НийтлэлWorldОнцлох

2022 оны байгаль орчны хамгийн том 13 асуудал

Дэлхийн нийтийн анхаарлын төвд ороод буй 2022 оны оны байгаль орчны хамгийн том 13 асуудлыг уншигч та бүхэнд хүргэж байна. Уур амьсгалын өөрчлөлт, байгаль орчин таагүй болоход нөлөөлөх олон хүчин зүйл байдаг ч зарим нь бусдаас илүү анхаарал хандуулахыг шаарддаг. Ойн хомсдол, биологийн төрөл зүйлийн хомсдолоос эхлээд хүнсний хог хаягдал, хурдан зарагддаг хувцасны загвар зэрэг байгаль орчинд нөлөөлөх асуудлуудыг earth.org сайтад онцолжээ.

1. Нүүрс буюу чулуужсан түлшнээс үүдэлтэй Дэлхийн дулаарал

Хүлэмжийн хийн ялгаруулалт нэмэгдэж байгаа нь дэлхийн өнцөг булан бүрт гамшигт үзэгдлүүдийг бий болгож, давтамжийг ойртуулж байна

Дэлхийн температурын өсөлт аж үйлдвэржилтийн өмнөх үетэй харьцуулахад Цельсийн 1.1 хэм байна. Манай гараг дээрх нүүрстөрөгчийн давхар ислийн хэмжээ хамгийн сүүлд 4 сая гаруй жилийн өмнө өнөөдрийнх шиг өндөр түвшинд байжээ.  Хүлэмжийн хийн ялгаруулалт нэмэгдэж байгаа нь дэлхийн температурыг хурдацтай өсөлтөд нөлөөлсөн. Энэ нь эргээд дэлхийн өнцөг булан бүрт гамшигт үзэгдлүүдийг бий болгож, давтамжийг ойртуулж байна. Австрали, АНУ-д урьд өмнө нь бүртгэгдээгүй хамгийн аймшигтай ойн түймэр асч, царцаа нүүдэллэх болсон. Африк, Ойрхи Дорнод, Ази тивд үр тариа буурч, Антарктид тивд анх удаа 20 хэмээс дээш халсан халууны давалгаа боллоо.

Улмаар Арктикийн бүс нутагт мөнх цэвдгийн хайлалтыг нэмэгдүүлж, Гренландын мөсөн бүрхүүл урьд өмнө байгаагүй хурдацтай хайлж, Амазон дахь ойн хомсдол нэмэгдэх зэрэг гамшгийн үр дагаварт хүргэж болзошгүйг эрдэмтэд байнга анхааруулсаар байна. Уур амьсгалын хямрал нь халуун орны шуурга, хар салхи, халууны давалгаа, үер зэрэг цаг агаарын бусад үйл явдлуудыг урьд өмнө байгаагүй хүчтэй, ойр ойрхон болгож байна. Гэвч хүлэмжийн хийн бүх ялгаруулалтыг нэн даруй зогсоосон ч дэлхийн температур ирэх жилүүдэд нэмэгдсээр байх болно.

Тиймээс хүн төрөлхтөн бид яг одооноос хүлэмжийн хийн ялгаруулалтыг эрс бууруулж, сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрт хөрөнгө оруулалт хийж, чулуужсан түлшээ аль болох хурдан үе шаттайгаар хэрэглээнээс гаргах ажлыг эхлүүлэх нь туйлын чухал юм.

2. Муу засаглал

Засгийн газрууд нүүрстөрөгч багатай эрчим хүчний эх үүсвэрийн зардлыг бууруулахын тулд ногоон инновацийн санхүүжилтийг их хэмжээгээр нэмэгдүүлэх шаардлагатай

Николас Стерн зэрэг эдийн засагчдын үзэж байгаагаар цаг уурын хямрал нь зах зээлийн олон алдааны үр дагавар юм. Эдийн засагчид болон байгаль орчны мэргэжилтнүүд хүлэмжийн хий ялгаруулдаг үйл ажиллагааны үнийг нэмэгдүүлэхийг бодлого боловсруулагчдад олон жилийн турш уриалсаар ирсэн.

