Засгийн газарГадаад харилцааКино урлагДуу хөгжимтеатрWorld

Ч.Номин: Олон улсын тэргүүлэх наадмуудад уран бүтээлчдийг тогтмол оролцуулна

Засгийн газрын өнөөдрийн  /2022.02.16/ хуралдаанд Соёлын сайд Ч.Номин “Олон Улсын тэргүүлэх зэрэглэлийн наадамд оролцох тухай” асуудал танилцуулж, Засгийн газрын хуралдаанаар дэмжигдлээ.

Ингэснээр Соёлын яамны дэмжлэгтэйгээр уран бүтээлчид:          

Энэ талаар Соёлын сайд Ч.Номин:

““Алсын хараа 2050-Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого”-ын тэргүүлэх зургаан чиглэлийн нэгийг “бүтээлч үйлдвэрлэл” гэж тодорхойлсон байдаг.

Мөн Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд  аж үйлдвэрийн салбарын хөгжил, эрчим хүч, дэд бүтцээс гадна аялал жуулчлал, ногоон хөгжил, бүтээлч үйлдвэрлэлийн салбарын эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх төсөл хөтөлбөрүүдийг дэмжин ажиллах зорилт, хөтөлбөрүүд тусгагдсан.

Энэ хүрээнд өнөөдрийн Засгийн хуралдаанаар Дэлхийн хамгийн нэр хүнд бүхий Венецийн биенналь болон Каннын кино наадамд Соёлын яамны дэмжлэгтэйгээр уран бүтээлчдийг тогтмол оролцуулахаар шийдвэрлэлээ. Дүрслэх урлаг болон кино урлагийн салбарт зүтгэж байгаа мянга, мянган уран бүтээлчдийн өмнөөс баяртай байна. Энэ бол бодит дэмжлэг.

Дүрслэх урлаг болон кино урлаг нь нийгмийн амьдралд чухал байр суурь эзэлдэг. Бодит байдлыг дүрслэн харуулах, нийтийн ёс суртахууныг төлөвшүүлэх өвөрмөц чанараараа оюун санаанд нөлөөлөгч салбар. Монгол хүний оюуны бүтээлийг зохиогчийн эрхэд тулгуурлан дэлхийн зах зээлд таниулан сурталчлах, уран бүтээлчдийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэх бодит боломжтой болж байна.

“Венецийн дүрслэх урлагийн олон улсын биенналь”, “Каннын кино наадам”-д  тогтмол оролцох нь Монгол Улсын дүрслэх урлаг, кино урлагийн бүтээлийг бодитоор дэмжих, уран бүтээлчдийн хамтын ажиллагааны боломжийг олон улсад сурталчлан таниулах, улмаар соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлж, эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэх ач холбогдолтой.

Бусад улс орны хувьд “Венецийн дүрслэх урлагийн олон улсын биенналь”-д соёлын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага нь бүх талын дэмжлэг үзүүлэх асуудлыг шийдвэрлэн, орчин үеийн урлагийн мэргэжлийн байгууллага хариуцан ажиллаж ирсэн. Харин Монгол Улсын хувьд соёлын асуудал эрхэлсэн тусгайлсан яам байхгүй түүнчлэн тус наадмын ач холбогдлыг бүрэн ойлгож чадаагүйгээс дүрслэх урлагийн хувийн байгууллага санхүүжилт босгох, зохион байгуулах хүндхэн ачааг үүрч ирсэн байдаг юм.

Дэлхийн кино урлагийн салбарын тэргүүн зэрэглэлийн Каннын кино наадам ч гэсэн ялгаагүй улсаас тодорхой дэмжлэг үзүүлж байгаагүй. Цаашдаа Соёлын яам бүх талаар дэмжиж ажиллана. Мөн Каннын олон улсын кино наадамд Монгол Улс тогтмол оролцсоноор Монгол Улсын уран бүтээлчид болон кино бүтээл,  кино урлагийн салбарын хөгжил, хамтын ажиллагааны боломжийг олон улсад сурталчлан таниулах, бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлж, эдийн засгийн үр, ашгийг нэмэгдүүлэх өргөн боломж нээгдэх юм.

