Нийгэм7 хоногБоловсрол

Агаарын бохирдлыг бууруулахад иргэдийн хяналт чухал үүрэгтэй

Улаанбаатар хотын иргэд цээж хорсгом утаанд өглөөг угтаж, өдөртөө хэсэгхэн амсхийж, үдшийн бүрийтэй зэрэгцэн автозамын түгжрэлээс илүү бухимдуулдаг зүйл нь бас л утаа. Иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийн хамгийн дээд хэлбэрийн зөрчил болсон энэ үзэгдэл жил бүрийн өвөл бидний амьдралын нэгээхэн хэсэг болоод багагүй хугацаа өнгөрчээ. Агаарын бохирдолыг бууруулах асуудалд бүхий л шатанд анхаарлаа хандуулж, тодорхой ажлууд хийгдэж байгаа ч хангалттай үр дүнд хүрэхэд хугацаа хэрэгтэй. Хамгийн гол нь төр, хувийн хэвшил, иргэдийн хамтын хүч оролцооны үр дүнд агаарын бохирдол болсон утааны асуудал шийдвэрлэгдэх юм.

Тиймээс иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор KT&G Нийгмийн халамжийн төв, Ойн аж ахуйн сургалтын төвд өнгөрөгч баасан гаригт “Улаанбаатар хотын агаарын бохирдлын асуудлыг шийдэхэд иргэдийн оролцоо” сэдэвт байгаль орчны хэлэлцүүлэг зохиогдсон юм. “Ногоон Ази Сүлжээ” ОУТББ-аас санаачлан зохион байгуулсан тус хэлэлцүүлэгт Нийслэлийн Сүхбаатар дүүргийн ИТХ-ын дарга Э.Ганбат, “Ногоон Ази Сүлжээ” ОУТББ-ын  Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга Шин Ги Ху, БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын мэргэжилтэн А. Цээпил, Нийгмийн эрүүл мэндийн хөгжил, шинэчлэлийн хүрээлэнгийн судлаач, доктор А.Энхжаргал, Байгаль орчин-Эрүүл мэнд” ТББ-ийн тэргүүн, Доктор Л.Долгормаа болон Сүхбаатар дүүргийн 20 хорооны Засаг дарга, иргэдийн төлөөлөл оролцлоо.

Уг хэлэлцүүлгээр Улаанбаатар хотын агаарын бохирдлын өнөөгийн байдал болон ноцтой байдлын талаар иргэдэд ойлголтыг өгч анхаарлыг хандуулах, Агаарын бохирдлыг бууруулах бодлогын танилцуулга болон асуудлыг шийдэхэд иргэдэд оролцоо, байгаль орчны мэдлэг нэмэгдлүүлэх нийслэл хотод тулгамдаад буй агаарын бохирдлын асуудал хор нөлөөг иргэдэд үнэн зөвөөр таниулж тодорхой ойлголтыг өгөхийг зорьсон аж. Цаашид хэлэлцүүлгийг тогтмол зохион байгуулах тул дараагийн уулзалтуудаар илүү өргөн хүрээг хамарч бусад дүүрэг, бүс нутгийн иргэдийн төлөөллүүдтэй хамтран, агаарын бохирдлыг бууруулах асуудлаар төлөвлөгөө гарган ажиллана гэдгээ зохион байгуулагчдын зүгээс хэлж байлаа.

 

Шин Ги Ху: Дараагийн үедээ цэвэр агаар өвлүүлэн үлдээхийн

тулд олон зүйлийг хамтдаа хийе

/Хэлэлцүүлгийн эхэнд “Ногоон Ази Сүлжээ” ОУТББ-ын  Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга Шин Гин Ху оролцогчдод хандан үг хэлсэн юм/

“Би Монголд ирж мод тарьж эхэлсэнээс хойш 9 жил болсон байна. Энэ хугацаанд өөрчлөгдсөн хамгийн том өөрчлөлт нь Улаанбаатар хотын агаарын бохирдол байсан. Солонгосын хувьд энэ хэмжээний агаарын бохирдол үүссэн бол холбогдох албаныхан дор нь арга хэмжээ авч, хэвийн болтол бүх хүн маск зүүх байсан. Гэтэл монголчууд маскгүй яваад байсан тул би өөрөө ч бас маск зүүхгүй байгаа. Харин одооноос маск зүүх хэрэгтэй болжээ гэж бодох болсон. Учир нь агаарын бохирдол үнэхээр ноцтой  түвшинд хүрсэн гэдгийг өөрийн биеэр мэдэрч байна.