Утаа ялгаруулалтыг хурдан бөгөөд үр дүнтэй бууруулахын тулд засгийн газрууд нүүрстөрөгч багатай эрчим хүчний эх үүсвэрийн зардлыг бууруулахын тулд ногоон инновацийн санхүүжилтийг их хэмжээгээр нэмэгдүүлэх зэрэг олон бодлогыг хэрэгжүүлэх шаардлагатай байна.

Одоогоор дэлхийн 27 оронд нүүрсхүчлийн хийн үндэсний татвар ногдуулдаг бөгөөд үүнд ЕХ, Канад, Сингапур, Япон, Украйн, Аргентин зэрэг орнууд багтдаг. Шведэд нүүрстөрөгчийн татвар үр дүнтэй хэрэгжсэн. Тодруулбал, Нүүрстөрөгчийн татварыг тонн тутамд 127 ам. доллар болгосон нь1995 оноос хойш ялгаруулалтыг 25%-иар бууруулж, эдийн засгийг 75%-иар өсгөжээ.

Ямартай ч НҮБ-ын гишүүд тус байгууллагаас гаргасан аливаа санал, зөвлөмжийг дагаж мөрдөх үүрэг хүлээдэггүй. Тухайлбал, НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцийн хүрээнд байгуулсан Парисын хэлэлцээрт улс орнууд хүлэмжийн хийн ялгаруулалтыг эрс багасгах шаардлагатай.

Ингэснээр 2100 он гэхэд дэлхийн температурын өсөлт 2 хэмээс доош, хамгийн тохиромжтой нь 1.5 хэмээс бага байх ёстой гэж заасан. Гэхдээ уг конвенцид гарын үсэг зурах нь сайн дурынх бөгөөд дагаж мөрдөхгүй байх боломжтой.

Учир нь хөгжиж буй орнууд хүлэмжийн хий бага ялгаруулах технологитой болох хүртэл хөгжихийн тулд илүү их ялгаруулалтыг зөвшөөрч, Хятад зэрэг зарим оронд үүнийг ашиглах боломжийг олгодог зэрэг тэгш эрхийн асуудал маргаантай хэвээр байна.

3. Хүнсний хаягдал

1.3 тэрбум тонн хүнс буюу 3 тэрбум хүнийг тэжээхэд хангалттай хоол хүнс хаягдаж байна

Хүний хэрэгцээнд зориулагдсан хүнсний бүтээгдэхүүний гуравны нэг буюу 1.3 тэрбум тонн нь хаягдаж эсвэл алга болдог. Энэ нь 3 тэрбум хүнийг тэжээхэд хангалттай хоол хүнс юм. Харамсалтай нь, хүнсний хаягдал, алдагдал нь жил бүр хүлэмжийн хийн ялгаралтын гуравны нэгийг эзэлдэг. Хөгжиж буй болон хөгжингүй орнуудад хүнсний хог хаягдал, алдагдал янз бүрийн үе шатанд тохиолддог.

Хөгжиж буй орнуудад хүнсний хог хаягдлын 40% нь ургац хураалтын дараах болон боловсруулалтын түвшинд гардаг бол өндөр хөгжилтэй орнуудад хүнсний хог хаягдлын 40% нь жижиглэнгийн худалдаа болон хэрэглэгчдийн түвшинд гарч байна. Жижиглэнгийн түвшинд “таалагдаагүй” гэх шалтгааны улмаас маш их хэмжээний хоол хүнс хаягддаг.

Үнэн хэрэгтээ АНУ-д хаягдсан нийт бүтээгдэхүүний 50 гаруй хувийг хэрэглэгчдэд худалдах нь “хэт муухай” гэж үздэг учраас хаягддаг байна. Энэ нь ойролцоогоор 60 сая тонн жимс, хүнсний ногоо юм. Энэ нь жагсаалтад орсон байгаль орчны хамгийн том асуудлын нэг болох хүнсний аюулгүй байдалд хүргэж байна.

