ЭМЯОнцлох

Т.Навчаа: Томуу өвчин хүндрэл ихтэй, нас баралт гардаг

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр хэвлэлийн хурал зохион байгууллаа. Энэ үеэр томуу болон уушгины хатгалгаа өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар Зинт эмнэлгийн ерөнхий эмч Т.Навчаа зөвлөгөө өгсөн юм.

Тэрбээр “Томуугаас урьдчилан сэргийлэхийн тулд 9, 10 дугаар сард вакцин хийлгэсэн байхад өвчлөхгүй, хөнгөн тусдаг. Эцэг эх, асран хамгаалагч нар 5 хүртэлх насны болон 6 сараас 60 сартай хүүхдэдээ намар болгон томуугийн эсрэг вакцин хийлгэж хэвшихийг уриалж байна. 

Томуу өвчин хүндрэл ихтэй, нас баралт гардаг.  Хоёроос доош насны хүүхэд томуугаар хүнд өвддөг. Гэнэт 38.5-39 хэм хүрч халуурах, толгой, хоолой, яс булчин, үе, ууц нуруу өвдөнө. Хоолны дуршил буурч, хоол харахаар дотор нь муухай оргино. 3-4 хоног юу ч идэхгүй байснаар хүүхэд шингэн дутагдалд ордог. Хамар битүүрэх, ханайх, шингэн нус гоожих шинж тэмдэг илэрнэ.

Бага насны хүүхдэд уушгины бус шинж буюу суулгалт илэрч болно. Томуу төст өвчний үед уушгины бус шинж тэмдэг бараг илрэхгүй. Гурван сар хүрээгүй хүүхэд 37.5 түүнээс өндөр халуурвал, гурван сартайгаас дээш хүүхэд 38.5 түүнээс дээш халуурвал эмчид яаралтай эмчид хандана.  

4 настай хүүхэд 38 хүрч халуурвал гурав хоног гэртээ харж байж болно. Яагаад гэвэл томуу 3-4 хоног халуурдаг бол томуу төст өвчин нь 1-3 хоног халуурдаг. Энэ нь вирусийн үржил дээд цэгтээ хүрдэг хоногууд. Аажмаар сайжирч эхэлнэ. Халууралт болгон хүүхдийн бие хүндрээд байгааг илтгэнэ гэсэн ойлголт биш. Хүүхэд халуунгүй үедээ амьсгаадах, цээж хонхолзох, уруул, хэл, хуруу, хумсны үзүүрүүд хөхрөөд байвал хүүхдийн биеийн байдал хүнд, хатгалгаа эхэлсний шинж. Ийм шинжүүд илэрвэл нэн яаралтай эмчид хандана.

Бүх насны хүн амны хаалт зүүх, гараа ойрхон савандаж угаах, хүн хоорондын зайг барих, даарахгүй дулаан хувцаслаж томуугаас сэргийлнэ.

Томуу, томуу төст өвчнийг эдгээх ид шидийн юм одоогоор байхгүй, эмч, эмнэлгийн байгууллагуудын өгч байгаа энгийн зөвлөгөөнүүдийг дагаж мөрдсөнөөр урьдчилсан сэргийлнэ” гэлээ.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version