ОнцлохЭрүүл мэнд

Хүүхдийн хавдрын эрт илрүүлгийн төв ашиглалтад орлоо

БНХАУ-ын Энхтайван хөгжлийн сан нь Монгол Улсын “Хангарьд хөгжлийн төв” ТББ-тай хамтран 500,000 ам.долларын буцалтгүй тусламжаар Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд Хүүхдийн хавдрын эрт илрүүлгийн төвийн барилга байгууламжийн барьж өгөхийн зэрэгцээ 150,000 ам.долларын буцалтгүй тусламжаар иж бүрэн тоног төхөөрөмжийг хандивлан өгч, 2023 оны 8 сарын 05 өдөр нээлтээ хийжээ.

Уг хавдрын эрт илрүүлэгийн төв нь үзлэгийн 4 өрөөтэй, орчин үеийн хэт авиан оношлогоо хийх боломжтой, хавдрын сорьцын шинжилгээг авч түүнийгээ оношлох хамгийн сүүлийн үеийн зориулалтын лаборатори тоног төхөөрөмжөөр тоноглогдож байгаа юм.

БНХАУ-ын Энхтайван хөгжлийн сан нь “Хангарьд хөгжлийн төв” ТББ-тай хамтран 2015 оноос хойш Монгол Улсын эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах болон боловсролын салбарын хүртээмжийг сайжруулах чиглэлд хэд хэдэн төсөл амжилттай хэрэгжүүлээд байна. Тодруулбал,

  • 2015 онд Чингэлтэй дүүрэгт хүүхдийн оношилгооны төв,
  • 2017 онд Налайх дүүрэгт 50 ортой хүүхдийн эмнэлэг,
  • 2018 онд Баянзүрх дүүрэгт 50 ортой хүүхдийн эмнэлэг,
  • 2019 онд Хан-Уул дүүрэгт 50 ортой хүүхдийн эмнэлэг,
  • 2020 онд Улсын хоёрдугаар төв эмнэлэгт 50 ортой хүүхдийн эмнэлэг,
  • 2016 онд Төв аймагт 150 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай хүүхдийн цэцэрлэгийг БНХАУ-ын Энхтайван хөгжлийн сангийн буцалтгүй тусламжаар барьж, ашиглалтад оруусан юм.

Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд хүүхдийн эмнэлгийг барихаас гадна нэн шаардлагатай байгаа бүхий л тоног төхөөрөмжөар хангах, эмч мэргэжилтнүүдийг мэргэжил дээшлүүлэх сургалтад хамруулах цогц арга хэмжээг зохион байгуулдаг юм.

Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Хүүхдийн хавдрын эрт илрүүлгийн төв нь БНХАУ-ын Энхтайван хөгжлийн сан болон “Хангарьд хөгжлийн төв” ТББ-ын хамтын ажиллагааны хүрээнд баригдаж буй зургаа дахь эмнэлэг болж байна.

Нээлтийн үйл ажиллагаанд Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболд, Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд, “Хангарьд хөгжлийн төв” ТББ-ын Гүйцэтгэх захирал Г.Ганбаяр, БНХАУ-ын Коммунист намын Гадаад хамтын ажиллагааны дэд сайд Гуо Ежоу, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Цай Вэньруй, Энхтайван хөгжлийн сангийн Ерөнхий нарийн бичгийн дарга Шү Жяньгуо болон бусад албаны хүмүүс оролцлоо.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version