Боловсрол, шинжлэх ухааны салбарын ажилтнуудын цалин хөлсийг нэмэгдүүлэхийг шаардсан цуглаан өнөөдөр найм дахь өдрөө Д.Сүхбаатарын талбайд үргэлжилж байна. Монголын боловсрол, шинжлэх ухааны ҮЭ-ийн холбооноос мэдээлснээр багш нарын ажил хаялтад 130 гаруй сургууль, цэцэрлэг нэгдсэн хэмээн мэдээллээ.
Багш нарын ажил хаялтыг улстөржүүлэн МҮЭ-ийн холбооноос зохион байгуулсан мэтээр нийгэмд ташаа мэдээлэл тарааж байна гэж багш нарын цуглааныг нээж МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар хэлж байв. Тэрээр “Энэ эсэргүүцлийн нэг ч арга хэмжээнд би оролцоогүй. Багш нарын тэмцлийг МҮЭХ, МБШУҮЭ-ийн холбоо, АН-ын улстөрчид турхирч байна гэх мэтээр багш нарын тэмцлийг буруугаар ойлгуулахаар зохион байгуулалттай тархи угаалт хийж эхэллээ. МҮЭХ цалингаа нэмүүлэхээр тэмцэж буй багш нарыг тэмцлийг дэмжиж байна. Энэ тэмцэл үр дүнд хүрнэ гэж найдаж байна. Бүгдээрээ тэмцэж байж цалингаа нэмүүлэхийн төлөө шантралгүй тэмцээрэй” гэж уриалав.
энэ удаагийн ажил хаялт зарлаад буй багш нарын зүгээс дараах 4 шаардлагыг Засгийн газар, салбар яамны сайддаа хүргүүлээд байгаа аж.
- 2018 оны Улсын төсөвт тодотгол хийж, Боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарт ажиллагсдын үндсэн цалинг 9 сарын 1-нээс 15 хувиар нэмэгдүүлэх.
- 2018 оны улсын төсөвт тусгасан төсвийн байгууллагын ажилтнуудын орлогыг нэмэгдүүлэх 56.6 тэрбум төгрөг болох нэг ажилтны 300 мянган төгрөгийн мөнгөн урамшууллыг 10-р сарын 1-нээс олгох.
- 2019 оны 1-р сарын 1-нээс БСШУ-ы салбарын ажилтнуудын үндсэн цалин 50 хувиас доошгүй хэмжээгээр нэмэгдүүлэх.
- Ажил хаялтад оролцсон нийт багш нарын цалин хөлсийг бүрэн олгох