Сувиллын үйлчилгээтэй монгол өндөг
Дотоодын өндөгний хэрэгцээний 40 хувийг дангаар хангадаг “Түмэн шувуут” ХК-ийн үйл ажиллагаатай эрүүл мэндийн сэтгүүлчид танилцлаа. Хүнсний аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага хэрхэн хангагдаж буй талаар олон нийтэд мэдээлэл хүргэхээр бид хүнсний үйлдвэрүүдтэй танилцдаг бөгөөд гурав дахь ТУР аяллаа /2023.10.14/ ийнхүү хийв.
Өдөрт 235 000 ширхэг өндөг зах зээлд нийлүүлдэг “Түмэн шувуут”-ынхан хүнсний аюулгүй байдал, эрүүл ахуйн зохих стандарт, шаардлагуудыг чанд баримталж, бүтээгдэхүүнээ хэрэглэгчдэд нийлүүлдэг гэлээ. Түүнийгээ ч үйлдвэр, шувуун аж ахуйгаа танилцуулахдаа бидэнд батлан харуулж байсан юм.
ӨНДӨГ МУУДДАГГҮЙ, ХАРИН УУРШДАГ
Өндөг мууддаггүй бүтээгдэхүүн бөгөөд хадгалах хугацаа 7 хоногоос хэтэрсэн тохиолдолд уураг, эрдэс, аминдэм нь бага багаар ууршиж, ширгэдэг болохыг “Түмэн шувуут” ХК-ийн үйлдвэрийн дарга Ч.Номин-Эрдэнэ хэлсэн юм.
Тэрбээр “Өндгийг заавал хөргөгчинд хадгалах шаардлагагүй. Тасалгаанд ил хадгалсан бол хэрэглэж дуусталаа тэндээ байлгахад ямар ч асуудалгүй. Анхнаасаа хөргөгчинд хадгалсан бол мөн л тэндээ байлгахад болно. Хүмүүс ихэвчлэн өндгийг хөргөгчнийхөө хаалганы тавиурт хадгалдаг.
Үнэн хэрэгтээ энэ нь тийм ч оновчтой сонголт биш. Учир нь хөргүүрийн хаалга онгойж, хаагдах бүрт халуун, хүйтэн хоршиж, эрдэс, аминдэм нь алдагдах эрсдэлтэй. Ер нь өндгийг хамгийн уртдаа сар хадгалаад хэрэглэж болно. Гэхдээ хугацаа нь уртсах тусам өндөг зөвхөн өл дарах л үйлчилгээ үзүүлнэ” гэв.
ӨНДГИЙГ ХАДГАЛАХДАА ШӨВГӨР, НАРИЙН ХЭСГИЙГ ДООШ ХАРУУЛАХ НЬ ЗҮЙТЭЙ
Бид өндгийг өдөр тутмын хүнсэндээ тогтмол хэрэглэдэг ч хэрхэн хадгалах, яаж зөв хэрэглэх талаар төдийлөн сайн мэдээлэлтэй биш аж. Тухайлбал, өндгийг хадгалахдаа шөвгөр нарийн хэсгийг доош харуулж, бөөрөнхий хэсгийг дээш нь харуулж байрлуулах нь зүйтэй аж.
Өндөгний хүндийн төв нь дээрээ байх тусмаа эрдэс, аминдэм нь холилдож, ууршдаггүй юм байна шүү. Өндгийг худалдаж авснаасаа хойш 7 хоногийн дотор идэх нь хамгийн зөв бөгөөд шинэ өндөг эл хугацаанд хүний биед сувиллын үйлчилгээ үзүүлдэг гэнэ.
ӨНДӨГНИЙ ХАДГАЛАХ ХУГАЦАА УРТСАХ ТУСАМ АМИНДЭМ НЬ АЛДАГДДАГ
Шинэ өндөгний уураг, аминдэмийн 96 хувь нь хүний биед шингэж, үлдсэн 4 хувь нь л биеэс гадагшилдаг байна. Тодруулбал, өндөг хадгалах хугацаа уртсах тусам дээр хэлсэнчлэн уураг, аминдэм нь ууршиж, хүний биеэс 96 хувь нь ялгадас хэлбэрээр гадагшлахаас цаашгүй аж.
