ОнцлохЭрүүл мэнд

“Хэтрүүлж биш, хэмжээнд нь сахараа багасгая” нөлөөллийн аяныг эхлүүллээ

Монголын эрүүл мэндийн сэтгүүлчдийн “Цагаан үзэг” холбоо, эрүүл мэндийн сэтгүүлчид хамтран Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтан ЧИХРИЙГ ХЭТРҮҮЛЖ БИШ, ХЭМЖЭЭНД НЬ ХЭРЭГЛЭХ цахим уриалгыг /2023.05.11/ эхлүүлж байна.

Монгол хүүхдүүдийн дундах чихрийн хэрэглээ өдгөө хяналтаас гарч, бүр донтох хэмжээнд хүрчихээд буй. Цаашлаад манай улсын энэ төрлийн бүтээгдэхүүний хэрэглээ бүсийн бусад улс орноос 3-4 дахин өндөр үзүүлэлттэй байхад бид үүнийг энгийн хэрэглээ мэтээр хүлээн зөвшөөрсөөр л байх уу.

ЧИХРИЙН ХЭРЭГЛЭЭГ ДЭЛХИЙ ДАХИНД ЦАР ТАХЛЫН ХЭМЖЭЭНД АВЧ ҮЗЭХ БОЛОВ

Хүүхэд өдөрт 5-8 гр элсэр чихэр буюу ихдээ л хоёр жижиг ёотонгийн хэмжээтэй сахарыг хүнснээс авах нь зохист хэрэглээ гэж үздэг. Гэтэл өдгөө Монгол Улсын ирээдүй болсон хүүхэд багачууд өдөр бүр ундаа, чихэр, жигнэмгээр хооллож, далд элсэн чихрийн өлсгөлөн, хордлогод өртсөөр байна.

Үүний уршгаар бага насны хүүхдүүдийн 90 хувь нь шүд цоорох өвчтэй, буйлны үрэвсэлтэй, кальци, Д аминдэмийн дутагдалтай, яс сийрэгжих өвчтэй болж буй. Цаашлаад оюун ухааны хомстол, суралцах чадвар буурах, нойр, хоолондоо муудаж, турах, тэжээлийн дутагдалд орох, дархлаа сулрах, хэт хөдөлгөөнтөх, анхаарал дутмагших, харшилтай болох, өсөлт удаашрах зэргээр маш олон сөрөг үр дагавар чихрийн хэтрүүлсэн хэрэглээнээс үүдэн гарч, эрүүл мэнд, амь насаараа хохирсоор байгааг нийтээрээ анхаарах цаг болжээ.

Тэгвэл дэлхий дахинд чихрийн хэрэглээг хэдийн цар тахлын хэмжээнд авч үзэн, сөрөг арга хэмжээнүүд аваад эхэлснийг энд тэмдэглэх нь зүйтэй болов уу. Иймд эрүүл мэндийн сэтгүүлчид эцэг, эхчүүд, асран хамгаалагч нарыг хүүхдийн баяраар гэлтгүй цаашид тэмдэглэлт өдрүүдэд хүүхэд, багачууддаа эрүүл бэлэг сонгож, хэвшихийг уриалж байна.

Улмаар хүнсний томоохон сүлжээ болон жижиглэн худалдаа, үйлчилгээний дэлгүүрүүдийг хүүхдэд ээлтэй, чанартай “ЭРҮҮЛ БЭЛЭГ” боож бэлдэх, томчуудыг ийм бэлэг худалдан авах боломжоор нь хангах, мөн эрүүл бэлэгний тусгайлсан лангуу, тавиур ажиллуулахыг энэхүү нөлөөллийн аянаараа уриалахын сацуу тэднийг нийгмийн хариуцлагаа ухамсарлана гэдэгт итгэлтэй байна.

ХҮНСНИЙ ТОМООХОН СҮЛЖЭЭ ДЭЛГҮҮРҮҮД ЭХНЭЭСЭЭ ХҮҮХДИЙН БАЯРЫН БЭЛЭГНИЙХЭЭ ЧИХРИЙН АГУУЛАМЖИЙГ БУУРУУЛАХАА ИЛЭРХИЙЛЛЭЭ“

Хэтрүүлж биш, хэмжээнд нь сахараа багасгая” нөлөөллийн аяны хүрээнд Монголын эрүүл мэндийн сэтгүүлчдийн “Цагаан үзэг” холбооныхон хүнсний томоохон сүлжээ дэлгүүрийн удирдлага, төлөөлөлтэй өнөөдөр уулзаж, санал солилцлоо.

