ЗТЯБадрах булагРикен когёоОнцлох

Цасны хаалт барих “Монгол Эко констракшн” төслийн багийнхантай уулзав

Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд цасны хаалт хийх “Монгол Эко констракшн” төслийг хэрэгжүүлэх Япон улсын “Рикен когёо” ХХК, “Бадрах булаг” ХХК-ийн төлөөлөлтэй уулзав.

Японы Хоккайдо мужийн “Рикен когёо” ХХК нь 1955 онд байгуулагдсан бөгөөд өдгөө 68 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж буй компани юм. Тус байгууллага нь салхи, цасны хамгаалалтын хаалтыг төлөвлөлтөөс эхлээд үйлдвэрлэл, худалдаа хүртэлх шатанд хийж гүйцэтгэдэг компани аж.

Цасны хаалтыг гангаар хийж салхины хурд хүчийг бууруулах, замын аюулгүй байдлыг хангах, цасан шуурганаас хамгаалах, замын эвдрэл гэмтлийг бууруулахад зориулах юм.   

Японд өвөл хэдийгээр дулаахан болдог ч Хоккайдо, Тохокү, Хокүрикү зэрэг цас их унадаг бүс нутагт өвлийн улирлын турш замын аюулгүй байдлыг хангахад зориулан автозамын салбарт энэхүү хамгаалалтын хашлага, хавтанг илүү өргөн хүрээтэй ашигладаг аж.  Тиймээс төслийн багийнхан “Цасны хаалт”-ыг манай улсад мөн адил зам, тээврийн салбарт цаснаас хамгаалах, замын эвдрэл гэмтлийг бууруулах, жолооч нарын аюулгүй байдлыг хангах зэрэг олон талын шийдлээр ашиглах боломжтой хэмээн танилцуулав.

Энэхүү цаснаас хамгаалах хаалтыг  мод болон ганг хослуулан хийдэг учир эдгэлгээ удаан, чанар сайтай учир Монгол орны байгаль цаг уурын өвөрмөц байдал, зам, тээвэр дэд бүтцийн салбарт автозамын зохион байгуулалт, бодлоготойгоо уялдуулан хөгжүүлбэл олон талын ач холбогдолтой гэдгийг онцоллоо.

Тухайлбал,  хүйтэн сэрүүний улиралд манай орны ихэнх нутгаар цас орж шуурснаас болж орон нутгийн автозамд халтиргаа гулгаа үүсэх, үзэгдэх орчин хязгаарлагдаж,  олон зам, даваа хаагддаг. Тэгвэл энэхүү цаснаас хамгаалах хашаа нь замыг цас, салхи шуурганы ширүүн нөлөөнөөс хамгаалах технологийн шийдэл болж өгөх юм байна. Энэ талаарх судалгаа шинжилгээ, туршилтыг зарим аймаг, орон нутгийн удирдлагуудтай хамтран хийгээд явж байгааг хэлж байлаа.  

 Мөн энэхүү хаалт хашлагыг дан ганцхан автозамын салбар гэлтгүй Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Тэрбум” үндэсний хөдөлгөөний хүрээнд зөв зохистойгоор ашиглах боломжтой. Цаснаас хамгаалах хаалт хашлага нь зам дагуу тарьсан мод, суулгацыг  цасан шуурга, хүчтэй салхи шуурганаас хамгаалж, хэвийн ургалтыг нь дэмжих олон талын ач холбогдолтой.  Энэ мэтчилэн тус бүтээгдэхүүнийг ашиглан манай улсад тулгарч буй олон асуудлыг хамтран шийдвэрлэх боломжтой гэдгийг төсөл санаачлагчид хэлж байна.

Уулзалтаар Зам тээврийн яамтай хамтран ажиллах, автозамын салбарт шинээр хэрэгжих төсөл хөтөлбөрийн хүрээнд замын эвдрэл гэмтэл, аюулгүй байдлыг бүрдүүлэхэд “Цасны хаалт”-ыг хэрхэн ашиглах тухай болон хамтран ажиллах боломжуудын талаар санал солилцов.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version