WorldFocus

2024 онд 54 сэтгүүлч, түүний дотор 31 нь мөргөлдөөнтэй бүс нутагт амь насаа алджээ 

“Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллагаас бэлтгэн гаргасан 2024 оны тоймоос харахад, сэтгүүлчдийн эсрэг халдлага эрчимжиж, ялангуяа энэ онд амиа алдсан хэвлэл мэдээллийн ажилтнуудын талаас илүү хувь амь үрэгдсэн мөргөлдөөнт бүс нутагт энэ байдал түгшүүрийн хэмжээнд хүрчээ. Газын зурвас нь сүүлийн таван жилд хамгийн олон сэтгүүлч ажил үүргээсээ болж алагдсанаар дэлхийн хамгийн аюултай бүсд тооцогдож байна. 2023 оны аравдугаар сараас хойш 145 гаруй сэтгүүлч Израилийн цэрэг, армийн гарт амиа алдсан бөгөөд тэдний дор хаяж 35 нь сэтгүүл зүйн ажлаа хийснийхээ төлөө хороогджээ. Үүнээс гадна, дэлхий даяар өдгөө 550 сэтгүүлч баривчлагдан хоригдож байгаа нь өнгөрсөн оныхоос долоон хувиар өссөн үзүүлэлт юм. Засгийн газрууд, зэвсэгт бүлэглэлүүд голчлон үйлдсэн ял шийтгэлгүй өнгөрдөг хүчирхийллийн эдгээр хэрэгт нэн даруй хариу арга хэмжээ авах шаардлагатай. Сэтгүүлчид болон сэтгүүл зүйг хамгаалахад шуурхай арга хэмжээ авахыг RSF уриалж байна.

Тоймтой танилцах

“Сэтгүүлчид нас барах бус бусдын гарт амиа алддаг. Тэд шоронд орох бус дэглэмүүд тэднийг торны цаана түгждэг. Тэд алга болох бус хулгайлагддаг. Засгийн газрууд, зэвсэгт бүлэглэлүүдийн голчлон үйлддэг эдгээр төрлийн гэмт хэрэг олон улсын хууль зөрчөөд барахгүй дийлэнх тохиолдолд ял шийтгэлгүй өнгөрдөг. Сэтгүүлчид биднийг мэдээллээр хангахын төлөө амиа алдаж байгааг иргэн хүнийхээ хувьд бид өөрсдөдөө сануулж, ямарваа арга хэмжээ авах хэрэгтэй байна. Бид тоо бүртгэл хөтлөхөө үл зогсоон, нэрсийг зарлаж, буруутган зэмлэж, эрэн сурвалжилж, шударга ёсыг тогтоохыг шаардах ёстой. Фатализм хэзээ ч ялах ёсгүй. Биднийг мэдээлэлжүүлдэг хүмүүсийг хамгаалах нь үнэнийг хамгаалах явдал юм.” RSF-ын Ерөнхий захирал Тибо Бруттин

2024 онд амиа алдсан сэтгүүлчдийн гуравны нэгийг Израилийн зэвсэгт хүчнийхэн хороожээ

54 сэтгүүлч, түүний дотор 31 нь мөргөлдөөнтэй бүс нутагт амь насаа алджээ. Ирак, Судан, Мьянмар, Украин болон Газын зурваст өрнөсөн дайнд нэрвэгдсэн бүс нутгуудад сурвалжилга хийж яваад амиа алдсан сэтгүүлчдийн тоо сүүлийн таван жилийн хугацаанд хамгийн өндөр түвшинд хүрэв (57.4%).

○   Газын зурвас: сэтгүүлчдэд хамгийн аюултай бүс нутаг. RSF-ын хамгийн сүүлийн мэдээллээр 2024 онд ажлаа хийх явцдаа амиа алдсан сэтгүүлчдийн 30 шахам хувь Газын зурваст бүртгэгджээ. Тэднийг Израилийн арми хөнөөсөн.

