Зочны ярилцлагаОнцлох

Д.Чулуунхүү: Ж.Самбуу гуай медаль зүүж өгөөд “Эрдэм номдоо хичээнгүйлэн суралцсан сайн хүн болоорой” гээд өхөөрдөн үнссэн

Энэ удаагийн ярилцлагын маань зочин бол Монгол Улсын анхны “Шударга журам” медальт, “Онц гал сөнөөгч” Д.Чулуунхүү гуай байлаа. Дөрвөн хүү, дөрвөн охины ээж тэрбээр өдгөө ч сэтгүүлч сурвалжлагчдын анхаарлын төвд байсаар ирсэн нэгэн. Дорноговь аймгийн төв Сайншанд суманд аж төрж суугаа түүний яриаг уншигчидтайгаа хуваалцахад ийм бөлгөө.

-Хоёул уулзаж ярилцъя гэсээр байтал нэг он дамнан өнөөдрийг хүрчихлээ. Би таныг хүүхэд байхын мэдэх юм. Та миний л мэдэхийн үргэлж инээмсэглэл цацруулсан их эерэг хандлагатай хүн байсан. Одоо таныг яг тэр үеийнхээрээ, толиотой өтөлж байгааг харах их сайхан байна. Та чинь Дорноговийн Хөвсгөлийнх гэдэг байх аа. Таны ижий аав хэн гэж хүмүүс байв. Та айлын хэд дэх хүүхэд вэ?  

-Баярлалаа. Би их соён гэгээрүүлэгч Данзанравжаагийн өлгий нутаг Дорноговь аймгийн Хөвсгөл сумын Гурван хөвсгөл гэдэг газар төрсөн. Миний аавыг Л.Лувсанбалдан, ээжийг Т.Дуламсүрэн гэдэг. Би гурван хүүхэдтэй айлын отгон нь юм байгаа юм.

Аав Л.Лувсанбалдан, ээж Т.Дуламсүрэн

-Та чинь улсын наадмаар төрсөн гэдэг. Тэр үед улсын бүртгэл ямар цахимжсан байсан биш. Билэгдлээ бодоод долдугаар сарын 11-нийг сонгочихсон уу эсвэл нээрээгээсээ наадмаар төрж таарсан юм уу?

-Ээж маань намайг улсын баяр наадмын өдрөөр төрсөн “Баярын охин” гэдэг байлаа. 1948 оны 7 дугаар сарын 11-нд мэндэлсэн гэж улсын бүртгэлд бүртгүүлсэн. Тэр  бүртгэлээрээ өдий хүрлээ.

Сурагч ахуйдаа авахуулсан зураг

-Танайх хэдийгээр аймгийн төвийн айл болов. Та тэгэхэд хэдтэй байсан хэрэг вэ. Аймгийн төвийг анх харсан сэтгэгдэл ямар байв?

-Миний багад манайх Хөвсгөл, Сайхандулаан сумаар нутаглаж байгаад, ээж маань төрсөн ахыгаа дагаж хот явцгаасан. Т.Санзай ах дэд хурандаа цолтой, эх орны дайны үед Хуягт бригадын улс төрийн орлогч байсан нэгэн. Тэр ах маань дайны дараа хотод цэргийн ангид ажиллаж байгаад, 1955 онд Сайншанд хотын намын хорооны даргаар ажиллах томилолт авсан юм билээ. Ээж бид хоёр ахыг дагаж аймгийн төвийн айл болж байлаа. Тэр үед би 7 нас хүрч байсан юм даг. Аймгийн төв хотыг бодвол жижигхэн, өндөр болоод том байшингүй, хүмүүс нь цөөхөн, таруу байрласан гэр байруудтай. Хашаа ч бараг байхгүй дээ задгай голдуу, гэр байр нь эгнээгээр байрласан нь сайхан санагдаж байж билээ.