Манай улсын хүн амын дунд сүүлийн 5-7 жилд насанд хүрэгчдийн таргалалт хоёр дахин, 7-10 настай хүүхдийнх 7 дахин нэмэгдсэн судалгаа гарсан. Чихэр агуулсан ундаа, хүнсний бүтээгдэхүүн нь таргалалтыг тав дахин нэмэгдүүлдэг бөгөөд тэр дундаа энэ нь хүүхдийн оюуны чадамж, бие бялдрын хөгжилд 40 хувийн сөрөг нөлөө үзүүлдгийг судлаачид тогтоосон байдаг.

Чихрийн шижингээр өвчлөх эрсдэлийг таргалалт нь 26 хувиар нэмэгдүүлдэг. Үүний хор уршгаар хүүхдүүд хүртэл чихрийн шижинд өртөх болсон гэвэл та итгэх үү.Эдгээр хүчин зүйлд үндэслэн, эрүүл мэндийн сэтгүүлчид дээрх нөлөөллийн аяныг эхлүүлсэн бөгөөд үүний хүрээнд хүнсний үйлдвэр, худалдаа, үйлчилгээний газруудын төлөөлөлтэй уулзаж, аянд нэгдэх хүсэлт тавьснаар энэхүү арга хэмжээнд нэгдэж, хамтран ажиллахаар боллоо.

Тодруулбал, “И-март”, “БОСА”, “Миний дэлгүүр”, “Номин”, “Эфес” зэрэг хүнсний томоохон сүлжээ дэлгүүрийн удирдлага “ХЭТРҮҮЛЖ БИШ, ХЭМЖЭЭНД НЬ САХАРАА БАГАСГАЯ” аянд нэгдэхээр болж, эхний ээлжид хүүхдийн баярын бэлэгнүүдийнхээ чихрийн агууламжийг бууруулах, оронд нь эрүүл бүтээгдэхүүн сонгохоо илэрхийлсэн юм.

Мөн эдгээр хүнсний сүлжээ дэлгүүрийнхэн хүүхдийн баярын хүрээнд ижил үйлчилгээ эрхлэгч бусад аж ахуйн нэгжүүдээ уриалж, “эрүүл бэлэг” боох аянд нэгтгэх, эцэг, эх, асран хамгаалагч, хүүхэд багачуудын чихэрлэг бүтээгдэхүүний зохист хэрэглээний талаарх мэдлэг, ойлголтыг сайжруулах, эрүүл зан үйлийг олон нийтэд таниулан сурталчлах зэрэг нөлөөллийн ажлыг эрүүл мэндийн сэтгүүлчидтэй хамтран хэрэгжүүлэхээр боллоо.

АЯНЫ ХҮРЭЭНД:

  • Худалдаа эрхлэгч, сүлжээ дэлгүүрүүд хүүхдэд ээлтэй, эрүүл мэндийг нь дэмжих бэлгийн багцууд худалдах
  • “Эрүүл бэлэг” тус бүрийн чихрийн агууламж, шимт бодисын мэдээлэл, зөвлөмжийг багцад хавсаргах
  • “Хэтрүүлж биш, хэмжээнд л сахараа багасгая” уриалга гарган, цахим орчинд давлагаа үүсгэх
  • Чихэрлэг бүтээгдэхүүний хүний эрүүл мэндэд үзүүлэх хор хөнөөлийн талаар АШУҮИС-ийн НЭМС-тай хамтран ХЭЛЭЛЦҮҮЛЭГ зохион байгуулах
  • Хүүхдийн эрүүл мэндэд ээлтэй бэлгийн багцын санал гаргаж, нийтэд түгээх
  • Иргэд, олон нийтийн сахарын талаарх мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх мэдээ, сурвалжилга бэлтгэн түгээх… гэх мэт олон ажил хийхээр төлөвлөж байна.

Бүх нийтийн эрүүл мэндийн төлөө бидэнтэй нэгдээрэй

МЭМСЦҮХ

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version