Орон нутагОрон нутагОрон нутагтСурвалжлагаНийгэмБайгаль орчинОрон нутагФото сурвалжлагаFocus

“Баяннуур Баян шугуй” – Ирээдүйд үлдээх өвийг бүтээгчид

Хайр гэж сэтгэлийн гүн дэх халуун дулаан мэдрэмж гэлтэй. Огт танихгүй атлаа таньдаг хүн шиг, уулзаад удаагүй ч дотно санагдах нэгнийг чин сэтгэлээсээ тэвэрч, талархал илэрхийлэн амжилт хүсэх тэр л гэгээн дурсамжийг үлдээсэн эрхэм хүндтэй хүн бол Булган аймгийн Баяннуур сумын иргэн Базарсадын Энхжаргал. Тэрбээр “Ногоон ази сүлжээ” Олон улсын ТББ-ийн Баяннуур дахь ойжуулалтын талбайн ахлагчаар ажилладаг юм.

Өнгөрөгч долоо хоногт Булган аймгийн Баяннуур сумыг зорин очиж, түүний хариуцан ажилладаг “Баяннуур Баян шугуй” нөхөрлөлийн хамт олонтой уулзах завшаан тохиосон билээ. Улаанбаатар хотоос 190 гаруй км-т орших Баяннуур сум 10 гаруй жилийн өмнө элсний нүүдэлд өртөн, айл өрхийн хашааны талаар шахам элс дарж, шороо шуурсан тохь тухгүй хэцүүхэн орчинтой байсан гэдэг. Харин өнөөдөр сумын төв бүхэлдээ ой модоор хүрээлэгдэж, элсний нүүдэл бараг  л зогссон гэнэ.

Баяннуур сумыг тойрон гурван хэсэг газарт тэдний ойжуулалтын талбай байрлах ажээ. Биднийг Б.Энхжаргал эгч, тус талбайн сайн дурын ажилтан Сун Жи Хүн нар угтан авсан юм. Тус ойжуулалтын талбайн ажил 2007 оноос эхэлсэн бөгөөд 1-р талбай 30га, 2-р талбай 24га, 3-р талбай 20га, 4-р талбай 42га нийт 116га-д ойжуулалт,  жимсний мод тариалах, мод үржүүлгийн ажил хийдэг ажээ.

Б.Энхжаргал эгч бидэнд талбайгаа танилцуулангаа асуултад минь хариулж явлаа.

-Та мод тарьдаг хүн болохоосоо өмнө хаана юу хийж байв?

-Би өмнө нь малчин байсан. 2010 онд хүүхэд сургууль, соёлд орно гээд мал ахуйгаа үлдээгээд төв суурин бараадаж, хамт ирсэн. Малчин хүн мод тарьдаг хүн болчихоор анх хэцүү л санагддаг байлаа. Одоо бол амархан, аз жаргалтай, сайхан ажил болсон. Талбайдаа ороод ирэхээр л сэтгэл санаа сэргээд ядарсанаа ч мэдэрдэггүй. Мод маань ургаад ирэхээр бүүр ч сайхан болчихно. Хүн хийж байгаа ажилдаа дурлах нь өөрөө аз жаргал юм даа. Өнөөдөр энэ талбайд анх бий болсон цагаас нь эхлэн 11 жил тасралтгүй ажиллаж байгаа хүмүүс ч байна.

-Хөдөө ажлын байр байхгүй, амьдрах аргагүй гэж хэлэх хүн цөөнгүй таардаг. Та бүхний их ажлыг харахад 14 хүнээс ч олон хүн ажиллахаар харагдаад байна?

-Тийм шүү. Бид 14-үүлээ энэ том талбайдаа ажиллаж, хүрэлцэхгүй үе байна. Тэр үед цагийн ажилчид аваад ажиллаж байна. Зундаа оюутнууд ажилд авдаг.

-Мод тарьж эхлэхээс өмнө танай сумын хөрс, амьдрах орчин ямар байсан бэ?