-Гал гардаг өдөр 1959 оны нэгдүгээр сарын нэгэн байсан гэдэг. Шинэ он дөнгөж гарчихсан, хөхөө өвлийн хүйтэн байсан байна шүү дээ. Тухайн үедээ дөрөвдүгээр ангийн сурагч гэхээр бээлийн чинээхэн амьтан байж. Та лав тэр өдрийг өнөөдрийн үйл явдал мэт тодоос тод санадаг байх даа?

-1959 оны шинэ жилийн баяраар болсон явдал л даа. Тэгэхэд 11 настай охин гэрээсээ гараад сургууль руугаа явж байтал зэргэлдээ айлын тооноор бөөн утаа олгойдож байхыг хараад гүйж очиход гэрийн дотор жижиг хүүхдүүд орилдож байсан. Тэдний орилолдохыг сонссоод хаалгыг нь шууд л татан орсон. Ойр хавийн хэдэн хөгшчүүл хашхиралдаад л ард хоцорсон. Гэрт ороход гал дүрэлзээд, гацуур нь шатаад дуусаж байсан. Хүүхдийн уйлах чимээнээр хойморт хүрч, уяатай байсан багыг уяанаас нь салган сугавчлаад дүүгийнхээ уяанд ороогдсон дунд хүүг баруун гартаа хөтлөн эргэтэл том ах нь уйлан зогссож байсныг өмнөө оруулан түлхсээр гарч ирсэн юм даг.

Галаас аварсан 3 хүүгийн хамт

-Гал руу орохдоо та айгаагүй юу. Эсвэл хожим нь би ер нь охин хүүхэд байж айхаа мэддэггүй ямар хүн бэ гэж бодож байв уу?

-Галаас айх бодол ер төрөөгүй. Шууд л ороод явчихсан байсан.

-Та дөрөв хэр түлэгдэж хайрагдсан бэ. Та дөрвийг гэрээс гарахад гэр нь нурж унасан гэдэг байх аа?

-Бид дөрвийн үс гэзэг бага зэрэг хуйхлагдан, нүүр хэсэг газартаа улайж, хөө тортог наалдсанаас өөр сүйдтэй юм болоогүй. Тэгээд гурван хүүхдийг гэртээ авчирч, цай сүү өгөн тайвшруулсан. Надад тухайн үед юу болоод өнгөрснийг мэдэх ухаан ч байгаагүй, амьсгал авч дуугарч чадахгүй байсан байх. Хожим хүмүүсийн яриаг сонсох нь ээ, бид дөрвийг гэрээс гарсны дараа тооно нь цөмрөн унасан гэдэг. Хүүхдүүд ээж аав нь ирээд “Хүүхдүүд маань шатчихлаа” гээд гал руу дайрч орох гээд байсан гэдэг. Бид ч ус уух хувьтай хүмүүс шүү. Тэднийг маань Б.Лхагва, Б.Пүрэв-Осор, Б.Пүрэв гэдэг. Тухайн үедээ нэгээс гурван ой гарантай хөвгүүд байсан.

-Дараа жил нь та “Шударга журам” медалиар шагнуулсан. Шагнуулах болсноо хэнээс анхлан сонсов?

-Цагдаагийн албаны хүн  манай сургууль, ангиар ирж багш нартай уулзаж хэлсэн бололтой байсан. Ангийн багшаасаа анх сонсож байлаа. Тухайн үед аймгийн цагдаагийн газар болон галын байгууллагынхан “Шударга журам” медалиар шагнуулах хүсэлтийг АИХ-ын тэргүүлэгчдэд гаргасан байсныг хожим сонссон доо.

-Сайншандаас Улаанбаатар орно гэдэг одоогийн залууст нэг их ядах юмгүй шиг санагдаж мэднэ. Тухайн үед бол ихээхэн явдал чирэгдэлтэй ажил байсан байлгүй. Хэнтэй явах уу, юу өмсөх үү гээд хэрдээ ажил болсон уу?

