ХАА-н салбарНӨУБИЧБТОнцлох

Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн хэрэгжилтийн талаар хэлэлцлээ

Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас Швейцарын хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж байгаа “Нутгийн өөрөө удирдах байгууллагын институцын чадавхыг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамтай хамтран “Малын тоо толгойн албан татварын хуулийн хэрэгжилт” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт зохион байгуулагч талуудаас гадна ХХААХҮ-ийн Судалгаа, хөгжлийн төв, Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргаа, Швейцарын хөгжлийн агентлаг, ХААИС, Бодлого судлалын төв, Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэн, Төслийн нэгж, МБАНХ, Төв, Сэлэнгэ, Дундговь, Дорноговь, Өмнөговь аймгийн зарим сумдын ИТХ-ын дарга нар болон зарим төрийн бус байгууллагын төлөөлөл, судлаачид оролцов.

Хэлэлцүүлгээр Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн хэрэгжилтэд хөндлөнгийн хяналт-шинжилгээ, үнэлгээ хийсэн дүнг танилцуулахаас гадна бэлчээрийн төлөв байдал, нөлөөлж буй хүчин зүйлүүд, улсын тусгай хэрэгцээний отрын бэлчээр ашиглалтын талаар танилцууллаа.

Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн хэрэгжсэнээр төвлөрсөн орлогыг МАА-н үйлдвэрлэлд зарцуулах боломж бүрдсэн

Монгол Улсын Их Хурлын 2020 онд баталсан Малын тоо толгойн албан татварын тухай хуулиар Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа малын тоо толгойд албан татвар ногдуулах, уг албан татварыг төсөвт төлөх, тайлагнахтай холбогдсон харилцааг зохицуулахаар хуульчилсан. Үүнд:

-Хуулийн 6.1 дэх хэсэгт “Нэг малын тоо толгойд тухайн татварын жилд ногдуулах албан татварын хэмжээ нь 0-2000 төгрөг байна”;

-Хуулийн 6.2 дахь хэсэгт “Албан татварын хэмжээг энэ хуулийн 6.1-д заасан хязгаарт багтаан сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал малын төрөл тус бүрээр тогтооно”;

-Хуулийн 6.3 дахь хэсэгт “Малчны амьжиргааг дэмжих зорилгоор малчны өмчилж байгаа малын тоо толгойноос хамааран ногдох албан татварын хэмжээг 0 төгрөг байхаар тогтоож болно”;

-Хуулийн 6.4 дэх хэсэгт “Энэ хуулийн 6.3-д заасан малын тоо толгойн тоог сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал малын төрөл тус бүрээр тогтоож болно” гэж заасан.

Сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд Малын тоо толгойн албан татварын тухай хуульд заасан хязгаарт багтаан татвар тогтоох эрхийг олгосон ч татварын хэмжээг харилцан адилгүй тогтоож, бүр албан татвараас чөлөөлж байгаа нь орон нутгийн мал аж ахуйн салбарт оруулах хөрөнгө оруулалт хангалтгүй байгаа юм. Тухайн төрлийн малаас авах татварыг их ялгаатай тогтоох нь ижил орлогоос ижил татвар авах зарчимд үл нийцэхээс гадна татвар өндөр сумдаас татвар бага сумд руу малын шилжих хөдөлгөөн явагдаж, бэлчээрийн даац хэтрэлт, цаашлаад нийгмийн үйлчилгээний ачааллыг хүндрүүлэх сөрөг үр дагавартай юм. Тухайлбал, Албан татварын хэмжээг багаар тогтоосноор малын тоо өсөх, бэлчээрийн хүрэлцээ, усны хомсдол үүсэж байгаа нь уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөтэй хавсарснаар хөрсний үржил шимийг бууруулах, элэгдэл эвдрэл үүсгэж, улмаар газрын доройтол, цөлжилт эрчимжин, ургамлын гарц буурч, малын ашиг шим, бүтээгдэхүүний гарц буурах шалтгаан болж байна.

Малын тоо толгойн албан татварын орлогын эх үүсвэрийг бэлчээрийн менежмент, малын эрүүл мэнд, чанарыг сайжруулах, бэлчээрийн болон газар тариалангийн усан хангамж, гэмт халдлага, гамшгаас хамгаалах, хур тунадасны хэмжээг нэмэгдүүлэх, малын тэжээлийн ургамал тариалах, тэжээлийн нөөц бүрдүүлэх, байгаль орчныг хамгаалах, хортон мэрэгчидтэй тэмцэх, малчдад зориулсан сургалт, сурталчилгааны зардалд зарцуулах асуудлаа орон нутагт бие даан шийдвэрлэх боломж олгож, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хуульд заасан хязгаарт багтаан татвар тогтоох эрхийг олгосон юм.

Энэхүү хууль хэрэгжиж эхэлснээр орон нутгийн төсвийн орлого нэмэгдэж, төвлөрсөн хөрөнгийг малчин, мал бүхий этгээд өөрсдийн саналын дагуу мал аж ахуйн үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд зарцуулдаг болсон нь ихээхэн үр дүнтэй ажил болж байгаа бөгөөд малчид малтай байсныхаа төлөө татвар төлөх үүрэгтэй, тэгснээрээ бэлчээрээ зохистой ашиглах, малаа эрсдэлээс хамгаалах зэрэг бусад боломж бүрдэнэ гэдгийг ойлгох болсон байна. Мөн малын тоо толгойг өсгөхөд бус, малын чанар, эдийн засгийн үр өгөөжид анхаарч, төвлөрсөн татварыг үр дүнтэй зарцуулахад хяналт тавьж байгааг оролцогчид онцоллоо.

Хэлэлцүүлгийн төгсгөлд Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн хэрэгжилтийг хангах чиглэлээр Зөвлөмж гаргахаас гадна оролцогчдоо гаргасан саналыг нэгтгэн дээрх хуулийн нэмэлт өөрчлөлт болгон оруулах хүсэлтийг УИХ-д өргөн барихаар болсон юм. УИХ -аар энэхүү нэмэлт өөрчлөлт оруулах саналыг өргөн барихаас өмнө бусад аймаг сумдын ИТХ-ын төлөөлөгчдөөр дахин хэлэлцүүлнэ гэдгийг зохион байгуулагчид онцоллоо.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version