ЗТЯFocus

Агаарын болон олон улсын автотээврийн харилцааны хэлэлцээрт гарын үсэг зурав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Туркменистан Улсын Ерөнхийлөгч Сердар Гурбангулыевич Бердымухамедовын урилгаар Туркменистан Улсад хэрэгжүүлж буй төрийн айлчлалын хүрээнд талууд 2024 оны 10 дугаар сарын 12-ны өдөр дараах баримт бичгийг байгуулав. Энэ хүрээнд Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан “АГААРЫН ХАРИЛЦААНЫ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР, ТУРКМЕНИСТАН УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭР” болон “ОЛОН УЛСЫН АВТОТЭЭВРИЙН ХАРИЛЦААНЫ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР, ТУРКМЕНИСТАН УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭР”-т гарын үсэг зурлаа.

Тодруулбал:

  • “АГААРЫН ХАРИЛЦААНЫ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР, ТУРКМЕНИСТАН УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭР”-т Монгол Улсын Зам, тээврийн сайд Борхүүгийн Дэлгэрсайхан, Туркменистан Улсын Сайд нарын зөвлөлийн дэргэдэх Тээвэр, харилцаа холбооны газрын агаарын харилцаа эрхэлсэн газрын дарга Довран Сабуров нар гарын үсэг зурав. Энэхүү хэлэлцээрийн хүрээнд хоёр улсын агаарын тээвэрлэгчид шууд болон коммерын хамтын ажиллагааны хүрээнд нислэг үйлдэх боломжийг бүрдүүлэх бөгөөд Монгол Улсын хувьд цаашид Төв Азийн орнууд руу шинээр нээх нислэгийн завсрын цэг болгон ашиглах боломжийг бүрдүүлж буй юм. Ингэснээр хоёр улс болон иргэд хоорондын харилцаа, хамтын ажиллагаа бүхий л салбарт, тэр дундаа аялал жуулчлал, худалдаа, эдийн засгийн салбарт өргөжин хөгжих нөхцөлийг бүрдүүлж байна. 
  • “ОЛОН УЛСЫН АВТОТЭЭВРИЙН ХАРИЛЦААНЫ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР, ТУРКМЕНИСТАН УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭР”-т Монгол Улсын Зам, тээврийн сайд Борхүүгийн Дэлгэрсайхан, Туркменистан Улсын Сайд нарын зөвлөлийн дэргэдэх Тээвэр, харилцаа холбооны газрын Автотээврийн харилцаа эрхэлсэн газрын дарга Гуванчмурат Акмаммедов нар гарын үсэг зурав. Энэхүү хэлэлцээрийн хүрээнд Монгол Улс, Туркменистан Улсын нутаг дэвсгэрт бүртгэлтэй тээврийн хэрэгсэл хоёр улсын хооронд болон тэдгээрийн нутгаар дамжин өнгөрөх тээвэр хийх, мөн гуравдагч улс руу ба гуравдагч улсаас ачаа, зорчигч тээвэрлэлт гүйцэтгэх боломжийг бүрдүүлж байна. Ингэснээр Монголын тээвэрлэгчид бусад улс орон руу дамжин өнгөрөхөд одоо туулж буй замаасаа илүү дөт замыг сонгож, тээвэрлэлтэд илүү бага цаг хугацаа зарцуулах боломжтой болох юм. Түүнчлэн тус баримт бичиг нь агаарын харилцааны тухай хэлэлцээрийн нэгэн адил хоёр улсын зам, тээврийн салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх, тээвэр, логистикийн шинэ чиглэлийг бий болгох, иргэд болон бизнес эрхлэгч нарын харилцааг хөнгөвчилж, харилцан ашигтай худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ.
Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version