Байгаль орчинFocus

Бэлчээр болон нүүдлийн мал аж ахуйн тухай ойлголтыг олон улсын анхаарлын төвд хандуулав

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцоос бэлтгэн гаргасан “Даян дэлхийн газрын төлөв байдал: Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй тайлан”-г танилцуулах албан ёсны нээлт “Улаанбаатар” зочид буудалд өчигдөр /2024.05.21/ боллоо. Дэлхий даяар онлайнаар шууд дамжуулсан тус үйл ажиллагаанд тайланг боловсруулж, бэлтгэн гаргасан эрдэмтэн, судлаач, байгаль орчны мэргэжилтнүүд АНУ-ын Нью-Йорк хот, ХБНГУ-ын Бонн зэрэг хотоос нэгэн зэрэг оролцлоо.

Мөн нээлтэд манай улсад айлчилж байгаа НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч бөгөөд Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын суурь конвенцын гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ибрахим Тио болон олон улсын байгууллага, манай улсад суугаа гадаадын орнуудын ЭСЯ, дипломат төлөөлөгчийн газрын төлөөлөл, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Монгол Улсын Засгийн газар, БОАЖЯ зэрэг олон талын оролцоотойгоор зохион байгуулав.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Байгаль орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөх Н.Батхүү энэ талаар “Бэлчээр, газар гэсэн ойлголт манай улстай салшгүй холбоотой. Тиймээс манай улсын төр, засаг НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын нарийн бичгийн дарга нарын газартай тохиролцсоны үндсэн дээр энэхүү үйл ажиллагааг Улаанбаатар хотод зохион байгууллаа. Манай улсад хийхээр болсны үндсэн шалтгаан нь Монгол Улс нүүдлийн мал аж ахуй эрхлэгч орнуудын тод жишээ болсон, дэлхийн хуурай эко системийн нэг томоохон улс юм.

Мөн манай улсын Засгийн газар 2026 оныг Олон улсын бэлчээр болон нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн жил болгох санаачилга гарган НҮБ-д санал тавьж, НҮБ-ын тогтоолоор батлуулаад байна. Энэ хүрээнд манай улс бүс нутгийн болон дэлхийн хэмжээнд, мөн дотооддоо олон үйл ажиллагааг зохион байгуулж хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Үүний нэг нь өнөөдрийн энэ дэлхийн хэмжээний тайланг Монгол Улсад танилцуулж буй үйл ажиллагаа орж байна.

Түүнээс гадна манай улс 2026 онд НҮБ-ын цөлжилттэй тэмцэх тухай суурь конвенцын талуудын 17 дугаар бага хурлыг эх орондоо хийх улс орноор зарлагдсан. Үүний хүрээнд бэлчээр болон нүүдлийн мал аж ахуй гэдэг ойлголтыг Монгол Улс манлайлан олон улсын анхаарлын төвд хандуулахыг хичээж, энэхүү үйл ажиллагааг зохион байгуулж байна.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч бөгөөд Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын суурь конвенцын гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ибрахим Тио НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцоос бэлтгэн гаргасан “Даян дэлхийн газрын төлөв байдал: Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй тайлан”-гийн үеэр хэлэхдээ, “Бэлчээр нутгийн “амь тасарвал” уур амьсгал, хүнс тэжээлийн баталгаа, олон тэрбум хүний амьдралын чанар эрсдэлд орно. Манай улс шиг ижил төстэй, нүүдлийн мал аж ахуй эрхэлдэг улс орон дэлхийд олон байдаг. Дэлхийн хуурай газрын 40 шахам хувийг бэлчээр эзэлж байна. Бэлчээрийн 20 хувь доройтсон, цаашид энэ нь 50 болон түүнээс дээш хувьд хүрэх эрсдэлтэй талаар тайланд тусгаад байна.

Дэлхийд 100 сая айл өрх, хоёр тэрбум гаруй хүн ам нүүдлийн мал аж ахуй эрхэлж байгаа статистик гарсан. Энэ нь дэлхийн нүүдлийн, бэлчээрийн мал аж ахуйн асуудлыг олон улсын анхаарлын төвд авчирч тавих шаардлагатайг харуулж буйг НҮБ-аас дурдлаа. Монгол Улс Олон улсын бэлчээр болон нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн жил болгох санаачилга гарган өөрийн оронд зохион байгуулах нь нөгөө талаар даян дэлхийн нийтлэг зорилтод хувь нэмрээ оруулах нэг үүрэг юм” гэдгийг онцолж байв. 

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version