-Манай сум 2007 оны үед элсний нүүдэлд автчихсан, айлуудын хашаа талдаа хүртэл элсэнд дарагдчихсан. Зарим айлын хашаатай нь чацуу элс. Одоо элсний нүүдэл эрс багассан. Энэ бүхэн “Ногоон Ази Сүлжээ” ОУТББ-ийн хамт олон болон манай нөхөрлөлийн гишүүдийн хамтын хүч хөдөлмөрийн үр дүн шүү дээ.

-Сум орон нутгаас ямар дэмжлэг, туслалцаа үзүүлж байна?

-Сумаас анх 36 га газар өгч байсан. Дараа нь шинэ суулгацаа суулгах 24 га өглөө. Дараа нь энэ хоёр хэсэг газрыг авлаа. Ингэснээр битүү модоор хүрээлэгдсэн ой доторх сум болж байна. Элсний  нүүдэл багасаж, хүчилтөрөгч ялгарах нь эрс нэмэгдээд бүгд цэвэр сайхан агаараар амьсгалж байна. Мөн бидний тарьсан үхрийн нүд, чацаргана жимсыг сумын сургууль, цэцэрлэгт худалдан авч байна. Энэ маань том дэмжлэг. Зэргэлдээх сумаас ч ирж авдаг болсон. Хүнсний ногоонуудаа сумандаа борлуулж, иргэдийн болон албан байгууллагын хэрэгцээнд зориулж байна. Өнгөрсөн жил 1 тонн 700 кг чацаргана хураан авсан. Энэ жил бүүр ч ахиу авна. Одоогийн байдлаар 450 кг түүгээд байна. Үхрийн нүдээ түүгээд хадгалчихсан байгаа. Удахгүй хичээл сургууль эхлэхээр борлуулалт хийгдэнэ.

-Мод тарина гэдэг эх дэлхийдээ өгч байгаа хамгийн том тус. Хариуд нь та бүхэнд хишиг буянаа харамгүй бэлэглэж байгаа юм байна даа?

Тэгэлгүй яахав. “Нэг мод тарьвал нэг насны буян. Хоёр мод тарьвал хойд насны буян” гэдэг дээ. 2007 онд зуд болоод манай сумын хүмүүс малаа алдчихсан. Ажил гээд хийчих юм байхгүй хэцүүхэн л амьдарч байсан. Тэгтэл “Ногоон Ази сүлжээ” ОУТББ мод тарих ажлыг эрхлүүлэн 30 гаруй хүнийг ажилтай болгож байв. Үнэхээр талархаад баршгүй сайхан ажил эхэлсэн. Тэр хүмүүсийн ард хичнээн хүний амьдрал дээшлэх билээ. Бүгд л цалин мөнгөтэй болж, хоол хүнсээ аваад, амьдрал тайван үргэлжлэх боломж олгосон. Хэрэв манай суманд энэ сайхан ажил эхлээгүй байсан бол ирээдүй минь бүрхэг л байсан. Одоо бид ойжуулалтын талбайдаа салхины хаалт болгон улиас, хайлаас, бургас тариалж, дотор нь чацаргана, үхрийн нүдний модоо тариаллаа. Жимсний гарц жил бүр нэмэгдэж байна. Ирээдүйд борлуулалтын асуудал бүүр ч томоор яригдах болов уу.

Мод тариалах ажлыг хийгээд амьдралд нь ямар өөрчлөлт гарав?

-Анх мод тарихдаа хэзээ ургаж, бид сүүдэрт нь сууж байх юм болдоо гэж халширдаг байлаа. Харин одоо сүүдэр гэлтгүй, буян хишгийг нь хүртээд явж байна. Малаа алдчихсан хүмүүст хүүхдийн сургалтын төлбөр үнэхээр том асуудал байлаа. Тэгвэл өнөөдөр бид хүүхдийнхээ сургуулийн төлбөрийг төлөх чадвартай болсон нь энэ сайхан байгаль дэлхийнхээ ач буянг хүртсэн ажил хийж байгаагийн л ач шүү дээ. Манайханы хүүхдүүд бүгд л их, дээд сургууль төгссөн. Миний мөрөөдөл бол ирээдүйд чацарганы тос гаргадаг арга технологийг нэвтрүүлэх.

