ЯрилцлагаЗочны ярилцлагаОнцлохШинэ мэдээ

С.Лувсангомбо: Ижий минь ямар сайхан амттай цай чанадаг байлаа, би одоо болтол гарынх нь цайг уух юм сан гэж боддог

С.Лувсангомбо гуайтай яг жилийн өмнөөс холбогдож, хоёр талаас хүчин чармайлт гаргасны хүчинд нэгэн сайхан ярилцлагыг хийлээ. Эдүгээ 98 настай, Москвад хотноо аж төрж суугаа эрхэм буурлын түүхийг уншигчдадаа хүргэх болсондоо баяртай байна. Дорноговь аймгийн Хатанбулаг сумын уугуул, БНМАУ-ын НАХЯ-ны сайд, Монгол Улсын гавьяат барилгачин, хурандаа генерал С.Лувсангомботой ийн ярилцлаа.

-Хүний ой тойн дахь дурсамж дурдатгал эгээ л цахилгаан гүйдэл шиг. Бид хэдтэй байхаас, хаана байхаас үл хамаарч санаж сэрэх дээрээ тулвал юуг ч сэтгэл зүрхэндээ сүмбэрлүүлж чаддаг нь гайхалтай. Тиймээс хоёул таны бага насны тухай дурсамжаас яриагаа эхлэе?

-Би 1924 оны өвөл Хатанбулаг сумын нутаг Улаантолгойн бууцанд өвөлжиж байхад төрсөн юм билээ. Бид эхээс тавуул. Би нэг эгч, гурван дүүтэй. Бид хэд ээжийгээ Баажий гэж дууддаг байв. Манай аав биднээс тусдаа амьдардаг болохоор манай гэр орны ажилд огт оролцохгүй. Манайх гэдэг нь өндөр настай буурал ээж, лам ах, ээж, бид хэд юм. Лам ах мал хариулах, гэр орны ажилд бас оролцохгүй, тиймээс гэр орны бүх ажилд ээж минь ганцаар зүтгэнэ. Ижий минь гэрийн бүх ажлыг ганцаар хийдэг болохоор биднийг хөдөлмөрт сургахыг эрмэлзэнэ. Бид 7-8 наснаасаа хонинд явах, айраг бүлэх, ширдэг ширэх, аргал түүх, ямаа самнах, хурга ишгээ эхтэй нь нийлүүлэх, төл амлуулах зэргээр гэрийн гаднах болоод доторх ажлыг хийж тусад орцгоосон юм даг.

-Таны төрсөн бууц хилтэй хэр ойрхон юм?

-Улсын хилээс ердөө 10 км орчим дотогш, малын идэш тэжээл сайтай, ховор болон эмийн ургамал ургадаг, ойр орчимдоо хэд хэдэн булагтай. 1932 онд Японы түрэмгийлэгчид Өвөр монголыг эзэлсэн тэр үеэс айлуудыг нутгийн гүн рүү нүүлгэсэн. Одоо тэр нутагт ан амьтан л идээшлэн байх болсон юм билээ. Хожим тэтгэвэрт гарсан хойноо төрсөн бууцандаа очиж, хойд дов дээрээ овоо босгосон доо.

-Бага насанд уулзаж учирсан хүмүүс, үзэж сонссон зүйлс уураг тархины хаа нэгтээ гүн бат шингэж, санамхай мартамхай байхаас үл шалтгаалж сэр хийхийн зуур бодогдож байдаг нь сонин. Хамгийн түрүүнд санаанд тань бууж байгаа хүүхэд насны дурсамжаас сөхвөл?