Монгол Улс Кино урлагийг дэмжих тухай хуулийн төслийг өнгөрсөн онд баталсан. Энэ хууль батлагдсанаар бид дэлхийн томоохон хэмжээний киног Монголд хийх, бүтээх боломжийг бий болгосон. Үүнийгээ Каннад сурталчлах боломжтой болж байна. Олон улсын хэвлэл, мэдээллийн байгууллагууд болон продюсерүүдийг Монголд урих, хамтран ажиллах гэх мэт ажлууд хийгдэж байна. Өнөөдрийн байдлаар Холливүүдийн дөрвөн кино продакшнтай хамтран ажиллах суурь нь тавигдсан. Энэ оны зургаадугаар сард эхний зураг авалтаа Монгол Улсад эхлэхээр төлөвлөгдсөн” гэлээ.

“Венецийн дүрслэх урлагийн олон улсын биенналь”-ийн тухай:

Италийн Венец хотноо 1895 онд үүссэн “Дэлхийн урлагийн олимп” хэмээн нэрлэдэг “Венецийн дүрслэх урлагийн олон улсын биенналь” нь дүрслэх урлагаар дамжуулан улс орны нийгэм, эдийн засаг, улс төр, гадаад харилцаа, соёл, үндэстний оюуны дархлааг бэхжүүлэх зорилготой.

“ААА” зэрэглэлийн тус наадамд дэлхийн олон орны нэр хүндтэй, нөлөө бүхий уран бүтээлчид үзэсгэлэнгээ гаргаж ирсний дотор Густав Климт, Салвадор Дали, Жорж Брак, Антонио Тапиез, Пикассо, Йоко Оно, Ай Вей Вей зэрэг олон зуун алдартнууд оролцож байсан түүхтэй.

Тус наадамд оролцогч аливаа улс орон өөрсдийн уран бүтээлчдээр дамжуулан өөрийн орны орчин цагийн соёлын онцлог, хүмүүсийн сэтгэлгээний цар хүрээ, үзэл бодол, хандлагыг олон улсад тунхаглаж, дэлхийн тавцанд уран бүтээлчдээ гаргах боломжийг нээж улс төр, нийгэм, хүн, байгаль орчны сэдвийг хөндсөн шинэлэг бүтээлээрээ оролцдог.

“Венецийн дүрслэх урлагийн олон улсын биенналь” нь ёс зүйг эрхэмлэн, мэргэжлийн өндөр түвшинд, шударгаар ажиллаж ирснээр өдгөө дэлхийд үзэл суртлын хувьд хамгийн нөлөөтэй урлагийн тавцан болж хувирсан байна. Тус наадмын алт, мөнгөн арслангийн шагналыг барууны өндөр хөгжсөн орнуудаас гадна Африк, Ойрх Дорнод, Өмнөд Америк, Азийн уран бүтээлчид өөрсдийн онцгой байр суурь, үзэл бодол, авьяас мэдрэмж, илэрхийллийн шинэлэг арга барил бүхий бүтээл туурвилынхаа төлөө хүртсэн байдаг. 

Хоёр жил тутамд нэг удаа зохион байгуулагддаг олон улсын энэхүү биеннальд 2015, 2017, 2019 онуудад Монгол Улсаас оролцож байсан бөгөөд оролцох эрх,  санхүүжилтийг хувийн хэвшил, олон улсын байгууллага болон бусад хандивын эх үүсвэрээс бүрдүүлэн Төрийн бус байгууллага зохион байгуулалтыг нь хийж ирсэн.

