Зам, тээврийн хөгжлийн яамнаас автотээвэр, орон нутгийн авто замтай холбоотой цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Э.МӨНХНАСАН: МАНАЙ УЛСАД БҮРТГЭЛТЭЙ ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН 88 ХУВЬ НЬ 9-ӨӨС ДЭЭШ ЖИЛИЙН НАСЖИЛТТАЙ БАЙНА
Зам, тээврийн хөгжлийн яамны Автотээврийн бодлого, зохицуулалтын газрын дарга Э.Мөнхнасан: Манай улсад бүртгэлтэй автомашинуудын 88 орчим хувь нь 9-өөс дээш жилийн насжилттай байна. Тээврийн хэрэгслийн шинэчилсэн бүртгэлийг 2023 оны хоёрдугаар сарын 1 зургадугаар сарын 15-н хүртэл хийсэн.
Үүний үр дүнд бүртгэлийн санд бүртгэлтэй тээврийн хэрэгсэл 1.264.000 байснаас сүүлийн 4-5 жил техник, хяналтын үзлэгтээ ороогүй, татвар, даатгал төлөөгүй 204 мянган тээврийн хэрэгслийг хассан. Тээврийн хэрэгслийн бүртгэл мэдээллийг цэгцэлж, өөрийн хүсэлтээр хасалт хийсэн 35 мянган тээврийн хэрэгслийг хассан. Ингэснээр татварын өр үүсдэг асуудлыг шинэчилсэн бүртгэлээр цэгцэлж, бүртгэл, мэдээллийн тоог бодит болгож ажилласан.
Төрийн болон орон нутгийн өмчид бүртгэлтэй тээврийн хэрэгслийн улсын дугаарын өнгийг солиход 47 аж ахуй нэгж үнийн санал ирүүлсэн. Үүнээс хамгийн хямд нь 29 мянган төгрөгийн үнийн санал ирүүлсэн. Өнөөдрийн байдлаар 117 тээврийн хэрэгсэл цэнхэр дугаараа солиулсан байна.
Г.ДУЛАМСҮРЭН: ШИНЭ АВТО ВОКЗАЛД НИЙТИЙН ЗОРИУЛАЛТТАЙ ТАЛБАЙ 5 ДАХИН НЭМЭГДСЭН
Автотээврийн Үндэсний төв ТӨҮГ-ын Зорчигч тээврийн хэлтсийн дарга Г.Дуламсүрэн: Авто тээврийн үндэсний төвийн Сонгинохайрхан зорчигч үйлчилгээний төв буюу хуучнаар Драгон төв Номин агуулах худалдааны төвийн хажууд байрлах автовокзал руу нүүж, 2023 оны наймдугаар сарын 25-наас улс, хот хоорондын зорчигчийн тээвэрлэлтийн үйл ажиллагааг тус автовокзалаас үзүүлж байна. Өдөрт дунджаар 3.000-4.000 хүнд, оргил ачааллын үед 8.000-10.000 хүнд үйлчилдэг.
Шинэ автовокзалд үйлчилгээгээ илүү чанаржуулж, сайжруулах чиглэлээр нэмэлт тэмдэг тэмдэглэгээ байршуулах зэрэг ажлууд хийгдэж байна. Өмнө нь үйл ажиллагаа явуулж байсан байршлаас тус шинэ автовокзал нь нийтийн эзэмшлийн талбай 5 дахин, үйлчилгээний талбай 1.5 дахин нэмэгдсэн. Иргэдэд хэрэгцээтэй бүхий л төрлийн үйлчилгээг нэг дор төвлөрүүлж, ая тухтай үйлчлүүлэх орчин нөхцлийг бүрдүүлэн ажиллаж байна.
Тухайлбал, ариун цэврийн өрөө, гарц, зогсоолын тэмдэг, тэмдэглэгээ, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан такси, ачаагаа зөөх тэрэг, гар утас цэнэглэх цэг, бэлэн мөнгөний машин /ATM/, кофешоп, хоолны газар зэрэг хэрэгцээт бүх үйлчилгээ үзүүлнэ. Цаашид иргэдэд үзүүлэх үйлчилгээгээ улам чанаржуулж, нийслэлийн нийтийн тээврийн газартай хамтран автобусны зогсоол, зорчих хэсгийг холбох зэрэг зохицуулалтыг хийхээр төлөвлөж байна. Түүнээс гадна хууль бус тээврийн хэрэгслүүдийн үйл ажиллагааг хязгаарлах, иргэдийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр тогмтол хяналт, шалгалт явуулж байна.
Зам, тээврийн хөгжлийн яамны Автозамын бодлого, зохицуулалтын газрын дарга Ч.Сугармаа: Монгол Улсад олон улс, улсын чанартай хатуу хучилттай авто замын урт 7.477 км болж нэмэгдсэн байна. Авто замын засвар арчлалтыг хувийн 10, төрийн өмчийн 20 компани хариуцан ажилладаг.
2023 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар авто замын засвар, арчлалтад 39.6 тэрбум төгрөг тавигдсан. Тэгэхээр нэг компанид 1 тэрбум орчим төгрөг ноогдсон.
Иргэдээс гомдол, санал ихээр ирдэг Дундговийн авто замд 700 сая төгрөг тавигдсан. Автозамын засвар арчлалтын явц, үр дүнг, хяналт, шалгалтыг тогтмол хийнэ. Авто замын чанар, даац хэтрэлтээс үүдэж тус зам эвдэрсэн. 2024 онд Дэлхийн банкны хөрөнгө оруулалтаар их засвар хийх төлөвлөгөөтэй ажиллаж байна
Цаашид улсын чанартай авто замд шинээр гарсан эвдрэлийг тогтоож, засварлан, хөдөлгөөнийг саадгүй нэвтрүүлэх зорилт ажиллаж байна.
Л.БАЯНЗУЛ: АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ САНХҮҮЖИЛТЭЭР ХЭРЭГЖИЖ БУЙ БАГЦ 86 ХУВЬ, ЕСБХБ-НЫХ 64 ХУВИЙН ГҮЙЦЭТГЭЛТЭЙ БАЙНА
Зам, тээврийн хөгжлийн яамны Автозамын бодлого, зохицуулалтын газрын ахлах шинжээч Л.Баянзул: Улаанбаатар-Дархан чиглэлийн 204.11 км авто замын засвар, шинэчлэлтийн ажлыг таван багц хэсэгт хуваан барилгын ажлыг гүйцэтгэж байна.
Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж авто зам нийт 86 хувийн гүйцэтгэлтэй байна. Тодруулбал, нэгдүгээр багц 94 хувь, хоёрдугаар багц 78 хувь, гуравдугаар багц 94 хувь, дөрөвдүгээр багц 68 хувь, тавдугаар багц 91 хувийг гүйцэтгэлтэй байгаа юм.
Харин нэмэлт хоёр эгнээ буюу Европын сэргээн босголт, хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй багц 64 хувийн гүйцэтгэлтэй байна Тодруулбал, нэгдүгээр багц 80 хувь, хоёрдугаар багц 58 хувь, гуравдугаар багц 59 хувь, дөрөвдүгээр багц 55 хувь, тавдугаар багц 66 хувийн гүйцэтгэлтэй байна. Суурь хучилтын ажлын 2023 онд багтаан дуусгаж, хөдөлгөнийг бүрэн нээхээр төлөвлөн ажиллаж байна.