-Намайг 8 настай байхад лам ах хүчлэн Задгайтын хийдэд шавилуулж төвөд ном сургах болов оо. Дүйнхорын дацангийн уншлагын тэр зузаан номыг ба, бэ-гүй цээжлүүлнэ, муу цээжилбэл багш зодно. Заримдаа нуруу шархлаад, хувцас биед наалдаад хэвтэж чадахгүй болчихно. Гэхдээ ном сайн цээжилдэг маань хожим надад их хэрэг болсон. Хийдээс гурван ч удаа оргож, дорхноо баригдаж зодуулж байлаа. Дараа нь заль гаргаж айлын хүүхэдтэй тэмээнд нь сундлан гэртээ харьж, малаа хариулах болсон.

-Бага насны тань хань бараа гэхээр зүйл юу байв?

-Хонинд явах тун зугаатай. Бэлчээрт хонио тогтоочихоод, дов толгодын орой дээр гарч суугаад орчин тойрноо ажиглаж их сууна. Элдэв хорхой шавьжны амьдралыг ажиглана. Малын идэшинд таарах өвс ургамал юу байна гэж шинжинэ. Цагийн сайханд манай нутгийн ургамлууд цөм цэцэглэнэ. Алтан харгана тэмээнээс өндөр ургана, гоё цэцэглэнэ гэж. Хамгийн гоё цэцэгтэй нь ортууз юм уу даа.

Бидний хүүхэд үеийн тоглоом, хань бараа бол бог малын шагай, өнгийн чулуу. Чулуугаар гэр барина, дотор тавилгаа бэлдэнэ. Өөхөн цагаан чулуу бол хонь. Хавтгай олон чулуу бол тэмээн сүрэг. Тиймээс хавтгай зөөлөн чулууг хатуугаар нь үрж, хоёр бөхтэй тэмээ хийнэ. Тэмээ хийгээд суухаар ядрах өлсөхөө ч мэдэхгүй.

Хаврын нэг өдөр дүү бид хоёр өндөр хадны ангалд орж суугаад, чулуугаар тэмээ хийв ээ. Тэгсэн нэг мэдсэн “Та хоёр ингэж байдаг вий, ботго чинь хаа байна” гэх дуунаар хоёул сэхээ авч байгаа юм. Хүмүүс хоёр хүүхдийг өдөржингөө эрээд олоогүй юм билээ. Баажий бид хоёрын хаана байж болохыг мэдэх болохоор морьтой давхиж ирээд тэр хадны дэргэд хашгирсан нь тэр. Баажий бид хоёрыг шилбүүрдээд гэрийн зүг хөөлөө, дүү хоёул ёстой хөлийн хурдаар зугтлаа. Тэгсэн ингэ ирэхийн өмнөхөн ботгонууд гэрийн гадаа тавраад ирчихсэн байж. Тэр өдөр нэг ботго чононд идүүлсэн хэрэг мандаж билээ.

-Говийн хүүхдүүд дунд хонин гүрвэлээр тоглоогүй хүүхэд гэж байхгүй байх?

-Хонин гүрвэл аргал юм уу, чулуун дээр үсэрч гараад сүүлээ саадаглан хажуу ойроор нь ниссэн ялаа батганыг омогтой нь аргагүй шүүрч залгиад нүдээ ирмэн хөөрхөн дамшигладаг янзын амьтан. Тэр чинь хүнээс ч айхгүй, сууж байхад өвөр дээгүүр хүртэл давхина гээч. Говийн хүүхдүүд дунд хонин гүрвэлээр тоглоогүй хүүхэд гэж нээрээ байхгүй дээ.

-Үлгэр домог ч бас малч амьдралын нэгээхэн хэсэг байх шүү?

-Нутгийн цэцэн мэргэн өтгөс өвгөдийн хүүрнэх үлгэр домог, аман зохиол олныг сонсож өссөн. Ялангуяа зөвхөн говь нутагт л байсан гэх элдэв хорхой шавьж, аварга могойны тухай хачирхалтай яриа, цууг цөөнгүй сонсчээ.

Артиллерийн Инженерийн академийн сонсогч, ахлах дэслэгч С.Лувсангомбо Москва 1952 он.