4. Биологийн олон янз байдлын алдагдал

500 гаруй төрлийн хуурай газрын амьтад устах ирмэг дээр байгаа ба 20-хон жилийн дотор устах магадлалтай байна

Сүүлийн 50 жилд хүний хэрэглээ, хүн ам, дэлхийн худалдаа, хотжилтын хурдацтай өсөлтийн үр дүнд хүн төрөлхтөн дэлхийн нөөц баялгийг байгалийн жамаар нөхөж чадахаас илүү их хэмжээгээр ашиглаж байна. Дэлхийн байгаль хамгаалах сангийн саяхны тайланд хөхтөн амьтад, загас, шувууд, хэвлээр явагчид болон хоёр нутагтан амьтдын популяци 1970-2016 оны хооронд дунджаар 68%-иар буурсан болохыг тогтоожээ.

Тус тайланд биологийн олон янз байдлын алдагдлын шалтгаан нь янз бүрийн хүчин зүйлээс шалтгаалдаг. Голчлон газар нутгийг өөрчилж ашиглах буюу ой мод, бэлчээр зэрэг амьдрах орчныг нь хөдөө аж ахуйн систем болгон хувиргаж байгаатай холбон ойлгож болно.

Панголин, акул, далайн морь зэрэг амьтад зэрлэг ан амьтдын хууль бус худалдаанд ихээхэн өртөж, үүнээс болж панголин маш ихээр устаж байна. Илүү өргөн хүрээнд авч үзвэл, дэлхий дээрх зэрлэг ан амьтдын зургаа дахь удаагаа бөөнөөр устах үйл явц хурдацтай явагдаж байгааг тогтоожээ.

500 гаруй төрлийн хуурай газрын амьтад устах ирмэг дээр байгаа ба 20-хон жилийн дотор устах магадлалтай байна. Эрдэмтдийн үзэж байгаагаар байгалийг хүн төрөлхтөн сүйрүүлэхгүй байсан бол хэдэн мянган жил үргэлжлэн амьдрах байсан гэдгийг тооцоолжээ.

5. Хуванцар бохирдол

Хуванцар задрахад 400 жил шаардагддаг гэвэл энэ нь хүн төрөлхтөн оршин тогтнохоо болих хүртэл олон үе дамжих нээ

1950 онд дэлхий дээр жилд 2 сая гаруй тонн хуванцар үйлдвэрлэдэг байжээ. 2015 он гэхэд энэ жилийн үйлдвэрлэлийн хэмжээ 419 сая тоннд хүрч, байгаль орчинд хуванцар хог хаягдлын хэмжээг нэмэгдүүлсэн байна.

Шинжлэх ухааны Nature сэтгүүлийн тайланд, ойролцоогоор 14 сая тонн хуванцар далайд орж, зэрлэг ан амьтдын амьдрах орчин, тэдгээрт амьдардаг амьтдад хор хөнөөл учруулж байна. Хэрэв ямар нэгэн арга хэмжээ авахгүй бол 2040 он гэхэд хуванцарын хямрал болж, жил бүр 29 сая тонн болж өснө гэдгийг судалгаагаар тогтоожээ.

Хэрэв үүнд микропластикыг нэмж оруулбал 2040 он гэхэд далайд хуримтлагдсан хуванцарын хэмжээ 600 сая тоннд хүрч болзошгүй юм. National Geographic-ийн онцолсоноор урьд өмнө үйлдвэрлэсэн хуванцарын 91% нь дахин боловсруулагдаагүй байгаа нь бидний амьдралын хамгийн том байгаль орчны асуудлын нэг төдийгүй зах зээлийн томоохон уналт болж байгааг харуулна.

Хуванцар задрахад 400 жил шаардагддаг гэвэл энэ нь хүн төрөлхтөн оршин тогтнохоо болих хүртэл олон үе дамжих нь гарцаагүй. Харамсалтай нь, хуванцар бохирдлын байгаль орчинд эргэлт буцалтгүй үзүүлэх нөлөөлөл нь урт хугацаанд ямар байхыг хэн ч хэлж мэдэхгүй.

