Эрдэнэсийн тээвэрчид 11.4 тэрбум төгрөг хэмнэжээ
Эрдэнэт үйлдвэрийн Автотээврийн цех Ил уурхайн гүнд буюу 8а овоолгын дэргэд 75м3 багтаамжтай зөөврийн шатахуун түгээх станцыг өнгөрсөн зун ашиглалтад оруулснаар технологийн тээврийн БелАЗ-75131 загварын өөрөө буулгагч автомашины цэнэглэлт бүрээс 6.4 км сул гүйлт, 30 минутын сул зогсолт хэмнэгдэж, нэмж нэг рейс хийх боломж бүрджээ. Үүний үр дүнд сард ойролцоогоор 50 сая төгрөгийн эдийн засгийн хэмнэлт хийх нөхцөл бүрдсэн гэж тус цехийн дарга Я.Дамдиндорж мэдээллээ.
Автотээврийн цехийн хамт олон Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтийг ханган ажиллах зорилгоор Өртөг зардал бууруулах арга хэмжээний төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлж байна.
Оны эхний долоон сарын байдлаар эрдэнэсийн тээвэрчид 11.4 тэрбум төгрөг хэмнэж ажиллажээ. Тодруулбал, технологийн тээврийн хэсгийн 1 т/км ачаа эргэлтийн өөрийн өртөг төлөвлөгөөнөөс 29.1 төгрөгөөр, төрөл бүрийн тээврийн хэсгийн 1 машин цагийн өөрийн өртөг 33 мянган төгрөгөөр тус тус буурсан. Гэсэн ч 2022 оны эхний 8 сард тус хамт олон өмнөө тавьсан зорилго, зорилтуудаа амжилттай биелүүллээ.
Тухайлбал, Уулын технологийн тээврийн хэсгийнхэн нийт 18.3 сая м3 уулын цул тээвэрлэж, уулын цул тээвэрлэлтийн төлөвлөгөөг 101.1 хувиар биелүүлсэн ба төлөвлөгөөнөөс 208 мянган м3 уулын цул илүү тээвэрлэжээ. Мөн хугацаанд 172.3 сая т/км ачаа эргэлтийн ажил гүйцэтгэсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 6.0 сая т/км-ээр өссөн үзүүлэлт юм. Харин Төрөл бүрийн тээврийн хэсгийнхэн машин цагийн төлөвлөгөөгөө 119.7 хувиар биелүүлсэн амжилттай ажиллаж байна.