○   Сэтгүүлчдэд хамгийн аюултай улс бол Палестин бөгөөд сүүлийн таван жилийн хугацаанд амиа алдагсдын тоо бусад улсынхаас өндөр байна. 2023 оны аравдугаар сараас хойш Палестинд 145 гаруй сэтгүүлч амь үрэгдсэний хамгийн багадаа 35 нь албан үүргээ гүйцэтгэх явцдаа амь насаа алджээ.

○   RSF нь эдгээр тохиолдлыг эрэн сурвалжилсаар байна. Энэ нь хэвлэл мэдээллийн ажилтнуудыг санаатайгаар онилсон явдлыг олж тогтоон, зэмлэн буруушаах зорилготой. Тус байгууллага сэтгүүлчдийн эсрэг үйлдсэн дайны гэмт хэргийн талаар Олон улсын Эрүүгийн шүүхэд (ОУЭШ) дөрвөн удаа гомдол гаргасан.

Ази тив: сэтгүүлчдэд хамгийн аюултай удаах бүс нутаг. Пакистанд (7), мөн Бангладешийг (5) донсолгосон эсэргүүцлийн жагсаалын үеэр олон тооны сэтгүүлч алагдсанаас шалтгаалан Ази тив амиа алдсан сэтгүүлчдийн тоогоороо удаалж байна. 

550 сэтгүүлчийг баривчлан хорив

● Шоронд хоригдсон сэтгүүлчдийн тоо өсөв

Энэ онд баривчлагдан хоригдсон сэтгүүлчдийн тоо (+7.2%) өссөн нь ОХУ (+8) болон Израильд (+17) сэтгүүлчдийг хорьсон тохиолдол шинээр гарсантай голчлон холбоотой.

● Израиль сэтгүүлчдийг хорьсон тоогоороо гуравдугаарт орж байна

Израиль нь 2023 оны аравдугаар сард Газын зурваст дайн эхэлснээс хойш сэтгүүлчдийг хорьсон тоогоороо тэргүүлсэн бөгөөд энэ үзүүлэлтээрээ өдгөө дэлхийд гуравдугаарт орж байна.

● Хоригдсон сэтгүүлчдийн дийлэнх нь дөрвөн улсад төвлөрчээ

Хамгийн олон сэтгүүлчийг шоронд хорьсноороо дэлхийд тэргүүлэгч дөрвөн улс болох Хятад (124, тэр дундаа Хонконгод 11), Мьянмар (61), Израиль (41) болон Беларусь (40)-ийн шоронд дэлхий даяар хоригдож буй нийт сэтгүүлчдийн тал шахам хувь нь байна. 

250 жилийн хорих ял: дэлхий даяар сэтгүүлчдэд оногдуулсан ялын нийт хэмжээ

Сэтгүүл зүйг мөрдөн хавчихад шоронд хорих аргыг, ялангуяа Украины эсрэг Оросын түрэмгийлэл болон Израилийн Газын зурваст хийсэн халдлагын үеэр хэрэглэсэн. Орос улс (38) хорих төвүүдийг Орос, Украины (19) хараат бус сурвалжлагчдыг нухчин дарах арга хэрэгсэл болгон ашиглаж байна.  

55 сэтгүүлчийг барьцаалжээ

● Барьцаалагдсан сэтгүүлчдийн 70% нь Сирид байна. Тэдний дийлэнхийг “Исламын улс” бүлэглэл дайны үеэр барьцаалсан. Арван жил өнгөрсөн боловч тэдний хувь заяа хэрхсэн, хаана байгаа талаар мэдээлэл олж авах нь нэн бэрх, бараг боломжгүй болжээ. Харин Башар аль-Асадын дэглэм нуран унасан нь найдлага төрүүлж байна.

Йемен: 2024 онд сэтгүүлчдийг шинээр барьцаалсан дэлхийн цорын ганц улс

Өдгөө дэлхий даяар барьцаанд байгаа 55 хэвлэл мэдээллийн ажилтны хоёрыг нь 2024 онд Йемен дэх “хутис” бүлэглэлийнхэн барьцаалжээ.

