БоловсролFocus

Дарханы шинэ сургуульд 1000 гаруй хүүхэд хоёр ээлжээр хичээллэж байна

Дархан-Уул аймгийн Дархан сумын ерөнхий боловсролын 31 дүгээр сургууль энэ жил үйл ажиллагаагаа эхлүүлж өнгөрөгч есдүгээр сарын 1-ээс сурагчдаа хүлээн авсан. Азийн хөгжлийн банкны хөрөнгө оруулалтаар олон улсын стандартын дагуу баригдсан 960 хүүхдийн суудалтай эко сургуульд өнөөдрийн байдлаар 1000 гаруй хүүхэд хоёр ээлжээр суралцаж байна.

Дархан сумын 15 дугаар багийн нутаг дэвсгэрт тус сургууль байгуулагдсанаар хүн ам ихээр төвлөрсөн тухайн бүсийн сургуулиудыг гурван ээлжээр хичээллэх эрсдэлээс хамгаалж, хамран сургах тойргийн ачааллыг бууруулсан чухал хөрөнгө оруулалт болсон гэж Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргал онцолж байсан юм.

Сургуулийн барилга, анги танхим, сандал ширээ, спорт, урлаг заал зэрэг нь олон улсын стандартад нийцсэн бөгөөд сурагч, багш, ажилчдын ажиллах, суралцах орчныг бүрдүүлсэн байна. Сургуулийн захирал А.Энхчимэг “Бага боловсролын багш нар даасан анги тус бүрдээ дугуйлан хичээллүүлдэг. Спортын чиглэлийн гурван секц, урлагийн хоёр дугуйлантай. Багш нар өөрийн мэргэжлийнхээ чиглэлээс гадна сонирхдог, хичээллэдэг зүйлсээ хүүхдүүддээ зааж байна.

Тухайлбал, манай физикийн багш рубик шооны дугуйлан хичээллүүлдэг. Өдөр өнжүүлэх төвийг сурагчдын хоцрогдлыг арилгах зорилгоор явуулж байна” гэлээ. Түүнчлэн өнгөрсөн наймдугаар сарын 16-нд ажлаа хүлээж аваад хүний нөөцөө бүрдүүлж, сурагчдаа бүртгэж эхэлсэн бөгөөд есдүгээр сарын 1-ий өдөр гэхэд аль хэдийн 1000 гаруй сурагч бүртгүүлсэн нь энэ сургууль хэчнээн эрэлт хэрэгцээтэй байсныг харуулсан гэдгийг ч онцолсон юм.

Мөн байгальд ээлтэй шийдэлтэй учраас сургуулийн доод талдаа саарал усны нөөцийн савтай байна. Тиймээс бие засах өрөөнүүд болон ногоон байгууламж, мод услах зэрэг ажилд саарал ус ашиглаж байгаа аж.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version