БоловсролОнцлох

29 дүгээр тусгай сургуулийн 60 жилийн ойг тэмдэглэлээ

Монгол Улсын хэмжээнд сонсгол, хэл ярианы ялгаатай хэрэгцээтэй хүүхдүүдэд боловсрол олгодог нийслэлийн ерөнхий боловсролын 29 дүгээр сургуулийн түүхт 60 жилийн ой энэ онд тохиож байна.

Тус сургуулийг БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн тогтоолоор 1964 онд сонсгол, хэл яриа, харааны бэрхшээлтэй хүүхдүүдэд боловсрол олгох 29 дүгээр тусгай сургууль нэртэйгээр байгуулсан түүхтэй. Анх нэг танхимд хичээл, сургалтаа эхлүүлж байсан тус сургууль өнөөдөр нийслэлийн есөн дүүрэг, 21 аймгийн сонсгол, хэл ярианы ялгаатай хэрэгцээтэй хүүхдүүдэд ерөнхий эрдмийн мэдлэг олгож байна. 2023-2024 оны хичээлийн жилд гэхэд бага ангийн 11 бүлэгт 93, дунд ангийн 12 бүлэгт 110, ахлах ангийн найман бүлэгт 59 нийт 262 хүүхэдтэй үйл ажиллагаа явуулжээ. Харин энэ хичээлийн жилд нийт 254 сурагчийн ялгаатай хэрэгцээг хангаж, хөгжлийг дэмжсэн, сургалт-арга зүйн үндэсний цогц загварыг бий болгож, нийгэмд бие даан амьдрах чадвартай иргэнийг бэлтгэхийн төлөө 145 багш, ажилтан ажиллаж байгаа юм.

Тус сургуулийн хамт олон сонсгол, хэл ярианы бэрхшээлтэй хүүхдийн онцлог, хэрэгцээнд тулгуурлан ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөрийн агуулгыг дүйцүүлэн 12 жилийн боловсролыг олгож байгаа аж. Мөн хавсарсан бэрхшээлтэй сурагчдад сурагчдын ялгаатай хэрэгцээнд тулгуурлан ахуйн болон нийгэмшихүйн боловсрол, танин мэдэхүйн хөгжлийг дэмжсэн хичээлүүдээр сургалтын үйл ажиллагааг зохион байгуулсны үр дүнд төгсөгчдийн 70 гаруй хувь нь төгсөөд шууд ажилд орохын зэрэгцээ коллеж, МСҮТ, их, дээд сургуульд элсэн суралцаж, ажил амьдралын замд хөл тавьж байна.

29 дүгээр сургууль нь 60 жилийн түүхтэй ч сургуулийн барилгаа иж бүрэн шинэчилж, сургалтын орчноо дорвитой сайжруулж чадалгүй энэ онтой золгосон. Харин нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар тус сургуулийн бодит нөхцөл байдалтай танилцаж, иж бүрэн засвар, үйлчилгээ хийх 4.8 тэрбум төгрөгийн төсвийг шийдвэрлэснээр сургуулийн хамт олон хүүхдийнхээ онцлог хэрэгцээ, стандартад нийцсэн шинэ орчинд 60 жилийн ойгоо угтаж байгааг онцоллоо. 

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version