6. Ой модыг устгах

Ойн хомсдолоос сэргийлж, хүний буруутай үйл ажиллагааг зогсоохгүй бол 100 хүрэхгүй жилийн дотор бүгд устаж магадгүй

Дэлхий дээр нэг цаг тутамд 300 хөлбөмбөгийн талбайтай тэнцэх ой модыг огтолж байна. 2030 он гэхэд манай гараг дээрх ой мод ердөө 10%-ийг л эзэлнэ. Ойн хомсдолоос сэргийлж, хүний буруутай үйл ажиллагааг зогсоохгүй бол 100 хүрэхгүй жилийн дотор бүгд устаж магадгүй.

Хөдөө аж ахуй бол ойн хомсдолын гол шалтгаан бөгөөд энэ жагсаалтад багтсан байгаль орчны хамгийн том асуудлын нэг юм. Мал өсгөж үржүүлэх эсвэл чихрийн нишингэ, далдуу модны тос зэрэг зарж борлуулдаг олон төрлийн үр тариаг тариалах зорилгоор газрыг чөлөөлдөг.

Гэтэл ой мод нь нүүрстөрөгчийг шингээхээс гадна хөрсний эвдрэлээс урьдчилан сэргийлэхэд тусалдаг. Учир нь модны үндэс нь хөрсийг холбож, хөрсний гулгалтаас сэргийлдэг. Ойн хомсдол хамгийн өндөр байгаа гурван улс бол Бразил, Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улс, Индонези юм. Индонез улсын хувьд ойн хомсдолтой маш эрчимтэй тэмцэж байгаа бөгөөд энэ зууны эхэн үеэс хойшхи хамгийн бага үзүүлэлттээгээр ой модоо сүйтгэжээ.

7. Агаарын бохирдол

Дэлхий даяар жил бүр 4.2-7 сая хүн агаарын бохирдлын улмаас нас барж, 10 хүн тутмын 9 нь их хэмжээний бохирдуулагч бодис агуулсан агаараар амьсгалж байна

Өнөөгийн байгаль орчны хамгийн том асуудлын нэг бол гаднах агаарын бохирдол юм. ДЭМБ-ын судалгаагаар дэлхий даяар жил бүр 4.2-7 сая хүн агаарын бохирдлын улмаас нас барж, 10 хүн тутмын 9 нь их хэмжээний бохирдуулагч бодис агуулсан агаараар амьсгалж байгааг тогтоожээ.

НҮБ-ын Хүүхдийн сангийн мэдээлснээр Африкт 2017 онд гадаа агаарын бохирдлын улмаас 258,000 хүн нас барсан бол 1990 онд 164,000 хүн болон нэмэгджээ. Агаарын бохирдлын шалтгаан нь ихэвчлэн үйлдвэрлэлийн эх үүсвэр, авто тээврийн хэрэгсэл, түүнчлэн шатаж буй биомассын ялгаралт, шороон шуурганы улмаас агаарын чанар мууддагтай холбоотой юм.

Европын холбооны Байгаль орчны агентлагийн саяхан гаргасан тайланд агаарын бохирдол нь 2012 онд ЕХ-нд 400 000 хүн нас барахад нөлөөлсөн болохыг дурьджээ. COVID-19 тахлын дараагаар агаарын бохирдлын хий нь вирусын молекулыг тээвэрлэхэд ямар үүрэг гүйцэтгэдэг болохыг анхаарч үзсэн.

Урьдчилсан судалгаагаар COVID-19-тэй холбоотой нас баралт болон агаарын бохирдлын хооронд эерэг хамаарлыг тогтоосон бөгөөд вирусын тархалтад тусалдаг агаарт дусаах тоосонцоруудын найдвартай холбоо байгаа аж. Энэ нь агаарын чанар муутай Хятадад амиа алдагсдын тоо их гарахад нөлөөлсөн байж болох ч ийм дүгнэлт гаргахаас өмнө илүү тодорхой судалгаа хийх шаардлагатай байна.

8. Хайлж буй мөсөн бүрхүүл, далайн түвшний өсөлт

Хүмүүс аюулгүй газар руу чиглэж, нүүдэллэх нь хэт их хүн амын нягтаршил бий болгож, хоол хүнс, амьдрах орчны нөөцийн хомсдолд хүргэнэ

Уур амьсгалын хямрал Арктикийг дэлхийн бусад газраас хоёр дахин хурдан дулаацуулж байна. Өнөөдөр дэлхийн температур нэмэгдсэний улмаас далайн түвшин 20-р зууны ихэнх үетэй харьцуулахад хоёр дахин хурдан нэмэгдэж байна.