-Төсөл дуусахаар талбайгаа та бүхэн өөрсдөө хариуцаад үлдэнэ. Тэр үед үйл ажиллагаагаа тасралтгүй үргэлжлүүлэх чадвар, чадамж хэр байгаа вэ?

-Бид нөхөрлөл байгуулж, дундын хуримтлал үүсгэсэн. Тэр маань байгаа болохоор болно, чадна. Бид одоогоор нөхөрлөлийнхөө гишүүддээ ямар нэгэн баримт бичиг шаардахгүй 1 сая хүртэлх төгрөгийг багахан хүүтэй өгч байна. Энэ нь өөрөө хүмүүс хоорондын итгэлцлийг бий болгож байна. Саяхан “Бонго” машин авсан. Тэрүүгээрээ хүнсний ногоо, жимсээ тээвэрлээд явж байна. Байгаль дэлхийн буян хишгийг зөв хүртээд явбал насан туршийн дундрашгүй хөрөнгө оруулалт учраас бүх юм сайхан болно доо.

Магадгүй би мод тарих ажил эрхлээгүй бол оёдол л хийх байсан болов уу.  Хэрвээ тэгсэн бол гэртээ ганцаараа, ажлын бүтээмж багатайхан л суух байсан. Харин одоо мод тарьдаг болсноор баг хамт олонтой. Үр дүн нь нүдний өмнө харагдаж, “Элстэй газрыг ийм болгосон шүү” гэж өөдрөгөөр харж зогсох сайхан мэдрэмж авч байна. Нутгийнхан “Танай чацаргана ямар сайхан ургаа вэ” гээд магтахаар сэтгэл бүүр ч сайхан болчихдог. Биднээс санаа авч, заалгаж, хашаандаа мод тарьдаг хүмүүс ч нэмэгдсэн. Бид жимсээ түүгээд өөрсдөө витаминжаад л явж байна. Идлээ гээд хорогдохгүй эх дэлхийнхээ буян хишгийг ирээдүй хойчдоо үлдээх өв хэмээн бодож, сэтгэж, итгэн хөдөлмөрлөж байна.

Ийнхүү чацарганын талбайгаа танилцуулж, хамт олонтойгоо уулзуулан ярьж явсаар мод үржүүлгийн 1-р талбайг зорив. Энэ зуурт БНСУ-аас жилийн хугацаанд ирдэг сайн дурын ажилчидтай хамтран ажилласнаар бид “Цаг баримтлах”-ыг хамгийн сайн сурсан гэдгийг хэлж байлаа. Тиймдээ ч сум орон нутагт янз бүрийн ажил, хурал зөвлөгөөн болоход манай ажилчид л хамгийн түрүүнд очсон байдаг. “Цаг баримтлана” гэдэг хүний ажил амьдралд маш чухал хэрэгтэй дадал зуршил. Нөгөө талаар бусдыг хүндэтгэх “Том хүндлэл, соёл” хэмээн сургамжилж байв.

Ногоон Ази Сүлжээ ОУТББ-ын Монгол дахь Төлөөлөгчийн газрын дарга Шин Ги Ху “Би Монголыг ногоон болсны дараа эх нутагтаа буцна” гэж байсан талаар хэлэхэд Энхжаргал эгч “Монголчууд бид эх орноо хайрлах сэтгэлтэй ч түүнийхээ төлөө хийж байгаа зүйл нь бага байна. Алс хол хүний нутгаас зорьж ирээд бидний төлөө ийм их ажил хийж байгаа нь үнэхээр сайхан санагддаг. Монгол Улс ногоон болчихвол бидэнд л хэрэгтэй. Байгаль дэлхийдээ хэрэгтэй. Цөлжилт Монголоос эхлэлтэй гээд мод тарих аргыг зааж сургаад “Мод тарьлаа” гээд мөнгө өгч байхад бид хариуд нь модоо илүү сайхан ургуулж, ачийг нь хариулах хэрэгтэй. Нөгөө талаар Монголчууд биднийг “Минийх, манайх”  гээд байлгүй эх дэлхий гэдэг нэг л бөмбөрцөгт амьдарч байгаа. Дэлхийн улс орнууд бие биедээ хамааралтай гэдгийг маш энгийнээр ойлгуулсан шүү хэмээн магтсан билээ.