-“Шударга журам” медаль гардуулах зарлиг гарсан гээд хичээлийн эрхлэгч Долгоржав багш, ээж хоёрыгоо  даган хот явсан. Нэг их айхтар ажил болоогүй санагдана. Формын хувцсаа сайхан эвхэж аваад л явсан.

-Улаанбаатар орно гэдэг бас ч гэж ховорхон, баяртай үйл явдал. Тэгтэл дээр нь Төрийн ордон орно гэдэг бүр ч сүрдмээр, ёстой нөгөө айна гээч нь болсон уу. Галт тэрэгний буудал дээр та нарыг ямар хүмүүс тосож авсан бэ?

-Мэдээж шагнал авах гээд хот руу явж байгаадаа маш их баяртай байсан. Хүүхэд байсан болохоор Төрийн ордон гэхээр их л сайхан газар байдаг байх гэж бодож байсан юм даг. Вагоноос буухад албаны байртай танихгүй хүн ганган урт хар машинаар тосож авсан юмдаг.

-Тэгээд хаана буулгав. Хэзээ нь Төрийн ордон оров. Ардын их хурлын Тэргүүлэгчдийн дарга Самбуу гуайтай авахуулсан хар цагаан гэрэл зураг яваад байдаг даа. Тэр зургийг харахаар л ингэж шагналаа гардаж авч дээ гэж төсөөлөгдөөд байдаг юм. Тэр зураг ихийг өгүүлдэг сайхан зураг шүү?

-Бидэнд зориулж Хүүхэд асрах газрын нэг өрөөг тохижуулсан байсан. Маргааш өглөө нь нөгөө ганган хар машинтай хүн ирж Төрийн ордонд хүргэсэн. Тэгснээ албаны олон хүн дагуулан явж, Ж.Самбуу гуайтай уулзуулж билээ.

-Ж.Самбуу даргыг харахад ямар төрхтэй, хэр яриа хөөртэй хүн байсан бэ. Тантай юу ярив?

-АИХ-ын тэргүүлэгчдийн дарга Ж.Самбуу гэж үл ялиг буурал халимагтай, нуруулаг, сүрдмээр харагдсан ч эелдэг зөөлөн инээмсэглэлтэй хүн байсан. Намайг өхөөрдсөн янзтай баяртайгаар угтан авсан. Нэг хүн сандал авчирч даргын өмнө тавиад намайг өргөн гаргахад Ж.Самбуу гуай медаль зүүж өгөөд “Эрдэм номдоо хичээнгүйлэн суралцсан сайн хүн болоорой” гээд өхөөрдөн үнссэн юм даг. Энэ үеэр зурагчдын авсан гэрэл зураг сонин хэвлэлээр нэлээн нийтлэгдсэн байсан.

-Орчин цагт Төрийн ордонд шагнал авсан бол дараагаар нь сэтгүүлчид тухайн хүнээр шууд ярилцлага авдаг болчихсон. Таны үед тийм юм байв уу. Төрийн ордны дүрэм журам ямар байсан юм бол доо гэж бодогдлоо л доо?

-Төрийн ордон миний санаснаас илүү сайхан, том газар байсан. Хүүхэд байсан болохоор дүрэм журам гэж мэдэх юмгүй, бид албаны хүмүүс дагаж явсаар таарсан.

“Шударга журам” медаль гардаж авсны дараа. Төрийн ордны гадаа.

-Тэр үед пионерт элсдэг байсан цаг. Та шагнал авахын өмнө пионерт элссэн байв уу эсвэл хойно нь пионерт элссэн үү. Буцаж ирээд баахан уулзалт хийсэн гэдэг байх аа?

