НийтлэлОнцлохЭрүүл мэнд

Ихэнх тамхичин тамхинаас болж нас бардаггүй гэж боддог ч тэд амьдралынхаа 20-25 жилийг алддаг

ДЭМБ-аас гаргасан тодорхойлолтоор ямар нэгэн тодорхой хүчин зүйлийн нөлөөллийн улмаас үүсч, тухайн хүний биеийг хямрааж өвчлүүлдэг өвчнийг халдварт бус өвчин хэмээн нэрлэдэг бөгөөд Монгол улсын хүн амын нас баралтад халдварт бус өвчлөлийн эзлэх хувь өндөр байна. Энэ нь бидний амьдралын хэв маяг, хүрээлэн буй орчны эрүүл ахуй зэрэг олон хүчин зүйлээс үүсэлтэй. Тэгвэл энэхүү халдварт бус өвчний суурь шалтгаануудын нэг болсон тамхинаас үүдэлтэй өвчлөл манай улсад жилээс жилд нэмэгдэж байна. Тодруулбал, Монгол Улсын нийт хүн амын 27.1 хувь буюу хоёр эрэгтэй хүн тутмын нэг нь, 20 эмэгтэй тутмын нэг нь, хүүхэд өсвөр үеийнхэний 61.3 хувь буюу 5 хүүхэд тутмын 1 нь тамхи татаж үзсэн гэсэн судалгаа байна. Зөвхөн Монголд гэлтгүй тамхи, тамхин төрлийн бүтээгдэхүүн хэрэглэгчдийн нас залуужиж байгааг ДЭМБ-аас судалж үзээд тамхинд ногдуулах онцгой албан татварыг нэмэгдүүлснээр өсвөр насныхны дундах тамхидалт 2-3 дахин буурдаг. Тамхины жижиглэн худалдааны үнэ 10 хувиар өсөхөд өндөр хөгжилтэй орнуудад тамхины хэрэглээ дөрвөн хувиар, бага дунд орлоготой орнуудад найман хувиар буурдаг гэсэн тооцоог гаргажээ.

Аз жаргалтай амьдралын дайсан болсон тамхины хор хөнөөлийн улмаас дэлхий дээр жил бүр 5 сая орчим хүн нас бардаг гэсэн тооцоо бий. Хамгийн харамсалтай нь дам дамхидалтын хохирогч болж, жил бүр тамхи татдаггүй 6 сая гаруй хүн нас барж байгаа аж. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар 2030 он гэхэд тамхины хэрэглээнээс болж нас барагсдын тоо жилд 8 сая болж нэмэгдэнэ гэжээ. Их Британийн судлаач Доктор Жон Мургиланы үзэж байгаагаар 2050 он гэхэд тамхинаас үүдэлтэй өвчнөөр нас барсан хүний тоо 40 саяд хүрнэ гэжээ. Эрдэмтэд бүр 1920-иод оноос л тамхи таталт нь хорт хавдарын шалтгаан болно гэдгийг олж тогтоосон байдаг. Тамхинд донтох нь Олон улсын хэмжээнд 10-р ангилалд багтсан биеэ даасан өвчин гэж үздэг төдийгүй, энэ өвчин нь бусад олон өвчнийг үүсгэх эрсдэлт хүчин зүйл болдог. Ойролцоогоор дэлхийн насанд хүрсэн хүн амын 1/3 буюу 1.1 миллиард хүн тамхи татдаг бөгөөд өнгөрсөн зуунд 100 сая хүн тамхины хор хөнөөлөөс болж нас барсан бол энэ зуунд 1 тэрбум хүрнэ гэж тооцоолж байна.

Энэхүү үхлийн аюултай нөхцөл байдал нь мансууруулах нөлөөтэй, хараат байдал үүсгэх чадвартай никотин хэмээх бодистой холбоотой  бөгөөд түүнийг татах үед утаагаар дамжин хэд хэдэн төрлийн бодис ялгарч эхэлдэг. Никотин, нүүрстөрөгчийн исэл, цианийн хүчлээс гадна хүхэрт устөрөгч, аммиак, шоргоолжны хүчил, нүүрс устөрөгчийн нэгдэл үүсч байдаг. Тамхинд хүний биед хэрэгцээтэй зүйл огтхон ч байдаггүй. Харин ч бие эрхтнийг гэмтээдэг 4800 гаруй төрлийн химийн бодис, нэгдэл агуулж байдаг. Тамхины утааг сороход никотин нь уушгинаас цусаар дамжин 7 сек хүрэхгүй хугацаанд тархи болон бусад амин чухал эрхтнүүдэд хүрдэг. Улмаар судас хатуурч, чихэнд очих цусан хангамжийн хэмжээ багасч, сонсох чадвар алдагддаг. Бүх уушгины хорт хавдрын 90%, архаг бронхит, уушгины тэлэгдэлтийн 75%, зүрхний цус хомсдлын 5%-ийг эзэлж байна. Мөн хамрын хорт хавдар, хэл, амны хөндий, шүлсний булчирхай, уруул, цагаан мөгөөрсөн хоолойн хорт хавдрууд, улаан хоолойн хорт хавдар, залгиурын хорт хавдар, төвөнхийн хорт хавдар, ходоодны хорт хавдар, бөөрний хорт хавдар, нойр булчирхайн хорт хавдар, шулуун гэдэсний хорт хавдар, хошногоны амсрын хорт хавдар, элэгний хорт хавдар, умайн хүзүүний хорт хавдар зэрэг 40 гаруй өвчнөөр өвчлөх эрсдэл өндөртэй болгодог. 

