WorldОнцлох

2011 оноос хойш 181 сэтгүүлчийн амийг хөнөөсөн хэрэгт шийтгэл хүлээлгэхийг уриалав 

Башар аль-Асад болон түүний холбоотнууд 2011 оноос хойш үүрэгт ажлаа гүйцэтгэж явсан 181 гаруй сэтгүүлчийн амийг хөнөөжээ. Хаяат Тахрир аль-Шам (HTS) зэвсэгт бүлэглэл 2024 оны арванхоёрдугаар сарын 9-нд Асадын дэглэмийг түлхэн унагасан өдрөө 23 сэтгүүлчийг баривчлан хорьсон бөгөөд 10 сэтгүүлч сураггүй алга болсны дотор долоог нь хүчээр алга болгожээ. Сири улсыг Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний индексээр 180 орноос 179-д бичигдэхэд нөлөөлсөн орчин үеийн түүхэн дэх хамгийн харгис дарангуйллын дэглэм нуран унасныг “Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллага сайшааж байна. RSF нь алагдсан, гэмтэж бэртсэн, шоронд хоригдсон, сураггүй алга болсон сэтгүүлчдэд шударга ёсыг тогтоохыг шаардаж байна. Тус улсын ирээдүйн удирдагч хэвлэлийн эрх чөлөөг хангах шинэ эрин үе эхлүүлэх нь зүйтэй. 

Сэтгүүлчдийг ажил үүргээ гүйцэтгэж байхад нь Сирийн арми, тэдний Оросын холбоотнууд бөмбөгдөх, засгийн газрын даалгавраар сум онилох, эрүүдэн шүүх, Асадын байгуулсан шоронд амийг нь хороох зэргээр хохироож байв. Сирийн дэглэм ба түүний дэмжигчид 181 сэтгүүлчийн амь насыг хөнөөснөөс 161 сэтгүүлчийг дэглэмийн зэвсэгт хүчин, 17 сэтгүүлчийг Оросын агаарын хүчин тус тус хороосон тоо баримтыг RSF гаргалаа. Гэмт хэрэг үйлдсэн этгээдүүд ял завших ёсгүй. 

Арванхоёрдугаар сард Асадын дэглэм нуран унаж, түүний удирдагч оргон зайлахаас хэдхэн хоногийн өмнө Сирийн зэвсэгт хүчин нийслэл Дамаск хот руу Исламын Хаяат Тахрир аль-Шам зэвсэгт бүлэглэл тэргүүтэй Идлибийн босогчдыг нэвтрэхийг зогсоох оролдлого хийсэн. Дотоодын “Focus Aleppo” сэтгүүлийн сэтгүүлч бөгөөд Туркийн олон нийтийн “TRT” телевизийн сурвалжлагч Мустафа аль-Курди, Германы “DPA” мэдээллийн агентлагийн гэрэл зургийн сурвалжлагч Анас Алхарбутли нарын хоёр сэтгүүлч тус мөргөлдөөнийг сурвалжилж байхдаа Сирийн зэвсэгт хүчнийхэнд алагдсан. 

“Асадын дарангуйллын харгис ноёрхол дуусч, үүнийг дагаад Сирид хэвлэл мэдээллийн эсрэг хэрцгий шинжтэй мөрдлөг хавчлага эцэс болно гэж найдаж байна. RSF-ын 2024 оны Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний индекст дурдсанаар, 2011 оноос хойш тус дэглэм, түүний холбоотнууд 180 гаруй сэтгүүлчийн амь насыг хороож, сэтгүүлчдийг баривчлан хорьж, эрүүдэн шүүсэн Башар аль-Асад дэлхийд Сирийг хэвлэл мэдээллийн ажилтнуудад хамгийн халтай орны нэг болгосон.

Үйлдсэн гэмт хэргийнх нь төлөө түүнд шийтгэл хүлээлгэхийг бид шаардаж байна. Түүний хүчирхийллийн золиос болсон бүх хохирогчдод шударга ёсыг тогтоох ёстой. Хаяат Тахрир аль-Шам зэвсэгт бүлэглэлийн сэтгүүлчдийн эсрэг үйлдсэн гэмт хэргийн талаар баримт мэдээлэл бидэнд бий.