Иймд өглөө бүр шинэ өндөг хүнсэндээ хэрэглэж занших нь эрүүл мэндэд нэн тустай байх нь. Ч.Номин-Эрдэнэ даргын хэлснээр бол монгол өндөгнүүд зах зээлд нийлүүлэгдсэн даруйд хэрэглэгчдэд хүрч, буцаалт үүсдэггүй учраас бүгд сувиллын үйлчилгээтэй гэж хэлсэн юм. Харин импортын өндөгнүүд ихэнхдээ хугацаа дуусах дөхсөн байдаг тул ийм үйлчилгээ үзүүлдэггүй юм байна.
Өндгийг худалдаж авахдаа анхаарах зүйл гэвэл хугацаа дуусах дөхсөн өндөг барихад хөнгөхөн, хагалахад уураг нь цайвар шаргал өнгөтэй, шингэрсэн байдаг аж. Мэдээж үнэ хямд бол энэ нь бас л хугацаа нь дуусах дөхсөнтэй холбоотой гэнэ.
ОМЕГА, СЕЛЕНТЭЙ ӨНДӨГ ХЭРХЭН ГАРГАН АВДАГ ВЭ?
Монгол хүний өндөгний жилийн хэрэгцээ 165-170 ширхэг буюу барууныхнаас харьцангуй цөөн өндөг хэрэглэдэг гэсэн судалгаа гарчээ. Гэхдээ жил ирэх тусам эл хэрэглээ нэмэгдэж буй гэнэ.
“Түмэн шувуут” ХК-ийн аж ахуйд одоогоор 450 000 тахиа байгаагаас 100 000 ширхэг нь дэгдээхий, үлдсэн нь өндөглөгч аж. 2024 онд “Түмэн шувуут-2” аж ахуйгаа бүрэн ашиглалтад оруулснаар нийт шувууны тоогоо 800 000-д хүргэхээр зорин ажиллаж буй юм байна.
Эдүгээ “Түмэн шувуут”-ынхан өглөөний өндөг, залуу тахианы, цагаан, бор, эрүүл мэндийн багц, сувиллын өндөг, омегатай, селентэй, иодтой өндөг үйлдвэрлэж, зах зээлд нийлүүлж буй аж. Омегатай, селентэй, иодтой өндөг гэдэг нь тухайн тахианы тэжээлтэй нь холбоотой гэсэн. Ийм эрдэс, аминдэм агуулсан тэжээлээр бордсон тахианаас “тусгай” өндөг гардаг байна.
ЦАГТ 9600 ШИРХЭГ ӨНДӨГ ХАГАЛЖ, 500 ЛИТРИЙГ САВЛАН, НИЙЛҮҮЛДЭГ
“Түмэн шувуут” ХК нь 240 ажилтантай, өндөглөгч тахианы 1, 2 аж ахуй, зургаан төрлийн малын тэжээл гарган авдаг “Агро фийд” тэжээлийн үйлдвэр, усалгаатай газар тариалантай аж. Мөн тахианы хаягдал сангасыг дахин боловсруулж, органик бордоо гарган авч, жилд 200-250 мянган тонн бордоо зах зээлд нийлүүлэх болжээ.
Түүнчлэн өөрсдийнхөө болон ижил үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжүүдэд хүнсний аюулгүй байдал, хадгалалтад нийцэх, байгаль орчинд ээлтэй өндөгний үүр, сав, баглаа үйлдвэрлэн нийлүүлж байна. Эдгээрээс гадна цагт 9600 ширхэг өндөг хагалж, 500 литр шингэн өндөг ариутган, савлах хүчин чадалтай шингэн өндөгний үйлдвэр байгуулснаар талх, нарийн боовны цехүүдийг өндөг хагалах ажлаас “чөлөөлжээ”.
Сорилт шинжилгээний лабораторидоо эрүүл ахуй, аюулгүй байдлын бүх л шинжилгээг хийдэг тул хэрэглэгчдэд аюулгүй, эрүүл өндөг нийлүүлж буй гэлээ.
БҮХ НИЙТИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨЛӨӨ – МЭМСЦҮХ
Эрүүл мэндиийн сэтгүүлчдийн “Вакцин” клуб