-Саяхныг хүртэл хилээр нутагладаг ардууд хил хамгаалах, мэдээ занги хүргэх үүрэг хүлээдэг байсан цаг. Малд явахдаа айж эвгүйцэж байв уу?

Дэлхийн II дайны үед томчуул ч, хүүхдүүд бид ч малд явахдаа заавал модон буу үүрч явах хатуу журам мөрддөг байлаа. Энэ нь хил орчмоор нутагладаг монголчууд цөм буутай юм байна гэж цаад талаас отогсодод сануулах зорилготой байсан хэрэг. Манай нутгийнхан бүгд хилчдэд туслах хүч нь байсан. Хил зөрчигчийг илрүүлэх, мөрийг нь мөрдөх зэрэгт мэргэшсэн хүмүүс олон байсан юм шүү. Манай аав тагнуулч илрүүлээд отрядаас хоёр мориор шагнуулж байсан юм даг.

Дайны үед нутгийн залуу эрчүүд цэргийн албыг хугацаагүй хаадаг байсан болохоор 12-13 насныхан бид эрчүүдийн албан журмын ноогдол үүргийг биелүүлдэг байлаа. Бид тэмээн хөсгөөр аймаг сумын хооронд ачаа бараа тээвэрлэх, хилийн цэргийн ангиудын түлшинд нь зориулж 150-200 км дэх Галбын говийн Хар загаас заг түүхээр олон удаа явж байсан. Бүстэй хүүхдүүд нь тарчигдуу айлын өвлийн идэшинд хонь ямаа төхөөрнө, өвөл хаврын нүүдэлд нь тусална, ер нь хөдөөд зүгээр суух цаг гэж байхгүй.

Би гэхэд нутгийн өвгөчүүлтэй хамт сумынхаа хуримтлагдсан ноосыг 700 км алс Баянтүмэнд тэмээн хөсгөөр тээж тушаагаад буцахдаа гурилтай ирж байлаа. Тэр аян бүтэн хоёр сар үргэлжилсэн. Сумын захиргаа бидний авчирсан гурилыг айлуудад хүний тоогоор тооцон жигнэж, нарийн хуваарилж билээ.

-Цэргийн хүн болсон нь таны сонголт гэхээсээ хувь тавилан тэр зүгт хар аяндаа хөтөлсөн ч юм уу гэж бодогдох шиг?

1941 онд Хилийн отрядад энгийн ажилчнаар ороод хувцас угаадаг ажилтай боллоо. Тэр үеэс л хилчид гэдэг ямар эрэлхэг, хатуужилтай, хурц сонортой, дайчин хүмүүс байдаг юм бэ хэмээн олзуурхаж, ерөөс хилчин болъё гэж мөрөөдөх болов.

Тэр үед нэг ийм сонин явдал болдог юм. Нэг өдөр аж ахуйн дарга дуудаад “Май энэ цалин чинь” гээд 100 төгрөг өгөв өө. Бид чинь улсын ноогдол үүргийг үнэ өртөггүй залгуулдаг болохоор ажил хийгээд цалин авдаг гэж огт мэддэггүй байв. Тэр оройдоо 30 км хол нутаглаж байсан гэр рүүгээ мориор давхиад ээждээ мөнгөө өгч баярлуулж байж билээ. Даанч харамсалтай нь манайх мал мах, ноос бэлтгэл тушаах, ачаа тээвэр хийх зэрэг албан журмын ноогдолыг биелүүлэх аргагүйдсэн тул ажлаасаа гарсан.

Тэгж байтал 1944 он болж, хавар нь цэрэгт мордлоо. Аймгийн төвд байрлах Хуягт бригадад цэргийн алба хаав аа. Хуягтын жолооч болох курст сурч байтал бидний дөрвөн цэргийг 9 дүгээр сарын сүүлчээр Цэргийн еренхий сургуульд суралцуулахаар нийслэл хот руу явуулдаг юм. Цэргийн байранд хичээл эхлэхийг хүлээгээд байж байтал намайг ЗХУ-д сургуульд явуулах болов. Тэгээд тэр өвөлдөө Тамбов хотод байрлах Артиллерийн техникийн дунд сургуульд сурахаар явсан юм.

