Монгол Улсын Засгийн газар 2022 онд Хувийн хэвшил, төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх ажил, үйлчилгээний тухай 340 дүгээр тогтоолыг баталсан. Уг тогтоолын дагуу төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, төр, хувийн хэвшлийн түншлэлийг өргөжүүлэх, бизнесийн үйл ажиллагаанд төрийн оролцоог багасгах зорилгоор төрийн зарим чиг үүрэг, ажил, үйлчилгээг хувийн хэвшил, төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэхээр болсон юм.
Нийслэлийн зүгээс тогтоолын хэрэгжилтийг хангаж, хот, нийтийн аж ахуйн үйл ажиллагаатай холбоотой ажлын ачааллыг бууруулах, үйлчилгээг сайжруулах бэлтгэл ажлыг хангаад байна. Тодруулбал, УБЗАА, Улаанбаатар хотын Шуурхай удирдлага, зохицуулалтын төв болон таван дүүргийн 11 ОНӨААТҮГ-ын 13 ажил, үйлчилгээг хувийн хэвшил, төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэхээр холбогдох судалгааг хийж байна. Ингэхдээ сонгон шалгаруулалтын үндсэн дээр зохих хууль, журмын дагуу тэнцсэн иргэн, хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтран ажиллах юм.
Хувийн хэвшлээр гүйцэтгүүлэх үйлчилгээнд дараах ажлууд хамаарна. Үүнд:
- Нийтийн бие засах газрын үйлчилгээ
- Гудамжны дүрс бичлэгийн техник хэрэгслийн арчилгаа, засварын үйлчилгээ
- Айл өрх, аж ахуйн нэгж, байгууллагын хог цуглуулалт, тээвэрлэлтийн үйлчилгээ
- Хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулах үйлчилгээ
- Хог ачих, буулгах, ангилан ялгах, хогийн сав байршуулах
- Дахин боловсруулахтай холбоотой сургалт зохион байгуулах зэрэг орох юм.
Тухайлбал, УБЗАА-наас автобусны эцсийн болон дундын буудлуудын орчны тохижилт, нийтийн бие засах газрын үйлчилгээ, үйл ажиллагааг сайжруулахын тулд үйлчилгээ эрхлэх иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудыг сонгон шалгаруулж байгаа.
Тус чиглэлээр хамтран ажиллах хүсэлтэй аж ахуйн нэгж, байгууллагууд нь нийтийн бие засах газар, автобусны эцсийн болон дундын буудлуудыг түшиглэн худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ, реклам, сурталчилгаа явуулж, ашиг орлого олох, олсон орлогоосоо тус объектын ашиглалтын зардлыг санхүүжүүлэх юм.
Мөн үйл ажиллагаа явуулж байгаа байгууламжийг өргөтгөх, сэргээн засварлах, буулгаж газар дээр нь шинээр байгууламж барих боломжтой. Гэхдээ тухайн газар нь нийслэлийн өмчлөлд байх бөгөөд газар ашиглалтын урт хугацааны гэрээ байгуулах юм. Түүнчлэн нийтийн бие засах газар байхгүй, хүн ихээр зорчдог газруудад нийтийн бие засах газар шинээр барьж, хамтран ажиллаж болно.
Төр, хувийн хэвшлийн түншлэлийн чиглэлээр хамтран ажиллах хүсэлтэй аж ахуйн нэгж, байгууллагууд УБЗАА-ны Орчны бохирдол, хог хаягдлын удирдлагын хэлтэс /11-315333/-т хандан дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС