Нийгэм

ОХУ-ын Батлан хамгаалахын сайд С.К.Шойгу айлчилж байна

Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Н.Энхболдын урилгаар Оросын Холбооны Улсын Батлан хамгаалахын сайд С.К.Шойгу 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдөр  буюу өнөөдөр Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна.

Айлчлалын хүрээнд Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, Оросын Холбооны Улсын Батлан хамгаалахын сайд С.К.Шойгу нар хоёр улсын батлан хамгаалах салбарын харилцаа, цэргийн хамтын ажиллагааны явц цаашдын чиглэлийн талаар хэлэлцээ хийж, Монгол Улсын Батлан хамгаалах яам, Оросын Холбооны Улсын Батлан хамгаалах яам хоорондын Цэргийн хамтын ажиллагаа хөгжүүлэх урт хугацааны Хөтөлбөрт гарын үсэг зурах юм.

Уг хөтөлбөрт батлан хамгаалах, зэвсэгт хүчний удирдлага, төрлийн цэргүүдийн болон цэргийн боловсрол, эрдэм шинжилгээ, эмнэлэг, хүмүүнлэгийн хамтын ажиллагааг цаашид хөгжүүлэх чиглэлийг тодорхойлсон байна.

Айлчлалын үеэр Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, С.К.Шойгу нар Оросын Холбооны Улсын Батлан хамгаалах яамнаас Монгол Улсын Зэвсэгт хүчний хэрэгцээнд буцалтгүй тусламжаар нийлүүлж буй цэргийн зориулалттай бүтээгдэхүүнийг хүлээлгэж өгөх ёслолд оролцов.

Айлчлалын үеэр Оросын Холбооны Улсын Батлан хамгаалах яамнаас Монгол Улсын Зэвсэгт хүчний хэрэгцээнд, тэр дундаа Монгол Улсын Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлалд нэн шаардлагатай нэг техникүүдийг  буцалтгүй тусламжаар олгосныг ОХУ-ын Батлан хамгаалахын сайд, Армийн генерал С.К.Шойгу албан ёсоор гардуулан өглөө.

Тэрээр Монгол Улс, ОХУ-ын 4 удаагийн баатар, Маршал Г.К.Жуковын гэрэлт хөшөөнөө цэцэг өргөн хүндэтгэл  үзүүлсэн бөгөөд дэлхийд ганцхан байдаг Г.К.Жуковын музейгээр зочилсоноор түүний манай улсад хийж буй айлчлал үүргэлжилж байна. Сергей Кужугетович Шойгу ОХУ-ын Батлан хамгаалахын сайдаар 2012 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр ОХУ-ын Батлан хамгаалахын сайдаар томилогдсон бөгөөд түүнийг ОХУ-ын Батлан хамгаалахын орлогч сайд тэргүүтэй 5 генерал, 14 төлөөлөгч, Элчин сайд, цэргийн атташе,  хэвлэл мэдээллийн 12 ажилтан дагалдаж байна.

Мөн айлчлалын хүрээнд ОХУ-ын Батлан хамгаалахын сайд С.К.Шойгу Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарт бараалхана.

Монгол Улс, Оросын Холбооны Улсын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх, Монгол Улсын Зэвсэгт хүчнийг бэхжүүлэхэд оруулсан хувь нэмрийг үнэлж Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Оросын Холбооны Улсын Батлан хамгаалахын сайд С.К.Шойгуг Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнасныг Улсын Их Хурлын дарга М.Энхболд гардуулан өгнө.

0 0 votes
Article Rating

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх
guest

0 Comments
Inline Feedbacks
View all comments
Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
Close