Бүлэглэлд хандаж, гэм буруутай гишүүддээ хариуцлага тооцох, тус улсад хоригдож буй болон барьцаалагдсан бүх сэтгүүлчийг суллахыг уриалж байна. Сирийн ирээдүйн удирдагч хэн боловч сэтгүүлчдийн аюулгүй байдлыг хангаж, чөлөөт хэвлэл цэцэглэн хөгжих боломж бүрдүүлэх нь зүйтэй.”  RSF-ын Ойрх Дорнод хариуцсан товчооны дарга Жонатан Дагер 

RSF-ын мэдээлснээр, хоёр сэтгүүлч суллагджээ 

Асадын дэглэмийн нуран унасан 12 дугаар сарын 9-ний өдөр 23 сэтгүүлч шоронд хоригдсон хэвээр байж, дэглэмийнхэн долоон сэтгүүлчийг тодорхойгүй байршилд хүчээр алга болгосон байв. Тэдний ихэнх нь одоо хүртэл амьд байгаа гэх баталгаа алга. “Дэлхий дээрх там” гэж амьд гарсан хүмүүсийн нэрлэсэн цуутай Саидная шорон болон агаарын хүчний тагнуулын албадын хяналт тогтоосон Маззех хорих төвд хоригдож буй сэтгүүлчдээс цөөхөн хэд нь амьд үлдсэн аж.

Хэдхэн хормын хугацаанд явагдсан шүүх хурлын дараа сэтгүүлчдийг эрүүдэн шүүсэн, тэдэнд эмнэлгийн тусламж үзүүлэхээс татгалзсан, нууцаар цаазаар авсан тухай RSF-ынханд өчсөн байна. Гэсэн хэдий ч хоригдсон хүмүүсийг суллаж байгааг дүрсэлсэн бичлэг эрчтэй тархаж, дахин итгэл найдвар төрүүлэв. 

Дэглэм нуран унасны дараа босогчид шоронгуудын хаалгыг нээсэн. Одоогийн байдлаар, 2024 оны зургадугаар сараас хойш хоригдож байсан “Сирийн хэвлэл мэдээллийн мониторинг” байгууллагын сэтгүүлч Ханин Гебран, хувьсгалаас өмнө хийж байсан ажлынхаа төлөө 2009 оноос хойш хоригдож байсан блог хөтлөгч Тал аль-Маллоухи нар 12 дугаар сарын 8-нд суллагдсан болохыг RSF мэдэгдэв. 

Хаяат Тахрир аль-Шам зэвсэгт бүлэглэлийн гарт зургаан сэтгүүлч амь үрэгджээ 

Босогчдын болоод зэвсэгт янз бүрийн бүлэглэлүүд ч мөн хяналт тогтоосон бүс нутагт нь ажиллаж байсан сурвалжлагчдыг мөрдөн хавчдаг байв. 2011 оноос хойш Сирид 283 сэтгүүлч амь үрэгдсэнээс 2012-2019 онд Хаяат Тахрир аль-Шам зэвсэгт бүлэглэл тэдний зургааг нь хороожээ. Тус бүлэглэлийн удирдагч Абу Мохаммед аль-Жулани (жинхэнэ нэр нь Ахмед Хуссейн аль-Чарех) найман сэтгүүлчийг хулгайлан барьцаалсан.

Тэдний хоёрыг нь аль-Жуланигийн үүсгэн байгуулсан аль-Нусра жихадист бүлэглэл 2013, 2015 онуудад тус тус барьцаалсан байна. 2017 онд уг бүлэглэл Исламын бусад бүлэглэлтэй нэгдэн, Хаяат Тахрир аль-Шам бүлэглэлийг байгуулж, Идлиб мужид хяналт тогтоон, 2018-2021 онд Сирийн зургаан сэтгүүлчийг тэндээ хулгайлан барьцаалсан. 

Сирийн хойд хэсэгт хийсэн агаарын довтолгооны үеэр Курдын хэд хэдэн сурвалжлагч амиа алдсан бөгөөд хамгийн сүүлийн цохилтыг 2024 оны наймдугаар сард өгсөн. Курдын хэвлэлүүд эдгээр халдлагад Туркийн армийг буруутгаж байна. Үүний зэрэгцээ, RSF-т байгаа мэдээллээр, “Исламын улс” хэмээх Исламын радикал бүлэглэл 2013-2017 онд Сирид 22 сэтгүүлчийн амь насыг хөнөөжээ. 59 сэтгүүлчийн амь насыг хөнөөсөн хэрэгт буруутай этгээдүүд одоог хүртэл тогтоогдоогүй.

Эх сурвалж: “Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллага

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version