Манай “Ногоон  ази” ТББ 2000 оноос эхлэн Монголын цөлжилтийг бууруулахын тулд мод тарьж, байгаль орчинд тустай ажил хийж ирсэн. Монголын цаг агаар, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөнөөс Улаанбаатар хотын   агаарын бохирдол үүссэн гэж харж байна. Учир нь хөдөө орон нутагт амьдарч байсан олон иргэд уур амьсгалын өөрчлөлтөөс болон мал сүргээ хариулах боломжгүй болсноор Улаанбаатар хотыг зорин ирж байгаа. Тиймээс бид орон  нутгийг ногоон болоосой гэсэндээ мод тарьж байна. Ингэснээр тухайн газар нутгийн хөгжил, хүмүүсийн амьдрал сайжирах тул бид үргэлжлүүлэн үйл ажилласаар байна.

Манай Ойн аж ахуйн сургалтын төвд цөлжилтийн эсрэг хамтдаа ажиллах  иргэдийг бэлтгэх зорилгоор өнгөрсөн жилийн 7 сараас нээлтээ хийн ажиллаж байгаа. Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр дээр энэ төвийг байгуулсан ч өдий болтол танилцуулаагүй байсанд уучлал хүсэж байна. Үүнээс хойш та бүхэнтэй хамтран олон сайхан ажил хийнэ гэж итгэж байна. Цаашдын хамтын ажиллагааны эхлэл болгон Улаанбаатар хотын агаарын бохирдлын асуудлаар хамтдаа ярилцахыг хүсэж байна. Агаарын бохирдол асуудал  болсон гэдгийг бид мэдэж байгаа ч ард иргэд тэр бүр сайн оролцохгүй байна. Тиймээс  иргэдийн анхаарлыг хандуулах үүднээс энэ удаагийн хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Өнөөдрийн хэлэлцүүлгээр Улаанбаатар хотын агаарын бохирдол, төр засгаас ямар бодлого хэрэгжүүлж байгаа, иргэдийн эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж байгаа, иргэдийн зүгээс ямар оролцоо, хяналт хэрэгтэй зэрэг сэдвээр мэдээлэл өгнө. Сүхбаатар дүүргийн ИТХ-ын дарга, хороодын дарга, холбогдох хүмүүс ирсэн байна. Улаанбаатар хотыг ногоон болгож, агаарын бохирдлын эсрэг нэгдэж хамтарч ажиллах эхлэлийг ийнхүү тавьлаа. Солонгост “Эхлэл бол бүх ажлын тал хувь” гэдэг үг бий. Тиймээс эхлэл их чухал байлаа. Энэ ажил цаашид олон үр дүнг авчирна гэж итгэж байна. Агаарын бохирдлын энэ асуудал өнөөдөр бидэнд тулгарч байгаа асуудал мэт боловч бидний дараагийн үеийнхэнд хор нөлөө н, илүү ихээр тусна. Энэ  цагаас эхлэн дараагийн үедээ цэвэр агаар өвлүүлэн үлдээхийн тулд олон зүйлийг хамтдаа хийе. Та бүхэнд баярлалаа” гэв.

 

А.Цээпил: Агаарын бохирдлыг бууруулах чиглэлд дэд бүтцийг

хөгжүүлэхэд илүүтэй анхаарал хандуулж байна

/Түүний дараа БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын мэргэжилтэн А.Цээпил “Агаарын бохирдлыг бууруулах байгаль орчны бодлого” сэдвээр мэдээлэл өгсөн/

“Агаарын бохирдлыг эх үүсвэрээр нь 4 ангилсан. Тодруулбал, Агаарын бохирдлын 80 хувийг 202 мянга орчим гэрийн зуух, 3200 нам даралтын зуух буюу сургууль цэцэрлэгийг халаадаг зуухнаас гардаг утаа эзэлж байна. Тээврийн хэрэгслийн яндангаас 12 хувь нь гарч байна. 2018 оны хагас жилийн дүнгээр 4458 мянга орчим тээврийн хэрэгсэл Улаанбаатар хотод өдөр тутам хөдөлгөөнд оролцож байна. 3 хувь нь дулааны цахилгаан станцаас гарсан бохирдол эзэлж байна. Сүүлийн 4 хувь нь хөрсний бохирдол, хог хаягдал, бохирдлоос үүдэлтэй.

