Эдийн засагFocus

Төр засаг Евроазийн хэлэлцээрийг эргэж харах хэрэгтэй гэв

“Тогтвортой хөгжлийн төлөө сэтгүүлчид” клубын энэ удаагийн “Өглөөний цагийг өөртөө” уулзалтаараа Монголын Хүнсчдийн нэгдсэн холбоо,  Сав баглаа боодол үйлдвэрлэгчдийн нэгдсэн холбоо, Монголын тариаланч, гурил үйлдвэрлэгчдийн үндэсний холбооны төлөөллүүдийг урьж “Үндэсний үйлдвэрлэл-Тогтвортой өсөлт” сэдвээр /2024.12.16/ ярилцлаа.

Тус уулзалтад Хүнсчдийн холбооны тэргүүн Л.Тэрбишдагва, тус холбооны удирдах зөвлөлийн гишүүн Б.Мөнхзул, Р.Сансармаа, Малзүйч үржүүлэгчдийн үндэсний холбооны тэргүүн, “Түмэн шувуут” компанийн үүсгэн байгуулагч Л.Эрхэмбаяр, Монголын сав баглаа боодол үйлдвэрлэгчдийн нэгдсэн холбооны тэргүүн Б.Болдбаатар, Монголын тариаланч, гурил үйлдвэрлэгчдийн  холбооны дэд ерөнхийлөгч Ш.Шинэбаяр нар оролцлоо. Учир нь Монгол Улс Евроазийн эдийн засгийн чөлөөт худалдааны бүсэд нэгдэх нь эерэг хийгээд сөрөг ямар үр дагавартай талаар байр сууриа илэрхийлж, сэтгүүлчидтэй ярилцлаа.

Гурилын квотгүй болгосноор 5-6 үйлдвэр хаагдаад байна

Монголын тариаланч, гурил үйлдвэрлэгчдийн  холбооны дэд ерөнхийлөгч Ш.Шинэбаяр “Тариаланчдад ямар сөрөг нөлөө үзүүлэх вэ гэдэг талаар ярья гэж бодож байна. Манай хойд хөрш ОХУ, Беларусь зэрэг улс  жилдээ 100-150 сая тонн улаан буудай үйлдвэрлэдэг. Нэг ёсны өргөн уудам зах зээл шүү дээ. Өнгөрсөн зургадугаар сараас гурилын квотгүй болгосноор 5-6 үйлдвэр хаагдсан. Ийм байдлаар экспортын бүтээгдэхүүн улаан буудай үндэсний үйлдвэрлэгчдэд сөргөөр нөлөөлдөг. Хэдэн сая тонноор улаан буудай экспортолдог улс орнуудтай манай улсын жижиг зах зээл хийгээд хэдхэн үйлдвэрлэгч өрсөлдөнө гэхэд амаргүй. Гурил бол стратегийн бүтээгдэхүүн. Тиймээс үндэсний үйлдвэрлэлээ дэмжих бодлого барих нь хамгийн чухал. Орц бордоо нийт зардлын 28 хувийг эзэлдэг учраас үнэ хямдруулж чаддаггүй. Төр засаг татвар, валютын зөрүүн дээр анхаарч өгмөөр байна. Хойд хөршөөс их хэмжээний улаан буудай оруулж ирэхэд л үндэсний компаниудад хүнд цохилт өгдөг. Улаан буудай чанаргүй цавуулаггүй байна гэдэг бордоотой холбоотой. Иймд төр бордоог татваргүй болгох тал дээр л анхаарах хэрэгтэй байх. Бид урд хөрш рүү гурил үйлдвэрлэх боломжгүй. Ер нь аль ч улс руу газар тариалангийн бүтээгдэхүүн экспорлох боломж байхгүй. Зөвхөн дотоодын зах зээлээ хангадаг учраас үндэсний үйлдвэрлэлээ хамгаалах бодлого барих нь зүйтэй байх гэсэн байр суурьтай байна. Манай улсад тогтвортой үйл ажиллагаа явуулдаг 16 үйлдвэр бий. Хүнсний хувьсгалын хүрээнд 400 гаруй мянган тонн улаан буудай экспортолно гэсэн. Энэ ажил хэрэг болоогүй одоо өнөөх улаан буудай нь агуулахад л хэвтэж байна” гэлээ.

