УИХFocus

УИХ-ын Тамгын газар Үндэсний номын сантай хамтран ажиллана

Улсын Их Хурлын Тамгын газар (2023.05.26) Монгол Улсын Үндэсний номын сантай Хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. Санамж бичгийн хүрээнд талууд цахим номын сангийн КОХА систем нэвтрүүлэх, сан хөмрөгийг хадгалах, хамгаалах, хамтран ашиглах, сэлбэн засах, сэргээн засварлах болон мэдээллийн сан, каталоги хөтлөх талаар харилцан мэргэжил, арга зүй, техникийн туслалцаа үзүүлэх, хүний нөөцийг чадавхжуулах, ур чадварыг дээшлүүлэх чиглэлээр хамтран ажиллах юм.

Санамж бичиг байгуулах үеэр Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан Тамгын газрын дэргэдэх Парламентын номын сан 70 жилийн түүхтэй, 45 мянган ширхэг ном, тогтмол хэвлэлийн сан хөмрөгтэй хэмээн товч танилцуулж, Улсын Их Хурлын Тамгын газар, Ерөнхийлөгчийн Тамгын газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Төрийн ордонд үйл ажиллагаа явуулж буй бусад байгууллага болон иргэдэд үйлчилдгийг онцоллоо. 

Хамтын ажиллагааны үр дүнд Монгол Улсын Парламентын номын сангийн үйлчилгээний төрөл, цар хүрээ, чанар, хүртээмж өргөжиж, хүний нөөц чадавхжиж, олон улсын парламентын номын сангийн стандартад нийцсэн үйлчилгээг уншигчдад хүргэх боломж бүрдэнэ гэдэгт итгэж байгаагаа тэрбээр илэрхийлэв.

Монгол Улсын Үндэсний номын сангийн захирал Б.Ичинхорлоо 100 жилийн түүхтэй номын сангийнхаа талаар товч танилцуулж, Парламентын номын санг дэлхийн жишгээр хөгжүүлэхэд Санамж бичгээр тохиролцож буй хамтын ажиллагаа чухал хувь нэмэр болно гэдэгт итгэлтэй байна гэв хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version