2010 онд Агаарын бохирдлын тухай хуулинд Төлбөрийг 6 эх үүсвэрээс авна гэж заасан. Өнөөдрийн байдлаар 4 эх үүсвэрээс төлбөр авч байгаа. Тухайлбал, түүхий нүүрс олборлодог компаниудын олборлож байгаа нүүрсний 1 кг тутамд 1 төгрөгийн төлбөр авна. Тээврийн хэрэгсэл жилд нэг удаа төлбөр төлдөг. 3 дахь нь органик уусгагч буюу Монгол Улсын хилээр орж ирж байгаа химийн бодисууд агаарын бохирдлыг бохирдуулж байгаа  гэж үздэг. Дараагийнх нь томоохон хэмжээний нам даралтын зуухны эзэмшигчээс хураамж авдаг.

Агаарын бохидлыг бууруулахад гадаадын төсөл хөтөлбөрүүд анхаарал хандуулж ирлээ. Төсөл хөтөлбөрүүдийн хувьд эх үүсвэрийн шалтгааныг олоход анхаардаг байсан бол сүүлийн жилүүдэд дэд бүтцийг хөгжүүлэхэд илүүтэй анхаарал хандуулж байна” хэмээн онцоллоо.

 

А.Энхжаргал: Дотоод орчны агаарын бохирдол багтраа,

зүрхний өвчин үүсгэдэг

/Нийгмийн эрүүл мэндийн хөгжил, шинэчлэлийн хүрээлэнгийн судлаач, доктор А.Энхжаргал “Агаарын бохирдлын өнөөгийн байдал, иргэдийн эрүүл мэнд” сэдвээр мэдээлэл хийсэн бөгөөд “Та бүхний дунд амьсгалдаггүй хүн байна уу, цэвэр агаарыг шүүж байгаад амьсгалдаг хүн байна уу” гэсэн асуултаар мэдээллээ эхэлсэн юм/

“Агаарын бохирдлын асуудал бүх хүнд хамаатай. Агаарын бохирдол бидний амьдралын амин хучал асуудлын нэг болоод байна. Нүдэнд харагдаж бйагаа гадаад орчны агаарын бохирдлыг хүн бүр ярьж байгаа. Тэгтэл бидний нүдэнд үл харагддаг дотоод орчны агаарын бохирдлын асуудлыг тэр бүр ярихгүй байна.

Гадаад орчны агаарын бохирдол дэлхий нийтийн анхаарлын төвд байдаг сэдэв. Дэлхий дээр жилд 7 сая  хүн агаарын бохирдлыг улмаас цаг бусаар нас бардаг. Зарим тохиолдолд ганцхан Монголынх биш дэлхий нийтээрээ өртөж байна. Гэхдээ дэлхийн орнуудын 90 хувьд нь хүмүүс нас барж байгаа нь нийгмийн байдлаас гадна амьдралын хэв маягтай шууд холбоотой. ДЭМБ 2013 оноос “Агаарын бохиордол нь хавдар үүсгэдэг бодис юм байна” гэж тогтоосон.

Өөрөөр хэлбэл агаарын бохирдолтой нөхцөлд амьдарч байгаа нь хавдар үүсгэдэг бодисоор амьсгалж байна гэсэн үг. Энэ бол дэлхийн асуудал.  Улаанбаатар хотын агаарын бохирдлыг судлах явцад зүрх судасны үйл ажиллагааны өвчлөлд өртөж байгаа 10 хүний нэг нь агаарын бохирдлоос үүдэлтэй гэж тогтоосон. Тиймээс Улаанбаатарын иргэд агаарын бохирдлын эсрэг дорвитой алхам хийх цаг болжээ. Бодлого ярьдаг улсууд хийх ажлаа хийж байгаа. Харин иргэдийн хувьд өөрийгөө хамгаалах хэрэгтэй.

