УИХОнцлох

ҮББХ-ны дарга Т.Энхтүвшин “Норинко” группийн төлөөлөгчидтэй уулзлаа

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны дарга Т.Энхтүвшин /2023.04.24/ Монгол Улсад газрын тос дамжуулах хоолой барих төслийн гүйцэтгэгчээр шалгарсан БНХАУ-ын төрийн өмчит “Норинко” группийн дэд ерөнхийлөгч Ванг Итонг тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Дорнод аймаг дахь Тамсагийн газрын тосны орд газраас Дорноговь аймгийн Алтанширээ суманд баригдаж буй нефть боловсруулах үйлдвэр хүртэл нийт 530 км урт, өргөх, халаах насос бүхий түүхий тос дамжуулах хоолойн бүтээн байгуулалтын ажлыг энэ сарын 28-нд эхлүүлэх юм. Тус группийн дэд ерөнхийлөгч тэргүүтэй төлөөлөгчид бүтээн байгуулалт эхлүүлэх ёслолын үйл ажиллагаанд оролцохоор манай улсад айлчилж буй юм.

Байнгын хорооны дарга Т.Энхтүвшин Дорноговь аймгийн хүн гэдгээ уулзалтын эхэнд дурдаж, Алтанширээ суманд нефть боловсруулах үйлдвэр, Тавантолгой-Ханги Мандалын төмөр замын бүтээн байгуулалтын ажлууд хэрэгжиж буйг онцлоод, нефть боловсруулах үйлдвэрийг түүхий эдээр хангах хоолойн ажил эхэлж буйд баяртай байгаагаа илэрхийлэв.

Тэрбээр, түүхий тос татах хоолой бүхий нефтийн үйлдвэр бол Монгол Улсын эдийн засгийн хөгжилд ихээхэн чухал болохыг цохон тэмдэглэж, үйлдвэр ашиглалтад орсноор манай улс шатахууны дотоодын хэрэгцээгээ өөрөө хангах боломж бүрдэнэ гэдгийг онцлов. Мөн тэрбээр, Монгол Улсын ашигт малтмал, газрын тосны салбарын болон орон нутгийн байгууллагуудтай нягт хамтран ажиллахыг зөвлөж, бүтээн байгуулалтад дэмжлэг үзүүлэхээ илэрхийлсэн юм.

“Норинко” групп бол олон салбарт үйл ажиллагаа явуулдаг компани болохыг дэд ерөнхийлөгч Ванг Итонг танилцуулж, энэ сарын 10-нд гэрээнд гарын үсэг зурснаасаа эхлэн нефтийн хоолой татах Монгол Улсын бүтээн байгуулалтад өндөр анхаарал тавьж, зураг дизайн, төлөвлөлт зэрэг бэлтгэл ажилд ихээхэн ач холбогдол өгч ажилласнаа дурдав.

Тэрбээр, хоёр талын харилцан ойлголцол, хамтын ажиллагааны үр дүнд бүтээн байгуулалт амжилттай болно гэдэгт итгэлтэй байна гэлээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version