НийгэмЭнэ сардБайгаль орчинФото сурвалжлага

Итгэл, урам зоригийг бэлэглэсэн “Инчон найдварын төгөл”

Монгол орны нийт нутаг дэвсгэрийн 75 гаруй хувь нь дундаас дээш зэрэглэлийн цөлжилтөд өртсөн гэдгийг судалгаагаар гаргажээ. Цөлжилтөд хуурай бүс нутгийн уур амьсгалын өөрчлөлт гэх мэтээс үүдэх байгалийн үзэгдэл хамаардаг. Гэвч сүүлийн жилүүдэд цөлжилт нь хүн төрөлхтний буруутай үйл ажиллагаанаас үүдэн дэлхийн дулаарлын гол шалтгаан болж буй гэж үзэж байна.

Тэгвэл нийгмийн тулгамдсан асуудал болоод буй цөлжилтөөс үүдэн газрын доройтол хүчтэй явагдаж байгаа сум орон нутгийн нэг нь Булган аймгийн Дашинчилэн сум. Тус сумын Бэлчээрийн төлөв байдлын судалгаагаар бэлчээрийн 90 гаруй хувь талхлагдаж чанар нь доройтож, цөлжилт эрчимтэй явагдаж байгааг тогтоосон бөгөөд өнгөрсөн онд тус сумын малчид өөр сум, аймгийн нутаг бэлчээрийг сонгон нүүдэллэсэн байдаг.

Цөлжилтийг зогсоож, хөрсний доройтлыг бууруулан нөхөн сэргээх хамгийн шилдэг шалгарсан арга бол мод тарих гэдгийг судлаачид хэдийнээ нотолсон билээ. Тус сумын нутаг дэвсгэрт 2013 оноос эхлэн хөрсний доройтлыг бууруулах ажлыг  “Ногоон ази сүлжээ” Олон улсын ТББ-ийн хамт олон эхлүүлжээ.

Дашинчилэн сумын “Инчон найдварын төгөл”-ийн ахлагч н.Оюунчимэг биднийг хүлээн авч, ойжуулалтын талбайгаа танилцуулж, хүнсний ногоо тариалж байгаа хүлэмжээ сонирхуулсан юм. Тэд нарийн ногоонуудаа хураан авч борлуулалтад гаргаад эхэлсэн гэнэ.

-Та өмнө нь ямар ажил хийж байсан бэ?

-Би 1986-1989 онд Сэлэнгэд жимс ногооны сургалт сууж, нутагтаа ирээд Баяннуурын жимс ногооны аж ахуйд ажиллаж байсан. 2000 оноос хойш хувиараа ногоо тарьдаг болсон. Тэгээд 2013 онд талбайн үйл ажиллагаа эхлэхэд анх энд ирсэн дээ.

-Мод тарьдаг ажил хийдэг болсноор амьдралд нь ямар өөрчлөлт гарч байна?

-Өөрийгөө жимс ногоо тарьж сурсан л гэж бодоод байсан. Гэтэл мэдэхгүй юм их байсан. Одоо бол их юм сурч байна. Мод тарих, үржүүлэх, хүнсний ногоо тарих аргад жинхэн утгаараа суралцаж байна. Хот руу явж сургалтад хамрагдаж байна. Саяхан нарийн ногоо тариалах сургалтад хамрагдсан. Талбайд тарьсан нарийн ногоо, хүнсний ногоогоо борлуулаад эхэлчихсэн.

-Орон нутгийн дэмжлэг хэр байна?

-Ажил ихсэхээр “Хүний хүч хүрэлцэхээ болилоо шүү” гэж хэлэхээр ажилгүй хүмүүсээ бидэн рүү явуулж байна. Энэ жилээс бид “Хамтын мөнгө сан” бий болгоод ногоо тарьсан юм. Сумын Засаг даргын зүгээс тарьсан ногоог  минь худалдан авах гэрээг төрийн байгууллагуудад хийж өгсөн. “Ургасан ногоогоо яаж борлуулна даа” гэж санаа зовох юм алга боллоо. Хувь хүнээс тэр бүр албан байгууллага худалдан авалт хийгээд байхгүй. Гэрээтэй болно гэдэг том амжилт, сум орон нутгийн дэмжлэг гэж харж байна.

-Тарьсан модоо нийлүүлж эхэлсэн үү?

-Манайх өнгөрсөн оноос л мод үржүүлгэ хийж эхэлсэн. Нийлүүлэлтэд гарах арай болоогүй. Одоогоор модныхоо төрөлд зүйлийг нэмэгдүүлж, үрслүүлж, үржүүлэх ажлыг хийж байна. Дагаад орлого ч мэдэгдэнэ. Хүмүүс сүүлийн үед мод их сонирхдог болсон байна. Гоёлын мод асууж байна. Бид хүмүүсийн хүсч байгаа модыг тариад эхлэхээр дуртайяа авах болов уу.

-Хөрсний доройтолд нилээн орсон элсэрхэг хөрстэй юм аа. Ийм хөрс сэргэтэл 5-10 жил шаардагдана гэх юм?