Агаарын бохирдолын хэмжилтээр РМ2,5 –ийн үзүүлэлт гаргадаг.  Энэ нь хүний үсний нэг ширхэгээс 100 дахин нарийн ширхэгтэй тоосонцор юм. Хүний эрхтэн ийм бохирдлыг шүүж чадахгүй. Тэр амьсгалаар биед орж, уушгины цагаан мөгөөрсөн цулцанд хуримтлагддаг. Амьсгалын замын өвчин тусна. Зүрх судасны өвчлөл үүсгэнэ. АНУ-д авсан зургаар РМ 2,5 хэмжээ нь эхний зураг. Энэ хэвийн байгаа нь. Дараагийнхаас үзэгдэх орчин хэрхэн өөрчлөгдөж байгааг харж болно.

ДЭМБ-ээс өгсөн зөвлөмжийн дагуу манайх стандарт байдаг. Гадаад орчны агаарын бохирдлыг өнөөдөр бий болсон юм шиг ярьдаг. Судалгаагаар эртний мумиг судлахад явцад уушгинаас нь селикоз гэдэг өвчний шинж тэмдэг гарч ирсэн. МЭӨ ч агаарын бохирдол байсан гэсэн үг. Эртний Саксоны эзэнт гүрний үед амьдарч байсан хүний чамархайн яс олдож, судалгааны явцад амьсгалын дээд замын өвчнөөр өвчилж байжээ гэж гарсан. Тэд тухайн үедээ маш хүчирхэг ард түмэн байсан ч цонхгүй, яндангүй чулуун байшинд амьдарч гал түлэхэд амьсгалд нь нөлөөлж байсныг тогтоосон.

Өөр нэг сонирхолтой жишээ нь, Францын агуу удирдагч Напелеон Бонапарт хүнцэлийн хордлогод орж нас барсан. Тэр хүн ханын цаасны зураг дахь будагнаас хордсон гэдгийг түүхч судлаачид тогтоосон. Түүнийг шарилыг эрдэмтэд маш удаан судалж, унтаж амардаг өрөөнийх нь ханыг Шиллиний ногоон гэдэг будгаар будсан нь үхэлд хүргэсэн гэж үзсэн. Ханын будаг нь тухайн хүний амьдардаг орчны нэг хэсэг. Дотоод орчны агаарын бохирдол өдөр бүр бидэнтэй учирдаг. Дотоод агаар бохирдвол маш хортой, аюултай нөхцөл үүсгэдэг. Дотоод орчны агаарын бохирдол хүний амьдралд нөлөөлдөг. Хүн амьдралынхаа 90 орчим хувийг гэр, сургууль, ажил гэх зэргээр дотор өнгөрүүлдэг. Тиймээс дотоод орчны агаарын бохирдол хүний амьдралын чухал асуудал юм. Өртдөг хүн нь  хүүхдүүд ахмад настан жирэмсэн ээжүүд байдаг. Учир нь тэд ихэнх цагийг гэр зуур, эсвэл сургууль цэцэрлэгтээ өнгөрүүлдэг.

2010 оноос Агаарын чанарын харуулууд өдөр тутамд гадаад орчны агаарын бохирдлыг 2 хон төрлөөр судалдаг байсан бол одоо 6 төрлөөр судалж байгаа нь сайн ч гэлээ зөвхөн гадаад орчинг хэмжиж байна. Дотоод орчны агаарын бохирдлыг хэмжиж чадахгүй байна. Дотоод орчны бохирдлыг хаана ч очиж үзсэн их байдаг. Учир нь манай ихэнх барилга байшин агааржуулалт маш  тул агаар сэлгэлт тааруу байна. Мөн гэртээ тамхи татах явдал буурахгүй байна. Энэ нь гэрийн дотоод агаарын чанарыг муутгадаг. Харин монгол гэрийн агааржуулалт маш сайн байдаг ч гэрт амьдардаг хүн цөөн болсон.

Тамхины утаа автомашашины утааг харьцуулснаар үзвэл, 1 миль давхисан машины тоосонцор 0,01 байхад 1 тамхи нэг ширхэг тамхи татахад нарийн ширхэгт тоосонцорн агууламж 0,50 мл байдаг. Тиймээс танай гэрт хэн нэгэн ирээд эсвэл гэрийн тань хэн нэгэн тамхи татдаг бол аль болох татуулахгүй байхыг хичээх хэрэгтэй.