Евроазийн холбоотой гэрээ байгуулбал үйлдвэрлэл элгээрээ хэвтэнэ

Малзүйч үржүүлэгчдийн үндэсний холбооны тэргүүн, “Түмэн шувуут” компанийн үүсгэн байгуулагч Л.Эрхэмбаяр: “Яагаад та бүхний үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүн импортын бараанаас үнэтэй байгаа юм бэ гэж. Тийм, үнэтэй байгаа нь үнэн.  Манайх бол хөгжиж буй статустай орон. Ийм шилжилтийн үед үндэсний үйлдвэрлэлээ хөгжүүлэх гэхээр гаднын бүтээгдэхүүнээс үнэтэй тусаад  байна.  Гэтэл иргэд хямд бүтээгдэхүүн хэрэглэх хүсэлтэй байдаг. Энэ зовлонг даван туулж чадсан улс орнууд хөгжлийн зам руугаа ордог. БНСУ л гэхэд ган болон техник технологийнхоо үйлдвэрлэлийг аварч үлдэхийн тулд татварын уян хатан бодлого барьж үйлдвэрлэлээ бойжуулсан. Эрийн цээнд хүрэхээр нь татаасуудаа нэмсээр байгаад зах зээлдээ байр суурьтай болгож чаддаг. Өнөөдөр манай улс ийм зам дээрээ явна. Ядуу буурайгаас ангижрах гэж л яваа үе шүү дээ. Үнэхээр үйлдвэрлэгчид татварын дарамтад туйлдаж байгаа. Үндэсний үйлдвэрлэлээ хөгжүүлэх гэхээр татварын дарамт өндөр учраас зах зээлд борлуулах өртөг нь импортын бараанаас өндөр тусаад байдаг. ОХУ-ын арилжааны зээлийн татвар  6-12 хувь, Монголынх 11-21 хувь байгаа. Цахилгаан эрчим хүч нь манайхаас хамаагүй хямд. Зарим мужуудаа  тарифаас бүрэн чөлөөлсөн байдаг. Татвар нь хамгийн дээд хязгаар нь 6% хувьтай байна. Гэтэл манай улс цэвэр ашгаас 25 хувийн татвар татаж байна. Тэгэхээр үндэсний үйлдвэрлэл яаж хямд байх вэ гэдгийг бодолцох хэрэгтэй. Үйлдвэрлэгчдээ ОХУ төрөөс тултал нь дэмжиж байна. Экспортын тэргүүлэх орон болно гэсэн бодлогоо тодорхойлоод удаж байгаа. Ийм байхад хөгжихөөс яах вэ. Манай эсрэгээрээ татварын дарамтанд байгаа шүү дээ. Нас биед хүрсэн хүнийг хүүхэдтэй тулалдуулж байгаатай л ижил шийдвэр гаргаж байна. Евроазийн холбоотой ямар нэгэн гэрээ байгуулбал үйлдвэрлэл элгээрээ унана шүү.

Салбарын бодлогоо мэддэг хүн хэлэлцээрийн ширээний ард суух хэрэгтэй

Монголын Hүнсчдийн нэгдсэн холбооны тэргүүн Л.Тэрбишдагва: Манай холбоо 400 гаруй гишүүнтэй, 20 000 хүн ажиллаж байна. Бид газар тариалангаас дэмжих бодлогоо сайжруулах хэрэгтэй. Намайг үг дуугарахаар чи ч гэсэн хамтран буруутан биз дээ гэдэг. Би ч гэсэн энэ асуудалд буруутайгаа зөвшөөрнө. Гэхдээ зөв гольдирол руу оруулахын тулд бүгдээрээ хичээх хэрэгтэй биз дээ. Үйлдвэрлэл эрхлэгчид рүүгээ дайрдаг байдлаа болих хэрэгтэй. Үндэсний үйлдвэрлэл хөгжиж байж улс орон оршин тогтоно. Мах махан бүтээгдэхүүнийг экспортлох боломжтой. Гэхдээ гулуузаар авдаггүй заавал халууны боловсруулалт хийж байж авдаг. Ер нь хөдөө аж ахуйн салбараа мэддэг хүн л хэлэлцээр хийх ёстой. Цаасны араас хэлэлцээр хийх гэж зүтгэвэл сайн зүйл болохгүй. Хэлэлцээр хийхээс өмнө бид дуу хоолойгоо хүргэх ёстой гэсэн байр суурьтай байгаа.

Улс орон хөгжихийн тулд үйлдвэрлэгч байх хэрэгтэй

Монголын хүнсчдийн нэгдсэн холбооны удирдах зөвлөлийн гишүүн Б.Мөнхзул: Бид хүнсний үйлдвэрлэлээ бүтээгдэхүүний жагсаалтаас хасах хэрэгтэй гэсэн байр суурьтай байгаа. Чөлөөт худалдааны хэлэлцээр нь үйлдвэрлэгчдийнхээ эсрэг болох байгаа учраас нэлээн бодолтой хандаж, зарим зүйлийг засаж залруулаасай гэж бодож байна.  Илүү ул суурьтай хандаасай гэж бодож байгаа. Ковидын үед улс орнууд хэсэг хугацаанд тогоон дотроо амьдарлаа. Энэ үед үйлдвэрлэж чадаж байгаа улс орнууд өөрсдийн боломжоороо даваад гарсан. Гэтэл дотоодын үйлдвэрлэгчид байгаагүй бол ямархуу байдлаар даван туулах байсан бол гэдэг асуудалтай тулгарах байлаа. Иймээс ч Монгол Улсын Ерөнхийлөгч “Хүнсний хувьсгал” аяныг хэрэгжүүлсэн байх. Хүнсний салбарынхан хичээгээрэй, бид боломжоороо дэмжье гэсэн. Бид ч гэсэн чадлаараа хичээж байна. Хийж бүтээнэ гэдэг бэлэн бараа импортлохоос хамаагүй хэцүү. Гэвч улс орон оршин тогтнож илүү их хөгжихийн тулд үйлдвэрлэгч байх ёстой.