-1959 оны нэгдүгээр сарын 1-нээс өмнө пионерт элсчихсэн байсан. Шагнал авах гээд очсон үеэр Пионерийн ордонд аваачиж, анхны уулзалт ярилцлагад орж байсан. Нутагт ирсний дараа ч сэтгүүлч сурвалжлагчид их ирж уулзсан. Галаас  аварсан 3 хүүхэдтэйгээ хамт зураг авахуулна. Сонин сэтгүүлүүд ч их нийтэлдэг байсан. Хотоос ирэхэд олон хүүхэд, багш нар жагсаад л бүрээ бөмбөр болж, ёслолын байдалтай хүлээн авч байсан юм даг. Нутгийн удирдлага, цагдаа, галын байгууллага гээд ер нь хүлээж авч баяр хүргээгүй газар үлдээгүй, хүүхэд байсан болохоор өгсөн бэлгэнд нь баярлаад гүйдэг байсан даа. Олон хүнээс талархал, гар зураг, ил захидал хүлээж авсан. Мөн гадаадын хэвлэл дээр ч бас гарч байсан.

ЗСБНХУ-ын Сансрын нисгэгч Валентина Терешковагаас ирсэн мэндчилгээ бүхий зураг

-Валентина Терешкова бол 1963 оны зургаадугаар сарын 16-нд “Восток-6” хөлгөөр сансарт ниссэн дэлхийн анхны эмэгтэй сансрын нисэгч. Та тэр эмэгтэйд захидал бичиж байсан. Захидал бичих санаа анх яаж төрсөн юм бэ?   

-1963 онд манай ангид тэр үеийн ЗХУ-ын “Труд” сонины тусгай сурвалжлагч О.Кузнецов гуай ирж “Та нар манай улсын ямар баатруудаар бахархаж, ямар үйл явдлыг нь илүү сонирхдог вэ” гэхэд би ЗХУ-ын анхны эмэгтэй сансрын нисэгч В.Н.Терешкова-гаар их бахархдаг. Тэр эгч шиг болохыг мөрөөддөг, мөн захиагаар харьцахыг хүсдэг тухайгаа хэлэхэд чиний захиаг заавал өөрийн биеэр хүргэж өгнө гээд В.Н.Терешкова гуайд захидал бичүүлж явуулж байлаа. Сансрын нисэгч маань зурагныхаа ард “Хайртай дүү Чулуунхүү минь чамаас захиа авч, чиний гавьяаны тухай сонсоход таатай байна. Сурлага, хүмүүжилдээ улам шамдаарай” гэж бичээд гарын үсгээ зурж ирүүлэхэд нь үнэхээр их баярлаж бахдаж билээ. Тэр захидлыг орос хэлний багшаараа уншуулж байжээ.

-За тэгж явсаар дунд сургууль төгслөө, ямар сургууль соёл бараадав?

-1967 онд анхны охиноо төрүүлснээр сургууль соёлд явж чадалгүй, оройгоор 10 дугаар ангиа дүүргэж бүрэн дунд боловсролтой болсон.

-Таны ажлын гараа одоогийн Онцгой байдлын газар уу. Тэр үедээ бол Гал команд гэж ярьдаг байсан. Миний мэдэхийн тэр байгууллагад олон жил ажилласан санагдана?

-1967-1981 онд аймгийн МХЗЭ-ийн хороонд бичиг хэрэг, бичээч, аймгийн хянан шалгах хороонд нарийн бичиг, аймгийн ҮЭ-ийн зөвлөлд бичээч, 1981-1990 онд аймгийн НАХХэлтэс, ЦСХэлтэст бичээч, 1990-2001 онд галын 33 дугаар ангид гал сөнөөгч, холбоочин зэрэг ажлыг хийж байгаад гавьяаныхаа амралтад гарсан. Ажиллаж байх хугацаандаа “Монгол Улсын анхны гайхамшиг-93” наадмын “Энэрэнгүй үйлстэн”-ээр шалгарсан. “Онц гал сөнөөгч” хүндэт тэмдгээр шагнуулж байсан.