-1944 оны Тамбов гэдэг дайны жилийн хот байх нь. Таныг тэгээд ямар хот угтав?

-Эх орны дайны үе болохоор хотын оршин суугчид цөм л ажилдаа яарсан, зав чөлөө огт байхгүй. Амралтын өдрүүдэд ч ажиллаж байх нь ажиглагдана. Гудамж талбайд чөлөөтэй цуглаад ярилцах хүмүүс ер харагдахгүй. Барилгын бүх цонх хар хөшигтэй болохоор шөнийн цагт хот таг харанхуй. Иргэд нь хоол хүнсээр маруухан. Цэргийн ангиуд ч ялгаагүй хоол хүнс тааруухан.

Манай сургууль гэхэд өдрийн хоолонд ямар нэг ногоотой усан шөл өгнө, хавар ногоо ургах үеэр халгайтай шөл байх жишээтэй. Хоёрдугаар хоолонд жаахан арвайн будаа иднэ, харин хар талх хангалттай өгдөг байсан. Манай сургууль өвөл цастайд шөнийн цагаар үе үе түргэн жагсаалаар гарч, төмөр замын цас арилгаж фронт руу ачаа хүргэх галт тэргийг саадгүй өнгөрүүлэх үүрэгтэй байлаа.   

-Дайны гамшгийг гэрчлэх цөөн хүний нэг нь та болж үлдэж. Нэг их хөөрцөглөмөөр хөөрч сэвмээр ч зүйл биш байх?

-1946 оны хавар манай сургууль бүх бүрэлдэхүүнээрээ тусгай галт тэргээр хөдлөөд шөнөжин яваад, маргааш өглөө нь Смоленск мужийн нутаг руу ордог юм. Галт тэрэг тэнд 10 гаруй минут л зогссон. Вагоноос гараад эргэн тойрноо харахад нүд хүрэх газарт нэг ч бүтэн барилга байхгүй байж билээ. Галт тэрэг цааш яваад Белорусь-Литва хоёрын зааг, Неймен мөрний эрэг дээрх зэвсгийн агуу том Арсенал баазад очиж, дайнд эвдэрсэн их буунуудыг олноор нь задлан бүтнийг нь эвлүүлж агуулахад хадгалах үүргээ биелүүлээд 3 сар орчмын дараа буцаж ирсэн. Тэнд дайны уршгийг ёстой нүдээрээ харж, биеэрээ мэдэрсэн.

-Ялалтын уухай хэрхэн ирэв. Тэр үеийн догдлол мэдрэмжийг орос монголгүй адилхан хүлээж авсан байх?

-Нэг өглөө нойрон дунд гэнэт хөгжим хангинаад, хүмүүс шуугилдаад, инээж хөхрөлдөөд эхэлсэн. Орос сурагчид бидний хучлагыг татаад “Та нар босоцгоо! Сая 6 цагт Эх орны дайн дууссан тухай радиогоор мэдээллээ” гэдэг юм. Бугдээрээ тэврэлдээд л, зарим нь ч уйлаад л. Биднийг ч тэвэрч үнсээд л “Монголчууд дайны бэрх цагт их тус хүргэсэн. Та нарт их баярлалаа” гээд дахин дахин тэвэрч байж билээ.

Тэр өдөр нэгдүгээр хоолонд цөцгий хөвсөн борщ, хоёрдугаар хоолонд нухсан төмстэй гахайн өөхтэй мах, чихэрлэг компот өглөө. Бид ЗХУ-д очсоор анх удаа тийм сайхан хоол идэж үзсэн юм даг. Дайн дууссан тэр өдөр шиг тийм гайхамшигтай, сэтгэл хөдөлгөсөн, гоц баясгалантай, онцгой өдрийг би насан туршдаа үзээгүй. Тиймээс бүх л насаараа санаж, бахархан биширч явдаг.