Тус биеннальд тогтмол оролцсоноор Монголын дүрслэх урлагийн салбар дэлхийд нэртэй урлаг судлаачид, кураторууд, урлагийн байгууллагууд, 8000 гаруй олон улсын томоохон хэвлэл мэдээлэл, дэлхийн нөлөө бүхий улс төр, бизнесийн салбарын анхаарлыг татах боломжтой бөгөөд ингэснээр монголын дүрслэх урлагийн салбарт өрсөлдөөнийг бий болгох, хөгжүүлэх, дэлхийд таниулах, олон улсад үнэ цэнийг нь өсгөх, дүрслэх урлагийн салбарыг хөгжүүлэх замаар соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх, эдийн засгийн эргэлтийг бий болгох, нийгмийн сэтгэл зүйд эерэг нөлөөллийг авчрах зэрэг ач холбогдолтой.

Каннын кино наадмын тухай

Дэлхийн кино урлагийн салбарын тэргүүн зэрэглэлийн Каннын кино наадам нь 1946 оноос өнөөдрийг хүртэл жил тутам зохион байгуулагдаж, тус наадмын Зөвлөлөөс дэлхийн өнцөг булан бүрийн  олон улсын дэлгэцэнд тавигдаагүй шилдэг киног сонгон шалгаруулж, урилга хүргүүлснээр оролцох боломж нээгддэг.

Уг наадамд жил бүр дунджаар 2000 гаруй бүтээлээс шилэгдсэн 50 бүрэн хэмжээний уран сайхны болон 10 баримтат киног Олон улсын уралдаан /International Competition/, Найруулагчдын хоёр долоо хоногийн өдөрлөг /Directors’s Fortnight/, Онцлох бүтээл /Un Certain Regards/ гэсэн үндсэн 3 хөтөлбөрийн хүрээнд дэлгэн үзүүлдэг. Наадмын төсвийг Францын төрийн сан, Канн хотын болон кино наадмын албан ёсны түнш болох томоохон компаниуд бүрдүүлдэг.

“Каннын кино наадам”-ын үеэр сургалт, форум зохион байгуулагдаж “Олон улсын кино хотхон” үзэсгэлэн нээж, оролцогч орнууд өөрийн павильонд үндэсний кино урлагаа танилцуулан сурталчлах болсон. Түүнчлэн 2004 оноос эхлэн “Каннын сонгодог” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд энэ хүрээнд дэлхийн улс орнууд кино урлагийн салбарын хөгжил, түүхэн замнал, кино өвийн сэргээн засварлалтын чиглэлээр туршлага хуваалцдаг байна.

Монгол Улсаас тус наадмын богино киноны уралдааны хэсэгт “Гуру Медиа” студийн найруулагч С.Бямбаагийн “Хэвтрийн хүн” кино 2017 онд анх удаа, “Гурван Очир Фильмз”, “Гуру Медиа” студи болон Их Британийн “Poisson Rouge Pictures”-ийн дэмжлэгтэйгээр бүтээсэн залуу найруулагч П.Лхагвадуламын “Шилүүс” /Mountain Cat/ богино хэмжээний кино 2021 онд тус тус шалгаран оролцож байсан.

Монгол Улсад кино урлагийг дэмжих тухай хуулийг баталсантай холбогдуулан  Монголын кино урлагийн салбарт эрх зүйн таатай орчин бүрдсэнийг сурталчлан таниулах, гадаадын продюсерүүд, хөрөнгө оруулагчдыг татах, наадмын олон улсын тосгонд Монголын павильоныг ажиллуулах, Монгол Улсын “Соёлын өдөрлөг” болон албан уулзалтуудыг зохион байгуулах, наадмын Marche Du Films платформд Монголын арилжааны болон арт хаус шинэ бүтээлийг сурталчлах талбайг албан ёсоор ажиллуулах, Монгол киноны үзүүлэн /screening/ хийх зэрэг оролцоог бий болгох юм.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version