-Ингэхэд та гэр бүлийнхээ хүнтэй хэзээ хэрхэн танилцаж байв. Танай хүн цагдаагийн алба хаагч. Та бас цаг нараар хэмжигддэг ажилтай. Тэр үеийн ажлын шаардлага, дарга нарын хатуу чанга гэж ярилтгүй байсан байлгүй?

-Өвгөнтэйгээ 1966 онд танилцсанаас хойш өдийг хүртэл 56 жил ханилахдаа 8 хүүхдийн эх эцэг болж, энх тунх амьдарч байна. 1981 онд хоёулаа Цагдаагийн газрын ажилтан болж байлаа. Тэр үед Айраг суманд байрлах онцгой дэглэмтэй хорих ангиас хоригдол оргох, өмнө зүгээс Хятадын улаан хамгаалагчид хил зөрчих, Чойр, Шивээ говь, Зүүнбаянгийн цэргийн анги дивизийн цэргүүд ажил хийх нэрийдлээр чөлөөтэй чөлөөгүйгээр сэлгүүцэж, хэрэг төвөг тарих гээд асуудал их гарна. Тэр бүрд цагдаа, гал командынхан өдөр шөнөгүй түгшүүр, түргэн дохио зарлаж, тангараг өргөсөн цэргийн дүрмээр цаг наргүй ажиллаж байсан үеүд олон байсан.

Хань Д.Цэндийн хамт

-Танайх чинь дөрвөн хүү, дөрвөн охинтой айл юм аа даа. Наймын найман хүүхэд төрүүлж өсгөнө гэдэг бэрх даваа байсан байх даа?

-Манайх гэдэг айл 8 хүүхэдтэй өнөр өтгөн айл бий. Өвгөн бид хоёр цаг наргүй ажилтай. Ээж минь л том хүүхдүүдийг минь өсгөлцсөн. Дараа нь ах эгч нар нь дүү нараа өсгөсөн. Тэд маань  эрт бие даацгаасан. Хамгийн бага хоёр маань ихэр. Тэд маань хөхний сүүндээ цадахгүй болохоор өвгөн шөнө хагаслаж, 30 км хол айлд очиж үхрийн сүү авчирч тэжээдэг байсан ч ажлаасаа нэг цаг минут ч хоцорч үзээгүй юм шүү.

-Би санаад байна л даа, тэр үед эхчүүд төрөөд дөчин тав хоноод ажилдаа ордог байсан байх шүү?

-Тэр үед бүх эхчүүд төрөөд 45 хоноод л ажилдаа ордог байсан жишгийг би ч тойроогүй. Ээждээ аль болох тээр болохгүй санаатай цэцэрлэг, яслиар хүүхдүүдээ хүмүүжүүлсэн. Ээж минь тэтгэвэрт гарсан хойноо ч хүүхдүүдийг минь харж өсгөлцөж, хүмүүжүүлж өгсөн ачтан минь байгаа юм.

-Тэр олон хүүхдүүдийн өмсөх зүүх, идэх уух, үгүй юмаа гэхэд хуруу хумсыг нь авна гэхэд л бас ч гэж цаг орохоор ажил. Уйлаантай майлаантай л өсцгөөсөн байлгүй. Одоо хүртэл гэр дотор яригддаг хөгжилтэй түүхүүд юу байна вэ. Нэг хөгжилтэй түүх яриач?

-Хоёр, гурав дахь хүүхдүүд маань ойролцоо насны хөвгүүд байдаг. Нэг удаа дүүг нь усанд оруулах гэтэл ах шоолно гээд орж өгдөггүй. Тэгэхээр нь ахыг нь гадагш гаргаад усанд оруулж байтал орилж бахираад сүйд. Яав гэтэл ах тооноор хараад шоолоод байна гэж билээ. Хүүхдүүдийн зүггүйтэхийг алийг тэр гэх вэ.

