Нэгийг бодож, хоёрыг тунгаалгах “Хүний ээж”
Аливааг зүрхээрээ харж, сэтгэлээрээ сонсож, гүн гүнзгий ухаж ойлгож мэдэрдэг хэн бүхэнд “Хүний ээж”-ийг зориулжээ. Нэрнээсээ эхлээд постер нь хүртэл хэн хүний сонирхлыг өөрийн эрхгүй татаж буй тус киноны зохиолыг А.Ганчимэг бичиж, найруулагчаар нь МУГЖ Д.Ганцэцэг ажилласан байна.
Дүрүүдэд хоёр “Ганаа”-гаас гадна, “Маск” продкашны жүжигчин Ж.Мөнхсайхан /МУГЖ/, “Gangbay” хамтлагийн дуучин Баянаа буюу С.Баянмөнх нар тоглосон байна. Хүний амьдралын ээдрээ, учир шалтгааны учгийг өвөрмөц сонин шийдлээр харуулах “Аримун” продакшны шинэхэн бүтээл “Хүний ЭЭЖ”.
Хайр хаана байна хүн тэнд жаргалтай байдаг. Яг л загас усандаа жаргалтай байдаг шиг” хэмээн “Хүний ээж” уран сайхны киноны эхлэл хэсэгт аквариумтай загасаа хооллох зууртаа захирлын хэлсэн үг мартагдахын аргагүй.
Зураг авалт өнгө тавилт нь үзэгчийн анхаарлыг эрхгүйтатаж, нүд салгалгүй кинондоо автуулах энэ киног үзсэн таньд нөхөрлөл, айдас, хайр сайн талаараа ч эргэж чадах, мөн муу муухайг ч авчирч болдогийг богинохон хугацаанд мэлмий сонор тань мэдрүүлж чадна.
Киноны төгсгөлд гол дүрийн бүсгүйг өөрийг нь том шилэн хоргонд хийчихсэн ус дүүргэж буй үзэгдэл нэг талаас захирал залуугийн гаж хүсэл, гомдол гунигийг харуулж, түүний дүрийг тодруулжбайгаа ч нөгөөтэйгүүр киноны эхэнд хэлж байсантай адил “Чи надтай л хамт байж аз жаргалтай байх болно” хэмээн Өрөөлд хэлэх нь бүү хэл Өөрөөсөө ч нуусан ҮНЭН илболохыг сануулах мэт.
Жүжигчдийн сонголт үнэхээр оновчтой байсан төдийгүй, тэр бүр кинонд тоглоод байдаггүй жүжигчин, найруулагч П.Дэлгэрбаярыг хэн ч харсан зөөлөн сайхан сэтгэлтэй хүн хэмээн бодох ч хүүхдийн нандин тэврэлтээс эхлэн, бусармаг үйлийн сэдлийг олж, цааш бага багаар ахиж буй дүрийн дотоод өсөлтүүд үнэхээр нарийн төлөвлөж, дүрээ их судалж нягт ажилласныг илэрхийлж байв.
“Атганд үлдсэн эрдэнэ” кинонд эрэгтэй хүүхдийн дүрийг үнэхээр гайхтал гаргаж ажиллаж байсан уран бүтээлч А.Ганчимэгийн ур чадвар улам бүр өсч өндийж, хэдийнэ бусад үе тэнгийн уран бүтээлчдийнхээ дунд илүү гэдгээ гайхуулах мэт тодорч байв.
Түүний яг л хараагүй мэт чимээ чагнан, зүрх сэтгэлээ мэдрэх тэр энгийн хэрнээ чимхлүүр үйлдлүүд үзэгчдийг хүртэл эргэлзүүлэхэд хүргэж байсан. Эцэст нь киноны төгсгөлд ээждээ хандан “Таны үнэр өөрчлөгдөөгүй байна” гэж хэлэх тэр үг гомдол, цөхрөл, итгэл алдах гээд бүх мэдрэмжийг нэг дор багтаасан мөртлөө хөндий хоосон өгүүлэх нь бид бүгдийг хүний үнэрээ гээсэн, хүн чанаргүй болсныг зүрхэнд тултал хэлж байх шиг. Энэ киног үзсэн хэн бүхэн нэгийг бодож хоёрыг тунгаах биз ээ.