Лидсийн их сургуулийн судлаачдын тооцоолсноор жил бүр 1.5 сая орчим Титаникийн хэмжээтэй мөсөн уул Хойд туйл болон Антарктидад хайлж байна. Түүнчлэн дэлхийн хэмжээнд жилд дунджаар  далайн түвшин 3.2 мм-ээр нэмэгдэж байгаа бөгөөд энэ зууны эцэс гэхэд 0.7 метр хүртэл өсөх болно.

Арктикт Гренландын мөсөн бүрхүүл нь далайн түвшинд хамгийн их эрсдэл үзүүлдэг. Учир нь хуурай газрын мөс хайлж байгаа нь далайн түвшин нэмэгдэх гол шалтгаан болдог. Тухайлбал, Гренландаас 60 тэрбум тонн мөс хайлж, хоёрхон сарын дотор дэлхийн далайн түвшнийг 2.2 мм-ээр нэмэгдүүлэхэд хангалттай гэж үзвэл энэ нь бүр ч илүү анхаарал татна.

Хиймэл дагуулын мэдээллээс үзэхэд Гренландын мөсөн бүрхүүл 2019 онд жилийн турш дунджаар нэг сая тонн мөс алдсан нь байгаль орчны хамгийн том асуудлын нэг юм. Хэрэв Гренландын мөсөн бүрхүүл бүхэлдээ хайвал далайн түвшин зургаан метрээр нэмэгдэнэ. Үүний зэрэгцээ, Антарктид тив нь далайн түвшний өсөлтөд жилд 1 мм орчим хувь нэмэр оруулдаг бөгөөд энэ нь дэлхийн жилийн өсөлтийн гуравны нэг юм.

Нэмж дурдахад Канадын мөсний албаны мэдээлснээр, Арктик дахь Канадын сүүлчийн бүрэн бүтэн мөсөн тавиур саяхан нурж, 7-р сарын сүүлчээр хоёр өдрийн дотор 80 орчим хавтгай дөрвөлжин километр буюу нийт талбайнхаа 40 хувийг алдсан байна.

Далайн түвшний өсөлт нь эрэг орчмын бүс нутагт амьдарч буй хүмүүст аймшигтай нөлөө үзүүлнэ. Climate Central судалгааны багийн үзэж байгаагаар энэ зуунд далайн түвшин нэмэгдэх нь одоо 340-480 сая хүн амьдардаг далайн эргийн бүс нутгийг үерт автуулж, тэднийг нүүдэллэхээс өөр аргагүйд хүргэж болзошгүй.

Хүмүүс аюулгүй газар руу чиглэж, нүүдэллэх нь тухайн  бүс нутагтаа хэт их хүн амын нягтаршил бий болгож, хоол хүнс, амьдрах орчны нөөцийн хомсдолд хүргэнэ. Жишээлбэл, Хөх мөрний бэлчирт баригдсан Шанхай хотын мегаполисыг авч үзье. Дэлхийн хүн амын тоогоороо 4-т жагсдаг тус хот нь газарзүйн байршлаас шалтгаалан үерийн эрсдэл өндөр байдаг. Хур тунадас ихэссэний улмаас үүссэн аливаа үер нь нүүлгэн шилжүүлэлт, усны менежмент, эд хөрөнгийн хохиролтой холбоотой сүйрэлд хүргэж болзошгүй.

9. Далайн хүчиллэгжилт

Далайн хүчиллэгжилт нь далайн экосистем, амьдрах орчны чанарт эргэлт буцалтгүй өөрчлөлтийг бий болгож байна

Дэлхийн агаарын температурын өсөлт нь газрын гадаргад нөлөөлөөд зогсохгүй далай тэнгисийн хүчиллэгжилтийн гол шалтгаан болж байна. Далай дэлхийн агаар мандалд ялгарч буй нүүрстөрөгчийн давхар ислийн 30 орчим хувийг шингээдэг.