-Та ч ижийгээ амьд сэрүүнд нь аль эрт, хүүхэд байхдаа баярлуулчихсан хүн. Хүүхдүүд тань таныг баярлуулж л яваа байлгүй. Ач зээ хэдтэй болов?

-Манай хүүхдүүд өөрсдөө амьдралаа аваад явчихдаг. Архи тамхи, тоглоомын гэх мэт буруу зуршилгүй, боломжийн ажил амьдралтай болохоор бид хоёроос тусламж хүсээд байдаггүй, ажил амьдралаа сайн сайхан аваад явдагт нь баярлаж л суух юм. Бид хоёр ч хүүхдүүддээ дараа болохгүй гэж их хичээдэг. Бид одоо 30 шахам ач зээтэй.

-Амьдрал өөрөө их сонин юм. Эргээд бодоход, саяхныг шиг атлаа ихээ урт цаг хугацаа өнгөрчихсөн байна. Тань шиг хүмүүсийг харахаар цаг хугацаа түгжигдчихсэн юм шиг, нийгэм журам солигдоогүй юм шиг нэг тийм гэгээлэг мэдрэмж төрдөг. Одоо эргээд бодоход, эх хүн, эмэгтэй хүний хувьд  амьдралд юу чухал санагддаг вэ?

-Цаг хугацаа хамгийн үнэтэй мөртлөө харвасан сум шиг л өнгөрөх юм даа. Бидний ажил ард иргэдийн амь нас, улс орны эд хөрөнгийг авран хамгаалах үүрэгтэй учраас минут секундтэй л уралдан ажилладаг байсан. Эмэгтэй хүнд эрдэм мэдлэг, өөрт тохирсон ажил мэргэжил, түшигтэй сайхан хань нөхөр маргаангүй чухал. Эх хүн бол хүн төрөлхтний хаан юм шүү дээ. Эхээс төрж, эхийн хайраар өсөж, эхийн ухаанаар хүмүүждэг болохоор эхээс илүү ачтан хаа ч үгүй. Эх хүнийг хардаг, түшдэг төрийн түшээд олон байгаасай л гэж боддог.

-Социалист тогтолцооны үед шилжин суурьших гэдэг санасны зоргоор бүтэх ажил биш байсан. Ажлын чөлөө зөвшөөрөл ч бараг олдож байсан ч юм уу, үгүй ч юм уу. Тэгэхдээ тань шиг мандаж, өндөр авсан хүн Улаанбаатар шилжинэ, Ерөнхий газарт ажиллана гэсэн бол болохгүй бүтэхгүй гэх зүйлгүй байсан байх. Явъя сууя, нийслэл хотын хүн болъё гэж бодож байсангүй юу?

-Бидний залууд төрөл бүрийн төлөвлөгөөт ажил их болно. Бүгд цаг наргүй ажилтай байхад олон хүүхэдтэй гээд хойш сууж байсан удаагүй. Хүүхэд төрүүлэхээс бусад үед эмнэлэгт хэвтэх, ажил таслах байтугай чөлөө ч авч үзээгүй ажилласан байна билээ. Зах  зээлийн нийгэмд шилжиж, ажил төрөлгүй хүмүүс олширч, хүүхэд залуус хот орныг бараадаж байсан ч орон нутаг эзэнгүйдэж буйг хараад сэтгэл зовдог байлаа.

Тэглээ ч төрж өссөн нутаг, танил дотно хүмүүсээ орхиод хот хүрээ орох бодол төрж байсангүй. Би галын байгууллагадаа дуудлага хүлээн авагч, операторчноор 20 жил ажиллахдаа 200 гаруй дуудлага хүлээн авч, улс нийгэмд учирч болох аюулаас хамгаалахын төлөө хамт олонтойгоо гар нийлэн ажиллаж, хамт олныхоо талархал, хүндэтгэлийг удаа дараа хүртсэн азтай хүн дээ.

Ярилцсан Б.Туул

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version