АНУ-ын “Викс групп консалтинг” компанийн төлөөлөгчидтэй уулзав
Зам, тээврийн яамны төрийн нарийн бичгийн дарга С.Батболд Иргэний нисэхий ерөнхий газрын дарга Ч.Мөнхтуяа нар АНУ-руу шууд нислэг үйлдэх ажлын хүрээнд АНУ-ын зөвлөх үйлчилгээний “Викс групп консалтинг” компанийн төлөөлөгчдийг хүлээн авч /2024.10.25/ уулзлаа. Уулзалтаар “Викс групп консалтинг” компанийн хийж гүйцэтгэсэн АНУ-ын Холбооны нисэхийн захиргаа (FAA)-ны Олон улсын нисэхийн аюулгүй байдлын үнэлгээ (IASA) шалгалтын хөтөлбөрт хамрагдах суурь үнэлгээний үр дүн, зөвлөмжийн тайланг хэлэлцлээ.
Зөвлөх үйлчилгээний “Викс групп консалтинг” компанийн зүгээс Иргэний нисэхийн ерөнхий газар, “МИАТ” ТӨХК хамтран (IASA) шалгалтад амжилттай хамрагдах бэлтгэлийг хангахад цаашид хууль, дүрэм, хөрөнгө оруулалт, сургалтын ажлууд хийгдэх тул 18 сарын хугацаа шаардлагатай гэдгийг танилцуулаад бэлтгэл яжлын явцыг сайнаар үнэлж буйгаа тэмдэглэв.
Мөн зөвлөх үйлчилгээний хоёрдугаар шатны ажлыг АНУ-ын Худалдаа хөгжлийн агентлагийн санхүүжилтээр хийхэд төслийн санхүүжилтийн талаар шийдвэр гаргуулах тал дээр Монгол Улсын талаас дэмжлэг хүсэж, Иргэний нисэхийн шалгалтын бэлтгэл ажлыг хугацааны алдагдалгүй, мэргэжлийн өндөр түвшинд хийгдэхэд бодлогын түвшинд дэмжлэг үзүүлж ажиллахыг хүсэв.
Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд ЗТЯ-ны зүгээс тайланд тусгагдсан шаардлагын дагуу хууль, дүрмийн зохицуулалт, хүний нөөц, хөрөнгө оруулалтыг бүрдүүлж ажиллахаа илэрхийлээд, цаашид шалгалтад хамрагдах хүртэлх хугацаанд хамтын ажиллагааг бэхжүүлэн ажиллахаар тохиролцов.
Монгол Улсаас АНУ-руу шууд нислэг үйлдэх ажлын хүрээнд Олон улсын Иргэний нисэхийн байгууллагын стандарт шаардлага, зөвлөмжийн дагуу дүрэм, байцаагчийн заавруудыг нийцүүлэх, гэрчилгээжилтийн шаардлагын дагуу зарим гэрчилгээжилтийг шинээр бүрдүүлэх, хүний нөөцийг сургаж дадлагажуулах, нисэх буудлын техник, технологид хөрөнгө оруулах зэрэг цогц үйл ажиллагаа хийгдэх юм.