Монгол Улс Махны дүрэмтэй байсан. Гэтэл энэхүү цор ганц бодлогын бичиг баримтаа хүчингүй болгосон

Монголын хүнсчдийн нэгдсэн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Р.Сансармаа: Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагаас манайд ирээд “Мал эмнэлгийн тогтолцоо хараахан бүрдээгүй байна” гэх үнэлэлт дүгнэлт өгөөд явсан. Гэтэл манайх шаардлагаа хангаагүй байж, уг хэлэлцээрт нэгдэнэ гээд байгаа нь утгагүй. Тэд Монголоос мах авахгүй. Харин оруулж л ирнэ. Монгол Улс Махны дүрэмтэй байсан. Гэтэл энэхүү цор ганц бодлогын бичиг баримтаа хүчингүй болгосон. Ингээд хэсэг хугацаанд ямар ч бодлогогүй явсан. Хүнсчид тэмцэл хийж байж Мах махан бүтээгдэхүүний үйлдвэр худалдаанд мөрдөх техникийн зохицуулалт баталсан. Гэхдээ үүнийг 2025 оноос мөрдөнө. Нөхцөл байдал ийм байхад бид яаж хэлэлцээрт нэгдэх юм бэ.

Хүнсний аюулгүй байдалд заналхийлж байна

Монголын сав баглаа, боодлын холбооны тэргүүн Б.Болдбаатар: Аливаа ажил доороосоо явах ёстой. Гэтэл шууд дээд түвшиндээ хүчээр шийдвэр гаргах гээд байна. Энэ буруу. Хүнсний үйлдвэрүүд хаалгаа барихад дагаад сав баглаа боодлын үйлдвэр дампуурна. Бусад салбартаа, цаашлаад эдийн засагт нөлөөлнө. Бид нийт зах зээлийн 60 хувийг дангаараа хангадаг, үндэсний үйлдвэрлэл. Евразийн хэлэлцээр Монголд ямар ч ашиггүй.  Бид өнөөдөр “Түмэн шувуут”-ын шинэ өндгийг өглөө бүр хэрэглэж байна. Гэтэл ОХУ-аас улсаас оруулж ирсэн 20 хоносон өндгийг хэрэглэх болоод байна. Улаанбуудай ч гэсэн жил өнжсөн буудай л орж ирнэ. Ер нь А зэрэглэлийн чанартай хүнсээ өндөр хөгжилтэй орнууд руу гаргаад бидэнд арай өөр зэрэглэлийн хүнс л нийлүүлнэ шүү дээ. Мэдээж эхлээд хямд хүнс оруулж ирнэ. Дараа нь манай үйлдвэрүүд дампуураад эхлэхээр тэд хүнсний үнээ нэмнэ. Энэ бол хүнсний аюулгүй байдал заналхийлсэн үйлдэл юм.

Оролцогчид ийн өөрсдийн байр сууриа илэрхийллээ. Мөн энэхүү уулзалтад Сав баглаа боодлын үндэсний холбооны тэргүүн Б.Болдбаатар оролцож хүнс үйлдвэрлэгчид дампуурахад тулбал үүнийг дагаад хоёрдогч түүхий эдийн үйлдвэрүүд ч хүнд байдалд орох гээд байна хэмээсэн юм.

Үндэсний үйлвэрлэгчдийн тогтвортой хөгжил, найдвартай үйлдвэрлэлтэй холбоотой  асуудал ганц үйлдвэрлэгчдийн, компанийн эздийн асуудал биш юм. Тиймээс ч бид өнөөдөр үүсгээд байгаа нөхцөл байдалд олон талын байр суурь, бодит нөхцөл байдлыг сонсож, ярилцаж, мэдээллийг олон нийтэд хүргэхийг зорилоо. Зөв шийдвэр гарахад олон талын оролцоо, дуу хоолой чухал. Энэ уулзалт үүнд тодорхой үүрэг гүйцэтгээсэй гэж “Амгалан дэлхий” ТББ-ын тэргүүн, “Тогтвортой хөгжлийн төлөө” сэтгүүлчдийн клубын ерөнхий зохицуулагч  Д.Даваадулам мэдэгдлээ.  

“Тогтвортой хөгжлийн төлөө” сэтгүүлчдийн клуб, “Амгалан дэлхий” ТББ

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version