Гэргий Люсягийн хамт. 1964 он.

-Гэргийтэйгээ хэзээ нь танилцаж, айл гэр болцгоож байв?

-Монгол эх орны уудам тэнүүн их говийн ядуу малчин ардын хүү надад бага насанд минь сургууль соёлоор дамжих бололцоо байгаагүй. Харин нутгийн өвгөн лам багшаар монгол ном заалгаж бичигтэн болсон. 1944 онд Ардын цэрэгт мордсон тэр үеэс л эрдэм боловсролын хаалга нээгдэж, Цэргийн зэвсэг-техникийн дунд сургууль, Цэргийн инженерийн академид сурч инженер-механик, хожим барилгын инженер-технологич мэргэжил эзэмшсэн.

Ардын арми миний амьдралын алтан замыг нээж өгсөн, өндөр цол шагнал хайрласан, бие бялдарын тал дээр ч эрийн цээнд хүргэсэн. Би 1948 оны 2 дугаар сард ЗХУ-д сургуулиа төгсөж ирээд Армийн бууны үйлдвэрт Зэвсэг засварын техникээр томилогдлоо. Гурав, дөрөвдүгээр сард нь цэргийн ангиудаар явж, шинээр ирсэн зэвсэг-техникийн сургалтаар хичээл заалаа. Таваас долдугаар сард зүүн хязгаарын цэргийн ангиудын зэвсэг засварлах, хуучин галт хэрэгслэлийг устах үүрэгтэй нүүдлийн бригад удирдаж яваад 7 дугаар сарын эхээр хотод орж ирэв ээ.

Хотод иртэл орон байр байдаггүй. Ах дүү, садан төрөл гэх ч хүнгүй, таних хүн ч цөөн байлаа. Нэг орой ажил дээр байж байтал Жанжин штабын дарга чамайг дуудсан, яаралтай оч гэж жижүүр хэлж байна. Яваад очлоо. Хурандаа Б.Цог “За чи академид сурахаар Москва явна, бэлтгэлээ ханга” гээд гаргав. Тэгээд би 1948-1954 онд Москвад Артиллерийн инженерийн академид суралцаад, 1954 оны зун нутагтаа ирээд Цэргийн еренхий сургуульд багшаар томилогдсон.

Сургуулиас надад хуучин дан барилгад нэг өрөө өглөө. Мэргэжлийн хүмүүсээс зөвлөгөө авч байгаад засвар хийлээ, болдог л юм байна. Ойр зуурын юмс худалдаж аваад байраа тохижуулчихаад 9 дүгээр сард авгайгаа Москвагаас тосч авлаа, ингэж л манайх гэдэг айл гал голомтоо асаасан юм даа.

Би хөдөө нутгаасаа цэрэгт мордоод, цэргийн албанд цэрэг, сурагч, офицер болоод Дээд сургуульд явах хүртлээ алба хаахдаа ч хотод гэр оронтой, гэргийтэй болж ч амжаагүй. Москвад Артиллерийн инженерийн академид суралцаж байхдаа 1952 онд Люся гэх нэг охинтой танилцаад 1954 онд эхнэр минь болсон юм. 1955 онд анхны охин маань, 1960 онд бага охин минь төрлөө. Манайх хоёр охинтой сайхан айл боллоо. Одоо хүүхдүүд өсч торниод, тэд тус тусдаа хоёр хүүхэдтэй. Ингээд манайх гэдэг айл одоо дөрвөн зээ, нэг гуч хүүтэй өнөр өтгөн айл болсон.

-Ажил амьдралын тань түүхийг сөхвөл олон ч албан тушаалд очиж, багагүй ч алба залгуулсан байлгүй?

