МИКОнцлох

“МИК Холдинг” ХК “Нийслэлийн орон сууцны корпораци” ХК-тай хамтран ажиллана

“МИК Холдинг” ХК болон Нийслэлийн орон сууцны корпораци (НОСК) ХК гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд санхүүжилт, хөрөнгө оруулалт татах чиглэлээр хамтран ажиллах болж, “Улаанбаатар – Олон улсын хөрөнгө оруулалт, түншлэлийн форум 2023” арга хэмжээний үеэр харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа.

“МИК Холдинг” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Гантулга, “Нийслэлийн орон сууцны корпораци” ХК-ийн гүйцэтгэх захирал М.Говьсайхан нар харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурж баталгаажуулав. Энэхүү хамтын ажиллагааны үр дүнд нийслэл Улаанбаатар хотын агаар, хөрс, орчны бохирдлыг бууруулахад чиглэсэн нийтийн болон амины орон сууцны төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, гэр хорооллын иргэдийг орон сууцжуулах төслүүдэд шаардлагатай урт хугацааны, тогтвортой, оновчтой сонголт бүхий орон сууцны санхүүжилтийн механизмыг бүрдүүлэхэд ахиц дэвшил гарах юм.  

Санамж бичгийн хүрээнд талууд дөрвөн үндсэн чиглэлээр хамтран ажиллах юм. Тухайлбал, Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах зорилгоор дагуул, хаяа хот, шинэ суурьшлын бүсийг хөгжүүлэхэд болон гэр хорооллын чөлөөлсөн талбарт орон сууцны төсөл хөтөлбөрийг шинээр хэрэгжүүлэхэд санхүүжилтийн оновчтой механизмыг бүрдүүлэх, хэрэгжүүлэхэд “МИК Холдинг” ХК-ийн зүгээс дэмжлэг үзүүлэх юм.

Мөн түүнчлэн тогтвортой хөгжлийн зорилгод томоохон нөлөө үзүүлэх байгаль орчинд ээлтэй, эрчим хүчний хэмнэлттэй ногоон орон сууцны төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх, санхүүжүүлэхэд шаардлагатай бодлогын баримт бичгийг боловсруулах чиглэлд хамтран ажиллана.

Санамж бичигт гарын үсэг зурах үеэр “МИК Холдинг” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Гантулга “Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд НОСК нь гэр хорооллын дахин төлөвлөлт, Улаанбаатар хотын мастер төлөвлөгөөний дагуу хийх бүтээн байгуулалтыг хариуцна. “МИК Холдинг” компанийн хувьд санхүүжилт талаас буюу гэр хорооллын дахин төлөвлөлтөд санхүүжилтийн эх үүсвэр татахад дэмжлэг үзүүлэх, хамтарч ажиллах зорилготой. Улаанбаатар хотод амьдарч буй айл өрхүүдийн 50 гаруй хувь нь гэр хороололд амьдарч байна.

Гэр хорооллыг дахин төлөвлөх замаар утаа, хөрсний бохирдол зэрэг тулгамдсан асуудлыг шийдэхийн төлөө дэмжиж ажиллана. Бид өнгөрсөн таван жилийн хугацаанд 550 сая ам.долларыг олон улсын зах зээлээс амжилттай босгосон туршлага дээрээ үндэслэн санхүүжилт татахад дэмжлэг үзүүлэх юм. Өнөөдрийн байдлаар 180 гаруй мянган өрх гэр хороололд амьдарч байна.

Энэ нь нийслэлийн нийт өрхийн 50 орчим хувь юм. Эдгээр өрхүүдийн амьдарч байгаа талбай дээр ногоон стандарттай орон сууц барих боломж бий. Дунд хугацаанд 50-60 мянган айл өрхийг ногоон стандартын орон сууцанд орох боломжийг бүрдүүлэх боломжтой гэж үзэж байна” хэмээн онцоллоо.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version