1-р талбайн хашааны үүдэнд очиход “Солонгос Монголын Аз жаргалын төгөл-2” гэсэн хаяг хаджээ. Хашааны нэг захад борооны хамгаалалт болгон хар өнгийн бүтээлэгээр хучсан 10 ханатай монгол гэр дүнхийнэ. Уг гэрийг “Номын сан” болгон тохижуулсан бөгөөд сумын хүүхдүүд ном уншиж, хичээлээ хийдэг гэнэ. Биднийг очих үеэр дөрвөн сумын цахилгааныг 4 хоног хязгаарлалтайгаар салган засварлах ажил хийгдэж байгаа тул Номын сан ажиллаагүй байв. Монгол, солонгос, англи хэл дээр бүхий л төрлийн ном өрсөн тавиурууд, ширээ сандал гэрийн зүүн болон хойд талд байрлаж, баруун талаар түүсэн чацарганаа хадгалах хөргөгчөө  байрлуулжээ.

Сургууль эхлэхээр гэр маань хүүхдүүдийн хөлд дарагддаг. Солонгосоос “Эко аялал”-ын сайн дурынхан ирэхээр нь сургалтын танхим, хоолны заал болгон ашигладаг гэлээ. Тэд мод үржүүлгийн талбайдаа хайлаас, улиас, бургас тариалж, хүлэмжиндээ жимсний модны үрсэлгээ суулгац, өргөст хэмх, амтат чинжүү, улаан лооль, тарвас зэргийг тариалжээ.

Энэ талбайд ойролцоогоор 15 мянга гаруй мод үржүүлж байгаа ба 100 хувь амьдрах чадвартай гэнэ. Орон нутагтаа голдуу борлуулалт хийдэг, уул уурхайн компаниас өнгөрсөн жил нөхөн сэргээлтэд зориулан мод худалдан авсан. Энэ жил ч авахаар ирж үзсэн гэлээ. “Төв суурин газарт нийлүүлж арай л амжихгүй байна. Хүлэмжин дэх жимсний модны үржүүлгээ нялх хүүхэд шиг л хайрлахгүй бол хөлсөрчихнө. Хүн хамаагүй оруулдаггүй юм. Ирэх хавар ойжуулалтын талбайд шилжүүлнэ” хэмээн ярьж байлаа.

Ийнхүү талбайгаар явсаар “Баатар аа” гэж дуудвал хамт ажилладаг Солонгос залуу инээмсэглэн хүрч ирлээ. Түүнд өгсөн монгол нэр нь Баатар. Харин жинхэнэ нэр нь Сун Жи Хүн. Нэг жилийн хугацаатай Баяннуур сумын ойжуулалтын талбайн сайн дурын ажилтанаар ажиллаж байгаа гэнэ. Түүнтэй ярилцаж сэтгэгдлийг нь сонссон юм.

-Монголд анх ирэхээсээ өмнө ямар төсөөлөлтэй байв?

-Монголчууд мориор нааш цааш давхисан. Мал сүрэг, хонио хариулаад л явж байдаг хүмүүс гэж боддог байсан. Тэгтэл огт өөр орчин угтсан.

-Монголд хамгийн ихээр юу нь таалагдаж байна?

-Монголын баруун зах, зүүн зах, хойд, урд гээд газар нутаг бүр өөр, байгалийн тогтоцтой байдаг нь их сонирхолтой санагдсан.

-Гэрээ санаж байна уу?

-Маш жоохон /инээв/.

-Уйдаж байна уу?
-Уйдах гэхээс илүүтэй солонгос хүнс ховор байгаа нь жаахан тиймхэн байгаа. Гэхдээ зүгээрээ. Мэргэжлийнхээ дагуу байгаль дэлхийдээ том хөрөнгө оруулалт болох ажилд тусалж, оролцож байгаадаа баяртай байна.

