World

“Miss Universe 2024” тэмцээнийг Мексик улсаас МҮОНРТ шууд дамжуулна

Мексик улсын Мехико хотноо зохион байгуулах “Miss Universe 2024” тэмцээнд Монгол улсаас үндэсний оролцогч, Булган аймгийн Могод сумын харьяат Зандангийн Номинзулд Могод сумын ИТХ, ЗДТГ-аас хүндэтгэл илэрхийлжээ. Тэрээр аравдугаар сарын 27-нд Мексик улсыг зорисон бөгөөд дэлхийн хамгийн олон үзэгчтэй, хамгийн нэр хүндтэй тайз болох 73 дахь удаагийн “Miss Universe” тэмцээнд Монголоос оролцож, 130 гаруй улсын гоо бүсгүйчүүдтэй өрсөлдөнө.

Малчны хотноос төрсөн мисс “Өв тээгч” охин маань энэ удаагийн миссийн тэмцээнд эх орныхоо түүх соёл, нүүдэлчний амьдралаас олж авсан мэдлэг, малчин ардын уламжлалаа түшин оролцох бөгөөд “Надад олдсон энэхүү боломжийг ашиглан дэлхийн хамгийн том тайзан дээр үндэсний өв соёлоо сурталчлан таниулахын төлөө бүхий л хүч чадлаа дайчлах болно” хэмээсэн.

Мисс З.Номинзул “Miss Universe Mongolia 2023” тэмцээнд өөрийгөө сорьж, хүмүүжил, хандлага, чин зүрх сэтгэл, хариуцлагаараа манлайлан тэргүүн титмийн эзэн болж байсан юм. Аав, ээж нь Булган аймагт малчин. Аав, ээждээ мал маллахад нь 18 нас хүртлээ тусалж, хот хөдөөгийн хүүхдүүдийн ялгаа, хөгжих боломжийг илүү тэлэх хэрэгтэйг олж мэдэрсэн гэдэг.

Дашрамд дуулгахад, “Miss Universe 2024” тэмцээнийг Мексик улсаас МҮОНРТ албан ёсны эрхтэйгээр шууд дамжуулна. Монголын цагаар урьдчилсан шалгаруулалтыг 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 10:00-13:00 цагт, сүүлчийн (финалын) шалгаруулалтыг 11 дүгээр сарын 17-ны өдөр 09:00-12:00 цагаас үзэх боломжтой. 

Эх сурвалж: montsame.mn

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version