Тухайлбал, хүний үйл ажиллагаа буюу чулуужсан түлш шатаах, дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн нөлөө буюу ой хээрийн түймрийн хэмжээ нэмэгдэхийн хэрээр нүүрстөрөгчийн давхар ислийн хэмжээ ихсэнэ. Улмаар далайд шингэж буй нүүрстөрөгчийн давхар ислийн хэмжээ нэмэгдсээр байна.

РН-ийн хамгийн бага өөрчлөлт хүртэл далайн хүчиллэг байдалд ихээхэн нөлөөлдөг. Далайн хүчиллэгжилт нь далайн экосистем, төрөл зүйл, түүний хүнсний сүлжээнд хүчтэй нөлөөлж, амьдрах орчны чанарт эргэлт буцалтгүй өөрчлөлтийг бий болгож байна. РН-ийн түвшин хэт бага болмогц далайн хясаа, хясаа, араг яс зэрэг далайн организмууд устаж эхэлдэг.

Түүнчлэн далай тэнгисийн хүчиллэгжилтээс үүдэж, шүр цайрах буюу  шүрэн хад устах аюулыг авчирч байна. Далай тэнгисийн температурын өсөлт нь далайн эрэгт амьдардаг хад, замаг хоорондын симбиотик харилцааг алдагдуулж, замаг хөөж, шүрэн хад байгалийн тод өнгөө алдаж цайрахад хүргэж байна.

Зарим эрдэмтэд 2050 он гэхэд шүрэн хаднууд бүрмөсөн устах эрсдэлтэй гэж тооцоолжээ. Зарим судалгаагаар далайн хүчиллэгжилтийг далай дахь хуванцар бохирдлын нөлөөллийн нэг гэж үздэг. Далайд хаясан хуванцар хог хаягдлаас үүссэн хуримтлагдсан бактери, бичил биетүүд нь далайн экосистемийг сүйтгэж, шүрэн цайруулахад хувь нэмэр оруулж байна.

10. Хөдөө аж ахуй

Дэлхийн хүнсний систем нь хүн төрөлхтний хүчин зүйлээс үүдэлтэй хүлэмжийн хийн ялгарлын гуравны нэг хүртэлх хувийг эзэлдэг

Судалгаанаас үзэхэд дэлхийн хүнсний систем нь хүн төрөлхтний хүчин зүйлээс үүдэлтэй хүлэмжийн хийн ялгарлын гуравны нэг хүртэлх хувийг эзэлдэг бөгөөд үүний 30 хувийг мал аж ахуй, загас агнуураас эзэлдэг.

Газар тариалангийн үйлдвэрлэл нь бордоо ашиглах замаар азотын исэл зэрэг хүлэмжийн хий ялгаруулдаг. Дэлхийн газар тариалангийн талбайн 60% нь үхрийн аж ахуйд зориулагдсан боловч энэ нь дэлхийн махны хэрэглээний дөнгөж 24 хувийг бүрдүүлдэг. Хөдөө аж ахуй нь асар их хэмжээний газар нутгийг хамрахаас гадна асар их хэмжээний цэнгэг ус хэрэглэдэг.

Тариалангийн болон бэлчээрийн талбай нь дэлхийн хуурай газрын гадаргын гуравны нэгийг эзэлдэг ч дэлхийн цэвэр усны хязгаарлагдмал нөөцийн дөрөвний гурвыг хэрэглэдэг. Эрдэмтэд болон байгаль орчны мэргэжилтнүүд өнөөгийн хүнсний тогтолцоогоо эргэн харах хэрэгтэйг байнга анхааруулсаар ирсэн.

Хүмүүс ургамалд суурилсан хоолны хэрэглээнд шилжих нь ердийн хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн нүүрстөрөгчийн ул мөрийг эрс багасгах болно.

11. Хоол хүнс, усны аюулгүй байдал

2025 он гэхэд дэлхийн хүн амын гуравны хоёр нь усны хомсдолд орж болзошгүй

Температурын өсөлт, газар тариалангийн үйл ажиллагаа нь ус, хүнсний аюулгүй байдлын аюул заналхийллийг нэмэгдүүлж байна. Дэлхий даяар жил бүр 68 тэрбум гаруй тонн гадаргын хөрс байгалийн нөхөн сэргээгдэхээс 100 дахин хурдан элэгдэж байна.