Дараагийн нэг асуудал нь бохирдлын эх үүсвэрийг мэдэх. Гадаад орчны эх  үүсвэрийг хэдхэн шалтгаанаар тогтоож болдог бол дотоод орчны агаарын бохирдол маш олон эх үүсвэртэй. Зуухан дээр хоол шарахад цууны хүчил ялгарч хавдар үүсэх шалтгаан болдог. Агаар цэвэршүүлэгч хүртэл агаарыг бохирдуулдаг. Ямар нэгэн химийн бодис хэрэглэхэд ч агаар бохирддог. Усанд орох буюу шүршүүрт ороход агаарт хлор ялгаруулж байдаг. Учир нь усыг хлоржуулдаг. Тэгэхээр дотоод орчны агаарын бохирдол нь бидний амьдралын салшгүй нэг хэсэг  болсон.

Гадаад орчны бохирдол их байхад дотоод орчинд ч их байна. Нэг чухал зүйл бол гэртээ байгаа гэрийн тавилгуудаа анхаараарай. Маш гоё гялгар материалаар хийсэн тавилгууд дандаа агаарыг бохирдуулагч байдаг. Заримдаа шинэ тавилга хивс авахад сонин үнэр гардаг нь агаарыг бохирдуулж хавдар үүсгэгч бодис ялгаруулж байна гэсэн үг. Тиймээс аль болох үнэргүй модон эдлэл авах хэрэгтэй. Магадгүй үнэр ихтэй тавилгаа солихгүй 10-20 жил болоход тэр хэмжээгээр бохирдол ялгаруулаад байна гэсэн үг. Мөн газан плитка, халаагуур агаарын бохирдлыг үүсгэдэг. Цэвэрлэгч бодис бага хэрэглэ. Тамхи татахгүй байх хэрэгтэй. Хачиг тоосонцор гэрийн тэжээмэлд амьтдаас янз бүрийн бодис ялгарч харшил үүсгэх шалтгаан болдог. Цэцгийн тоос байна. Гэхдээ цэцэгт ургамал агаарыг сайжруулдаг.

Агаарын бохирдлын нөлөөлөл хүний эрхтэн системд маш хүчтэй нөлөөлдөг.  Дотоод орчны агаарын бохирдол багтраа, зүрхний өвчин үүсгэдэг учраас агаарын бохирдлын эсрэг зайлшгүй тэмцэх шаардлагатай байна. Агаарын бохирдлын нөлөөг зөвхөн нас баралтаар тооцож байгаа. Гэтэл астамтай, уушгины үйл ажиллагаанд өөрчлөлт орж эмчид хандаж байгаа хүнийг тооцож, судлахгүй байна. Нарийн судлавал маш олон асуудал яригдана.

Тиймээс Улаанбаатар хотын иргэд бүгд хөдөлж байж, гадаад орчны агаараа сайжруулна. Мөн дотоод орчны агаарын бохирдлоо хянана. Ингэж хянах хэд хэдэн арга бий. Юуны өмнө дотоод орчны агаарын хэм  18-22, агаарын урсгал  20-30 буюу агааржуулалт хэр байна вэ гэсэн үг. Өрөөний чийглэг 30-60 хувь,  гэрэлтүүлэг хангаллттай байх ёстой. Дотоод орчины агаарын бохирдолд эрүүл бол бага өртөнө. Эрүүл мэнд сул болих өртөнө. Хамгийн өртөмтгий нь хүүхэд,  настан, архаг өвчтөн. Гэртээ галладаг айлын дотоод орчны бохирдол өндөр гарсан. Гэр хороолол дундах сургуулиуд өдөрт 1 тонн нүүрс түлдэг тул тэнд суралцагч хүүхдүүд дотоод орчны агаарын бохирдолд өртөх магадлал илүү их болдог.

Яаж сэргийлэх вэ: Ямар ч хүнийг гэртээ тамхи татахыг зөвшөөрөх хэрэггүй. Сайн чанарын агаар шүүгчийг гэртээ авч тавих хэрэгтэй. Хивс хивсэнцэр аль болох бага хэрэглэх хэрэгтэй. Үнэртүүлэгч, агааржуулагч хэрэглэхгүй байх.  Гэрийн тавилгадаа анхаарах, цонх шалны материал ямар байна. Цэвэр модон тавилга хэрэглэх нь өөрийгөө болон гэр бүлээ хамгаалж байгаа хэрэг.

