ЗТЯШинэ мэдээ

УБТЗ-аар дамжин өнгөрөх ачааны хэмжээ тохиролцох ээлжит зөвлөгөөн болов

Суурь бүтэц хооронд дамжин өнгөрөх ачааны хэмжээ тохиролцох ээлжит зөвлөгөөн “Новотел” зочид буудлын хурлын танхимд зохион байгуулагдлаа. Тус зөвлөгөөнд ЗТЯ, ГТХЗНТ, “УБТЗ” ХНН, “Монголын төмөр зам” ТӨХК, “Тавантолгой төмөр зам” ХХК, “Mongolian Trans Line” ХХК, “MTL” ХХК зэрэг төрийн болон хувийн хэвшлийн төмөр замын байгууллагуудын төлөөлөл оролцож байна. Энэхүү зөвлөгөөнөөр талууд суурь бүтэц хооронд дамжин өнгөрөх ачаа тээврийн  хэмжээ, тулгамдаж байгаа асуудлуудаа харилцан тохиролцож зөвшилцлөө.

Тухайлбал,  тулгамдаж буй асуудлын нэгт УБТЗ-ын суурь бүтцээр дамжин өнгөрүүлэх ачааны хэмжээ хүчин чадлаасаа 20 хувиар хэтэрч, 13000 вагон тээвэрт оролцож байгааг холбогдох албаныхан хэлж байлаа. Мөн урд хилийн гарцын тоог нэмэх тухай асуудлыг хөндөж байв.  

Зам, тээврийн сайдын 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн А/37 дугаар тушаалаар батлагдсан “Суурь бүтэц хооронд ачаа солилцох, дамжин өнгөрөх тээвэрлэлтийг зохион байгуулах түр журам”-ын 2.2-т заасны дагуу төмөр замын суурь бүтэц эзэмшигч, тээвэрлэгч нарын төлөөлөгчид оролцсон “Суурь бүтэц хооронд дамжин өнгөрөх ачааны хэмжээ тохиролцох ээлжит зөвлөгөөн”-нөөр төмөр замын байгууллагууд дараах ачааг тээвэрлэхээр тохиролцлоо.

  1. “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Төмөртэй -Ерөө өртөөнөөс Эрээн өртөө хүртэл экспортын төмрийн хүдэр 800 мянган тонн, Цагаан хаалга -Ерөө өртөө -Эрээн чиглэлд экспортын төмрийн хүдэр 3500 мянган тонныг, Хандгайт -Сайншанд -Хонгорын – овоо чиглэлд орон нутгийн ачаа төмрийн хүдэр 200 мянган тонныг буюу нийтдээ “МТЗ” ТӨХК, “МТЛ” ХХК, “УБТЗ” ХНН -ийн суурь бүтцээр 4500 мянган тонн ачаа тээвэрлэнэ.
  2. Тавантолгой-Зүүнбаян-Толгойт , Баян зэрэг чиглэлд орон нутгийн мидлинг 800 мянган тонныг, Сайншанд-Тавантолгой чиглэлд импортын ачаа болох нефтийн бүтээгдэхүүн 120.3 мянган тонныг, аюултай ачаа 118.2 мянган тонныг, бусад орон нутгийн ачаа 232.0 мянган тонныг тус тус тээвэрлэнэ. Энэ нь нийтдээ импортын ачаа 258.5 мянган тонн, орон нутгийн ачаа 1032.0 мянган тонн болж байгаа бөгөөд эдгээр ачааны 1290.5 мянган тонныг нь “ТТЗ” ХХК, “МТЗ” ТӨХК, , “УБТЗ” ХНН -ийн суурь бүтцээр дамжуулан тээвэрлэнэ.

“УБТЗ” ХНН-ийн суурь бүтцээр дамжуулан 2025 онд тэгш, сондгой чиглэлд 5.8 сая тонн ачааг тээвэрлэхээр тохиролцлоо.

Мөн бусад суурь бүтцүүдээр 10 сая 332 мянган тонн ачаа тээвэрлэхээр тохиролцсон байна.  Зөвлөгөөнөөр ачааны хэмжээ тохиролцохоос гадна дамжин өнгөрөх тээвэрлэлтийг зохион байгуулах галт тэрэгний хөдөлгөөн ачаа тээврийн ажлын зохион байгуулалт, хөдлөх бүрэлдэхүүн , зүтгүүрийн ашиглалт, тариф төлбөр тооцоо, бусад асуудлыг хэлэлцэн протоколд тусгаж, суурь бүтэц эзэмшигч нарын төлөөлөгчдийн ахлагч нар гарын үсэг зурж тохиролцлоо.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version