Биоцид зэрэг бордоогоор дүүрсэн хөрс нь тариалангийн усаар урсаж, ундны ус болон урсацын доорх хамгаалалтын бүсийг бохирдуулдаг. Цаашилбал, ашиглагдсан хөрсөнд үндэс, мицелийн систем байхгүйгээс салхи, усны элэгдэлд илүү өртөмтгий болгож байна.

Хөрсний элэгдлийн гол хүчин зүйл бол хэт их тариалалт юм. Хэдийгээр хөрс нь бордоо зэрэгтэй холилдох замаар богино хугацаанд ургалтыг нэмэгдүүлдэг боловч үржил шим нь хөрсний бүтцэд физик гэмтэл учруулж, урт хугацаанд хөрсний нягтрал, алдагдалд хүргэдэг.

Энэ зууны дунд үе гэхэд дэлхийн хүн ам 9 тэрбумд хүрнэ гэж НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага 2050 он гэхэд дэлхийн хүнсний хэрэгцээ 70%-иар нэмэгдэнэ гэж тооцоолж байна. Тиймээс НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш хэлэхдээ, “Яаралтай арга хэмжээ авахгүй бол дэлхий даяар олон зуун сая насанд хүрэгчид болон хүүхдүүдэд урт хугацаанд нөлөөлж болзошгүй хүнсний аюулгүй байдлын онцгой нөхцөлд  амьдрах нь улам бүр тодорхой болж байна” гэжээ.

Тиймээс дэлхийн улс орнууд хүнсний тогтолцоогоо эргэн харахыг уриалж, илүү тогтвортой газар тариалан эрхлэх арга барилыг дэмжихийг уриалсан юм. Усны аюулгүй байдлын хувьд дэлхийн нийт усны ердөө 3% нь цэвэр ус бөгөөд үүний гуравны хоёр нь хөлдсөн мөсөн голд хадгалагдаж, бид түүнийг ашиглах боломжгүй байдаг.

Дэлхий даяар 1.1 тэрбум орчим хүн усны хомсдолд орж, нийт 2.7 тэрбум хүн жилд дунджаар нэг сарын хугацаанд усны хомсдолд орж байна. 2025 он гэхэд дэлхийн хүн амын гуравны хоёр нь усны хомсдолд орж болзошгүй.

12. Хурдан зарагддаг хувцасны загвар, нэхмэлийн хаягдал

Жил бүр хаягддаг нэхмэлийн 95 хүртэлх хувийг дахин боловсруулах боломжтой

Дэлхийн даяар хувцасны эрэлт, хэрэгцээ урьд өмнө байгаагүй хурдацтай нэмэгдэж, үүнээс үүдэлтэй нүүрстөрөгчийн ялгарлын 10 хувийг загварын салбар эзэлж байна.

НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрөөс мэдээлснээр зөвхөн хувцас загвар нь агаарын тээвэр, далайн тээврийн салбарыг нийлүүлснээс илүү хүлэмжийн хийн ялгаруулалтыг бий болгож, дэлхийн бохир усны бараг 20% буюу нэхмэлийн будалтаас 93 тэрбум шоо метрийг ялгаруулдаг байна. Түүгээр ч зогсохгүй дэлхий даяар жил бүр 92 сая тонн нэхмэлийн хог хаягдал гаргадаг гэсэн тооцоо байгаа ба 2030 он гэхэд энэ тоо 134 сая тонн хүртэл өсөх төлөвтэй байна.

Хаягдсан хувцас, нэхмэлийн хог хаягдал хогийн цэгт хаягддаг ч ихэнх нь хог хаягдал биш юм. Уг хувцас нь биологийн задралд ордог эсэх нь тодорхой бус байдаг. Тодруулбал, полиэфир, нейлон, полиамид, акрил болон бусад синтетик материалаас гаралтай микропластикууд хөрс болон ойролцоох усны эх үүсвэрт шингэдэг.