-1956 онд Армийг цомхотгох боллоо. Намайг Намын төв хорооноос дуудаад чамайг цэргээс халж, Барилгын цахилгаан-сантехникийн трестэд еренхий инжинерээр томиллоо гэв. Намар нь ажилдаа орлоо. Огт мэдэхгүй ажил болохоор барилгаар явж ажилтайгаа танилцах, ажлынхаа төрхийг мэдэх гэж орой үдэшгүй ажил дээрээ суудаг байв.

Нэг жил ажиллаад Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнууллаа. 1959 оны 1 дүгээр сард Их барилгын хэлтэст зааварлагчаар ажиллуулах боллоо, мөн 6 дугаар сард Л.Цэнд гуай Намын төв хорооны хоёрдугаар Нарийн бичгийн дарга болоход намайг туслахаар нь давхар томиллоо. 1959 оны 11 дүгээр сард ББМУЯ байгуулагдахад Барилгын материал эрхэлсэн орлогч сайдаар, 1963 оны дундуураас УБЗ-ийн орлогч даргаар, 1968 онд барилгын зохион байгуулалт өөрчлөгдөхөд Материал үйлдвэрлэл хариуцсан нэгдүгээр орлогч сайдаар, 1971 оны 2 дугаар сард Нийслэл хотын дарга боллоо.

Хотод хаа сайгүй бохир ус хальсан, хүндхэн цаг байв. Ажилдаа ормогц бохир усны шинэ том хоолой байгуулах ажлыг эхлүүлж, хоногт 2-3 ээлж ажиллуулж байж, 9 км урт шугамыг Ардын хувьсгалын 50 жилийн ойн өмнө дуусгаад хотын бохир усны системийг хэвийн ажилтай болгосон.

1972 оны эхээр мөн л Намын төв хорооноос дуудаад Сайд нарын зөвлөлийн Барилга эрхэлсэн орлогч дарга болголоо, тэгээд тэр ажилдаа 17 жил үүрэг гүйцэтгэсэн. Харин завсарт нь 1982-1984 онд НАХЯ-ны сайд байсан. 1989 онд 65 настайдаа тэтгэвэртээ гарсан даа.

Монгол Улсын Ерөнхийлөгчид бараалхах үеэр Хурандаа генерал С.Лувсангомбо. Төрийн ордон 2019 он.

-Таны ажлын арга ухаан юу вэ. Удирдлага дор байгаа хүмүүсээ хэрхэн чиглүүлдэг байв?

-Ер нь ямар ч ажлыг удирдахад хамт олондоо итгэж, тэдний урмыг хөдөлгөх нь хамгаас чухал. Би та нарын дарга чинь гэж биеэ товойлгож явсангүй. Өнгөрсөн он жилүүдэд удирдах ажил хийхдээ дээд удирдлага, ахмадуудын туршлага, хамт олныхоо дэмжлэгт тулгуурлаж ажиллаж байсан.

-Анзаарга алдаж алдаа дутагдал гаргаж байв уу?

-Удирдах ажил хийж байх үед чиний ажил муу байна гэсэн зэмлэл хүлээж байсангүй. Харин хожмоо тойрон хүрээлэгч гэх зохиомол хэргээр прокурор намайг гэрийн хорионд бүтэн хоёр жил мөрдөн байцаасан.

Ю.Цэдэнбалд тал засаж улсын мөнгөөр зуслан бариулсанаа, ямар хохирол учруулснаа хэл гэж омогдоно. Тэр үед гэргий Люсягийн маань 90 настай ээж хэвтэрт орсон болохоор хөгшин минь ээжийгээ тойлохоор нутаг явж, бүтэн 3 жил сахиж их ч ядарсан. Би гэрийн хорионд болохоор ямар ч тус дэмжлэг хүргэж чадахгүй байлаа. Тэр үед эгч, дүү нар минь тэнгэрт халилаа.