Тамхинд агуулагдсан никотин донтуулдаг үйлчилгээтэй учраас маш хүчтэй дасал үүсгэдэг хортой бодис юм. Ганц нэгээр татаж эхэлж байгаад бие махбод түүнд дасч тамхигүйгээр байж чадахгүй болгодог. Донтох гэдэг нь бие болон сэтгэлзүйн хувьд ямар нэгэн зүйлээс хамааралтай болох, түүнийг байнга шаардахыг хэлнэ. Ихэнх тамхичин тамхинаас болж нас бардаггүй гэж боддог ч удаан хугацаагаар тамхи татагчдын ихэнх нь тамхины шалтгаант өвчний улмаас нас бардаг. Тэдний тал хувь нь ид насандаа нас барж, амьдралынхаа 20-25 жилийг алддаг байна. Тамхи нь зөвхөн баян орны, баян хүний асуудал гэж боддог. Үнэндээ ихэнх өндөр орлоготой орны эрэгтэйчүүдийн тамхи татах нь буурсан. Харин үүний эсрэг ядуу орны хүмүүс тамхи татах нь ихэсч байна. Тамхи татах нь хувь хүний сонголт хийх эрх чөлөөний хэрэглээ гэж боддог ч үнэндээ тийм биш. Тамхи татахаар тайвширдаг, бухимдлаас салах нэг арга гэж боддог ч энэ таашаал нь даанч уддаггүй нь тогтоогджээ. Нэг ширхэг янжуур татсаны дараа хэсэг хугацаа өнгөрөхөд улам их хямарч, дараагийн тамхинд гар сарвайдаг байна. Ихэнх охид тамхи татах нь бодисын солилцоог сайжруулдаг гэсэн хийсвэр төсөөлөлд автаж, жингээ хянах зорилгоор тамхи татаж эхэлдэг. Долоон жилийн турш явуулсан туршилтаараа тамхи болон гоолиг бие хоёр хоорондоо ямар ч холбоогүй болохыг АНУ-ын Теннесси мужийн Мемфисийн их сургуулийн профессор С.Клезжесий тогтоожээ.

Тамхи татдаг эмэгтэйчүүд уушигны хорт хавдар болон тамхитай холбоотой бусад өвчнөөр нас барах магадлал нь эрэгтэйчүүдийн нэгэн адил болж байгаа бөгөөд хоёр хүйсийн тамхичид тамхи татдаггүй хүмүүсээс дунджаар арав орчим жилийн өмнө нас бардаг. Эдгээр нь The New England Journal of Medicine сэтгүүлд нийтлэгдсэн тамхичдын нас баралтын хандлагыг судалсан хоёр томоохон судалгааны үр дүнгийн нэг байв. Хоёр дахь нь дунд нас хүртлээ тамхи татдаг хүмүүс энэ зуршлаасаа болж 10 орчим жил алддаг бол 40 наснаас өмнө тамхинаас гарвал алдсан ихэнх жилээ сэргээдэг болохыг тогтоожээ. Тодруулбал, 30-40 насандаа тамхинаас гарсан тамхичид есөн жил насалсан бол 40-50 насны хооронд тамхинаас гарсан хүмүүсийн нас зургаа орчмоор нэмэгджээ. Үүнээс хойш, гэхдээ 65 нас хүрэхээс өмнө тамхинаас гарсан хүмүүсийн нас дөрвөн жил орчим нэмэгджээ. Харин 25-79 насны тамхичдын нас барах магадлал ижил насны тамхи татдаггүй хүмүүсээс гурав дахин их байжээ.

