Гадаад харилцаа

Хүний эрхийн чиглэлээр НҮБ-тай хамтран ажиллана

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Ч.Хосбаяр, шүүгч Б.Батцэрэн, Д.Эрдэнэбалсүрэн нар НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссарын газрын Монгол Улсыг хариуцсан ажилтан Себастьен Гиёог /2022.11.15/ хүлээн авч уулзлаа.

Танхимын тэргүүн Ч.Хосбаяр даян дэлхийд хүний эрхийн манаанд зогсож буй тус байгууллагын төлөөлөлтэй уулзаж буйдаа таатай байна гээд зөрчигдсөн эрхийг сэргээх нь шүүхийн гол зорилтын нэг тул энэ чиглэлээр бүхий л түвшинд хамтран ажиллахад бэлэн буйгаа илэрхийлэв. 

Ноён Себастьен Гиёо Монгол Улс хүний эрхийг хамгаалах чиглэлд олон ажил хийж буйг онцлоод шүүхийн хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх, техник хэрэгслийн тодорхой туслалцаа үзүүлэх, хүний эрхийг хамгаалах арга механизмын чиглэлээр хамтран ажиллах боломжтойг тэмдэглэлээ.

Шүүгч Д.Эрдэнэбалсүрэн шүүн таслах ажиллагаанд хүний эрхийг хангах талаар НҮБ-аас хуульчдад зориулан гаргасан гарын авлагыг дахин шинэчлэн гаргах гэж байгаа нь ач холбогдолтой байгааг дурдаад хүний эрхийн олон улсын стандарт, зарчмуудын талаар шүүгч, хуульчдыг сургалтад хамруулж,  тэдний хандлага, арга барилыг өөрчлөх шаардлага байгааг онцлов.

Олон улсын гэрээ конвенцыг хэрэг маргааныг шийдвэрлэхэд хэрэглэх талаар сургалт явуулах, Европын хүний эрхийн шүүхийн сонгомол шийдвэрүүдийг эмхэтгэн хэвлүүлэх нь манай улсад эрх зүйг хөгжүүлэхэд чухал эх сурвалж болно гэж үзэж буйгаа шүүгч Б.Батцэрэн хэллээ.

Талууд цаашид хүний эрхийн чиглэлд сургалт явуулах, гарын авлага бэлтгэх зэрэг тодорхой чиглэлүүдээр үр дүнтэй хамтран ажиллахаар тохиролцов.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version