УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Л.Мөнхбаатар Гадаадын иргэн, харьяатын газарт ажиллаж гадаадын иргэдийн бүртгэл, хяналт, шийдвэрлэх шаардлагатай тулгамдаад байгаа асуудлын талаар санал, солилцлоо.
Уулзалтад Хууль зүй, дотоод хэргийн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Э.Энхтуяа, Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Н.Ууганбаяр болон даргын зөвлөлийн гишүүд оролцлоо.
Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Н.Ууганбаяр Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн хэрэгжилт болон Монгол Улсад албан болон хувийн хэргээр оршин суугаа гадаад иргэдийн бүртгэл, хяналт, зөрчлийн талаар танилцууллаа.
Хууль зүйн байнгын хорооны дарга Л.Мөнхбаатар гадаад улсын иргэдэд төрийн үйлчилгээг чирэгдэлгүй, түргэн шуурхай, хүртээмжтэй хүргэх, иргэдийн биечлэн ирэх ачааллыг бууруулах, үйлчилгээний шат дамжлагыг багасгах зорилгоор Монгол Улсын Их Хурлаас 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан. Тухайлбал, цахим визийг хуульчилсан, визийн ангиллыг зөвхөн хуульд заасан хүрээнд олгодог байсныг өөрчилж Засгийн газраас тогтоох болсон, гадаадын иргэн, харьяатын газарт гадаадын иргэний виз, бүртгэл мэдээллийн нэгдсэн сантай байхаар хуульчилсан гэдгийг онцоллоо.
Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Н.Ууганбаяр Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт орсноор визийн ангиллыг зөв тогтоох, цахим үйлчилгээг нэвтрүүлэх эрх зүйн орчин бүрдсэн. Тухайлбал, визийн ангилал 11 байсныг 64 болгон өөрчилснөөр гадаад улсын иргэнийг Монгол Улсад зорчих зорилгыг нарийвчлан тодорхойлох нөхцөл бүрдсэн, 36 улсын иргэнд цахим визийг олгож эхэлсэн, гадаадын иргэнийг дахин давтагдахгүй тусгай регистрийн дугаараар бүртгэдэг болсон, түүнчлэн гадаадын иргэд өмнө нь үйлчилгээ авахын тулд 6-7 удаа тус байгууллагад биечлэн ирдэг байсныг бүрэн цахимжуулж зөвхөн 1 удаа ирдэг болсон бөгөөд өнгөрсөн хугацаанд 43563 иргэн цахимаар үйлчилгээ аваад байгаа талаар дурдаж үйлчилгээг цахимжуулсан нь иргэдийн мөнгө, цаг хугацааг хэмнэх ач холбогдолтой болсон талаар танилцууллаа.
Монгол Улсад 22531 гадаад улсын иргэн түр ирэгч, албан болон хувийн хэргээр оршин суугч гэсэн бүртгэлтэй байгаа бөгөөд үүнээс 7275 иргэн хөдөлмөр эрхлэгч, 1256 иргэн суралцагч, 3083 иргэн түр ирэгч, 1881 иргэн хөрөнгө оруулагч, 391 иргэн албан хэргээр, 1859 иргэн цагаач, 6786 иргэн гэр бүлийн зорилгоор бүртгүүлээд байна. 1994 оноос 2022 оныг хүртэл нийт 65552 хүн Монгол Улсын харьяатаас гарсан бөгөөд үүний 59969 хүн нь Бүгд Найрамдах Казахстан Улсын иргэн болсон бол 2583 хүн бусад улсын иргэн болсон байна. Түүнчлэн Монгол Улсын иргэний харьяаллаа 1951 хүн сэргээн тогтоолгосон бол 289 хүн Монгол Улсын харьяат болсон байна.
Хууль зүйн байнгын хорооны дарга Л.Мөнхбаатар Улсын Их Хурлаас баталсан Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөөд богино хугацаа буюу 1 жил 6 сар болж байгаа хэдий ч цахим шилжилтийг хурдтай, үр дүнтэй хэрэгжүүлж байгаа Гадаадын иргэн, харьяатын газрын хамт олонд талархал илэрхийлээд алба хаагчдын ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах талаар анхаарч ажиллахаа илэрхийллээ.
УИХ-ын Хууль зүйн байнгын хороо