Хамгийн бага дүү Эрдэнэцоо маань хууч өвчиндөө баригдаад, бие нь тун ядруу үе таарсан. Ээж минь шалан дээр хальтарч унаад хөлөө хугаллаа. Тэр бүх зовлонг туулсан Баажий минь 85 насандаа бурханы оронд морилсон доо. Би ээжийнхээ дэргэд байнга байсан. Прокуророос гэр орныхноо эргээд ирье хэмээн зөвшөөрөл аваад Москвад очоод 7 хонож байтал “Ээж чинь өнгөрчихлөө” гэсэн муу мэдээ ирсэн. Яаралтай буцаж ирээд ээжийнхээ шарилыг хөдөөлүүлсэн. Баажийгаа таалал төгсөхөд толгойг нь түшиж, дэргэд нь байж чадаагүйдээ харамсдаг.

-Амьдралд тань эргэлт авчирсан хүн гэвэл та лав ээжийгээ нэрлэх нь дэг. Ямар ч хүн нас явах тусмаа тэнгэрт одсон ижий аавыгаа зовлон болтлоо санадаг бололтой?

-Баажий минь залуу зандан насандаа ямар ч завгүй, өдөр шөнөгүй зүтгэдэг, маш бага унтдаг хүн байсан. Манайх их ядуу айл байсан болохоор ижий минь айлын нутаг дээрээс арьс ширний тасархай, гутлын түрий олж дэвтээгээд, элдэж нухлаад бидэндээ гутал хийж өгнө. Бид тав өвөл зуны аль ч улиралд айлын хүүхдүүдээс илүү аятайхан, биедээ таарсан гутал хувцастай явдаг байсан. Бид хэзээ ч маажгий гуталтай, уранхай хувцастай явж үзсэнгүй. Би Баажийгийнхаа зааж өгсөнөөр юм оёх, ширдэг ширэх баримжаатай болсон. Тэтгэвэрт гарсан хойноо хүүхдүүд, зээ нарынхаа хувцасыг тааруулж, нөхөж, сэлбэж өгдөг байлаа. Гуч хүү Егортоо монгол хээ, угалз нааж оёсон комбинзон хийж өгсөн, голохгүй өмсчихөж билээ.

Баажий минь асар их тэвчээртэй, хийх ёстой юмыг цагт нь заавал хийнэ гэдэг хатуу зарчимтай хүн байсан. 1951 оны зун амралтаараа гэртээ харихад ээж минь сумын ойролцоо саалийн бригадад албан журмын ноогдолт сүүгээ тушаах гээд ганцаараа байхад нь би хэд хоног дэргэд нь байж таарсан. Тэгэхэд Баажий минь нэг өдөр толгой нь өвдөөд бараг босож чадахгүй шахам байхдаа ч хүчээр өндийж саалиа саагаад сүүгээ тушааж байсан юм даг. Ижий минь ямар сайхан амттай цай чанадаг байлаа, би одоо болтол гарынх нь цайг уух юм сан гэж боддог.

Хүүхэд байхад өглөө хонинд явахын өмнө будаатай унд чанаж өгнө, орой ирээд ч будаатай ундаа л ууна. Манай нутагт будаатай ундыг чанахдаа мах, өөх, борц, ээзгий хийж амталдаг болохоор тэр нь бидэндээ цай ч болно, хоол ч болно. Дайны үед будаа гурил тасраад, цагаан сарын баярын дараа хөлдөөсөн жаахан мах маань дуусаад бид их өлсдөг байж билээ. Хавар ингэ ботголоход буцалгаа ууж тэнхэрцгээдэг сэн.

Баажий ач зээ нарынхаа хичээл хийж байгааг ажиж байгаад бие дааж, бичигтэн болсон. Өөрөө санаачлаад талхны үлдэгдлээр гурилаа эсгээд талх жигнэж сурсан гээд яривал зөндөө түүх бий. Баажий минь 85 настайдаа надад нэг сампин зангидаж өгсөн юм. Түүнийг нь би өөрийн амьдралын минь хамгийн хүндэтгэлтэй, үнэлж баршгүй нандин зүйл хэмээн бэлэгшээн хадгалдаг.