Дэлхий даяар тамхинаас үүсэлтэй нас баралтын ихэнхи нь янжуур буюу утаат тамхин бүтээгдэхүүн хэрэглэж байгаатай холбоотой  тул түүний хор уршгийг багасгах арга зам бол одоогоор утаагүй, никотин бүхий бүтээгдэхүүнийг санал болгох явдал болж байна. Сүүлийн үед гарч буй судалгаанаас харахад утаагүй бүтээгдэхүүнийг хэрэглэх нь янжуур болон бусад утаат тамхитай харьцуулахад хор хөнөөл нь маш бага, тамхи хэрэглэгчдийг тамхинаас гаргахад үр дүнтэй хэрэгсэл болох нь нотлогдож байна. Тиймээс ДЭМБ-ын Тамхины хяналтын суурь конвенцийн оролцогч талуудад хандаж тус конвенцийн хүрээнд тамхины хор хөнөөлийг багасгахад чиглэсэн алхам хийхийг сануулж буй. Хэрэв дэлхийн бүх тамхичид утаат тамхинаас татгалзаж электрон тамхи руу шилжвэл олон сая хүний амийг аврах боломжтой гэж эрдэмтэд хэлж байна.

Электрон тамхины хор хөнөөл, хүний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг болохыг эрдэмтэн, судлаачид эцсийн байдлаар нарийвчлан тогтоож гаргаагүй. Гэхдээ утаагүй буюу хор хөнөөл багатай бүтээгдэхүүнийг төрийн зохицуулалтаар дэмжих замаар хүн амынхаа эрүүл мэндэд анхаарч, тамхидалтыг багасгах, үүндээ тамхины бизнес эрхлэгчдийг бусад бизнес эрхлэгчдээс онцлон гадуурхахгүйгээр зөв арга замыг сонгож чадсантай холбоотой гэж үзжээ. Зарим нь тамхичидыг болон үнэнч  худалдан авагч нарыгаа электрон тамхи татах нь эрүүл мэндэд хор хөнөөлгүй бөгөөд уламжлалт тамхины оронд хэрэглэх “хамгийн найдвартай хувилбар” гэж ойлгуулахыг оролддог. Зарим нь шинээр гарч ирж буй тамхин бүтээгдэхүүн нь биед хор хөнөөл учруулах нь хамаагүй их гэж батлахыг хичээж байна. Тиймээс тамхин бүтээгдэхүүн эрүүл мэндэд аюулгүй  гэсэн мэдэгдэл нь зөвхөн маркетингийн заль мэх төдий л зүйл хэмээн үзэх нь ч бий. Олон нийтийн газар тамхи татахыг хориглох тухай хуулийн төсөл яригдаж эхлэх үед, мөн шинээр гарч ирсэн электрон тамхийг ердийн тамхитай, тэр дундаа тамхины татварын асуудалтай холбон асуудлыг улам хурцадмал болгосоор байна. Гэвч эдгээр хориг арга хэмжээ хэрхэн ажилладаг нь иргэд цуглардаг олон нийтийн газар, мөн зарим худалдааны төвүүдэд “электрон тамхи”-ны техник хэрэгслийг борлуулах жижиг цэгүүд хэрхэн нэмэгдэж байгаагаас харагдана. 

Хэдийгээр дэлхий нийтэд төдийгүй манай улсад цар тахлаас үүдэлтэй эдийн засгийн хүндрэлтэй асуудлууд тулгарч байгаа ч гэсэн хүн амын эрүүл мэнд, өсвөр үе, залуучуудын тамхи, тамхин бүтээгдэхүүний хэрэглээтэй холбоотой асуудал чухал байр суурь эзлэх ёстой. Энэ утгаараа тамхитай холбоотой бүхий л асуудлыг онцгойлон авч үзэж, анхаарал хандуулах хэрэгтэй болжээ. Учир нь ДЭМБ-ын Тамхины хяналтын суурь конвенцийн оролцогч талуудад хандаж тус конвенцийн хүрээнд тамхины хор хөнөөлийг багасгахад чиглэсэн дорвитой алхам хийхийг сануулсаар байна. Тиймээс утаат тамхи татахыг багасгах, тамхинаас гарах арга замыг зөвхөн тамхичдад чиглүүлэх, харин тамхи татдаггүй хүмүүст, ялангуяа хүүхэд, залуучуудад тамхи, тамхин бүтээгдэхүүнийг сонгохгүй байхад чиглэсэн сурталчилгаа явуулдаг байх ёстой гэж дэлхийн улс орнуудад үзэж байна.

Эрүүл, урт удаан, аз жаргалтай амьдралын дайсан болсон тамхи, тамхин бүтээгдэхүүнийг хэрэглэх нь таны таны насыг богиносгох нь гарцаагүй үнэн. Цаг хугацааны хэмжүүртэй энэ амьдралаас тань хумслах сонголтыг хийх эсэхээ эргэцүүлж нэг бодоорой гэж хүсэх байна.

П.Нарандэлгэр

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version