Ийнхүү ярилцсаар бид Баяннуурын ойжуулалтын талбайгаас гарав. Хашааны төмөр сараалжин дээгүүр солонгос үгстэй модон пайз дүүрэн өлгөөтэй. Учрыг асуувал солонгосчууд модон пайзан дээр хүслээ бичиж, тэр нь салхинд 1000 удаа савлавал хүсэл нь биелдэг хэмээн билгэддэг ажээ.

Энэ үеэр орчуулагч Нанжид маань “Эко аялагч”-дын хүслийн нэгээхэн хэсгийг орчуулж өгөв.

“Авъяастай болгож өгнө үү”

“Монголын цөлжилт багасаасай гэж хүсэж байна”

“Манай гэр бүл эрүүл саруул, сайхан амьдраасай”

“2 жилийн дотор дуучин болгож өгөөч”

 “Цуг явж байгаа 13 найзтайгаа дахин аяллаар явмаар байна. Маш их санах байх даа”

“Өндөр метр 185 жин, 70 кг болгож өгөөрэй” гэжээ.

Эко аялагчид гэдэг нь БНСУ-ын дунд сургуулийн ахлах ангийн сурагчдаас бүрдсэн сайн дурынхан бөгөөд манай улсад ирж амрахын сацуу “Ногоон Ази сүлжээ” ОУТББ-ын ойжуулалтын талбайд мод услах ажилд нь туслаж байгаад явдаг хүүхдүүд билээ. Үнэхээр тэдний өлгөсөн пайз хүүхдийн гэнэн цагаан сэтгэлийг илэрхийлэх нь хаа газрын хүүхдүүд бүгд адил гэдгийг илтгэх мэт.

Байгаль дэлхий минь хайрлаад л байвал буян хишгээ харамгүй бэлэглэж, хайрлахгүй бол хариугаа айхтар хатуу авчихдаг гэдэг. Хамгийн гол нь хүн бүр өөрийн амьдарч байгаа газартаа сэтгэл тайван, аз жаргалтай, ямар нэг юмыг хүлээлгүй өөрийн гараар бүхнийг бүтээж, үр шимийг нь хүртэн амьдарч болдог гэдгийг “Баяннуур Баян шугуй” нөхөрлөлийн хамт олон харуулж явна.

Үр хүүхдийнхээ ирээдүйд амьдрах энэ сайхан дэлхийгээ өвлүүлэн үлдээх нь өнөө цагийн бидний үүрэг. Ямартай ч тэд үүргээ маш сайн биелүүлж байна. “Буян хишиг нь будаа шиг арвижих болтугай” гэсэн бодол тээсээр бид Булган аймгийн Дашинчилэн суманд байх ойжуулалтын талбайн  ажилтай танилцахаар замдаа гарсан юм.

?

Үхрийн нүдний бут ургацаа өгөөд эхэлжээ

Тэд 2016 онд 1.5 тонн, 2017 онд 1.7 тонн чацаргана хураан авчээ.

Чацарганы суулгацуудыг ирэх онд талбайд гаргана.

Үргэлжлэл бий . . .

П.Нарандэлгэр

Холбоотой мэдээлэл: З.Төмөрсүх: Бид модыг ч тарина, хүнийг ч “тарина”

Шин Ги Ху: Би “Ногоон Монгол”-ыг харах мөрөөдөл минь биелсэн цагт нутагтаа очино

4 1 vote
Article Rating
Таг

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх

4 Comments
Хуучин
Шинэ Top
Inline Feedbacks
View all comments
зочин
6 Жил

мундаг байна,хаа газраас хүний нутгийн хүн ирээд элсний нүүдлээс нутаг орныг минь хамгаалаад явж байхад бид бинь яасан лойчихсонэ хүмүүс вэ

Баяр хүргэе!
6 Жил

Маш сайн байна. Тусалж буй солонгосчуудад гүн талархал илэрхийлье! Та бүхэнд амжилт хүсье!

Back to top button
wpDiscuz
4
0
Would love your thoughts, please comment.x
Exit mobile version