-Тиймээ, элсэрхэг хөрстэй. Манай сумыг “Шүдлэн говь” гэж нэрлэдэг юм.  Сэргэтлээ хугацаа шаардана л даа. Гэхдээ 5 жил болчихлоо. Өөрчлөлт мэдрэгдэж байна. 10 жилийн дараа илүү сайхан болно шүү дээ. Энэ модод жижигхэн л байсан. Одоо бид сүүдэрт нь суух хэмжээнд ургаж байна. Удахгүй бүүр том болно. Хамгийн гол нь бид байгаль дэлхийдээ ээлтэй, ирээдүйд үлдэх баялагийг бүтээж байна. Энэ л маш том ажил шүү дээ.

-Мод тарих ажлыг хийгээд амьдрал хэв маяг, дадал зуршил нь өөрчлөгдсөн хүн байгаа болов уу?

-Тэр ч ховор л доо. Гэхдээ 1-2 хүн бий. Архи уугаад явчихдаг хүнийг ажлуулж  үзсэн. Тэр хүн Дашинчилэн сумандаа нэг ч ажил хийж үзээгүй. “Чи ажил хийгээч” хэлж дуугардаг хүн ч байгаагүй. Түүнийг манайд ажиллаж эхлэхэд “Ногоон Ази”- ийн Оюунчимэг л ажил гэдгийг мэдрүүллээ гэж байсан.  Тэгээд 7-10 хоног ажил байгаад яваад өгдөг. Хэд хоноод л “Эгээ би ажлаа хийе” гээд хүрээд  ирдэг.

-Ажил хийх сэтгэлтэй байна гэдэг чухал шүү дээ?

-Тэгэлгүй яахав. “Эгээ намайг авах уу. Олон хоног тасалчихлаа, яах вэ” гээд л утсаар залгана. “Авна авна, хүрээд л ир” гэдэг. “Би тэгвэл ажлаа хийе дээ” гээд хүрээд ирдэг.

-Ургаж, төлжиж байгаа моддыг хараад тэр хүний сэтгэлд ч сайн сайханд тэмүүлэх үр соёолдог болов уу?

-Тийм шүү. Усалгаа хийж, өвс түүж байгаа нь их нямбай, ажилдаа сүрхий анхаарч хийдэг. Гэм нь яваад сурчихсан болохоор дахиад л явах гээд байдаг. Магадгүй насаараа ажиллаж үзээгүй  болохоор тэгдэг байх. Тэгэхдээ явах хугацаа нь багасч, ажиллах өдөр нь ихсэж байгаа. 7 хоног ажиллаж байгаад хэд хоноод эргэж ирнэ. Тэгээд 10 хоног ажиллана гэдэг дэвшил шүү дээ. Цаашдаа тууштай явдаг болно гэдэгт итгэлтэй байна

-Өөрчлөлт гэдэг бага багаар л мэдрэгдэнэ.  Гол нь тэр хүнд урам зориг төрүүлсэн байна. Нөгөө талаар хүлээж авдаг хамт олонтой болсон гэдгээ мэдрэх нь чухал байх даа?

-Энэ нь хүн хүндээ итгэх итгэлийн илрэл юм даа. Тийм л итгэл төрсөн болов уу. Тэр хүний хүчээр манай хамт олон жижигхэн зоорьтой болсон. Тэр хүн “Би “Ногоон Ази”-д зоорь барьж өгсөн” гэж хүмүүст гайхуулж ярьдаг. Бид ийм маягаар л ажиллаж байна. Усалгаагаа хийж, чацарганаа хураагаад авчихсан. Одоо бид талбайгаа цэвэрлэж, өвсөө хадаж авч байна. Хадсан өвсөө сумынхаа малчдын малд тэжээл болгохоор өгнө. Орлогоо “Хамтын мөнгөн сан”-даа хадгална. Төрсөн нутагтаа мод тарьж, түүнийхээ үр шимийг хүртэж байгаа бид азтай хүмүүс шүү.

Ийнхүү бид Булган аймгийн Дашинчилэн сумын “Инчон найдварын төгөл”-тэй танилцав. Сум орон нутаг эзгүйрлээ, хийх ажил байхгүй, цөлжилтөд өртөж байна гэж олон хүн ярьдаг. Чадах, мэдэхээрээ хувь нэмрээ оруулж байгаа хүмүүс олон бий. Харин Дашинчилэн сумын ойжуулалтын талбайд ажилладаг 15 хүн маань хэн нэгний амлалт биш гарт баригдаж, нүдэнд харагдах бүтээн байгуулалтыг байгаль дэлхийдээ зориулан хийж байна.

Тэднийг энэ сайхан ажлыг хийх боломжийг олгосон “Ногоон Ази”олон улсын ТББ-ийн хамт олонд чин сэтгэлийн талархал дүүрэн байгаагаа биднээр дамжуулан илгээсэн юм. Үнэхээр талархахгүй байхын аргагүй бүтээн байгуулалтыг эхлүүлж, хүмүүст итгэл найдвар, урам зориг, амьдралын баталгааг бэлэглэж чаджээ.

Үргэлжлэл бий…

Холбоотой мэдээлэл: З.Төмөрсүх: Бид модыг ч тарина, хүнийг ч “тарина”

Шин Ги Ху: Би “Ногоон Монгол”-ыг харах мөрөөдөл минь биелсэн цагт нутагтаа очино

“Баяннуур Баян шугуй” -Ирээдүйд үлдээх өвийг бүтээгчид

П.Нарандэлгэр

0 0 votes
Article Rating

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх

0 Comments
Хуучин
Шинэ Top
Inline Feedbacks
View all comments
Back to top button
wpDiscuz
0
0
Would love your thoughts, please comment.x
Exit mobile version