РЦНКОХУFocus

Евроазийн эдийн засгийн холбооны гишүүн улсуудтай хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар хэлэлцэв

“Монгол Улс болон Евроазийн эдийн засгийн холбоо (ЕАЭЗХ)-ны орнуудын худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны хэтийн төлөв” сэдэвт эрдэм шинжилгээний хурал Улаанбаатар дахь Русский дом буюу (РЦНК)-д өнөөдөр /2024.05.21/ боллоо.

ОХУ-ын ШУА-ийн Эдийн засгийн хүрээлэн болон тус улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Төрийн албаны болон Улс ардын аж ахуйн академиас зохион байгуулсан уг хурал Москва-Улаанбаатар хотын хооронд шууд цахимаар болон танхимаар болж, хоёр орны ШУА болон Монгол-Оросын найрамдлын нийгэм, Монгол-Оросын бизнесийн зөвлөл зэрэг олон нийтийн байгууллагын төлөөлөл, их, дээд сургуулийн эрдэмтэн, судлаач нар оролцлоо.

Хурлаар Монгол Улс Евроазийн эдийн засгийн холбоо (ЕАЭЗХ)-ны гишүүн ОХУ, Беларусь, Киргиз, Армени зэрэг оронтой хамтын ажиллагааг цаашид аль салбарт, ямар хэлбэрээр хөгжүүлэх талаар хэлэлцлээ.

Хуралд Монгол Улсаас ШУА-ын Олон Улсын харилцааны хүрээлэнгийн Бүс нутаг,  олон талт хамтын ажиллагааны салбарын эрхлэгч, эдийн засагч, доктор А.Даваасүрэн “Монгол Улс Евроазийн эдийн засгийн холбоо (ЕАЭЗХ)-ны орнуудтай хамтын ажиллагааг хөгжүүлэх ирээдүйн төлөв, стратегийн чиглэл” сэдвээр илтгэл тавьсан юм.

Тэрбээр илтгэлдээ, манай улсын төр, засгаас дэвшүүлэн тавьж буй “Эдийн засгийн сэргэлтийн бодлого”-д тугасан хил орчмын боомтын хөгжил, төмөр зам, дэд бүтэц болон аж үйлдвэрийн сэргэлтийн хүрээнд төлөвлөсөн төсөл хөтөлбөрийн хэрэгжилтэд ЕАЭЗХ-ны орнуудтай хийх хамтын ажиллагаа, оролцооны талаар хөндсөн юм.

Монгол Улс Евроазийн эдийн засгийн холбооны орнуудтай хуурай боомт байгуулахад хамтран оролцох боломжтойг тэрбээр хэллээ. Мөн төмөр замын хоёр дахь урсгал болох шугам тавих зэрэг бүтээн байгуулалтад гишүүн орнууд оролцон хамтран ажиллах боломжтой талаар илтгэлдээ дурдсан юм.

Түүнчлэн Монгол Улс мах, махан бүтээгдэхүүн болон мал аж ахуйн түүхий эдийг гүн боловсруулахад Беларусь, ОХУ зэрэг Евроазийн эдийн засгийн холбооны гишүүн бусад орны технологи, инновацыг ашиглах, эргээд нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн болгон тус холбооны гишүүн орнуудын том зах зээлд гаргах үүд хаалга байна гэв.

Мөн ОХУ-ын төрийн өмчит “Росатом” компани Монгол Улсад орж ирж, төлөөлөгчийн газраа байгуулан эрчим хүчний төсөл, хөтөлбөрт оролцох гэж байна. Хамтын ажиллагааны энэ олон төсөл хөтөлбөрийн нийгэм-эдийн засгийн ач холбогдол, байгаль орчинд үзүүлэх нөлөөг судлах шаардлагатай байгаа, энэ тал дээр хамтран ажиллах нь чухал байгааг хэллээ. 

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version