Нийгэм

“Хүүхдэд ээлтэй хэвлэл мэдээллийн байгууллага” хэлэлцүүлэг боллоо

Нийт хүн амын 37,3 хувийг 0-18 насны хүүхэд эзэлж байгаа нь Монгол Улс хүүхэд, залуучуудын орон гэдгийг илтгэж байна. Хүн амын чухал бүлэг болох хүүхдийн эрхийн өнөөгийн нөхцөл байдал, тулгамдсан асуудлыг тодорхойлж, гарц шийдлийг хэлэлцэх, хүүхдийн эрхийг хамгаалахад салбар бүрийн оролцоог хангасан урт, богино хугацааны төлөвлөгөөг холбогдох бодлогын баримт бичигтэй уялдуулан боловсруулж, хэлэлцүүлэх, хүүхдийг болзошгүй эрсдэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Хүүхдийн асуудлаар үүрэг хүлээгчдийн үндэсний чуулган Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор 2022 оны 5 дугаар сард зохион байгуулагдана.

Тус чуулганыг угтаж Соёлын яам, Нийслэлийн соёл, урлагийн газраас “Хүүхдэд ээлтэй хэвлэл мэдээллийн байгууллага” хэлэлцүүлгийг /2022.04.26/ Хан-Уул дүүргийн Соёлын ордонд зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт өргөн нэвтрүүлгийн болон арилжааны телевиз, цахим мэдээллийн сайт, фм, радио, өдөр тутмын сонин зэрэг олон нийтийн хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөллүүдийг хамруулсан юм.

Хэлэлцүүлэгт “Соёлын салбар дахь хүүхдийн эрхийг хэрэгжилт” сэдвээр Соёлын яамны СБХЗГ-ын мэргэжилтэн Б.Алтанцэцэг, “Хэвлэл мэдээллийн орчин дахь хүүхэд хамгааллын эрх зүйн зохицуулалт” сэдвээр Монголын өмгөөлөгчдийн холбооны хүүхдийн эрхийн дагнасан өмгөөлөгч  Р.Булгамаа, “Хүүхдэд ээлтэй хэвлэл мэдээллийн байгууллага ба сэтгүүлч” сэдвээр Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн гишүүн, Хүүхэд хүчирхийлэхийн эсрэг үндэсний хөдөлгөөний ерөнхий зохицуулагч Д.Ундраа, “Хэвлэл мэдээллийн цензургүй байдал хүүхдийн сэтгэл зүйд үзүүлж буй сөрөг нөлөө ба үр дагавар” сэдвээр Монголын сэтгэлзүй сэтгэц хэмжилзүйн үндэсний хүрээлэнгийн сэтгэл зүйч Б.Жавзан нар илтгэл танилцуулгыг хийсэн юм. Үүний дараа “Хүүхэд, гэр бүлийн хамгаалалд хэвлэл мэдээллийн үүрэг оролцоо” судалгааны танилцуулгыг Хэвлэл мэдээллийн хөгжлийг дэмжих төвийн захирал Ц.Байгалмаа танилцуулж, төсгөлд нь хэлэлцүүлэг өрнүүллээ.

Хэлэлцүүлгээс гарсан үр дүнг нэгтгэж “Хүүхдийн асуудлаар үүрэг хүлээгчдийн үндэсний” чуулганыг зохион байгуулах ажлын хэсэгт санал хүргүүлнэ.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version