● Мали: 2023 онд сэтгүүлчдийг шинээр барьцаалсан дэлхийн цорын ганц улс

Зэвсэгт бүлэглэл 2023 оны арваннэгдүгээр сарын 7-нд “Coton” радиогийн захирал Салек Аг Жидду, хөтлөгч Мустафа Конэ нарыг барьцаалсан. Тэдний нэхэж буй мөнгөний хэмжээ 4 сая CFA франк (ойролцоогоор 6,150 евро) хүрээд буй.

95 сэтгүүлч сураггүй алга болжээ

● Дэлхийн 34 улсад алга болсон 100 шахам сэтгүүлч одоог хүртэл сураггүй байна. Эдгээр сэтгүүлчийн дөрөвний нэг нь сүүлийн 10 жилийн хугацаанд сураггүй алга болжээ.

● Өнгөрсөн арван жилд 28 сэтгүүлч сураггүй алга болжээ. Онцолбол, Мексикт 5, Сирид 3, Малид 3, Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсад 2, Палестинд 2, Иракт 2 сэтгүүлч тус тус сураггүй алга болжээ.

Сураггүй алга болсон сэтгүүлчдийн 45 хувийг хүчээр сураггүй алга болгожээ. Сураггүй алга болгох явдал нь авторитар дэглэмтэй эсвэл хариуцлага сул засгийн газруудтай холбоотой байдаг. Энэ нь гэмт үйлдэл ял шийтгэлгүй үлдэхтэй тэмцэх, сэтгүүлчдийн хамгаалалтыг бэхжүүлэх зайлшгүй шаардлагатайг харуулж байна. НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 2006 онд баталсан хэдий ч одоог хүртэл ердөө 75 улс орон соёрхон батлаад буй “Хүчээр алга болгохоос бүх хүнийг хамгаалах тухай” олон улсын конвенцийг соёрхон батлахыг RSF бүх улс орнуудад уриалж байна.

● Мексик хамгийн аюултай улсад тооцогдож байна. Сураггүй алга болсон сэтгүүлчдийн 30 гаруй хувь нь тус улсад бүртгэгджээ.

● 2024 онд Буркина Фасо, Никарагуа, Орос, Сири улсад хүчээр алга болгосон хэрэг тус тус 4 удаа шинээр гарчээ.

Тогтмол шинэчлэгддэг барометртэй танилцаарай

RSF-ын цахим барометрийг бүсийн менежерүүд, сурвалжлагчид тогтмол шинэчилдэг бөгөөд ингэхдээ хүчирхийлэлд өртсөн (алагдсан, баривчлагдан хоригдсон, барьцаалагдсан, сураггүй алга болсон) сэтгүүлчдийн нэрсийг оруулдаг. 

Аргачлал 

“Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллага нь тухайн оны нэгдүгээр сарын 1-нээс арванхоёрдугаар сарын 1-ний хооронд түүвэрлэн нэгтгэсэн нарийвчилсан өгөгдөл мэдээлэлд тулгуурлан сэтгүүлчдийн эсрэг үйлдсэн гэмт хэрэг, хүчирхийллийн тоо баримтыг 1995 оноос эхлэн жил бүр тоймлон гаргаж байна. 2024 оны тоймд дурдсан тоо баримтад мэргэжлийн болоод мэргэжлийн бус сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн ажилтнуудыг хамруулсан. Сэтгүүлч баривчлан хоригдсон, хулгайлагдан барьцаалагдсан, сураггүй алга болсон, амь насаа алдсан тохиолдол бүр ажил мэргэжилтэй нь шууд холбоотой байсныг баттайгаар мэдэх боломж бүхий мэдээллийг RSF нягтлан цуглуулдаг. Бидний гаргасан тоо баримт бусад байгууллагуудынхаас зөрүүтэй байдаг нь энэхүү аргачлалтай холбоотой.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version