Дэлхийн хамгийн хуурай цөл болох Чилийн Атакамад бусад улс орнуудаас ирсэн 39,000 тонн нэхмэлийн хог хаягдал ялзарч орхигддог шиг бага буурай хөгжилтэй орнуудад асар их хэмжээний хувцасны нэхмэл эдлэл хаягдаж байна. Энэхүү хурдацтай өсөн нэмэгдэж буй асуудлын шалтгаан нь компаниуд хамгийн сүүлийн үеийн загварын чиг хандлагыг бий болгохын тулд хямд, хурдан хугацаанд чанар муутай хувцас үйлдвэрлэхэд тулгуурладагтай холбоотой.

НҮБ-ын Уур амьсгалын үйл ажиллагааны Хувцасны үйлдвэрлэлийн дүрэмд гарын үсэг зурсан загвар, нэхмэлийн компаниуд 2050 он гэхэд дээрх асуудлыг шийдвэрлэх үүрэг хүлээсэн ч дэлхийн ихэнх бизнес эрхлэгчид уур амьсгалын өөрчлөлтөд гүйцэтгэх үүрэг хариуцлагаа хараахан ухамсарлаагүй л байна. Хямралын эсрэг хариу арга хэмжээг боловсруулахад анхаарах олон арга зам байдаг ч тэдгээр нь хангалттай зохицуулалттай, бодитой, өргөн хүрээтэй байх ёстой юм.

13. Хэт их загас барих

Загас агнуурын хэрэгсэл, шинэ хөлөг онгоц барихад татаас өгөх нь хэт их загас агнуурыг өдөөж байна

Дэлхий даяар гурван тэрбум гаруй хүн уургийн гол эх үүсвэр болох загасыг хэрэглэдэг. Дэлхийн хүн амын 12 орчим хувь нь ямар нэгэн хэлбэрээр загас агнуураас хамааралтай байдаг ба эдгээрийн 90 хувь нь жижиг хэмжээний загасчид байдаг.

Тэд усан онгоцонд биш завинд сууж жижиг тор ашигладаг гэж боддог ч дэлхий дээрх 18.9 сая загасчдын 90% нь сүүлийн ангилалд багтдаг. 50 жилийн өмнөхтэй харьцуулахад ойролцоогоор хоёр дахин их хоол хүнс хэрэглэх болсон Учир нь  дэлхий дээр 1960-аад оны сүүлчтэй харьцуулахад дөрөв дахин олон хүн амьдарч байна.

Энэ нь арилжааны зориулалтаар загас агнуурын усны 30% нь “хэт их загасчлал” гэж ангилагдах болсон нэг шалтгаан юм. Энэ нь одоо байгаа загас агнуур нөхөгдөхөөс илүү хурдан шавхаж байна гэсэн үг.Хэт их загас агнуур нь усанд замаг ихсэх, загас агнуурын бүлгүүдийг устгах, далайн хог хаягдал, түүнчлэн биологийн төрөл зүйл алдагдах зэрэг байгаль орчинд хортой нөлөө үзүүлдэг.

НҮБ-ын Тогтвортой хөгжлийн 17 зорилтын нэг хэсэг болгон НҮБ-ын ХХААБ нь загасны нөөцийн эзлэх хувийг биологийн хувьд тогтвортой түвшинд байлгахаар ажиллаж байгаа ч далайд мөрдөгдөж байгаа зохицуулалтаас хамаагүй илүү хатуу зохицуулалтыг шаардаж байна.

2022 оны 7-р сард ДХБ дэлхийн хэт их загас агнуурыг бууруулахын тулд загас агнуурын татаас олгохыг хориглосон түүхэн хэлэлцээр болсон. Үнэн хэрэгтээ түлш, загас агнуурын хэрэгсэл, шинэ хөлөг онгоц барихад татаас өгөх нь хэт их загас агнуурыг өдөөж, улмаар асар том асуудал үүсгэх болжээ.

Эх сурвалж: EARTH.org

П.Нарандэлгэр

0 0 votes
Article Rating
Таг

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх

0 Comments
Хуучин
Шинэ Top
Inline Feedbacks
View all comments
Back to top button
wpDiscuz
0
0
Would love your thoughts, please comment.x
Exit mobile version