж, амьдардаг хүмүүсийг хувиараа бүтээлч сэтгэлгээний хөдөлмөр эрхлэхэд нь дэмжиж ажиллавал энэ төвийн бас нэгэн хүмүүнлэг үйлс байх буй заа.

 Б.БАЯРМАА

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд newswall.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

avatar
1 Comment threads
0 Thread replies
0 Followers
 
Most reacted comment
Hottest comment thread
1 Comment authors
bazarragchaa gum doctor Recent comment authors
Шинэ Хуучин Top
bazarragchaa gum doctor
Зочин
bazarragchaa gum doctor

таалагдлаа