Хана шалаа гялгар өнгөөр будахаас сэргийлэх хэрэгтэй. Чийгтэй цэвэрлэгээг их хийж, тоос сорогч ашиглах хэрэгтэй. Халаалтын асуудлаа сайн шийдэж, гэрийн дулаалгаа сайжруулж, гаднаас орж ирэх бохирдлоос шууд хамгаалж үүдний пин барих, аль болох модон цонх сонгох зэргээр эхлээд гэртээ дотоод орчны агаарын бохирдлоос сэргийлээрэй.

Л.Долгормаа: Айлуудын яндангаас гарч байгаа утааны өнгөөр хортой

эсэхийг нь тогтоож, иргэдийн хяналт тавих хэрэгтэй

/“Байгаль орчин-Эрүүл мэнд” ТББ-ийн тэргүүн, Доктор Л.Долгормаа “Агаарын бохирдлын асуудлыг шийдэхэд иргэдийн оролцоо, кампанит ажил” сэдвээр мэдээлэл өгсөн юм/

“Хорооны төлөөлөгч нар ирсэнд их баяртай байна. Агаарын бохирдлыг бууруулахад иргэдийн оролцоо маш чухал. Би төрийн байгууллагад насаараа ажилласан. Байгаль орчны яаманд ажилласан. Анхны “Агаарын тухай хууль”-ийг батлахад оролцож явсан хүн. Агаарын бохирдолд 11-ээс доош насны хүүхдэд онцгой аюултай нөлөөлдөг.

Жишээ нь, орон сууцны айлууд орцондоо хогоо хаяж, гэрлээ солихгүй хэн нэгнээр хийлгэх гээд хүлээгээд байдаг шиг агаарын асуудалд иргэд ингэж хандаад байна. Агаарын бохирдолд төр засгийг бүгд буруутгаж байна. Уг нь хүн бүр өөрийнхөө төлөө анхаарах ёстой. Яагаад гэвэл үр хүүхэд ач зээ нарынхаа төлөө хичээх хэрэгтэй. Агаарын бохирдлын хор нөлөө хэдэн жилийн дараа үр хүүхдэд минь нөлөөлнө. Тиймээс агаарын бохирдлын хор нөлөөний талаарх мэдлэгээ нэмэгдүүлж, мэдэж авснаа бусаддаа дамжуулж байгаарай.

Агаарын бохирдлыг бууруулахад иргэд анхаарлаа хандуулж, оролцоог нэмэгдүүлэх нь ямар чухал гэдгийг Европын орнуудад 1960 аад оны үед хэрэгжүүлж, үр дүнг нь хүртсэн. Ингэхдээ айлуудын яндангаас гарч байгаа утааны өнгөөр хортой эсэхийг нь тогтоодог байсан.Утааны өнгийг ялган харж, тунгалаг биш их утаа гарч байвал тухайн айлд анхаарлаа хандуулдаг. Тухайн  айлын хаалгыг нүдээд агаар бохирдуулаад байна гэвэл асуудал үүснэ. Үүний оронд тэр айлын амьдрал ахуйг нь сайжруулахад хорооноос нь анхаарах хэрэгтэй.

Албан байгууллагууд халаалт дулаанаа шийдвэрлэхдээ юугаар халаагаад байна. Агаар бохирдуулах зүйл түлээд байгаа юм биш биз. Энэ аргачлалыг ашиглан албан байгууллагууд агаар бохирдуулж, байгаль орчинд болон агаарын чанарт хор учруулах үйл ажиллагаа явуулж байвал холбогдох албаныханд мэдээлж, асуудлыг цаг тухайд нь шийдвэрлэх боломжтой. Энэ бүхэнд иргэний хяналт хэрэгтэй. Чех улсын энэ аргыг өнөө цагт жижиг дунд үйлдвэрлэгчид ихтэй Азийн орнуудад хэрэгжүүлж, үр дүнг нь хүртэж байна” гэлээ.

