музейFocus

“Зарлигаар тогтоосон монгол улсын шастир” номыг танилцууллаа

1911 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Монголчууд Манж гүрний эрхшээлээс гарч, бие даан тусгаар тогтносноо дэлхий дахинд албан ёсоор зарлаж, улсын цол Монгол хэмээн ХХ зууны эхээр Ази тивд Монгол улс сэргэн мандсаны шинэ түүх эхэлсэн.

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113 жилийн ойн баярын өдөр Чингис хаан үндэсний музей Үндэсний номын сантай хамтран Монголын түүх судлалыг дэмжих тухай Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зарлигийн хүрээнд Богд хааны “ЗАРЛИГААР ТОГТООСОН МОНГОЛ УЛСЫН ШАСТИР” 11 дэвтрийг монгол бичгээс кирилл үсэгт буулган уг эхийн хамтаар хэвлүүлэн (2024.12.29) нээлтээ хийлээ.

Чингис хаан Үндэсний музейн эрхлэн хэвлүүлсэн “ЗАРЛИГААР ТОГТООСОН МОНГОЛ УЛСЫН ШАСТИР” номын ерөнхий редактороор Чингис хаан үндэсний музейн захирал, академич С.Чулуун, монгол бичгээс кирилл үсэгт буулгах ажлыг эрдэмтэн А.Очир, профессор З.Лонжид, профессор Ц.Төрбат, профессор О.Батсайхан, доктор Ч.Батдорж нар гүйцэтгэж, ийнхүү олон нийтийн хүртээл болгож байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхээс ирүүлсэн уг номын мялаалгыг ШУА-ийн Дэд ерөнхийлөгч, Түүх угсаатны зүйн хүрээлэнгийн захирал Ц.Цэрэндорж уншиж танилцуулав. Тэрээр “Түүхээ судлан шинжилж, түгээн дэлгэрүүлэх нь Их Монгол Улсын гал голомтыг сахин суугаа Монголчууд бидний эрхэм үүрэг мөн. Монгол Улсын шастир нь монгол хүн бүрийн мэдвэл зохих үндэсний түүх, бахархал, хойч ирээдүйд өвлөн уламжлуулах цадиг юм” гэдгийг онцолсон байлаа.

1997 онд ШУА-ийн Түүхийн хүрээлэн, Улсын төв номын сангаас эрхлэн, эрдэмтэн А.Очир, З.Лонжид, Д.Төрбат нар монгол бичгээс кирилл үсэгт буулган, тайлбар хийж, Зарлигаар тогтоосон Монгол Улсын шастир хэмээх нэртэй хоёр боть болгон анх хэвлэж байсан бол, 2006 онд эрдэмтэн А.Цанжид нар санаачлан МУИС, ШУА-ийн Түүхийн хүрээлэнгээс “Монголын түүхэн сурвалж бичгүүд” 33 боть хэвлүүлэхдээ тус сурвалж бичгүүдийн 27 дугаар ботид Монгол Улсын Шастирыг А.Очир, З.Лонжид, Д.Төрбат нарын буулгаснаар дахин хэвлэсэн байдаг.

Зарлигаар тогтоосон Монгол Улсын Шастирт өмнө хэвлүүлсэн долоон дэвтэр дээр нэмж “Зарлигаар тогтоосон Их Шавийн тамга бүхий үгүй хутагт, хувилгаан нарын шастир”, “Зарлигаар тогтоосон Халх, Дөрвөд хоёр аймгийн засаг бус ван, гүнгүүдийн шастир”, “Богд Жавзандамба хаан ширээн дор заларсны нууц түүх. Ялгуусаны хөвгүүний баясгалангийн хуримын далай хэмээгдэх оршвой”, “Халх, Дөрвөд аймгийн зургаан чуулганы олон хошуу, шавийн сүм, хурлын тухай” гэсэн дэвтрүүдийг шинээр олж, нэмж оруулснаараа онцлогтой.

Дашрамд мэдээлэхэд, 1911-1919 онд Монголын төр засаг улс гэрээ төвхнүүлэхдээ үндэсний уламжлал, эх түүх, өв соёл, хууль цаазаа сэргээн өвлүүлэх явдлыг чухалчлан үзэж, Богд хааны Зарлигаар Монгол Улсын Шастир 11 дэвтэр бүхий төрийн албан ёсны түүх боловсруулах ажил өрнөж, 1919 оны эцэст бүрэн дууссан байна. Шастирт Их Монгол Улсыг байгуулсан эзэн Чингис хаанаас Лигдэн хутагт хааныг хамруулан Монголын төр тэргүүлж байсан хаадын гавьяа зүтгэлийг хураангуй өгүүлж, зарим хаадын тухай дэлгэрэнгүй дурдсан байдаг.

Тухайлбал Их эзэн Чингис хаанаас Тогоон Төмөр хаан хүртэлх 16 хаан тус бүрт нь Чингис хаан 38, Өгэдэй 6, Гүег 6, Гүдэн 18, Мөнх хаан 8 жил тус тус төр тэргүүлснийг жагсаажээ.

Монгол Улсын шастирыг Монгол Улсаа Олнаа өргөгдсөний 8 дугаар 9 дүгээр онд Дэд сайд, Да лам Цэрэндэндэв, Да лам Хурц билигт Гомбоцэрэн, Сэцэн хан аймгийн Хурц гүн Галсандоной нар тэргүүлэн, уг айлтгасан хэргийн ёсоор сайн чадах гавж Дамдин, гүүш Сумьяа, гүн Дашням, Намсрайжав, Тогтох нар туслан зохиожээ.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version