Ээжтэйгээ хамт. 1991 он.

-Баруун аймгийнхныг харахаар бие биеэ өөд татах тал дээр онцгой. Гэтэл манай говийнхон ядарч доройтсон ч, өнгөтэй өөдтэй явсан ч өмнөхөө базаагаад, бие биедээ төвөг дараа бололгүй амьдраад байх юм. Та сайд дарга байхдаа нутагтаа ахиу юм хийчих юм сан гэж бодож байв уу?

-Социализмын үед төлөвлөгөөт эдийн засагтаа тулгуурлаж, ардын аж ахуйн бүх салбарыг эх орны өнцөг булан бүрт жигд тэнцвэртэй хөгжүүлж байсан. Улсын үйлдвэр, аж ахуйн ямар ч байгууллагын хөрөнгө мөнгийг хувьдаа завших, өмчирхөх, нутгархах, ах дүүсийнхээ холбоог бататгах зэрэгт ашиглахыг хатуу цээрэлдэг байсан.

-Би бодохдоо хүн хаана төрсөн байна вэ, тэр нутаг нь тухайн хүнийг оюун санаа, бие бялдар, сэтгэл зүрхний хувьд ялгаатай бүтээдэг юм байна даа гэж бодоод байдаг юм. Говийн хүн гэхээр ямар нэг онцлог байгаад байна уу?

-Би ахан дүүстээ тус дэмтэй амьдрахыг хүсдэг, ганцаардмал байх дургүй. Нэг эхээс төрсөн бид тав хар багаасаа өөр хоорондоо бие биедээ тус дэм хүргэдэг, нэг нь нөгөөдөө энэрэлтэй хандах, аав ээж, ахан дүүсээ адилхан хүндэтгэх үзэл санаа, хайр хүндэтгэл дүүрэн өссөн. Цаг уурын хүнд, хатуу нөхцөлд хүчээ нэгтгэн нутаг усаа хайрлах, онгон төрхөөр нь байлган эзэмших нь говь нутагтаа эзэн нь болж амьдардаг говьчуудын амьдралын бат зарчим нь байдаг.

-Энэ жил та 98 хүрлээ. Эрхи эргүүлж маань мэгзэм унших юм уу эсвэл жинхэнэ коммунист, намын бэлтгэгдсэн кадр хэвээр үлдэв үү?

-Би чинь социалист нийгэмд төрсөн, тэр нийгмийнхээ үед буюу 1989 онд насныхаа тэтгэвэрт суусан. Түүнээс хоёр жилийн дараа гадаадад гарсан болохоор миний коммунист хүмүүжил хэвээр үлдсэн. Ардчилсан Монгол оронд зах зээлийн эдийн засаг үйлчлэх болсон үед би нутагтаа байгаагүй. Монгол Улс социализмын үед өрнүүн хөгжилтэй байсан, ардчилсан нийгмийн үед ч хөгжил нь буураагүй, өөрийнхөө зорилт чиглэл, үзэл бодлоороо өрнөж байгаа гэж боддог доо.

Монголын Барилгын байгууллагын 80 жилийн ойн үеэр. Барилгын инженер Б.Бямбажавын хамт

-Ярилцлага хийе гэсэн хүсэлтийг минь нааштай хүлээж авсан танд талархаад баршгүй. Зуу насалж зургаадай таяг тулаарай. 

Ярилцсан Батсуурийн Туул

FB: Tuul.batsuuri

4 1 vote
Article Rating
Таг

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх

0 Comments
Хуучин
Шинэ Top
Inline Feedbacks
View all comments
Back to top button
wpDiscuz
0
0
Would love your thoughts, please comment.x
Exit mobile version