 

А.Энхбат: Бид эхлээд авто зам дагуух талбайд мод тарихыг хүсэж байна

Хэлэлцүүлгийн төгсгөлд Сүхбаатар дүүргийн ИТХ-ын дарга Э.Ганбат хэлэхдээ “Агаарын бохирдол ямар хэцүү байгааг бид бүгд харж байна. Энэ асуудлыг шийдвэрлэхэд өөрийн саналаа хэлэхээр ирсэн хороодын төлөөлөлдөө талархаж байна. Энэ ажлыг зохион байгуулсан “Ногоон Ази” ТББ-ын хамт олондоо талархаж байна. Та бүхнээс хүсэх нэг хүсэлт байгаа Сүхбаатар дүүрэг мал бүхий иргэдийг хотоос гаргачихлаа. Тиймээс дүүргийн маань иргэдэд мод тарих арга зааварчилгаа өгч туслаарай. Дүүргийн санал санаачлагыг яамнаас дэмжин ажиллана гэдэгт итгэж байна.

Бид эхлээд авто зам дагууд мод тарихыг хүсэж байна. Учир нь том оврын автобус хөдөлгөөнд оролцоход замын хажуугаар тоос их босдог нь нөгөө нарийн ширхэгт тоосонцор. Тиймээс мод тарих нь их чухал. Би өмнө нь 4-5 аймагт мод тарих ажлыг хийж байсан. Ногоон хэрэм төслийг эхлүүлсэн. Энэ бүхнээс сурч авсан чухал зүйл бол мод тарих нь 10 хувь, харин арчилгаа нь 90 хувь гэдгийг ойлгосон. Тэгэхээр бүгдээрээ нийтийн эзэмшлийн зам талбайд мод тарья. Арчлах аргыг нь Ногоон ази ТББ-ын хамт олон минь зааж зөвлөөрэй.

Өөр нэг чухал ажил нь шарилжийг түүдэг ч ачиж тээвэрлэдэггүй: Учир нь шарилж ачих зардал байдаггүй. Тиймээс шарилжийг ургаж эхлэнгүүт авч оронд нь өвс тарья. Хаягдал дугуйны асуудал яригдаж байна. Хаягдал дугуйг хүлээн авдаг газар өгч бий болгоно. Боловсруулдаг газарт өгөөд түүгээрээ хүүхдийн тоглоомын талбайд хэрэгтэй резинен сандал хийлгэе. Бид 12 дугаар хороо буюу Номин их дэлгүүрийн гадна иргэдийг амрах орчинг бий болгосон ч эвдээд дууссан. Тиймээс резинэн сандал хийлгэвэл бат бөх болно.

Манай  дүүрэгт маш олон зоогийн газар, ресторан байдаг. Тэднээс сард 23 тонн хаягдал тос гардаг. Хогны машин авч явах замдаа асгаж орчинг бохирдуулдаг. Тиймээс энэ хаягдал тосоор дулаан ялгаруулдаг төхөөрөмжтийг Солонгост захиалж хийлгэсэн. Ямар ч асуудалгүй ажиллаж байна. Хог хаягдлаа дахин ашиглая.

Мөн шахмал түлшний хувьд чанарт анхаарна. Би түрүү жил иргэдэд тарааж өгсөн. Туршиж үзэхэд зарим нь сайн байна, зарим нь муу асдаг гэж байсан. Энэ нь стандартын шаардлага хангаагүй гэсэн үг. Тиймээс стандартын дагуу хийхэд анхаарч, худалдаалдаг цэгүүдийг замаас гарч зардаг болгоно. Бидний энэ хэлэлцүүлэг анхны уулзалт. Тиймээс дүүргийн маань иргэдээс энэ цэцэрлэгт хүрээлэндээ ажилд авч, туршлагжуулж сургаад өгөөч ээ. Бид хүнсний ногоо, мод тарьдаг хүмүүсийг олон болгомоор байна. Учир нь дүүргээс газар батлаад өгчихвөл иргэдтэйгээ хамтраад хүнсний ногоо тариалах боломжтой хүмүүсийг нь дэмжмээр байна. Хашаандаа ногоо тарих боломж их бага болсон. Иргэд хашаандаа 60-70 жил амьдраад маш олон жорлонгийн нүх гаргасан байгаа. Нэг талаар бордоо мэт боловч, хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх нь илүү байна. Тиймээс иргэдийн хүнсний хэрэглээг хангах, мод тарих ажлыг хийхэд нь тусалж, хамтран ажиллахыг Ногоон Ази ТББ-ын хамт олноосоо хүсэж байна. Та бүхэнд ажлын амжилт хүсье” гэлээ.

 

П.Нарандэлгэр

0 0 votes
Article Rating

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх
guest

0 Comments
Inline Feedbacks
View all comments
Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
Close